Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 128

 

“Ц р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                          Х.Батсүрэн

Шүүгчид:                                       Л.Атарцэцэг

                                                       Д.Мөнхтуяа

                                                       Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                              П.Соёл-Эрдэнэ

Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших “Хамар” нэртэй 7018.02 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг “Ц р” ХХК-д олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0702 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0871 дүгээр магадлалтай,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д-н гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0702 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших “Хамар” нэртэй 7018.02 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг “Ц р” ХХК-д олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийг “Ц р” ХХК-д олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0871 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0702 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Ц р” ХХК-ийн гаргасан Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших “Хамар” нэртэй 7018 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-025481 дугаар өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д-ийн гомдлын агуулгад: “Ц р” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өргөдлийн бүртгэлийн NE-025481 дугаарт бүртгэгдэн Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших “Хамар” нэртэй 7181.09 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.

4. Дээрх байдал тогтоогдож мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл хүссэн нэхэмжлэгч этгээдэд мэдэгдэж, 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхэд Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлэхэд “дэмжихгүй” саналтай хариу ирүүлсэн.

5. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй аймгийн Засаг даргын саналд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх эрхийг Ашигт малтмалын тухай хуулиар олгоогүй тул мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг үндэслэн “Ц р” ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн үед Засгийн газрын 289 дүгээр тогтоол гарч дээрх талбай нь усан сангийн газартай давхцалтай болсон байна.

6. “Ц р” ХХК нь анх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргахдаа булангийн 8 цэг бүхий 7181.09 га талбайд хүсэлт гаргасан боловч солбицолд өөрчлөлт оруулж булангийн 12 цэг бүхий 7018 га талбай болгон хасуулсан байна.

7. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д зааснаас бусад тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулах боломжгүй мөн анх өргөдөл гаргасан 7181.09 га бүхий талбай нь усан сан бүхий газартай давхцалтай байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасан нөхцөлийг хангаагүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр хүргүүлж мэдэгдсэн байна.

8. Өөрөөр хэлбэл, холбогдох хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 7/1047 тоот албан бичгээр мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Иймд шийдвэр, магадлалыг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

11. Нэхэмжлэгч “Ц р” ХХК нь анх Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших “Хамар” газарт, 7181.09 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг даалгах нэхэмжлэл гаргажээ.

12. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, өргөдөл гаргасан бөгөөд Ашигт малтмалын газраас зураг зүйн болон мэдээллийн бүртгэлд шүүлт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзээд, Аймгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн боловч тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн х/03 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн саналаар дээрх газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөөгүй байна.

13. Энэ дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдээс уг саналыг эс зөвшөөрч, “аймгийн Засаг даргын санал хууль зүйн үндэслэлгүй тул өргөдлийг шийдвэрлэж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно уу” гэх хүсэлтийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Ашигт малтмалын газарт гаргаж байжээ. Гэвч хариуцагчаас тусгай зөвшөөрөл олгох эсэхийг тухайн цаг хугацаанд шийдээгүй эс үйлдэхүй гаргасан байх бөгөөд ийнхүү хариуцагчийн өргөдлийг шийдээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан цаг хугацаанаас буюу 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс хойш нэхэмжлэгч хуулийн этгээд нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, эрх бүхий албан тушаалтанд хандаагүй байна.

14. Тодруулбал, 2015 онд гаргасан өргөдлөөр 2017 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг нарийвчлан зохицуулсан, хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдээгүй хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйтэй холбогдуулан нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул тухайн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйд гомдол гаргах, түүний эрх зүйн үндэслэлийг шүүхээр хянуулах хугацаа өнгөрсөн буюу хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд тухайн захиргааны акт /эс үйлдэхүй/ хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

15. Давж заалдах шатны шүүхийн “2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргасан өргөдлөө шийдвэрлүүлэх эрх одоог хүртэл зөрчигдсөн хэвээр байна” гэх дүгнэлт хуульд нийцээгүй, дараах шалтгааны улмаас хариуцагчийн буруутай үйл ажиллагааг 2017 он хүртэл үргэлжлүүлэн тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд: нэгдүгээрт, Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дүгээр тогтоол гарч, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац эх бүрэлдэх эхийн хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан талбай нь усан сангийн газартай давхцалтай болсон, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 17.2.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагад хайгуулын тусгай олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн тул хариуцагчаас тусгай зөвшөөрөл олгохыг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй юм. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5/6602 дугаар албан бичгээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуул хийхийг хүссэн талбай нь булаг, шандын хамгаалалтын бүсийн хилтэй хэсэгчилсэн давхцалтай болох нь тогтоогдсон тул хариуцагчийн өргөдлийг шийдээгүй хууль бус эс үйлдэхүй дуусгавар болсон буюу 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс хойш эрх зүйн нөхцөл байдал өөрчлөгдсөн байна.

16. Хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох, 19 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулагдаж, 19 дүгээр зүйл бүхэлдээ хүчингүй болж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд олгох хуулийн зохицуулалт хүчингүй болж, хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгох зарчим үйлчилсэн тул нэхэмжлэгчийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан өргөдлийг үндэслэж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг шүүхээс даалгах нь хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтад нийцэхгүй юм.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох шийдвэрийг шүүхээс гаргах ёстой. Гэтэл энэ тохиолдолд захиргааны байгууллагын эс үйлдэхүй дээрх хоёр үндэслэлээр хууль бус болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохыг даалгах хууль зүйн үндэслэлгүй.

18. Анхан шатны шүүхийн “хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байсан гэж үзэх үндэслэлтэй” тухай дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагатай нийцээгүй, нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нөгөө талаар “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эсхүл олгохоос татгалзах тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй” гэж дүгнэсэн атлаа “татгалзсан шийдвэр” гарсан мэтээр агуулгын зөрчилтэй дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох ...” шаардлага гаргаж байсан, дараа нь “татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох ...” гэж өөрчилж байсан боловч давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг “өргөдлийг шийдэхгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох” гэж тодорхойлсонтой нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч, гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар тодорхойлж, эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

19. Давж заалдах шатны шүүхээс даалгах нэхэмжлэлийг “өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах” гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байх, биелэгдэх боломжтой байх зарчимд нийцээгүй, дээр дурдсанаар хуулийн зохицуулалт нь тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох байхад нэхэмжлэгчийн эрхийг хэрхэн хуульд нийцүүлэн сэргээх нь тодорхойгүй байдлаар хэргийг шийдвэрлэсэн байна.

20. Эдгээр үндэслэлүүдээр, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0702 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0871 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 17.2.2, 19 дүгээр зүйлийн /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ 19.6 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Ц р” ХХК-ийн “Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших “Хамар” газарт, 7181.09 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдэхгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож,  хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН          

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ