Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/01884

 

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/01884

 

М.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/02561 дугаар шийдвэртэй,

 

М.Эийн  нэхэмжлэлтэй,

“Д” ХХК-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 27,480,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бүжинлхам, хариуцагчийн төлөөлөгч Г.Баянмөнх, хариуцагчийн өмгөөлөгч Д.Очирваань, нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл тайлбарын, агуулга:

1.1. М.Э миний бие "Мд" ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд компаниасаа бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, өөрийн хариуцсан бүс, худалдан авагчаа сонгон нийлүүлж, орлогоо тушаадаг.

Хариуцагч "Д" ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр - дугаарын утсаар миний 88040546 ажлын утас руу холбогдож дараах бараа бүтээгдэхүүнийг авсан. Үүнд: 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2,160,000 төгрөгийн хуурай сүү, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1,750,000 төгрөгийн дал модны тос, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1,750,000 төгрөгийн дал модны тос, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3,910,000 төгрөгийн хуурай сүү, дал модны тос, 2022 оны 10 дугаар сарын 22-ний өдөр 3,500,000 төгрөгийн дал модны тос, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 3,500,000 төгрөгийн дал модны тос, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 4,580,000 төгрөгийн дал модны тос, хуурай сүү, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2,830,000 төгрөгийн дал модны тос, хуурай сүү, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,500,000 төгрөгийн дал модны тос, нийт 27,480,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг зарлагын баримт үйлдэн "Д" ХХК-ийн ажилтан Г.Н хүлээлгэн өгсөн.

1.2. Миний бие 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эгч М.Энхжаргалыг цалингийн зээл авахуулан 10,000,000 төгрөг, мөн “Их баян бургастай” компаниас 10,000,000 төгрөг, “Хас банк”-наас хадгаламж барьцаалсан 9,500,000 төгрөгийн зээлийг тус тус авч, "Д" ХХК-ийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтээр авсан 27,480,000 төгрөгийн төлбөрийг өмнөөс нь төлж барагдуулан "Мд" ХХК-ийг хохиролгүй болгосон.

1.3. “Д” ХХК-ийн захирал болон ажилтан руу удаа дараа залгаж, мессеж бичиж төлбөрөө төлөхийг шаардахад өнөө маргааш, удахгүй гэх шалтгааныг хэлж, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул “Д” ХХК-аас 27,480,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай аж ахуй нэгж нь “баббл тий” буюу цай үйлдвэрлэж “Си Юу” салбараар худалдаалдаг ба уг цайны нэг орц болох хуурай сүүг "Мд" ХХК-аас худалдан авдаг байсан. Өөр төрлийн бараа бүтээгдэхүүнийг огт худалдан авч байгаагүй.  

2.2. Манай аж ахуй нэгжийн өмнөөс энэ их хэмжээний захиалга хийж бараа авсан асуудлыг 2022 оны 11 сарын үед мэдэж тодруулахад манай аж ахуй нэгжийн нэрийг бариад Г.Н нь захиалга өгч, тухайн бараа бүтээгдэхүүнийг хувьдаа ашигласан талаар мэдсэн. Г.Н нь манай аж ахуй нэгжид ажиллаж байгаагүй, манай үйл ажиллагаанд оролцоогүй, хамааралгүй нэгэн юм. Дээрх мөнгийг Г.Н өөрөө төлнө гэдгээ илэрхийлдэг ба Г.Нийг хариуцагчаар татаж нэхэх боломжтой гэж үзэж байна.

2.3. Манай аж ахуй нэгж тухайн асуудалд огт холбоогүй учир манайд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Д” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 27,480,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Эт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас 295,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Э олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч М.Эийн ямар эрх, хэрхэн, яаж зөрчигдсөн, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулалгүйгээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Худалдан борлуулсан гэх хуурай сүүг нийлүүлэх үүргийг “Мд” ХХК хүлээсэн байх бөгөөд худалдах-худалдан авах гэрээний худалдагч тал юм. Харин нэхэмжлэгч М.Э нь зөвхөн “Мд” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажилладаг талаараа нэхэмжлэлдээ дурьдсан байхад анхан шатны шүүх М.Эийг гэрээний оролцогч, худалдагч тал мэтээр дүгнэсэн нь буруу.

Түүнчлэн М.Э нь “Мд” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажилладаг гэх боловч энэ талаар нотолсон баримтгүй, “Мд” ХХК-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгосон баримт хэрэгт авагдаагүй атал анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Г.Нийг хамтран хариуцагчаар татан оролцуулж, Г.Нийн дансны зарлагын хөдөлгөөнийг 27,480,000 төгрөгийн хэмжээнд зогсоох арга хэмжээг авч шийдвэрлэжээ. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Г.Нийг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтээсээ татгалзсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасантай нийцээгүйн улмаас Г.Нийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байх бөгөөд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

4.3. Манай компани зөвхөн “баббл тий” үйлдвэрлэдэг бөгөөд уг бүтээгдэхүүний орц, найрлагад дал модны тос огт ордоггүй, захиалж авах шаардлагагүй атал анхан шатны шүүх тухайн үйл баримтыг зөв дүгнэлт өгч чадаагүй, дал модны тосны үнэд 19,700,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Захиалга өгөх болон бусад ажлыг ажилтан Г.Энхтүвшин хариуцдаг бөгөөд Г.Н нь манай компанид огт хамааралгүй. Хэрэгт авагдсан бараа хүлээн авсан гэх баримтад Г.Н гарын үсэг зурсан, төлбөрийг саадгүй төлөхөө илэрхийлсэн байгааг манай компани харилцан ярилцсан үйл баримт тогтоогдсон гэж хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн төдийгүй хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж чадаагүй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. “Мд” ХХК-аас тодорхойлолт гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч М.Э нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын дагуу уг гэрээг үндэслэж, “Д” ХХК-д нийлүүлсэн 27,480,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнийг төлж компанийг хохиролгүй болгосон учир шүүхэд төлөөлөх бүх эрхийг М.Эт шилжүүлсэн нь хариуцагчийн ярьж байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

5.2. “Д” ХХК-ийн зүгээс тухайн бараа бүтээгдэхүүнийг Г.Н хүлээж авсан гэж байгаа боловч захиалгыг “Д” ХХК өгдөг. Төлөөлөх ёстой этгээд нь Г.Н, эсхүл Г.Бийн аль нь вэ гэдгийг нэхэмжлэгч мэдэх боломжгүй. Мөн хариуцагчаас Г.Нийг төлөөлөх эрхгүй этгээд, харин н.Энхтүвшин нь төлөөлөх эрхтэй этгээд гэж тайлбарладаг ч үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

5.3. Хариуцагчаас манай компани 88004437 дугаар утастай харин - дугаар нь манай утасны дугаар биш гэдэг. Гэвч Г.Б нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө “Д” ХХК-аас - дугаараас захилга өгдөг байсан. Энэ нь захиалга баталгаажуулж, хүлээн авч байгаа нотлох баримтаар тогтоогддог.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 27,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. “Мд” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 061885 тоот албан бичигт “Мд” ХХК нь “Д” ХХК-тай санхүүгийн тооцоогүй. ... манай компанийн худалдааны төлөөлөгч М.Э нь компаниас хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийг өөрөө харилцагчаа сонгож зарж борлуулдаг, тухайн бараа бүтээгдэхүүний үнийг компанийн өмнө эд хөрөнгийн хариуцлагын гэрээний дагуу тушаадаг. Үүний дагуу М.Э нь “Мд” ХХК-д 2022 оны 10 дугаар сард хүлээлцсэн нийт бараа бүтээгдэхүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх буюу “Д” ХХК-ийн худалдан авсан бүтээгдэхүүний үнэ болох 27,480,000 төгрөгийг компанид бүрэн төлсөн байсан. ...” гэж тодорхойлсон байх тул “Мд” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг М.Э нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авч бусдад худалдан борлуулдаг, бие дааж үйл ажиллагаа явуулдаг худалдааны төлөөлөгч иргэн гэж дүгнэх юм. Иймд М.Э нь “Мд” ХХК-ийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа худалдан авагч талыг өөрөө сонгох эрхтэй.

3.2.“Мд” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 13, 14,18, 20, 22, 24, 26, 29, 31-ний өдрүүдийн зарлагын баримтад худалдан авагчийн нэрийг “Д” ХХК гэж бичигдсэн боловч уг зарлагын баримтад заасан нийт үнэ болох 27,480,000 төгрөгийг М.Э төлсөн гэх тус компанийн тодорхойлсон байдлуудыг харьцуулан дүгнэвэл “Мд” ХХК болон М.Э нарын хооронд, М.Э болон “Д” ХХК-ийн хооронд тус тусдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

3.3. Энэ үндэслэлээр М.Э худалдах-худалдан авах гэрээний оролцогч биш байхад анхан шатны шүүх түүнийг худалдагч гэж буруу дүгнэсэн гэх хариуцагч “Д” ХХК-аас гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

4. Зарлагын 22/NULL/02191, 22/NULL/07826, 22/NULL/07953, 22/NULL/09351, 22/NULL/10129, 22/NULL/11454, 22/NULL/11912, 22/NULL/12967, 22/NULL/10872, 22/NULL/13417 тоот баримтаар 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс мөн сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд М.Э нь нийт 27,480,000 төгрөгийн үнэ бүхий хуурай сүү, дал модны тосыг хариуцагч “Д” ХХК-д хүлээлгэж өгсөн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байх бөгөөд захиалгыг хариуцагч байгууллагын эзэмшлийн - дугаарын утаснаас хийсэн, уг - дугаарын утаснаас нэхэмжлэгчид илгээсэн цахим зурвас /мессеж/-аар харилцахдаа төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн үйл баримтыг хариуцагч тал баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу няцаагаагүй байна.

 

5. Түүнээс гадна худалдан авагч талаас хуурай сүү, дал модны тос худалдаж авах  хүсэл зоригийн илэрхийллийг худалдагч тал өмнөөс нь алдаатай гэж шийдвэрлэх боломжгүй. Худалдан авагч талаас дээр дурдсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авах хүсэл зоригийн илэрхийлсэн байх бөгөөд түүнийг худалдагч тал хүлээн авсан тул худалдан авагчийн хүсэл зоригийн илэрхийлэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болжээ.

Мөн хариуцагч компанийн үйл ажиллагааг нэхэмжлэгч талаас мэдэх ёстой гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дал модны тосыг ашигладаггүй, огт авч байгаагүй гэх үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзах үндэслэл болохгүй. “Сентрал экспресс Си Ви Эс” ХК болон хариуцагч “Д” ХХК-ийн хооронд хийгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үндэслэн хариуцагч байгууллагын үйл ажиллагаа нь “баббл тий” цай нийлүүлэх үйл ажиллагаагаар хязгаарлагддаг гэж дүгнэх боломжгүй.  

Дээр үндэслэлээр үйл баримт болон нотлох баримтыг анхан шатны шүүх зөв үнэлээгүй гэх  хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэнэ.    

 

6. Хариуцагч “Д” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Г.Б нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний хооронд Монгол Улсад байгаагүй,  тус компани нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байсан байдлыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Түүний эзгүйд компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байснаас гадна уг компанийн захиалга өгч харилцдаг утаснаас холбогдож захиалга өгч, захиалгыг бодитойгоор хүлээн авсан байдалд нэхэмжлэгч М.Эыг компанийн захирал эзгүй байгааг мэдэх ёстой гэж дүгнэх боломжгүй юм.   

 

            7. Хариуцагч “Д” ХХК нь хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Д” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 27,480,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Эт олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

            8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Э нь хариуцагчийг тодорхойлох эрхийн хүрээнд Г.Нийг хариуцагчаар энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтээсээ тэрээр татгалзах эсэхээ өөрөө шийдвэрэлэх эрхтэй юм.   

Хариуцагч Г.Нийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоож шүүхээс шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар авсан байна. Мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар гарсан шүүхийн шийдвэр Г.Нид хамааралгүйгээр гарсан учир уг шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн баталгаажуулахаар Г.Нийн зарлагын хөдөлгөөнийг зогсоосон шүүгчийн захирамж авсан арга хэмжээ дуусгавар болохоос гадна хариуцагч “Д” ХХК нь Г.Нийг төлөөлөх эрхгүй тул түүний өмнөөс давж заалдах гомдол гаргахгүйг дурдах нь зүйтэй байна.  

                 

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/02561 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Д” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.ДАВААДОРЖ                                

                                                   ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                            Э.ЗОЛЗАЯА