Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2023/0419

 

 

 

 

  

     2023           05           09                                        128/ШШ2023/0419

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Гомбожав,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Болормаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Бадамжаргал,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Отгонсүрэн, Т.Улаанхүү,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Өлзийбаяр нарыг оролцуулан, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Отгонсүрэн, Т.Улаанхүү нарын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн НА-24210000123 дугаар Нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бадамжаргал, хариуцагч П.Отгонсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өлзийбаяр, иргэдийн төлөөлөгч С.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Отгонсүрэн, Т.Улаанхүү нар нь 2021 оны 12 дугаар сарын 06-ний өдөр 24210000123 дугаар нөхөн ногдуулалтын актаар 458,259,132.74 төгрөгийн зөрчил илрүүлж 45,825,913.27 төгрөгийн нөхөн татвар, 15,116,481.62 төгрөгийн торгууль, 7,733,514.46 төгрөгийн алданги нийт 68,675,909.35 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолоор уг нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн.

2.Нэхэмжлэгч Т.Гомбожавт дээрх Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 02 дугаар тогтоолыг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлж, тус шүүхэд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2022/2593 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.  

             3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Т.Гомбожав нь хувиараа автомашин импортоор оруулж ирэх, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Баянзүрх дүүргийн татварын хэлтэстэй харьцаж ажилладаг юм. Гэтэл Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Отгонсүрэн, Т.Улаанхүү нар нь миний хувиараа эрхэлдэг бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор 2017-2021 онуудад хамаарах хугацаанд татварын хяналт, шалгалт хийж улмаар 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр НA-24210000123 дугаартай хэт өндөр дүн бүхий "нөхөн ногдуулалтын акт" үндэслэлгүйгээр тавьж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор хөндөөд байна.

          Уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандаж гомдол гаргасан. Гомдлыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хүлээн авч хянаад 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 02 дугаартай тогтоол гаргаж, тогтоолыг гомдол гаргагч талд 2022 оны 02 сарын 21-ний өдөр гардуулсан бөгөөд Татварын Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.19, мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.4 дэх хэсэгт заасны дагуу татварын улсын байцаагч нарын "Нөхөн ногдуулалтын акт"-ыг хүчингүй болгуулахаар дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

          Нэг. Татвар ногдуулах орлогын дунг буруу тодорхойлсон.

          Жишээлбэл: Иргэн Т.Гомбожавын 2017 онд 2,951,541,088.69 төгрөгийн борлуулалтын орлого, 2,883,951,843.31 төгрөгийн зардал, 67,589,245.39 төгрөгийн татвар Ногдуулах орлого гэх мэтчилэн хяналт, шалгалтад хамаарч буй он тус бүрээр борлуулалтын орлогоос зардлыг хасаж зөрүү дүнг татвар ногдуулах орлого байна гэж тооцсон нь илэрхий алдаатай, бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.

          Учир нь борлуулалтын орлого гэж үзэж байгаа тоон дүн нь өөрөө анхан шатны санхүүгийн баримтаар бүрэн илэрхийлэгдэх ёстой байтал дан ганц гаалийн мэдээ, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл зэргээр тодорхойлогдож байна гэж үзсэн нь тухайн иргэний борлуулалтын орлого гэж шууд үзэх боломжгүй бөгөөд энэ нь бодит байдалтай нийцэхгүй байна.

          Тэрчлэн гаалийн мэдээ нь тухайн иргэний нэр дээр импортоор орж ирсэн автомашинуудыг нэгдсэн байдлаар бүртгэх буюу автомашин импортоор оруулж ирж буй хувиараа бизнес эрхлэгч нар нийлж чингэлэг ачуулах тохиолдол цөөнгүй байдагтай холбоотой юм. Товчхондоо: Тухайн иргэний нэр дээр импортоор орж ирсэн машин бүрийг гаалийн мэдээнд үндэслэн түүний өмч /борлуулалтын орлого олох/ мэтээр шууд үзэх боломжгүй юм.  Борлуулалтын орлогын дүнг тооцож гаргасан гэх тооцоололтой холбоотой баримт байхгүй, энэ нь нотлогдохгүй байна.

          Хоёр. Тооцооллын илэрхий алдаатай.

          Нөхөн ногдуулалтын актын 3 дахь хэсэгт дурдсанаар иргэн Т.Гомбожав нь /нэмэгдсэн өртгийн албан татвар/ суутгах үүрэг үүссэн болзол, шаардлагыг хангасан байтал харьяалах татварын албанд бүртгүүлж суутган төлөгчөөр бүртгүүлэх үүргээ зөрчсөн гэжээ./ зөрчсөн гэж НӨАТ-аар нөхөн татвар торгууль алданги ногдуулжээ/

          Хэрэвзээ /НӨАТ-ын/ суутган төлөгч гэж үзэж байгаа бол татварын улсын байцаагч нар суутган төлөгчийн талаас нь тооцоолол хийж зөрчлийн дүнг тодорхойлох ёстой байсан юм.

          Тухайлбал: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 д заасны дагуу иргэн Т.Гомбожав нь суутган төлөгчийн үүрэгтэй бол түүнд мөнгөн хэлбэрээр орсон орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварт орсон орлого гэж үзэж цэвэр борлуулалтын орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварт тооцож, тооцсон дүнгээс худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцоолол хийх нь зүйд нийцэх бөгөөд тооцооллын хувьд алдаагүй болох байсан юм.

          Тэрчлэн татварын алба татвар төлөгч нартаа итгэл үзүүлэн, татвар төлөгчийн эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана гэж хуулиар үүрэг хүлээсэн атлаа татварт төлсөн мөнгөн дүнг татварын нөхөн ногдуулалтын актад оруулан тооцож, хасаагүй зэрэг буруутай үйлдэл гаргасан байна./ Иргэн Гомбожав үйл ажиллагаа эрхлэх явцдаа импортоор болон дотоодын худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцсон тооцоолол актад огт дурдаагүй/

          Иймд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Отгонсүрэн, Т.Улаанхүү нарын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн HA 24210000123 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Татварын улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ тухайн тайланд хамрагдсан орлогыг татвар ногдуулах орлого буюу борлуулалтын орлого, татвар ногдуулах орлого, түүнээс татварыг заавал тооцож байж түүнтэй холбоотой суутган тооцооллыг, татвар ногдуулах холбогдон гарсан зардлуудыг хасаж тооцож, борлуулалтын орлогыг тооцох ёстой. Гэтэл актын он дээр гэхэд актын тэмдэглэх хэсгийн 3 дугаар хэсэг дээр 2.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ, үүнээс 2.7 тэрбум төгрөгийн импортын болон дотоодын худалдан авалтад төлснийг хасаж гэж байна. Татварын ерөнхий хуулийн 6.1.19 дэх хэсэгт суутган төлөгч гэдэг нь тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг; Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.1 дэх хэсэгт Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ, 5.2 дахь хэсэгт Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно гэж заасан, ногдуулсан албан татвараасаа худалдан авалтыг төлсөн. Татвар мэдүүлж байгаа худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар ... үүнээс төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь хэд вэ. татвар ногдуулах гэж байгаа орлого нь хэд вэ гэдгээ тодорхойлоод, татвараа аваад, ногдуулах гээд байгаа албан татвар байгаа бол үүнээсээ худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа хасаад зөрүүгээр нь албан татвар ногдуулах ёстой. Гэтэл хариуцагч нар нийт борлуулалтын орлого 2.8, 2.7 нь дотоодын худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар гэсэн хэр нь худалдан авалтаа бичээд зөрүү тэдэн төгрөгийн орлого ногдуулсан гээд үг, үсгийн хувьд ч алдаатай, тооцооллын хувьд ч алдаатай, ямар нэгэн байдлаар татвар төлөгч ойлгох боломжгүйгээр албан татвар тавьсан гэж үзэж байгаа. 2018 оноос нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаад ирлээ гэж бодоход 2018 оны 2.8, 2019 оны 1.9, 2020 оны 2.1 дээрээсээ шууд худалдан авалтуудаа хасаад зөрүү дээрээс нь албан татвар ногдуулсан. Зарчим нь татвар ногдох орлого нь хэд вэ, үүнээсээ татвараа ногдуулаад, худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаад албан татварын нөхөн ногдуулалт хийнэ гэсэн зохицуулалттай.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлага Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Отгонсүрэн, Т.Улаанхүү нарын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 24210000123 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн тухайд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй харьцаж ажилладаг, хувиараа автомашин импортоор оруулж ирэх үйл ажиллагаа явуулдаг харилцагч байгаа. Тухайн татвар төлөгч иргэний 2017-2021 онуудад хамаарах хугацаанд татварын хяналт шалгалт хийж, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дугаар бүхий хэт өндөр үнийн дүнтэй нөхөн ногдуулалтын актыг үндэслэлгүйгээр тавьсан нь татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон акт гарсан гэж маргаж байгаа. Актыг дөрвөн шаардлагын хүрээнд маргадаг. Эхнийх нь татвар ногдуулах орлогын дүнг буруу тодорхойлсон гэж үзэж байгаа. Үүнд юу хамаарч байна вэ гэвэл иргэн Т.Гомбожавын тухайлбал 2017 онд 2.951.541.088.69 төгрөгийн борлуулалтын орлого олсон, 2.883.951.843.31 төгрөгийн зардал гарсан, орлого зардлын зөрүүгээр шууд 67.589.245.39 төгрөгийн татвар ногдуулах орлого олсон байна гэх мэт шууд хийсвэрээр зөрүүг нь орлого гэж татвар ногдох орлогыг тодорхойлсон нь бодит байдалд нийцэхгүй, тооцооллын илэрхий алдаатай болсон байна гэж маргаж байна. Хоёрдугаарт татвар ногдуулах орлогыг буруу тодорхойлсноос гадна холбогдох худалдан авалтын зардлуудыг, импортын болон дотоодын бараа, ажил үйлчилгээ худалдан авсантай холбоотой борлуулалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг актаас хасаж тооцолгүйгээр актыг үйлдсэн нь буруу болсон гэж маргаж байгаа. Мөн мөнгөн хэлбэрээр олсон орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцоогүй байна гэж үзэж маргаж байгаа. Татвар ногдох орлого 50.000.000 төгрөгөөс дээш дүнгийн борлуулалттай хийгдсэн, өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэг үүссэн байхад бүртгүүлээгүй үйл ажиллагаа явуулсан байна гэдэг үндэслэлийг актын үндэслэлд дурддаг. Гэтэл хэрэв татварын алба, татварын байцаагч нар хяналт шалгалтын үеэр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй байна гэдэг зөрчил илэрсэн байна гэж үзэж байгаа бол нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн хувиар тооцоолол хийж актаа төлөвлөх ёстой. Тэгэхээр энэ талаар тооцоолол хийгдээгүй атлаа энэ төрлийн хариуцлагыг ногдуулсан байна. Энэ хяналт шалгалтын үеэр байцаагч нар автомашин борлуулалтын орлогыг үнэн зөв, бодитой тогтоож чадаагүй. Ямар баримтууд дээр тулгуурладаг вэ гэвэл татварын мэдээллийн нэгдсэн систем, гаалийн мэдээллийн баримтууд дээр тулгуурладаг. Мөн татвар төлөгчтэй хийсэн уулзалтын ярилцлага дээр үндэслэсэн. Энэ нь хяналт шалгалт явуулахад хангалтгүй. Яагаад тэгж үзэж байна вэ гэвэл хяналт шалгалтын үеэр татвар төлөгч Т.Гомбожавын дансаар орж ирсэн борлуулалтын орлого гэж үзээд байгаа 15 машинтай холбогдох борлуулалт дээр зөвхөн механик аргаар жижиг суудлын тэрэг дээр 500.000 төгрөг нэмж борлуулсан байх боломжтой, тов оврын суудлын тэрэг дээр 1.000.000 төгрөг нэмэгдүүлэн зарж борлуулалтын орлого олсон байх боломжтой гэх мэтээр 500.000 төгрөг гэх байдлаар өөрсдөө тооцоо хийгээд механик байдлаар борлуулалтын орлогыг өсгөж бодсон. Энэ нь бодит байдалд нийцэхгүй. Энэ тохиолдолд Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 33 дугаар зүйл, шинэ хуулийн 36 дугаар зүйлд энэ талаар тодорхой зохицуулсан. Өөрөөр хэлбэл татвар ногдох орлогыг тодорхойлох боломжгүй байгаа тохиолдолд жишиг үнийн аргыг баримтална, жишиг үнийн аргыг баримтлахтай холбоотой журмыг татварын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан байдаг. Энэ тохиолдолд жишиг үнийн аргыг баримтлах комисс ажиллаад, комиссын дүгнэлт дээр үндэслээд хяналт шалгалтын актыг үйлдэх ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл татварын байцаагч нар өөрсдөө дур мэдэж энэ актыг тавьсан байгаа юм. Нөгөө талаар хяналт шалгалтын ажиллагаа явагдаж байх хугацаанд хяналт шалгалтад томилогдон ажиллаж байгаа Т.Улаанхүү, П.Отгонсүрэн гээд хоёр байцаагч байгаа. Т.Улаанхүү байцаагчийн тухайд өмнөх шүүх хуралдаанд, хэргийн материалд зарим нэг баримтууд авагдсан, Т.Улаанхүү байцаагч хувийн ашиг сонирхолтой хяналт шалгалтыг явуулсан. Өөрөөр хэлбэл татвар төлөгчийн эрхэлж байгаа бизнестэй холбоотойгоор өөрийн нэр дээр бүртгэлтэй хуучин автомашиныг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдаж авахыг шаардсан байдаг. Үүнтэй холбоотой дүрс бичлэг хэрэгт авагдсан байгаа. Амралтын өдөр гэрийнх нь гадаа очиж уулзаад, энэ машиныг ав, хэрвээ авчих юм бол хяналт шалгалтын актыг чинь гайгүй бага үнээр тогтоох боломжтой гэдэг байдлаар нэхэмжлэгчид хэлсэн. Энэ уулзсан дүрс бичлэг авагдсан. Уулзсан татварын байцаагчийн төрийн албаны ёс зүйн дүрэм зөрчсөнтэй холбоотой асуудлаар Татварын ерөнхий газрын даргад иргэн Т.Гомбожав гомдол гаргасан. Татварын ерөнхий газрын даргын хариу нь хавтаст хэргийн 99 дүгээр талд авагдсан байгаа. Т.Улаанхүү нь өнөөдөр шүүх хуралдаанд ирээгүй, оролцохгүй явдаг. Энэ хяналт шалгалтын ажиллагаа хуулийн дагуу холбогдох журамд нийцсэн гэж үзэхэд эргэлзээтэй. Энэ актад тавигдсан дүн татвар төлөгчийг автомашиныг нь худалдаж аваагүйтэй холбоотой өндрөөр тавьсан байж болзошгүй байгаа. Тийм учраас актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

          6.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Татвар төлөгч өөрөө Татварын ерөнхий хуулийн дагуу өөрөө тодорхойлж тайлагнах үүрэгтэй. Татвар төлөгчтэй өөртэй нь холбоотой уулзалт хийгээд ярилцахад жижиг тэргэн дээр 500.000 төгрөг, том жийп машин дээр 1.000.000 төгрөгийн борлуулалт хийдэг гэсэн мэдүүлэг өгч байгаа нь өөрөө тодорхойлж байгаа нөхцөл байдал. Гэхдээ энэ хүн өөрөө тайлан, мэдээгээ өгөөгүй, татвар төлөөгүй. Өөрсдөө тодорхойлчхоод өөрсдөө буруу тодорхойлсон гээд байгааг ойлгохгүй байгаа. Тусдаа 15 машины үнийг тодорхойлсон нь дансаар орсон орлого дээр үндэслэж тодорхойлсон. Тодорхой тийм машины үнэ, төлбөр гээд ороод ирж байгаа тодорхой баримттай учраас тэр үнээр нь авсан. Бусдыг нь тодорхой баримтгүй учраас өөрийнх нь тодорхойлсон үнээр авсан. Жишиг үнэ хэрэглэнэ гэж яриад байна. Жишиг үнийг ямар тохиолдолд хэрэглэдэг вэ гэвэл татвар төлөгчийн үнийг тодорхойлоход хэт бага үнэ хэрэглэсэн, эсвэл хэт өндөр үнэ хэрэглэсэн байвал, татвар төлөгчийн борлуулалтын үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд ашигладаг. Нэхэмжлэгч ерөнхийдөө өөрөө үнээ тодорхойлоод өгсөн. Автомашин нь онцлогтой бүтэгдэхүүн. Машин бүр оруулж ирсэн он нь өөр байдаг учраас шууд нэг машин дээр жишиглээд жишиг үнэ тодорхойлох хүндрэлтэй, маргаан үүсдэг. Өөрсдийнх нь дансаар орж ирсэн 15 машинаас жишээ нь патрол гэхэд 10.000.000 төгрөгийн нэмэгдэлтэйгээр зарагддаг, зөрөөтэй байгаа юм. Гэхдээ энэ нь хуулийн дагуу хийх гэхээр машинууд нь өөр, өөр учраас тэгж жишиглэх боломжгүй татвар төлөгчийн татвар төлөгчийн тодорхойлсон үнийг авахаас өөр аргагүй байдалд хүрч байгаа. Тиймээс татвар төлөгчийн тодорхойлсон үнийг ашигласан. Энэ нь хэт өндөр үнэ гэж яриад байна. Өөрийнх нь ашиг нь, зөрүү гэж яриад байгаа тоо 2.2 хувь байгаа. Зардлыг хасаагүй гэж яриад байна. Өөрсдөөс нь боломжит бүх зардлуудыг нь гаргуулж авсан. Тодорхой хэмжээнд хангалттай хугацаа өгсөн. Зарим баримт нь шаардлага хангахгүй юм ирсэн. Гэхдээ бүгдийг нь хасаад өгсөн. Зардал хасаж өгөлгүй тодорхойлсон гээд байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаагүй гэж яриад байна. Акт дээр тодорхой бичсэн байгаа. Жишээ нь 2018 онд 2.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоос 2.7 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэнтэй холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварыг нь хасаад, зөрүүг тодорхойлоод өгсөн байхад хасаагүй гэж яриад байгааг ойлгохгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11. Дүгээр 11.1 дэх хэсэгт 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэд 10 хувиар ногдуулна гэж заасан. Өмнө нь өөрийнх нь зарж байсан машин 50.000.000 төгрөг хүрлээ, 50.000.000 төгрөгийн дараагийн борлуулалт дээр машины үнэ өөрчлөгдөөгүй байгаа, 10 хувиар татвар ногдуулна гэж заасан. Тэгэхээр цэвэрлэх гэсэн ойлголт хуульд байхгүй. Тийм учраас шууд нэмж ногдуулаад явах ёстой.” гэв.

          7.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

   1.Нэхэмжлэгч Т.Гомбожавын Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Отгонсүрэн, Т.Улаанхүү нарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, татварын улсын байцаагч П.Отгонсүрэн, Т.Улаанхүү нарын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн НА-24210000123 дугаар Нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулахнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар маргасан.

2.1.Хэт өндөр үнийн дүнтэй нөхөн ногдуулалтын актыг үндэслэлгүйгээр тавьсан нь татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон.

2.2.Татвар ногдуулах орлогыг буруу тодорхойлсноос гадна холбогдох худалдан авалтын зардлуудыг, импортын болон дотоодын бараа, ажил үйлчилгээ худалдан авсантай холбоотой борлуулалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг актаас хасаж тооцолгүйгээр актыг үйлдсэн нь буруу.

2.3.Мөнгөн хэлбэрээр олсон орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцоогүй.

2.4.Татварын байцаагч нар автомашин борлуулалтын орлогыг үнэн зөв, бодитой тогтоож чадаагүй.

2.5.Татварын байцаагч нар өөрсдөө тооцоо хийгээд механик байдлаар борлуулалтын орлогыг өсгөж бодсон. Энэ нь бодит байдалд нийцэхгүй.

3.Хариуцагч татварын улсын байцаагч нар нь 2421501147 дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу нэхэмжлэгчТ.Гомбожавын 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн.

 

 

3. Маргаанд хамаарах эрх зүйн зохицуулалтын тухайд:

3.1. Татварын ерөнхий хууль/2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д ... дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлогоо нуусан татвар төлөгчид ...татварыг нөхөн төлүүлж, ... татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна:, 74.1.3-т ... тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах, 74.3-т Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж,

3.2. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д татварын ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан, 1.2-т татварын ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн бол татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, 2 дахь хэсэгт Татварын хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, 4 дэх хэсэгт Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, этгээд ... үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж, хүн хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Тайлбар хэсэгт Энэ зүйлийн ...2..4. дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж,

3.3. Татварын ерөнхий хууль/2019 оны/-ийн 73 дугаар зүйлийн 73.1-д Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох ..., 73.2.1-т " татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор", 82 дугаар зүйлийн 82.1-д Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно, 82.1.1-д хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар, 84 дүгээр зүйлийн 84.1-д Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно:, 84.1.1-т Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг хангасан боловч гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн гэж,

3.4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ-нд албан татвар ногдуулахаар, 11 дүгээр зүйлийн 11.1-д Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулах гэж,

3.5. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль/2006 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараахь орлогод албан татвар ногдуулна:, 8.1.2-т үйл ажиллагааны орлого;, 12 дугаар зүйлийн 12.1-д Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр бие даан мэргэжлийн үйлчилгээ, үйлдвэрлэл, арилжаа эрхэлж олсон дараахь орлогыг хамруулна:, 12.1.2-т хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл, арилжааны орлого гэж, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль/2019 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон дараах орлогыг хамруулна, 8.1.2-т хувиараа бүтээгдэхүүн ..., борлуулах,... үйл ажиллагаа эрхэлж олсон орлого гэж, тус тус заажээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас 2017-2020 онуудад Т.Гомбожавын нэрээр 466 машин импортолсон тухайд болон Т.Гомбожав нь хувь хүний орлогын албан татварын тайлан гаргаагүй тухайд тус тус маргаагүй. Энэ тохиолдолд хариуцагч нараас маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар Т.Гомбожавын үйл ажиллагааны орлогод нөхөн татвар ногдуулж, торгууль алданги төлүүлэхээр шийдвэрлэснийг хууль бус гэж үзэхгүй. Учир нь Монгол Улсын Үндсэн хууль болон татварын хууль тогтоомжид зааснаар татвар ногдох орлого олсон хүн бүр татвар төлөх үүрэгтэй бөгөөд Т.Гомбожав нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар татвар ногдох орлого олсон, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан НӨАТ-ын суутган төлөгчийн үүрэг үүссэн байхад уг хуулиудад заасан журмын дагуу татвар ногдох орлогоо тайлагнаагүй, татвар ногдуулж төлөх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хууль бус гэж үзэх боломжгүй юм.

5. Гэхдээ хариуцагч нар Татварын ерөнхий хууль/2008 оны/-ийн 48 дугаар зүйлийн 48.1-д тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй нь нотлогдсон тохиолдолд татварын алба нь тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох-оор заасан байх ба ингэхдээ мөн зүйлийн 48.1.2-т заасанчлан жишиг үнийн арга-ыг хэрэглэхээр, Татварын ерөнхий хууль/2019 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.1-д Татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ, 36.2-т Татварын алба дараах үндэслэлээр татварын ногдлыг өөрт байгаа мэдээлэлд үндэслэн жишиг үнийн аргаар тодорхойлно:, 36.2.1-т татвар төлөгч хуульд заасны дагуу тайлан, бүртгэл хөтлөөгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Гомбожавын татвар ногдох үйл ажиллагааны орлогын тодорхойлохдоо жишиг үнийг аргыг хэрэглээгүй нь буруу байна. Тодруулбал,

5.1. Т.Гомбожав нь 2017-2020 оны хооронд нийт 466 автомашиныг Япон улсаас импортолсон болох гаалийн байгууллагаас гаргасан мэдээгээр тогтоогдсон байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг машинуудын зарим нь түүний импортолсон машин биш. Нэг чингэлэгт өөр хүний импортолсон машин хамт ачигдсан тохиолдолд Т.Гомбожавын нэрээр гаалийн мэдүүлэг бүрдүүлсэн гэж тайлбарлаж байгаа тохиолдолд хариуцагч нар нь татварын зайлсхийх ерөнхий дүрмийн дагуу өөр хүний импортолсон гэх машинуудын импортлогчийг тодруулж татвар ногдуулалт, төлөлтийг тооцсоны үндсэн дээр Т.Гомбожавын төлбөл зохих татварт хамаарах эсэхийг тодорхойлох шаардлагатай байжээ.

5.2. Мөн Т.Гомбожавын дансаар мөнгө нь орж ирсэн гэх 15 ширхэг машинтай холбоотой тооцооллоос үзвэл, хариуцагч нар нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг үйлдэхдээ Т.Гомбожавын импортолсон 451 машин/466-15/-ыг борлуулсны орлогод ногдох татварыг машин бүрд 500,000-аас 1,000,000 төгрөгөөр тооцсон нь бодитой бус тооцоолол болсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, тодорхойлогдох боломжтойгоор буюу машины нэр, үнийн дүн бүхий Т.Гомбожавын дансаар орж ирсэн гүйлгээнээс тооцсон дүнгээс үзвэл, Т.Гомбожав нь нэг машиныг борлуулах үйл ажиллагаанаас дунджаар 40,070,000 төгрөгийн ашиг олсон гэж үзэхээр байхад хариуцагч татварын улсын байцаагч нараас нэг машиныг борлуулаад олдог гэх Т.Гомбожавын тайлбарт үндэслэж нэхэмжлэгчийн татвар ногдох орлогыг тооцсон нь зөрүүтэй байна.

6. Мөн нэхэмжлэгч талаас Да хүрээ худалдааны төвд төлсөн зогсоолын түрээсийн төлбөр, сэлбэг хэрэгсэл авсан зарлагын баримт, машин чингэлэг тээвэрт төлсөн төлбөрийн жагсаалт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлж холбогдох худалдан авалтыг хасаагүй гэж тайлбарласан бол хариуцагч татварын улсын байцаагчаас эдгээр баримтуудыг бүгдийг нь Т.Гомбожавын зээл, зээлийн хүүд төлсөн төлбөрийг хасаж тооцсон, чингэлэг тээврийн баримтууд нь гаальд мэдүүлсэн барааны өртөгт багтаж байгаа гэж зөрүүтэй тайлбарласан.

7. Дээрхээс үзвэл, иргэн Т.Гомбожав нь татвараа үнэн зөв тодорхойлж, тайлагнах, төлөх үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой байхад хариуцагч татварын улсын байцаагч нараас Т.Гомбожавын татвар ногдох орлогыг үнэн зөв, бодитой тогтоогоогүй байх ба энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

8. Гэвч шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх шаардлагатай ба маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын хуульд заасан 6 сар хртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүйд хүргэх үр дагавартай байна. Тодруулбал,

8.1. Нэхэмжлэгч талаас 466 машины зарим нь өөр хүний машинууд бөгөөд нэг чингэлэгт тээвэрлэгдсэн учраас Т.Гомбожавын нэр дээр импортолсноор мэдүүлсэн гэх боловч 2017, 2018, эсхүл 2018 онуудад машин хамт тээвэрлүүлсэн хүмүүсийг олж тогтоох боломжгүй, зарим нь гадаадад амьдарч байгаа гэж тайлбарласан.

8.2. Хариуцагч татварын улсын байцаагчаас Японоос импортолж буй хуучин машинууд нь үйлдвэрлэгдсэн он болон явсан гүйлт зэргээс хамаарч өөр өөр үнэтэйгээр борлуулагддаг тул хуучин машины импорт дээр жижиг үнийг аргыг хэрэглэх боломж хомс байдаг гэж тайлбарлаж байгаагаас үзвэл, Т.Гомбожавын импортолсон гэх 466 машины жишиг үнийг тодорхойлоход 6 сарын хугацаа хүрэлцэхээргүй байна.

9. Иймд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүйд хүргэхийн зэрэгцээ Т.Гомбожавын үйл ажиллагааны орлогод нөхөн татвар ногдуулж, торгууль алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагчийн шийдлийг буруутгахааргүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

10. Харин Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль/2020/-иудад 2020 оны 02 дугаар сарын 01-ээс, 2021 оны 07 дугаар сарын 01-нийг хүртлэх хугацааны  ... татвар төлөгчийн төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх-өөр зохицуулсан байхад хариуцагч нар Т.Гомбожавын 2020 оны Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараанд НӨАТ ногдуулаагүй зөрчилд 3,237,108.13 төгрөгийн торгууль ногдуулж, 772,050.29 төгрөгийн алданги тооцсон, үйл ажиллагааны орлогод хувь хүний албан татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 2,237,722.42 төгрөгийн торгууль ногдуулж, 533,696.79 төгрөгийн алданги тооцсон нь Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Иймд татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн НА-24210000123 тоот актаар тогтоосон төлбөрөөс 6,780,577.63 төгрөгийг хасч багасгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

11. Т.Гомбожав нь хувь хүний орлогын албан татварын тайлан гаргаж тайлагнаагүйн зэрэгцээ мөн өөр цалин, хөдөлмөрийн хөлс авдаггүй тухайд маргахгүй байх тул түүний татвар ногдох орлогыг татварын хяналт шалгалтын явцад өөрийнх нь өгсөн тайлбар буюу орлогын хэмжээгээр тооцсоныг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаалийн мэдээ буюу импортолсон машины өртөгт үндэслэж татвар ногдох орлогыг тодорхойлсон орлого тодорхойлох зарчимд нийцэхгүй гэж тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

12. Түүнчлэн татвар ногдох орлого нь зөвхөн мөнгөн хэлбэртэй байхыг шаардахгүй тулд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мөнгөн хэлбэрээр орсон орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцоогүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

 

 

10.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй гэж үзэж байна” гэснийг дурдах нь зүйтэй.

11.Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Т.Гомбожаваас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Отгонсүрэн, Т.Улаанхүү нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Отгонсүрэн, Т.Улаанхүү нарын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн НА-24210000123 дугаар Нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. ... тус тус баримтлан Т.Гомбожавын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Отгонсүрэн, Т.Улаанхүү нарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Отгонсүрэн, Т.Улаанхүү нарын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн НА-24210000123 дугаар Нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ДУЛАМСҮРЭН

                                               ШҮҮГЧ                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ