Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01924

 

 

 

 

 2023            11          03                                       210/МА2023/01924

 

 

                                        О.М-ын нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/02676 дугаар шийдвэртэй,

О.Мын нэхэмжлэлтэй, Б.Ц-ид холбогдох

Нотариатын үйлдэл хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Төгс, хариуцагч Б.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр А.М, С.Э нартай 60,000,000 төгрөг зээлүүлэх зээлийн гэрээ байгуулсан. Тухайн өдөр Я.С нь миний өмчлөлийн нэгж талбарын 18642317062295 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Y-22020046** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 1 дүгээр гудамж, ** тоот хаягт байршилтай, 216 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр үнэлж, барьцааны гэрээ байгуулсан. Харин би 60,000,000 төгрөгийн барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, уг гарын үсэг миний гарын үсэг биш. Тухайн үед би 10,000,000 төгрөгийн барьцаанд тавихыг зөвшөөрч байсан. Иймд нотариатч Б.Ц-ийн 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Аливаа этгээд гэрээ, хэлцэл байгуулах замаар эрхээ хэрэгжүүлж, шаардлагаа хангуулах боломжтой байдаг. Нэхэмжлэгч О.М нь өөрөө гэрээ байгуулсан учраас нотариатын үйлдлийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл, нөхцөл байдал байхгүй. Тиймээс холбогдох асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 46 дугаар зүйлийн 46.6, 46.10-т тус тус зааснаар хариуцагч Б.Ц-ийн иргэн Я.С, О.М нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Барьцааны гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Мад олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүхэд шинээр ирсэн нотлох баримтуудтай танилцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь миний эрхийг зөрчсөн. Тодруулбал, өмнө болсон шүүх хуралдаанаас шүүхийн санаачлагаар нотлох баримт цуглуулах тухай шүүгчийн захирамж гарч, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Миний хувьд шинээр цуглуулсан нотлох баримтуудтай танилцаагүй, ямар нотлох баримт хэрэгт авагдсаныг мэдээгүй.

4.2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий талыг баримталж шийдвэрлэсэн. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагч Б.Ц нь талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний 8 дугаар заалтын агуулга, үр дагаврыг нэхэмжлэгч О.М-ад бүрэн тайлбарлаж өгөөгүй, ...талуудын тохиролцооноос өөр гэрээг боловсруулж, нэхэмжлэгч О.М-ад уг 8 дахь заалтын үр дагаврыг бүрэн тайлбарлаж өгөөгүй байна” гэжээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “би 60 сая төгрөгийн барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй ба миний гарын үсэг биш, харин 10 сая төгрөгийн барьцаанд тавихыг зөвшөөрч байсан” гэсэн. Гэтэл шүүх хуралдаанд энэхүү гарын үсгийн талаар маргаагүй төдийгүй гэрээнд өөрөө гарыг үсэг зурснаа зөвшөөрсөн. Шүүхийн шийдвэрт нэхэмжпэгч талыг өөрийн үйдлийн үр дагаврыг эс ухамсарлах, үйлдлээс үүссэн хариуцлагаас чөлөөлөгдөх эрх зүйн чадамжийн тухай асуудал яригдсан эсэх талаар дурдаагүй. Тухайн өдөр ажлын өрөөнд иргэн Я.С, А.М, С.Э, О.М нар ирж нотариатын үйлчилгээ авсан бөгөөд би бүгдэд нь зээлийн болон барьцааны гэрээний үр дагавар, хүлээх хариуцлагын талаар тайлбарлаж өгсөн. Мөн эрх зүйн чадамжгүй нэг ч хүн
байгаагүй тул талуудын хүсэлтээр гэрээний төсөл боловсруулж, уншуулж
танилцуулан гарын үсэг зуруулсан. Гэтэл шүүх ямар учраас нэхэмжлэгч
О.М-ад гэрээний заалтыг бүрэн тайлбарлаж өгөөгүй гэж дүгнэснийг
ойлгохгүй байна.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч О.М өөрийн хүсэж байсан агуулга бүхий хэлцлийг хийгээгүй, ноцтой төөрөгджээ” гэсэн байна. Нэхэмжлэгч өөрөө 10,000,000 төгрөгийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн гэж шүүхэд тайлбар гаргасаар байхад шүүх барьцааны гэрээг бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүх энэ хэлцэлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэж байгаа бол хариуцагч нь нотариатч бус тухайн хэлцэл хийсэн талууд болох ёстой. Шүүх энэ хэрэг дээр жинхэнэ хариуцагчаар барьцаалагч Я.С-ыг татах ёстой байсан юм. Эрх ашиг нь хөндөгдөж буй талууд өөрсдийн тайлбар нотлох баримтаа гаргаж, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоноос гарах үр дагаврын талаар хамтад нь шийдвэрлэх шаарлагатай. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.5 хэсэгт зааснаар бол хэлцэл хийгч нөгөө тал маргаж байгаа талын хүсэлтийн дагуу хэлцлийг биелүүлэхийг зөвшөөрсөн бол төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй. Энэ тохиолдолд хэрэв барьцаалагч болох Я.С-ын зүгээс маргаж буй тал болох барьцаалуулагч О.М-ын 10,000,000 төгрөгийн барьцааны шаардлагыг хангах тухай хүсэлтийг хүлээн авбал энэ хэлцэл хуулийн дагуу хүчин төгөлдөр байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын эрх тэгш байдлыг хангаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийн заалтыг буруу хэрэглэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

            Шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй. Шүүгчийн туслах хариуцагчид шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэж, утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн. Яагаад нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон бэ гэхээр А.М Я.С-аас 60,000,000 төгрөг зээлэхээр тохиролцсон. Зээлийн гэрээ, барьцааны гэрээг баталсан нотариатч нь Б.Ц юм. 60,000,000 зээлийн гэрээний барьцаанд 2 объект барьцаалж, 10,000,000 төгрөгийн барьцаанд О.Мын хөрөнгийг барьцаалж, 50,000,000 төгрөгийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн газрыг барьцаалсан гэж хэлж ойлгуулаад, 10,000,000 төгрөгийн барьцааны гэрээг хийчихээд, 50,000,000 төгрөгийн барьцааны гэрээг нотариатч хийгээгүй. Я.С нь залилан гэж үзээд Баянгол дүүргийн Цагдаагийн газар өргөдөл өгч шүүхээр уг хэрэг маргаан шийдэгдэх гэж байхад шүүх хурлын өмнөх өдөр нөгөө хүн нь бүх мөнгөө төлсөн учраас эрүүгийн хэрэг хаагдсан. Гэтэл нөгөө хүмүүс одоо О.М-аас алданги нэхэмжилж байгаа. Нотариатч үр дагаврыг тайлбарлаж, гэрээн дээр гарын үсэг зурах юм бол энэ гэрээ 5-6 жил үргэлжлээд, танаас мөнгө нэхэмжлэх нь байна шүү гэж ямар ч үр дагаврыг тайлбарлаагүй. Мөн О.М-ад барьцааны гэрээний нэг хувийг өгөөгүй бөгөөд О.М юун дээр гарын үсэг зурснаа ч мэдээгүй. Бид сүүлд Улсын бүртгэлийн газраас барьцааны гэрээг авахад 10,000,000 төгрөгийн гэрээ биш, 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээн дээр О.Х-аар гарын үсэг зуруулсан байсан. Б.Ц нотариатын үйлдлийг бүрэн хийгээгүй, хууран мэхлэх маягаар үйлдэл хийсэн. Харин Я.С эрүүгийн хэрэг үүсгүүлээд өөрийнхөө 46,000,000 төгрөгөө авчихсан тул шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Б.Ц-ид холбогдуулан нотариатын үйлдэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна. 

 

Учир нь шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2023/08660 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Прокурорын газар, Нийслэлийн архивын газар, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулжээ. /хх-ийн 51-54/

 

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу бүрдүүлсэн нотлох баримтыг хэргийн оролцогчид  танилцуулаагүй байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзнэ.

 

4. Давж заалдах шатны шүүхэд дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгоогүй тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

5. Түүнчлэн, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн нэгж талбарын 18642317062295 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-22020046** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 1 дүгээр гудамж, ** тоотод байрлах, 474 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22020060** дугаарт бүртгэлтэй, 216 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлт хийсэн нь талуудын зарчимд нийцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/02676 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Ц-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.ЦЭНД

 

                ШҮҮГЧИД                                     Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ