Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 521

 

Б.Х-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхбаатар, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 580 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 910 дугаар магадлалтай, Б.Х-т холбогдох 1809000000232 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Н.Энхбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1994 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 116 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 175 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 02 сар хорих ял,

Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 282 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил хорих ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 573 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 06 сар хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 137 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 7 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 573 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 06 сарын хорих ялаас үлдсэн 1 жил 03 сар 06 хоногийн ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 8 жил хорих ял,

Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 204 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 07 сар 18 хоногийн хорих ялыг нэмж, нийт 10 жил 07 сар 18 хоног хорих ял,

Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 03 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2000 оны 204 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 жил 10 сар 28 хоногийн хорих ялын зарим болох 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 11 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 04 сар 18 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 жил 06 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр суллагдсан, Б овогт Б-ын Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Х гаргасан гомдолдоо “...Миний бие хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаан байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хэргийн талаар анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн” зэргийг харгалзан үзэж эдлэх ялаас минь тодорхой хэмжээгээр хасаж өгөхийг хүсэж байна. Би өмнө нь 18 гаран жил шоронд сууж, 2017 онд суллагдсан. Суллагдсанаас хойш хувиараа ажил хөдөлмөр эрхэлж, өндөр настай эхийгээ асран амьдарч байсан ба одоо надаас өөр ээжийг минь асрах хүн байхгүй тул эдлэх ялаас тодорхой хэмжээгээр хасаж өгнө үү. Эцэст нь хэлэхэд миний бие үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байгаагаа илэрхийлж байна. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүх ял оногдуулахдаа “ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Шүүгдэгч Б.Х үйлдсэн хэргээ анхнаасаа шударгаар хүлээж, учирсан хохирлыг нөхөн төлсөн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх чадвартай, өндөр настай ээжийгээ асран халамжилдаг бөгөөд хохирогч ямар нэгэн гомдолгүй гэдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэснийг баримтлан шүүгдэгч Б.Х-т оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.Х нь бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Шүүгдэгч бага насны хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн бөгөөд анхан шатны шүүх үүнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Б.Х-т хорих ял оногдуулсан. Уг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Х-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 16 дугаар гудамжны 158 тоотод оршин суух Б.Д-ийн гэрт 9 настай Ч.Я-ыг байхад “аав, ээж чинь утас аваад ир гэсэн” хэмээн орж, улмаар шүүгээн дээр байсан “Olimpus” загварын гэрэл зургийн аппаратыг авч зугтаасан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Х-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.Х-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхээс Б.Х-ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял нь түүний гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр заасан бөгөөд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял шийтгэхээр хуульчилсан тул шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхбаатарын “оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Х-ын гаргасан “эдлэх ялаас тодорхой хэмжээгээр хасаж өгнө үү” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхбаатарын гаргасан дээрх гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 580 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 910 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН