Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 1218

 

 

 “Мах маркет” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/00663 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч “Мах маркет” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Орхонд холбогдох

 

            Учруулсан хохирол 1 465 680 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч                                                   Л.Орхон

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Мах маркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Манай компанийн худалдаа үйлчилгээний албанд 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд харилцааны менежерээр ажиллах хугацаандаа борлуулалтын орлого 2 161 430 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гадны харилцагчдын үйлдвэртэй танилцах хөтөлбөрийн үдийн цайны зардал 101 500 төгрөгийн дараа тайлангийн зардал, нийт 2 262 931 төгрөгийг хувьдаа ашигласнаас одоогоор төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 1 465 680 төгрөг, тэмдэгтийн хураамж 40410 төгрөг нийт 1 506 090 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд хариуцагч Л.Орхоноос “Мах маркет” ХХК-д учруулсан хохирлыг төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Орхон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2013-2014 оны 4 сард “Мах маркет” ХХК-д харилцааны менежерээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд компанийг төлөөлөн борлуулалт хийдэг байсан. Хийгдсэн борлуулалт болон үзэсгэлэн худалдааны санхүүгийн баримт “Мах маркет” ХХК-ийн санхүү, нягтлангаас шүүж үзэхэд олдоогүй. Мөн Шинэ үе сургуулийн төлбөр маргаантай, үдийн цай хөтөлбөрийн баримтыг компанийн санхүү, нягтлан хугацаа хэтэрсэн гэх шалтгаанаар баримт хүлээж аваагүйн улмаас нийт 2 262 391 төгрөгийн төлбөр тавигдсан. Уг төлбөрөөс 920 000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулсан. Би “Хаан хүнс трейд” ХХК-д 2016 оны 8 дугаар сард худалдааны албанд худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ажлын ачаалал бага байдаг тул ээлжийн амралтаа авсан. Ээлжийн амралт 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр дуусч ажилдаа орох байсан боловч “Мах маркет” ХХК-аас “Хаан хүнс трейд” ХХК-д миний төлбөрийн талаар мэдэгдсэний улмаас хуучин ажиллаж байсан компанидаа төлбөрийн асуудалтай гэх шалтгаанаар хамтран ажиллахаас татгалзаж миний бие үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн. “Мах маркет” ХХК нь намайг ажил орлогогүй болоход шууд нөлөө үзүүлсэн. Одоогоор миний бие тодорхой эрхэлсэн ажилгүй орлогогүй өөрийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй төлбөрийн чадваргүй болсон. Ах эгчийнхээрээ ирж очин ганц бие амьдардаг. “Мах маркет” ХХК-ийн хуулийн зөвлөх н.Мөнхбаатар намайг үгээр доромжилж, чамайг шоронд нь хатаана гэж сүрдүүлдэг байсан. Үүнд гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Л.Орхонд холбогдох “Мах маркет” ХХК-ийн дутагдуулсан барааны үнэ 1 465 680 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч “Мах маркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Болор давж заалдах гомдолдоо: ...Манай компанийн худалдаа үйлчилгээний албанд 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд харилцааны менежерээр ажиллах хугацаандаа борлуулалтын орлого 2 161 430.0 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гадны харилцагчдын "Үйлдвэртэй танилцах хөтөлбөр"-ийн үдийн цайны зардал 101 500 төгрөгийн дараа тайлангийн зардал нийт болох нийт 2 262 931 төгрөгийн хувьдаа ашигласнаас одоогоор төлөгдөөгүй, үлдэгдэл төлбөр 1 465 680 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 38401 төгрөгийг нэмж нийт 1 504 401 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үүднээс хариуцагч Л.Орхоны үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, харилцагч банкны дансуудыг хаалгахаар нэхэмжлэлд дурьдсан. Хэргийг шийдвэрлэхдээ манай санхүүгийн баримтыг нотариатаар баталгаажуулаагүйгээс нотолгооны шаардлага хангахгүй гэж үзэж, хариуцагч Л.Орхоны өөрийгөө хамгаалсан худал тайлбар мэдүүлэгт үндэслэн нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шүүхийн шийдвэр гарсан тухай шүүгчийн туслах Г.Золзаяа нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цаг 10 минутанд 99188976 утсаар холбогдож дуулгаснаар дээрх шийдвэрийг миний бие 2017 оны 4 дүгээр сарын 16 цаг 35 минутанд хүлээн авч энэ талаар хэргийн материалд гарын үсэг зурж хүлээн авсан болно. Учир нь уг шийдвэрт гомдол гаргах хугацааны хувьд боломж муутай нөхцөл бүрдүүлж байна гэж үзэж байна. Хариуцагч Л.Орхон нь ямар ч албан тушаалд ажилласан хөдөлмөрийн, бусад холбогдох тухай хууль болон компанийн дүрэм, журам, гэрээний нөхцөлөөр учруулсан хохирлыг төлж барагдуулах үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Мах маркет” ХХК нь хариуцагч Л.Орхонд холбогдуулан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа учруулсан хохиролд 1 465 680 төгрөгийг гаргуулах тухай шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…н.Лхагвасүрэнгийн худалдсан барааны дутагдал 33390 төгрөг, 20 кг үхрийн махан буузны үнэ 128 000 төгрөг, хонины гулууз махны үнэ 112 500 төгрөг, үзэсгэлэн худалдааны дутагдал 423 170 төгрөг, Шинэ Монгол сургуулийн борлуулалтаас 840 916 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны 89490 төгрөг, 2013 оны 11 дүгээр сард дутагдуулсан 258 244 төгрөг, 2013 оны 7-8 дугаар сард үүссэн өр 345 420 төгрөг, Шинэ үе сургуулийн борлуулалтаас 31800 төгрөгийг дутаасан гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Л.Орхон нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө “...дутагдуулсан гэх төлбөр нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдоогүй” гэсэн үндэслэл заажээ. 

 

 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Мах маркет” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Б/46 тоот тушаалаар Л.Орхонг зах зээл бизнес хөгжлийн хэлтэст худалдагчийн орон тоон дээр 3 сарын туршилтын хугацаагаар ажилд авсан байна.

 

Хариуцагчийн 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн Б/103 тоот тушаалаар зах зээл бизнес хөгжлийн хэлтэст харилцааны менежерээр ажиллуулж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Б/100 дугаар тушаалаар ажлаас нь халсан байна. /хх22-24/

           

Хэргийн 16 дугаар талд харилцааны менежерийн ажлын байрны тодорхойлолт авагдсан байх бөгөөд уг ажлын байрны үндсэн үүрэг нь шинэ харилцагч нээх, бүтээгдэхүүний захиалга авч нийлүүлэх, зах зээлийн хэрэгцээ, өрсөлдөх чадварыг судлах, борлуулалтын тооцоог гэрээнд заасны дагуу тухай бүр барагдуулж, өр авлагагүй ажиллах зэрэг үүргийг хүлээсэн байна.

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар 132.1 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан  нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогч хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

 

            Нэхэмжлэгч байгууллага хариуцагчийн буруутай ажиллагааг нотлохоор хуулийн зөвлөх Н.Мөнхбаатарын хариуцагч Л.Орхонтой хийсэн тэмдэглэл, тооцоо нийлсэн актыг ирүүлж, “Мах маркет” ХХК-ийн нягтлан бодогч Ж.Баасанцогтыг гэрчээр асуулгасан байна.

/хх 28-34, 60, 64/ 

           

            Хэрэгт нотлох баримтаар авагдсан тооцоо нийлсэн акт нь хэзээ үйлддэгсэн он сар өдөр нь тодорхойгүйгээс гадна нэхэмжлэгч байгууллага санхүүгийн анхан шатны баримтаар дээрх актыг тогтоосон болохоо нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, хуулийн зөвлөх Н.Мөнхбаатарын хариуцагч Л.Орхонтой хийсэн ярилцлага, гэрч Ж.Баасанцогтын мэдүүлгийг санхүүгийн баримтгүйгээр өр, төлбөр дутагдуулсан байдлыг нотолсон баримт гэж үзэхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мах маркет” ХХК нь хариуцагч Л.Орхоны буруугаас тус байгууллагад эд хөрөнгийн хохирол буюу 1 465 680 төгрөгийн хохирол учирсан болохыг нотлох үүрэг хүлээдэг бөгөөд  нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчийн буруутай ажиллагаанаас тус байгууллагад 1 465 680 төгрөгийн хохирол учирсан гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримтаар уг байдал нь тогтоогдоогүй байна.

 

            Анхан шатны шүүхийн хариуцагч Л.Орхон нь нэхэмжлэгч “Мах маркет” ХХК-д бараа дутагдуулж хохирол учруулсан болох нь тогтоогдоогүй гэж үзсэн нь зөв болжээ.

 

Анхан шатны шүүх “Мах маркет” ХХК нь хариуцагч Л.Орхоныг харилцааны менежерийн албан тушаалд дэвшүүлэн ажиллуулахдаа түүнтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, хариуцагч Л.Орхонд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч “... манай санхүүгийн баримтыг нотариатаар баталгаажуулаагүйгээс нотолгооны шаардлага хангахгүй” гэж үзсэнийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. 

 

Хэрэгт талуудын хооронд хийсэн тооцооны акт, ярилцлагын тэмдэглэлүүд эх хувиараа авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн баримтын хувьд нотлох баримтын шаардлага хангаж байгаа боловч уг баримтуудыг санхүүгийн анхан шатны баримтгүйгээр хариуцагчийн буруугаас эд хөрөнгийн хохирол учирсныг эргэлзээгүйгээр нотолсон баримт гэж үзэхгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/00663 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Болорын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “Мах маркет” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                

                     ШҮҮГЧИД                                  Т.ТУЯА                      

                                                                          Ц.ИЧИНХОРЛОО