Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 183/шш2023/02561

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2023/02561

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, С хороолол, ** дүгээр байр, ** тоот хаягт оршин суух, регистрийн дугаар **********, Х совогт М-ийн Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн, 4 дүгээр хороо, В с хотхон ** дугаар байр зоорь **, ** тоот хаягт байрлах, регистрийн *********  дугаартай, Д ХХК-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 27.480.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн үнэ болох 27.480.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч М.Э миний бие "М" ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд компаниасаа бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, өөрийн хариуцсан бүс, худалдан авагчаа сонгон нийлүүлж, орлогоо тушаадаг. Хариуцагч "Д" ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ******* дугаарын утсаар миний ********** ажлын утас луу холбогдож дараах бараа бүтээгдэхүүнийг авсан. Үүнд: 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2.160.000 төгрөгийн хуурай сүү, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1.750.000 төгрөгийн дал модны тос, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1.750.000 төгрөгийн дал модны тос, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3.910.000 төгрөгийн хуурай сүү, дал модны тос, 2022 оны 10 дугаар сарын 22-ний өдөр 3.500.000 төгрөгийн дал модны тос, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 3.500.000 төгрөгийн дал модны тос, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 4.580.000 төгрөгийн дал модны тос, хуурай сүү, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2.830.000 төгрөгийн дал модны тос, хуурай сүү, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3.500.000 төгрөгийн дал модны тос, нийт 27.480.000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг зарлагын баримт үйлдэн миний бие хүлээлгэн өгч, "Д" ХХК-ийн ажилтан Г.Н хүлээн авсан. Бараа бүтээгдэхүүн хүлээн авсан Г.Н нь хуурай сүү болон дал модны тосыг Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, В с хотхон **** дугаар байр зоорь **, ** тоот хаягтаа дандаа авсан. Нэг л удаа дал модны тосыг манай Хан- Уул дүүргийн агуулах дүүрээд байна хуушуур хийж байгаа газраа аваачиж өгнө хэмээн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр залгаж, "М" ХХК-ийн хашаанаас ирж авсан. "М" ХХК-ийн ажилчид сарын эхэнд бараа бүтээгдэхүүнээ хүлээн аваад, сарын сүүлд бүх авлагаа тэглэнэ, харилцагчаасаа ямар ч авлагагүй хүнийг Дараа сарын ажилд нь гаргадаг, орлогоо ажилчид нь өөрсдөө тушаадаг, эрсдэлээ өөрсдөө хүлээж, төлбөртэй иргэн, хуулийн этгээдийн өмнөөс төлбөрийг нь өөрөөр нь төлүүлдэг тул миний бие 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эгч болох М.Э-ыг цалингийн зээл авахуулан 10.000.000 төгрөг, мөн И б б компаниас 10.000.000 төгрөг, Х банкнаас хадгаламж барьцаалсан 9.500.000 төгрөгийн зээлийг тус тус авч, "Д" ХХК-ийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтээр авсан 27.480.000 төгрөгийн төлбөрийг өмнөөс нь төлж барагдуулан, "М" ХХК- нийг хохиролгүй болгосон. Д ХХК-ийн өмнөөс өөрөө хохирч зээл авч, бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтээр өгсөн 27.480.000 төгрөгийг М ХХК-нд төлсөн. Д ХХК-ийн захирал болон ажилтан луу удаа дараа залгаж, мессеж бичиж төлбөрөө төлөхийг шаардахад өнөө маргааш, удахгүй гэх шалтгааныг хэлж, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, утсаа авахгүй, элдэв шалтаг хэлж, аргацаасаар өнөөдрийг хүрлээ. Бид Иргэний хуульд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж, гэрээний эрх зүйн харилцаанд орсон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд "Д" ХХК-иас бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн үнэ 27.480.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: М.Э-ийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. "Д" ХХК 2020 онд ганц хувьцаа эзэмшигчтэйгээр Г.Б би үүсгэн байгуулсан, гүйцэтгэх удирдлагаар мөн л би байдаг болно. Манай аж ахуй нэгж нь б т буюу цай үйлдвэрлэж **-н салбараар худалдаалдаг ба уг цайны нэг орц болох зөвхөн хуурай сүүг "М" ХХК-иас худалдан авдаг байсан. Өөр төрлийн бараа бүтээгдэхүүнийг огт худалдан авч байгаагүй ба дал модны тос худалдаалдаг эсэхийг мэддэггүй, бидний үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнд хэрэглэгддэггүй юм. Миний хувьд Тайван Улс руу хүүхдээ эмчлүүлэхээр Монгол Улсын хилээр 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гарч, хүүхдээ 105 хоногийн турш Тайван Улсын Ч Г эмнэлэгт эмчлүүлж Монгол Улсын хилээр 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр орж ирсэн. Нэхэмжлэлд дурдсан бараа бүтээгдэхүүнийг манай "Д" ХХК нь захиалаагүй, хүлээн аваагүй. Яагаад гэхээр аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай хуурай сүүний 4 сарын нөөцийг би өөрөө нэхэмжлэгчээс худалдан авч бэлдээд Г.Э-д хүлээлгэн өгч, ажлаа захин үлдээсэн байсан. Манай аж ахуй нэгжийн өмнөөс энэ их хэмжээний захиалга хийж бараа авсан асуудлыг 2022 оны 11 сарын үед мэдэж, асуудлыг тодруулахад манай аж ахуй нэгжийн нэрийг бариад Г.Н нь захиалга өгч, тухайн бараа бүтээгдэхүүнийг хувьдаа ашигласан талаар мэдсэн. Г.Н нь манай аж ахуй нэгжид ажиллаж байгаагүй, манай үйл ажиллагаанд оролцоогүй, хамааралгүй нэгэн юм. Дээрх мөнгийг Г.Н өөрөө төлнө гэдгээ илэрхийлдэг ба тухайн барааны үнийг хүлээлгэн өгсөн этгээд буюу Г.Н-ийг хариуцагчаар татаж нэхэх боломжтой гэж үзэж байна. Г.Н-ийн хүлээн авсан бараа бүтээгдэхүүнээс нэгийг ч манай аж ахуй нэгж хэрэглээгүй болно. Манай аж ахуй нэгж тухайн асуудалд огт холбоогүй учир манайд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 295.350 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбар, хэрэгт хавсаргасан мессеж, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *********дугаартай албан бичиг, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчээс Ц.О-д олгосон итгэмжлэл, төлбөрийн баримт, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ************, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *************, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн **************, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ************, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн *************, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *************, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн **************, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *************, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ************, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *********** зарлагын баримт, нэхэмжлэгч М.Б-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хуулбар, хариуцагчийн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Б-ийн гадаад паспортын хуулбар, Г банкны дансны хуулга, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийнг тооцооны үлдэгдлийн баталгаа, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. ХэрэгХэрэгт авагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын бар код бүхий зарлагын баримт нь нэхэмжлэгчийн М ХХК-иас хүлээн авсан бараа, бүтээгдэхүүний зарлагын баримттай үнийн дүнгийн болон худалдан авсан бараа бүтээгдэхүүний нэр, төрлөөрөө ижил байх бөгөөд нийт 27.480.000 төгрөгийн барааг нэхэмжлэгч нь М ХХК-иас хүлээн авч, хариуцагч Д ХХК-нд хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна. /хх-17-18, 19-28 дугаар тал/

3. Мөн хэргийн 8-13 дугаар талд авагдсан харилцан яриа буюу мэссежид 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн ба тухайн үзлэгээр нэхэмжлэгч М.Э нь өөрийн ******* дугаараас хариуцагчийн захиалга өгдөг байсан ********** дугаарын утас руу мэссэж бичиж, хүлээн авсан барааны үнэ, төлбөр хүлээн авах дансны дугаар зэрэг мэдээллийг явуулж, хариуд нь төлбөр төлөх хугацаа хойшлогдож байгаа тухай болон төлбөрийг тодорхой хугацаа зааж, саадгүй төлөхөө илэрхийлж байгаа талаар харилцан ярилцаж байсан үйл баримт тогтоогдсон.

4. Хариуцагч Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа Би 2022 оны 7 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд Монгол Улсад байгаагүй, би тухайн бараа бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй, харин Г.Н нь манай компанийн нэрийг барьж уг барааг хүлээн авсан, тэрээр өөрөө уг төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлдэг. Түүнийг хэрэгт хариуцагчаар татан оролцуулах нь зүйтэй хэмээн тайлбар гаргаж, улмаар өөрийн гадаад паспортын хуулбарыг ирүүлсэн.

Уг гадаад паспортын хуулбараас үзэхэд Г.Б нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Монгол Улсад байгаагүй болох нь тогтоогдож байх боловч хэрэг хянан шийвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татагдсан, өөрийн төрсөн дүү гэх Г.Н-ийг шүүхэд ирүүлээгүй.

Г.Н-ийн регистрийн дугаар болон оршин суух хаягийн мэдээлэл нэхэмжлэгчид байхгүй, олох боломжгүй нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамтран хариуцагч Г.Н-ийг оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлөөлөгч Г.Б Г.Нийг уг бараа бүтээгдэхүүнийг М.Э-аас хүлээн авсан, тэрээр төлөх ёстой хэмээн тайлбар гаргаж байгаа боловч Г.Н-ийг шүүхэд ирүүлэхгүй, оршин суух хаягийг шүүхэд тодруулан өгөхгүй, ажиллагаанд саад учруулсан.

Мөн тэрээр М.Э-аас бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан тухайгаа маргадаггүй ба үүнийг няцаасан, үгүйсгэсэн тухай баримтыг ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэх үндэслэл болж байна.

Түүнчлэн хэргийн 63 дугаар талд авагдсан хариуцагч Д ХХК-ийн Г банк дахь дансны хуулгаас харахад Г.Бийг гадаадад байх хугацаа буюу 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болон 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд С ХХК-аас Б т /B T/ гэх утгатай орлого оруулсан нь Г.Б-ийг гадаад байх хугацаанд хариуцагч Д ХХК-ийн үйл ажиллагаа зогсоогүй, хүлээн авагч С ХХК-нд өөрийн гаргадаг бүтээгдэхүүнийг нийлүүлж, уг компаниас төлбөрөө хүлээн авч байсан болох нь тогтоогдсон.

Тэгэхээр Д ХХК нь нэхэмжлэгч М.Э-аас 27.480.000 төгрөгийн үнэ бүхий хуурай сүү, дал модны тос зэргийг хүлээн авч байсан, улмаар тус компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байжээ.

Хариуцагчийн төлөөлөгч нь Би явахаасаа өмнө өөрийн бүтээгдэхүүнд ордог хуурай сүүг М ХХК-иас хангалттай хэмжээгээр аваад бэлдсэн байсан. Дахин бараа бүтээгдэхүүн захиалах, хүлээн авах шаардлагагүй байсан гэх боловч уг тайлбарыг нотолсон баримтаа ирүүлээгүй болно.

5. Нэхэмжлэгч М.Э нь хариуцагчийн хүлээн авсан бараа, бүтээгдэхүүний үнэ 27.480.000 төгрөгийг бусдаас зээл авч, мөн өөрийн хадгаламж барьцаалсан зээл авах зэргээр бүрдүүлж, М ХХК-д бүрэн төлж барагдуулсан нь хэргийн 14 дүгээр талд авагдсан тус компанийн тодорхойлолт, хэргийн 5-7 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн Х, Х банк дахь дансны хуулгаар нотлогдож байна.

6. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч М.Э болон хариуцагч Д ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас үүрэг шаардах эрхтэй гэж үзлээ.

7. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 27.480.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Э-т олгож шийдвэрлэв.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 295.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Э-т олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 27.480.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Э-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 295.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Э-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА