Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2017/00786

 

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2017/00786

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Ц.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Голомт банк ХХК-нд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, үр дагаврыг хариуцахгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эхнэр Б.Наранзул нь 2016 оны 02 сарын 17-ны өдөр бидний дундын өмчлөл болох Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион Оргил Богд Жавзандамба гудамж, 61/5-1 тоот, 000329729 тоот гэрчилгээтэй, Ү-2206005945 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 168 м.кв талбайтай орон сууцыг Зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангах үйлдэл хийх эрхийн итгэмжлэлийг надаар олгуулсан мэтээр хууль зөрчин итгэмжлүүлсэн.

Тэрээр тухайн өдрөө Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр бидний дундын өмчлөл болох орон сууцыг Голомт банкны Найман шарга салбарт их хэмжээний зээлийн барьцаанд тавьсан бөгөөд миний бие бидний орон сууцыг ямар хэмжээний мөнгөн дүнтэй зээлийн барьцаанд тавьсан болон зээлийн төлөлтийн байдлыг мэдэхгүй, Голомт банкнаас зээлийн барьцааны гэрээний хуулбарыг надад өгөхгүй байна. Тиймээс зээлийн барьцааны гэрээг шүүхийн журмаар гаргуулахгүй бол тэмдэгтийн хураамж төлөх боломжгүй байна. Миний бие уг асуудлаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд шүүхээс *******оос Б.Наранзулд олгосон итгэмжлэлийг хууль бус гэдгийг 2016 оны 11 сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00964 дүгээр тогтоолоор тогтоосон. Иймд эхнэр Б.Наранзул, Голомт банкны хооронд хууль бус итгэмжлэлээр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн *******ийн нэхэмжлэлтэй Голомт банкинд холбогдох барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Голомт банк барьцааны гэрээг байгуулахдаа *******оос Б.Наранзулд олгосон итгэмжлэлийг үндэслэл болгон гэрээ байгуулсан бөгөөд тухайн үед итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах маргаан гараагүй хүчин төгөлдөр итгэмжлэл байсан. Иймд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 154.7-д заасны дагуу Голомт банкны барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Голомт банк ХХК-нд холбогдуулан 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэг талаас Голомт банк ХХК, нөгөө талаас Б.Наранзул, ******* нарын хооронд байгуулсан БГ3305103717 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, үр дагаврыг хариуцахгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ маргаан бүхий барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон бичсэн байх хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг хууль бус хэлцлээс хууль зүйн үр дагавар үүсэхгүй байх санаа зорилготой болохоо илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Манай эхнэр Б.Наранзул нь миний бие гэр бүлийн дундын өмч, гал голомт болсон орон байраа банкны зээлийн барьцаанд тавих эрхийг өөрт нь олгосон гэх итгэмжлэлийг үйлдэж, нотариатын хууль тогтоомж зөрчин нотариатч Д.Дашцэдэнгээр гэрчлүүлсэн. Уг итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдэл хууль бус болохыг гэрчилсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тул итгэмжлэл нь хууль бус юм. Иймд энэхүү итгэмжлэлд суурилан байгуулсан БГ3305103717 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх бүрэн үндэстэй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Шүүхийн шийдвэрээр итгэмжлэлийг гэрчилсэн ноатариатчийн үйлдлийг хууль бус гэж үзсэн. Харин тус шийдвэрт итгэмжлэл хууль бус эсэх асуудлаар дүгнэлт өгөөгүй. Итгэмжлэлийн агуулгыг ******* бүрэн ухамсарлаж гарын үсэг зурсан бөгөөд энэ нь өөрийнх нь гарын үсэг болох талаар маргадаггүй. Түүнчлэн гэрч Б.Наранзулын мэдүүлгээр уг байрыг өмнө нь олон удаа барьцаанд тавьж байсан бөгөөд тухай бүр *******оос ийм л замаар итгэмжлэл авдаг байсан. Угтаа нотариатчийн өрөөнд бус гэртээ байхдаа итгэмжлэлд гарын үсэг зурсан гэсэн үндэслэлээр л буруутаж байгаагаас бус итгэмжлэл нь Голомт банкны хувьд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасан үндэслэлээр хууль ёсны гэж тооцогдох учиртай. Маргаан бүхий байрыг барьцаалж авсан зээл нь Б.Наранзулын хамаарал бүхий компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан гэр бүлийн бизнес тул энэ нь бүхэлдээ санаатай бий болгож буй хуурмаг үйл ажиллагаа гэсэн агуулга бүхий тайлбар өгөн маргаж байна.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтыг шинжлэн судалж тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1. Нэхэмжлэгч *******, түүний эхнэр Б.Наранзул нар нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Голомт банк ХХК-тай нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Стадион оргил Богд Жавзандамба гудамж, 61/5 дугаар байрны 1 тоот, 168 м.кв орон сууцыг барьцаалах тухай БГ3305103717 тоот ипотекийн гэрээ байгуулсан байх ба уг барьцааны гэрээгээр Назупроперти ХХК-ийн Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой байжээ (хх-ийн 36-40 дүгээр тал).

 

2. Нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий итгэмжлэлийг хууль бусаар гэрчлүүлсэн гэх иргэн Б.Наранзултай гэр бүл байх бөгөөд тус итгэмжлэл нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн огноотой, дараах агуулга бүхий баримт болох үйл баримтуудын талаар зохигчид маргахгүй байна. Үүнд:

...Хан-Уул дүүргийн Стадион Оргил Богд Жавзандамбын гудамж, 61/5-1 тоот хаягт байрлах, 000329729 тоот гэрчилгээтэй, Ү-2206005945 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 168 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг *******оос Б.Наранзулд зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангах үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон ... ... /хх-ийн ... дүгээр тал, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/

Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 5-7 дугаар талд авагдсан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0964 тоот шийдвэрт дурдагдаж буй нотариатч Д.Дашцэдэнгийн хууль зөрчин гэрчилсэн гэх итгэмжлэл нь БГ3305103717 тоот барьцааны гэрээг байгуулах үндэслэл болсон итгэмжлэл болох үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

3. Маргаан бүхий барьцааны гэрээний зүйл болох нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Стадион оргил Богд Жавзандамба гудамж, 61/5 дугаар байрны 1 тоот, 168 м.кв орон сууц нь *******, Б.Наранзул нарын хамтран өмчлөх дундын өмчлөлийн зүйл болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна /хх-ийн 35 дугаар тал/. Нэхэмжлэгч *******, гэрч Б.Наранзул нар нь нэг гэр бүлийн гишүүд буюу эхнэр, нөхөр болох үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

 

4. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0964 тоот шийдвэрээр Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр *******оос Б.Наранзулд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т бичгээр олгосон итгэмжлэлийг хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэхээр шаардсан байдаг. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх ...-ээр, Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах-аар тус тус заажээ. Үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалах явдал нь иргэний эрх зүйн өмчийн хэлцлийн төрөлд хамаарна. Ийнхүү аливаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн нэрийн өмнөөс бусдад барьцаалуулах эрх олгосон итгэмжлэл нь иргэний эрх зүйн хэлцлийн төрөл мөн бөгөөд дээрх зүйл заалтуудаар тус хэлцэлд үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэлд тавигдах хэлбэрийн шаардлага нэгэн адил тавигдаж байна.

Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Стадион оргил Богд Жавзандамба гудамж, 61/5 дугаар байрны 1 тоот, 168 м.кв орон сууцыг барьцаанд тавих эрхийг олгосон хамтран өмчлөгчийн итгэмжлэлийг хуульд заасан журмын дагуу нотариатаар гэрчлүүлээгүй байх тул тус итгэмжлэлийг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.

Хэдийгээр дээрх итгэмжлэлд нэхэмжлэгч ******* өөрийн биеэр гарын үсэг зурсан үйл баримтын хувьд зохигчид маргахгүй байхын зэрэгцээ гэрч Б.Наранзул урьд өмнө нь *******оос зөвшөөрөл олгосон олон удаагийн итгэмжлэлээр маргаан бүхий орон сууцыг барьцаалж байсан тухайгаа мэдүүлсэн боловч эдгээр нь үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалах эрх олгох тухай 2016 02 дугаар сарын 17-ны өдрийн итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлсэн байх хуулийн шаардлага хангаагүй байдлыг зөвтгөх, тус итгэмжлэлийг хуулийн дагуу хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд Хан-Уул дүүргийн Стадион Оргил Богд Жавзандамбын гудамж, 61/5-1 тоот хаягт байрлах, 000329729 тоот гэрчилгээтэй, Ү-2206005945 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 168 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг *******оос Б.Наранзулд зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангах үйлдэл хийх бүрэн эрхийг олгож 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн итгэмжлэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

5. Нэгэнт *******оос Б.Наранзулд олгосон итгэмжлэл нь хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул мөн хэлцэлд үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан БГ3305103717 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хэлцэлд тавигдах субьектын шаардлага хангаагүй хэлцэл гэж үзэх үндэстэй байна.

Иймд нэг талаас *******, Б.Наранзул нар, нөгөө талаас Голомт банк ХХК нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэх БГ3305103717 тоот барьцааны гэрээг анхнаасаа хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, уг хэлцлээс аливаа хууль зүйн үр дагавар үүсэхгүй болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Голомт банк нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасны дагуу шударга эзэмшигч учир барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэстэй гэж маргаж байна. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн зохицуулалт барьцааны нийтлэг үндэслэл гэсэн бүлэгт хамаарч буй бөгөөд уг агуулгаараа үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа ипотекийн нарийвчилсан зохицуулалт биш. Түүнчлэн тус заалтын томьёолол, утга агуулгаас үзвэл хэн нэгний эзэмшилд буй явдлаар өмчлөгч тодорхойлогдох боломжтой хөдлөх эд хөрөнгийн барьцааны онцлогт тохирсон зохицуулалт гэж ойлгохоор байна. Тодруулбал, Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаас бусад тохиолдолд хөдлөх эд хөрөнгийг бодитойгоор эзэмшиж буй боловч өмчлөх эрхгүй этгээд бусад этгээдийн хувьд өмчлөгч гэж тооцогдох нь зохистой гэж үзсэн хууль тогтоогчийн үндсэн үзэл санаанд тулгуурлан 154 дүгээр зүйлийн 154.6 дахь заалтыг тайлбарлавал зохино.

Иймд ипотек үүсгэсэнтэй холбоотой маргаан бүхий энэ тохиолдолд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь заалтыг баримтлах боломжгүй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч Голомт банк ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу нэг талаас *******, Б.Наранзул, нөгөө талаас Голомт банк ХХК нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ББГ3305103717 тоот барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг хэлцлээс аливаа хууль зүйн үр дагавар үүсэхгүй болохыг тогтоосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч Голомт банк ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгосугай.

 

3.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА