Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2017/00663

 

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2017/00663

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Мах маркет ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.О-д холбогдох,

 

Учруулсан хохирол 1,465,680 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Мөнхбаатар, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийн худалдаа үйлчилгээний албанд 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд харилцааны менежрээр ажиллах хугацаандаа борлуулалтын орлого 2,161,430 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гадны харилцагчдын Үйлдвэртэй танилцах хөтөлбөр-ийн үдийн цайны зардал 101,500 төгрөгийн дараа тайлангийн зардал, нийт 2,262,931 төгрөгийг хувьдаа ашигласнаас одоогоор төлөгдөөгүй, үлдэгдэл төлбөр 1,465,680 төгрөг, тэмдэгтийн хураамж 40,410 төгрөг нийт 1,506,090 /нэг сая таван зуун зургаан мянга ер/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

 

Иймд хариуцагч Лхагважав овогтой Орхоноос Мах маркет ХХК-нд учруулсан хохирлыг төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2013-2014 оны 4 сард Мах маркет ХХК-д харилцааны менежрээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд компанийг төлөөлөн борлуулалт хийдэг байссан. Хийгдсэн борлуулалт боолон үзэсгэлэн худалдааны санхүүгийн баримт Мах маркет ХХК-ийн санхүү, нягтлангаас шүүж үзэхэд олдоогүй. Мөн шинэ үе сургуулийн төлбөр маргаантай, үдийн цай хөтөлбөрийн баримтыг компанийн санхүү, нягтлан хугацаа хэтэрсэн гэх шалтгаанаар баримт хүлээж аваагүйн улмаас нийт 2,262,391 төгрөгний төлбөр тавигдсан. Уг төлбөрөөс 920,000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулсан. ******* би Хаан хүнс трейд ХХК-нд 2016 оны 8 сард худалдааны албанд худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. 2017 оны 01 сарын 10-нд ажлын ачаалал бага байдаг тул ээлжийн амралтаа авсан. Ээлжийн амралт 2017 оны 02 сарын 01-ний өдөр дуусч ажилдаа орох байсан боловч Мах маркет ХХК-аас Хаан хүнс трейд ХХК-д миний төлбөрийн талаар мэдэгдсэн байсан ба хуучин ажиллаж байсан компанидаа төлбөрийн асуудалтай гэх шалтгаанаар хамтран ажиллахаас татгалзаж миний бие үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн. Мах маркет ХХК нь намайг ажил орлогогүй болоход шууд нөлөө үзүүлсэн. Одоогоор ******* миний бие тодорхой эрхэлсэн ажилгүй орогогүй өөрийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүйтөлбөрийн чадваргүй болсон. Ах эгчийнхээрээ ирж очин ганц биеэр амьдардаг. Мах маркет ХХ-ийн хуулийн зөвлөх Мөнхбаатар нь намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, айлгаж сүрдүүлэн шоронд нь хатаана гэж сүрдүүлдэг байсан. Үүнд гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мах маркет ХХК нь хариуцагч *******д холбогдуулан тус байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх явцдаа учруулсан хохирол, дутагдуулсан бараа, материалын үнэ 1,465,680 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, ******* нь 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд тус байгууллагаар харилцааны менежерээр ажиллаж байх хугацаандаа борлуулалтын орлогоос 2,262,930 төгрөгийн дутагдал гаргасан, үүнээс хойш 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 122,750 төгрөгийн дутагдал нэмж гаргасан. ******* нь дээрх мөнгөн дүнгэээс 920,000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд үлдэгдэл 1,465,680 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, миний бие анх тогтоосон 2,262,930 төгрөгийн төлбөрөөс Шинэ монгол бүрэн дунд сургуульд борлуулсан бүтээгдэхүүний төлбөр 840,916 төгрөг, Шинэ үе сургууль дээр зохиогдсон үдийн цайны хөтөлбөрт хэрэглэсэн барааны дутагдал 101,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч нэгэнт төлж барагдуулсан. Харин хариуцагчийн нэхэмжлээд буй 1,465,680 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Надтай ямар нэг хамааралгүй, санхүүгийн анхан шатны баримтаар ч нотлогддоггүй. Тухайн үед хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахдаа айсан байсны зэрэгцээ дараа санхүүгийн анхан шатны баримтууд гарч ирвэл төлнө гэж бодож байсан. гэж хариу маргаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж тогтоогдсон тодорхой үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч ******* нь 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Мах маркет ХХК-нд харилцааны менежерээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/100 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримтын талаар талууд маргахгүй байна. /хх-ийн 15, 24 дүгээр тал/

Нэхэмжлэгч Мах маркет ХХК нь хариуцагчид холбогдуулан гаргасан 1,465,680 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар задлан тайлбарлаж байна. Үүнд:

1.    харилцагч н.Лхагвасүрэнд худалдсан борлуулалтын орлогын дутагдал 33,390 төгрөг

2.    2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ******* авсан байж магадгүй 20 кг үхрийн махан бууз 128,000 төгрөг

3.    Шинэ үе сургуульд худалдсан хонины гулууз мах 112,500 төгрөг

4.    Дүнжингарав худалдааны төвд болсон үзэсгэлэн худалдааны үеэр бий болсон дутагдал 423,170 төгрөг

5.    Шинэ Монгол сургуультай хийсэн борлуулалтын орлогын дутагдал 840,916 төгрөг

6.    2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дутагдал 89,490 төгрөг

7.    2013 оны 11 дүгээр сарын борлуулалтын орлогын дутагдал 258,244 төгрөг

8.    2013 оны 07, 08 дугаар сард үүссэн өр 345,420 төгрөг

9.    Шинэ үе сургуультай хийсэн борлуулалт 31,800 төгрөг

Эдгээр төлбөрүүд нийт 2,262,930 төгрөг болох бөгөөд үүнээс ******* нь 920,000 төгрөгийг буцаан төлсөн. Гэвч 2015 оны 06 дугаар сарын 30-ний өдөр 122,750 төгрөгийн нэмэлт төлбөр *******ы нэр дээр бичигдсэн. Тус төлбөрийг оруулан тооцвол 1,465,680 төгрөг болох учиртай. гэж тайлбарласан болно.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагчид эргүүлэн төлсөн 920,000 төгрөг нь Шинэ Монгол сургуульд холбогдох 840,916 төгрөг, Шинэ үе сургууль дээр зохион байгуулсан үдийн цайны хөтөлбөрийн 101,500 төгрөгийн буцаан төлөлт гэж тайлбарлаж, бусад төлбөрийг эс зөвшөөрөн маргасан.

Хариуцагч Мах маркет ХХК нь *******д холбогдуулан гаргасан 1,465,680 төгрөгийн төлбөрөө дээрх байдлаар задлан тайлбарлаж мэтгэлцэж байх хэдий ч эдгээр төлбөр тус бүрийг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан Ж.Баасанцогт мэдүүлэгтээ нэхэмжлэлийн мөнгөн дүн хэрхэн задарч буйг тайлбарласан боловч эдгээр мөнгөн дүн тус бүр *******ы Мах маркет ХХК-нд ажиллаж байх үедээ учруулсан хохирол болохыг эргэлзээгүй мэдүүлээгүй болно.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгчийн нэхэмжлэгч *******той ярилцаж байсан тэмдэглэлүүдийг санхүүгийн анхан шатны баримтгүйгээр дангаараа нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ нь нэхэмжлэгч *******ыг Мах маркет ХХК-нд худалдагчаар ажиллаж байх хугацаанд байгуулагдсан байх ба харилцааны менежерийн албан тушаалд дэвшин ажиллах үед бүрэн хариуцлагын гэрээ шинээр байгуулаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан байна.

Иймд хариуцагч ******* нь нэхэмжлэгч Мах маркет ХХК-нд бараа дутагдуулж хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүйн зэрэгцээ Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т заасны дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг харилцааны менежерийн албан тушаалд жинхэлснээс хойших хугацаанд байгуулаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т заасны дагуу хариуцагч *******д холбогдох Мах маркет ХХК-ийн дутагдуулсан барааны үнэ 1,465,680 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА