Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 183/шш2023/02676

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2023/02676

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, *** тоотод оршин суух, регистрийн дугаар **********, Г овогтой О-ийн М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, С үйлчилгээний төвийн ** давхарт байрлах ажлын хаягтай, регистрийн дугаар ************, Г овогтой Б-ийн Ц-д холбогдох,

Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.М-т нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Я.С нь А.М, С.Э нартай 60.00.000 төгрөг зээлүүлэх зээлийн гэрээ байгуулсан байна. Мөн энэ өдөр Я.С нь миний үл хөдлөх эд хөрөнгийг 10.000.000 төгрөгөөр үнэлж, барьцааны гэрээ байгуулсан байна. Барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, С ** дүгээр гудамж, ** тоот хаягт байршилтай ************ нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 216 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай миний үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Би 60.000.000 төгрөгийн барьцааны гэрээнд гарын үсэг огт зураагүй ба миний гарын үсэг биш байна. Харин 10.000.000 төгрөгийн барьцаанд тавихыг зөвшөөрч байсан. Иймд Б.Ц нотариатчийн 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нотариатч Б-ийн Ц би тус шүүхэд О.М-ын /регистрийн дугаар **********-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус нэхмэжлэлийн шаардлага болох хууль зүйн үндэслэлийг зөвшөөрөхгүй байна. Иргэн О.М нь өөрөө гэрээ байгуулсан, иргэн аливаа этгээдтэй гэрээ, хэлцлээ байгуулах замаар эрхээ хэрэгжүүлэх, шаардлагаа хангуулах боломжтой юм. Харин нотариатын үйлдлийг хүчингүй болох эрх зүйн үндэслэл, нөхцөл байдал байхгүй болно. Холбогдох асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх шаардлага байна гэж үзэж энэхүү тайлбарыг гаргаж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ************ дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ************ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн гэрчилгээний ************ дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн гэрчилгээний **********дүгээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ************* дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн *********** дугаар гомдол хянан хэлэлцэх шүүхийн тогтоолын хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоолын хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн **** дугаар гомдолд хариу өгөх тухай албан бичгийн хуулбар зэрийг ирүүлсэн.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу бүрдсэн буюу Нийслэлийн архивын газрын 2023 оны 5 дугаар сарын 29-ний албан бичгээр Нийслэлийн тойргийн **** тамгын дугаартай нотариатч Б.Ц-ийн 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаарт бүртгэгдсэн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ болон бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсгийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай албан бичгээр тус дүүргийн ** дугаар хороо, С ** дүгээр гудамж, ** тоотод байрлах, нэгж талбарын **********, эрхийн улсын бүртгэлийн *********** дугаартай, 474 м.кв талбай бүхий гэр бүлийн зориулалттай газрын болон мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ********* дугаартай, 216 м.кв талбай бүхий хувийн орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн дэлгэрэнгүй лавлагаа болон хувийн хэргийн хуулбарууд, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2023 оын 5 дугаар сарын 22-ны өдрийн ****** дүгээр албан бичгээр ********** дугаартай хэрээс сэжигтэн, яллагдагчийн тус тус хувиар мөрдөн байцаалтад иргэн С.Э-ын өгсөн мэдүүлгүүдийн хуулбар, сэжигтэн, яллагдагчийн тус тус хувиар мөрдөн байцаалтад иргэн А.М-ын өгсөн мэдүүлгүүдийн хуулбар, хохирогч Я.С-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдийн хуулбар, гэрч О.М-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдийн хуулбар, Я.С, А.М, С.Э, О.М нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбарууд, мөн тус хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар Прокурорын тогтоолын хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар зэрэг баримтыг бүрдсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Иргэн Я.С нь иргэн А.М, С.Э нартай 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу А.М, С.Э нар Я.С-аас 60.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлж авах, ингэхдээ тухайн зээлийн барьцаанд 3 үл хөдлөх эд хөрөнгө буюу Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо, С ** дүгээр гудамж, ** тоотод байрлах, 474 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн *********** дугаартай газар, мөн хаягт байрлах, 216 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаартай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Сонгинохайрхан дүүрэг, ** дүгээр хороонд байрлах, 408 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалахаар гэрээнд тусгасан байна.

Улмаар Я.С болон нэхэмжлэгч О.М нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Барьцааны гэрээ байгуулагдаж, тухайн гэрээнд дурдсанаар Я.С, А.М, С.Э нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт иргэн О.М-ын өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгө буюу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, С ** дүгээр гудамж, ** тоотод байрлах, нэгж талбарын ***********, эрхийн улсын бүртгэлийн *********** дугаартай, 474 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газрыг 4.000.000 төгрөгөөр, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ********** дугаартай, 216 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 6.000.000 төгрөгөөр тус тус тооцон барьцаалахаар тохиролцжээ.

Хэдийгээр тухайн 2 үл хөдлөх эд хөрөнгийг нийт 10.000.000 төгрөгөөр зээлийн барьцаанд барьцаалсан байх боловч хэргийн 32-33 дугаар талд авагдсан О.М-д холбогдуулан гаргасан Я.С-ын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ********* дугаар захирамжаас тус тус үзэхэд дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг 60.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний үүрэгт үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаж байгаа нь тогтоогдов.

Хэргийн 69 дүгээр талд авагдсан нотариатч Б.Ц-ийн бүртгэлийн дэвтрээс үзэхэд 60.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт О.М-ын өмчлөлийн 2 үл хөдлөх хөрөнгийг барьцаалсныг дурдаад талуудаар гарын үсэг зуруулжээ.

Гэтэл зээлийн гэрээнд зааснаар О.М-ын өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгөөс гадна Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороонд байрлах, 408 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг хамтад нь барьцаалахаар тусгасан боловч тухайн эзэмших эрхтэй газрын барьцааны гэрээ хийгдээгүй байна.

Мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн **** дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүгдэгч А.М Хохирогч Я.С-ын чирэгч толгойг 36.000.000 төгрөгөөр зарж өгсөн, өөрийн ээжийн байрыг 24.000.000 төгрөгөөр зарсан, мөн Ч.С-аас бэлэн 10.000.000 төгрөгийг авч, нийт 70.000.000 төгрөгийг бүрдүүлээд түүнийгээ еврод хөрвүүлэн гадаад улс руу шилжүүлсэн гэж, шүүгдэгч С.Э Сонгинохайрхан дүүрэгт байрлах 400 м.кв газрыг барьцаанд тавъя гэхээр нь би А.М-тай ярилцаад ээжийнх нь байрыг барьцаалж зээл авсан боловч хүрэхгүй байхаар нь С ахтай уулзаж ярилцаад эхлээд 36.000.000 төгрөг, дараа нь 10.000.000 төгрөг, нийт 46.000.000 төгрөгийг аваад, М-ын ээжийн байрны 24.000.000 төгрөгийг нэмээд 70.000.000 төгрөг босгосон. Тухайн 70.000.000 төгрөгийг еврод шилжүүлээд Цэрэн нь гадаад руу шилжүүлсэн гэж, хохирогч Я.С Энэ үед Чингэлтэй дүүрэг дээр С гэх хаягтай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэгт 400 м.кв газрын З гэж хүний албан бичгийг үзүүлсэн учир би А.М, С.Эрхэмбаяр нарт итгэсэн. ... Хөрөнгө нь та нарынх биш байна. М гэдэг хүн зөвшөөрсөн юм уу гэхэд Зөвшөөрсөн гэж хэлсэн. ... Барьцаанд тавьсан 400 м.кв газраа өгөхгүй удаад байхаар нь би нэхсэн чинь А.М өөрийнхөө компанийн 50 хувийн хувьцааг надад шилжүүлнэ гэсэн. ... О.М-ын эзэмшлийн газрын барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж тус тус мэдүүлжээ.

Эдгээр үйл баримтуудаас үзэхэд О.М өөрийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг 10.000.000 төгрөгт тохиролцож, барьцааны гэрээ байгуулсан байх боловч Я.С нь иргэний журмаар 60.000.000 зээлийн гэрээний үүрэгт уг 2 үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардлага гаргасан нь нэхэмжлэгч О.М-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Ц нь талуудын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ-ний 8 дугаар заалтын агуулга, үр дагаврыг нэхэмжлэгч О.М-д бүрэн тайлбарлаж өгөөгүй, гэрээний эхний нүүр хэсэгт 2 үл хөдлөх эд хөрөнгийг 10.000.000 төгрөгөөр тооцон барьцаалсныг дурдсан атлаа 8 дахь заалтад нь Я.С, А.М, С.Э нарын хооронд байгуулагдсан 60.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт хангуулахыг хүлээн зөвшөөрсөн агуулгаар тусгаж, талуудын тохиролцооноос өөрөөр гэрээг боловсруулж, нэхэмжлэгч О.М-д уг 8 дахь заалтын үр дагаварыг бүрэн тайлбарлаж өгөөгүй байна.

3. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д Үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулна гэж, мөн зүйлийн 46.10-т Нотариатч гэрчилсэн гэрээ, хэлцлийн хувийг талуудад өгч, өөрт үлдэх хувьд холбогдох баримт бичгийг хавсаргаж, архивт хадгална гэж, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-д Хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн бол ноцтой төөрөгдсөн гэж үзнэ гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, нотариатч Б.Ц үйлчлүүлэгчдээ гэрээний заалтын үр дагавар, хууль зүйн ач холбогдол болон үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлагын талаар тус тус тайлбарлаагүй, гэрээний нэг хувийг О.М-д өгөөгүйгээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх ба О.М өөрийн хүсэж байсан агуулга бүхий хэлцлийг хийгээгүй, ноцтой төөрөгджээ.

4. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 46 дугаар зүйлийн 46.6, 46.10-т тус тус зааснаар хариуцагч Б.Ц-ийн иргэн Я.С, О.М нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Барьцааны гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-аас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.М-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 46 дугаар зүйлийн 46.6, 46.10-т тус тус зааснаар хариуцагч Б.Ц-ийн иргэн Я.С, О.М нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Барьцааны гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-аас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.М-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА