Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0457

 

Я.Баярбат, Я.Баясгалан нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Жаргалсайхан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0259 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Я.Баярбат, Я.Баясгалан нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн газрын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрийн нэг дэх заалтаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Баярбат, Я.Баясгалан нарын “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжийн “Чежү” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжийн “Орчлон констракшн” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжийн 2083 мкв талбайтай 000303861 дүгээр гэрчилгээтэй газар нь Я.Баясгалангийн хувийн сууц, Я.Баярбатын өмчлөлийн газартай давхацсан хэсэгт өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн газрын алба маргаан бүхий газрын кадастрын зургийг зөвтгүүлэх, Сонгинохайрхан дүүргийн газрын алба 2004 онд Я.Баясгалан, Б.Нямжаргал нарын газар эзэмшихийг хүссэн өргөдлийг хүлээн аваад холбогдох баримтын хамт үрэгдүүлсэн нь хууль бус болохыг тогтоолгож; Я.Баясгалангийн 14 жил амьдарч буй Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо 8-54 тоот газрын эзэмших эрхийг баталгаажуулж, газар эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах, Эд хөрөнгийг буцаан хэвийн байдалд оруулахыг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын албанд даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

хоёрдугаар заалтаар: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “Орчлон констракшн” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамжийн Я.Баярбатад өмчлүүлсэн 337 мкв газрын 120 мкв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0259 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд: Нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан, шүүх хэрэглэвэл зохих ажиллагаа хийгээгүй зэрэг болно.

Нотлох баримтыг буруу үнэлсэн: Учир нь Нэхэмжлэгч Я.Баясгалан 2003 онд Батлан хамгаалах яамны харьяа Барилгын цэргийн 022 дугаар ангиас Уурын зуухны акталсан барилгыг хязгаарлагдмал дуудлага худалдаагаар худалдаж авч Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон байдаг.

Батлан хамгаалах яамны шийдвэрийг үндэслэн Барилгын цэргийн 022 дугаар ангийн захирагч Б.Батбаяр 2003оны 05 сарын 06-нд 73 тоот тушаал гарган уурын зуухны барилга хүлээлгэн өгөх комисс томилон ажиллуулж объектыг хүлээлгэн өгч, Дэжидням, Арсланбаатар, Отгондалай нараар Уурын зуухны яндангийн бэхэлгээний суурийн хэмжээгээр 1602 мкв талбайд хашаа барьж хүлээлгэн өгсөн байна. Я.Баясгалан 2003 онд дээрх Үл хөдлөх эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хууль ёсны дагуу өмчилж авсан ба газрын эзэмших, ашиглах эрхийг шударгаар олж авсан шударга эзэмшигч болсон нь гол нотлох баримт юм.

Я.Баясгалан худалдаж авсан уурын зуухны барилгадаа чулууны үйлдвэрлэл явуулж, 2004 онд хашаандаа хувийн сууц барьж өнөөдрийг хүртэл амьдарсан. 2004 онд Баясгалан, Өнөр, Нямжаргал нар Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Ганболдоор уламжлан газар эзэмших өргөдлөө гаргасан байна1.

Гэтэл Я.Баясгалангийн хязгаарлагдмал дуудлага худалдаагаар худалдан авсан уурын зуухны барилгатай талбайд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2004 оны 10 сарын 04-ны өдрийн 204 дүгээр захирамжаар Өнөрт 700 мкв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн атлаа Баясгалан, Нямжаргал нарын өргөдлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүй, ашиг сонирхлын зөрчил гаргасан байгааг Шүүх анхаарч үзээгүй нэхэмжлэгч Я.Баясгаланг газрын албанд өргөдөл гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодиттой зөв үнэлээгүй байна.

Учир нь Баясгалан, Өнөр, Нямжаргал нар 2004 онд газар эзэмшихийг хүссэн өргөдлөө хамтдаа гаргасан гэтэл зөвхөн Өнөрийн нэр дээр 700 мкв газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Сонгинохайрхан дүүргийн газрын алба эдгээр хүмүүсийн өргөдлийг хамтад нь хүлээн авсан гэдийг нотолж байна. мөн гэрч Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байсан Ганболдын мэдүүлгээр нотлогдсон байгааг шүүх зөв үнэлээгүй байна.

Я.Баясгалан нь Батлан хамгаалах яамнаас Үл хөдлөх эд хөрөнгийг хязгаарлагдмал дуудлага худалдаагаар худалдан авч 54 дүгээр объект түүний салшгүй хэсэг болсон /хашаагаар хязгаарласан газар/ хууль ёсны өмчлөгч, газар эзэмших, ашиглах эрхийг хуулийн дагуу олж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл 14 жил тэр газар амьдарч үйл ажиллагаа явуулж байгаа нь бодит байдлыг нотлох үйл баримт юм.

 Гэтэл объект худалдаж авсан Баясгалан тэр газар өмчлөх хуульд заасан давуу эрхээ эдлэх эрхгүй болж, уурын зуухны 54 дүгээр объект хамаарагдахгүй бусад объектыг 3 жилийн дараа худалдаж авсан “Чежү” ХХК-д газар өмчлөх эрх олгохдоо 54 дүгээр объектын газраас тасдан олгож, Баясгалан болон хүү Нямжаргал нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулсан этгээд, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны шийдвэрийг хамгаалахдаа хуулийг илт гуйвуулан тайлбарлаж бодит нөхцөл байдал, нотолгооны ач холбогдлыг зөв үнэлээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд: Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: Я.Баясгаланд Газрын тухай хуулинд заасны дагуу газар эзэмших эрх үүсээгүй тул түүнийг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газар эзэмшигч гэж үзэхгүй юм гэж дүгнэсэн нь Үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан иргэний хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлээгүй, хуульд заасан давуу эрхийг хэрэгжүүлээгүй, хууль ёсны өмчлөх .ашиглах, эзэмших эрхийг зөрчсөн, хэт нэг талыг барьж иргэний хуулийн заалтыг зөрчин, газрын тухай хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Я.Баясгалан нь 2003 онд эрх бүхий байгууллагын шийдвэрээр дээрх Үл хөдлөх хөрөнгийг хязгаарлагдмал дуудлага худалдаагаар худалдаж авснаараа объектыг, өмчлөх, газрыг эзэмших ашиглах эрхийг шилжүүлэн олж авсан хууль ёсны шударга эзэмшигч гэж үзнэ. Үл хөдлөх эд хөрөнгө нь газрын бүрдэл хэсэгтэйгээ хөрөнгөнд хамаарагддаг тул Я.Баясгаланд барилгын хамт 1602 мкв талбай бүхий газрын эзэмших, ашиглах эрх нэгэн зэрэг үүссэн гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна.

Тухайлбал: Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ”, мөн хуулийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөнд хамаарна.” Мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т Түр зуурын хэрэгцээ зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин барилга байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна.

Мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.” 89 дүгээр зүйлийн 89.3-д “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна.” Мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.” гэж заасан байна

Мөн Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасан Газрын хууль тогтоомж нь Үндсэн хууль. Иргэний хууль, энэ хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ гэж заасан байдаг.

Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьж, зөвхөн Газрын тухай хуулийг буруу тайлбарлан дүгнэсэн нь нэхэмжлэгч Я.Баясгалангийн Үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авсан өмчлөх, эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж нэхэмжлэгч нарын эрх ашгийг хохироосон шийдвэрийг гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн, буруу тайлбарласан гэж үзэж байна. Учир нь Я.Баясгалан 2003 онд Үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авч, үйл ажиллагаа явуулж, хувийн сууцаа барьж 14 жил амьдарсан учраас өмчлөх, эзэмших эрх нь бусдаас давуу байна.

Батлан хамгаалах яам 2006 онд “Чежү” ХХК-д Барилгын цэргийн 22 дугаар ангийн үйлдвэрийн болон туслах үйлдвэрийн барилгуудаа гэрээгээр худалдсан байдаг ба Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний 461 дугаар захирамжаар 17568 мкв талбай бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Я.Баясгалангийн үл хөдлөх хөрөнгө худалдан авч хашаалж эзэмшил үүсгэсэн 1602 мкв газрын хойд талын тодорхой хэсэг буюу Хувийн сууц бариад амьдарч байгаа үл хөдлөх хөрөнгө байгаа газарт давхцал үүсгэсэн нь Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Засаг дарга нар “Чежү” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг зөв тогтоогоогүй, “Чежү” ХХК-д олгох газрын хэмжилтийг зөв хийгээгүй, эргэлтийн өнцөг бүхий кадастрын зураглал гаргаагүй, “Орчлон констракшн” ХХК объект худалдахдаа 54 дүгээр объектоос хэсэг газрыг оруулж эргэлтийн өнцөггүй кадастрын зураглал гаргаж шилжүүлсэн нь давхцал үүсгэсэн зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан илт хууль бус шийдвэр гаргасан байхад түүнийг хамгаалж, хэрэглэвэл зохих хуулийг баримтлахгүй хууль буруу тайлбарлан шийдвэрлэсэн байна.

Учир нь “Чежү” ХХК-д 17568 мкв газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагад 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчсөн, өөрөөр хэлбэл Я.Баясгалан батлан хамгаалах яамны харъяа Барилгын цэргийн 022 дугаар ангиас 2003 онд Үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор худалдан аваад хувийн сууц барьж өмчлөх эрх, эзэмших эрхтэй болсон байхад үл хөдлөх хөрөнгө барьсан, хашаалсан талбайд давхцал үүсгэсэн нь Нийслэлийн газрын алба илт хууль бус ажиллагаа, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний 461 дугаар захирамжийн “Чежү” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус шийдвэр болсон байна.

Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Засаг дарга иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д “Бусдын газар эзэмшилтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэсэн заалтын дагуу хяналт тавих эрх үүргээ хэрэгжүүлээгүй, “Чежү” ХХК-д олгох 17568 мвк газар бусдын эзэмшилтэй давхцал байгаа эсэх дээр бодит хэмжилт хийгээгүйн улмаас анх давхцал үүсгэж эрхийн зөрчлийг үүсгэсэн байдаг.

Я.Баясгалангийн 2003 онд Барилгын цэргийн ангиас Үл хөдлөх хөрөнгийг хязгаарлагдмал дуудлага худалдаагаар худалдан авч 1602 мкв газрыг хашаалж эзэмших, ашиглах, өмчлөх эрх үүссэн, “Чежү” ХХК 2006 онд Үйлдвэрийн болон туслах үйлдвэрийн барилгыг гэрээгээр худалдаж авч эзэмших, ашиглах үүссэн. “Чежү” ХХК нь 2009 онд Үл хөдлөх хөрөнгийн зарим хэсэг, мөн эзэмшил газраасаа 11691 мкв газрыг “Орчлон констракшн” ХХК-д гэрээгээр шилжүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 295 дугаар захирамжаар мөн 2013 оны 11 сарын 28-ны А/1032 дугаар захирамжаар газрын зориулалт өөрчлөгдөн дамжиж гарсан захирамжууд гарсан байдаг.

Иймд хуульд нийцүүлсэн үндэслэл бүхий шийдвэр гаргуулахаар захиргааны давж заалдах шатны шүүхэд хандаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Я.Баясгалан нь Батлан хамгаалах яамны харьяа Барилгын цэргийн 022 дугаар ангиас уурын зуухны барилгыг худалдан авч, яндангийн бэхэлгээний сууриар 1602 м.кв газрыг хүлээж аваад хувийн сууц барьсан, хашаатай талбайд 2004 онд Баясгалан, Р.Өнөр, Б.Нямжаргал нар газар эзэмших хүсэлтээ гаргасныг хорооны Засаг дарга байсан Т.Ганболдын мэдүүлгээр нотлогдсон байхад үүнийг шүүх үнэлээгүй ...” гэжээ.

Хэрэгт авагдсан хорооны Засаг дарга байсан Т.Ганболдын мэдүүлэгт тухайн үед Я.Баясгалан ямар хэмжээтэй газар эзэмших хүсэлт гаргасан талаар тусгагдаагүй байх тул 1602 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргасан нь уг мэдүүлгээр тогтоогдохгүйгээс гадна хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, бусад баримтуудаар Я.Баясгалан өөрийн нэр дээр газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан нь тогтоогдохгүй байна.

Харин түүний эхнэр Р.Өнөр 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өргөдөл хүсэлтээ гаргаснаар 700 м.кв газрыг эзэмшүүлж, улмаар өмчлүүлсэн, мөн түүний хүү Б.Нямжаргал нь 2005 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүсэлт гаргаж, уг газрын зэргэлдээх 337 м.кв газрыг эзэмшиж, түүнийгээ ах Я.Баярбатад шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан газрын хувийн хэрэг, кадaстрын зураг, бусад баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр газрыг эзэмшүүлэхдээ Барилгын цэргийн 022 дугаар ангийн эзэмшиж байсан газраас шилжүүлээгүй, шинээр газар эзэмших эрх олгосноос үзвэл Я.Баясгалан нь уурын зуухны барилгын хамт газар эзэмших эрхийг хууль ёсоор шилжүүлэн авсан нь тогтоогдохгүй байна. 

Дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан баримтыг анхан шатны шүүх зөв үнэлж, Я.Баясгалангийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ байхгүй байх тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар Я.Баясгаланг 1602 м.кв газрыг эзэмших эрхтэй гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 Мөн давж заалдах гомдолд “... Үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авч 14 жил газрыг тасралтгүй эзэмшсэн байхад үл хөдлөх эд хөрөнгө нь газрын бүрдэл хэсэг болох талаарх Иргэний хуулийн 84, 85, 89, 90 дүгээр зүйлд заасныг хэрэглээгүй, хэт нэг талыг барьж, Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Я.Баясгалангийн эхнэр Р.Өнөр 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өргөдөл хүсэлтээ гаргасны дагуу гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлсэн 700 м.кв газарт Я.Баясгалангийн дуудлага худалдаагаар худалдаж авсан уурын зуухны барилга болон хувийн сууц барьсан хэсэг орсон байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн дуудлага худалдаагаар худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх (ашиглах) эрх нь зөрчигдөхөөргүй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэгчийн хашаатай байсан 1602 м.кв газрын хойд хэсэгт хувийн сууц барьж ашиглаж байсан газартай давхцал үүсгэн “Чэжү” ХХК-д давхцал үүсгэн Газрын тухай хуулийн 31.3-д заасныг зөрчсөн хууль бус шийдвэр болсон ...” гэжээ.

Нэхэмжлэгч Я.Баясгалангийн хүү Б.Нямжаргалд тухайн 336 м.кв газрыг Дүүргийн Засаг даргын 2007 оны 359 дүгээр захирамжаар 18-54 а тоот газрыг эзэмшүүлэхээс өмнө “Чэжү” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2006 оны 461  дүгээр захирамжаар эзэмшүүлсэн, түүнээс өмнө нэхэмжлэгч нарт хууль ёсоор тухайн газрыг эзэмших, ашиглах эрх үүсээгүй байсан нь тогтоогдож байх тул “Чэжү” ХХК-д газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчийн газартай давхцуулсан гэж үзэхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байх тул гомдлыг хангах боломжгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Танай энэ байшинг чинь хөндөхгүй, бид нар танай байшингаас чинь 2 метрийн зайтай зөөе гэхэд тийм юм байхгүй, бид нар хуучин хашаагаараа авна гэсэн учраас тохиролцоонд хүрээгүй ...” гэх тайлбар, мөн нэхэмжлэгч Я.Баясгалан болон “Чэжү” ХХК-ийн хэн аль нь Барилгын цэргийн 022-р ангиас тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан, тухайн 120 м.кв газарт “Чэжү” ХХК болон нэхэмжлэгчийн худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн аль аль нь байрлаагүй, одоо бодит байдалд нэхэмжлэгчийн хувийн сууцны өргөтгөл хэсэг байрлаж байгаа байдал зэргийг харгалзан захиргааны байгууллагаас тухайн газрыг одоо эзэмшиж байгаа гуравдагч этгээд “Орчлон констракшн” ХХК-ний “тохиролцоонд хүрэх” хүсэлтийг харгалзан давхацсан газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлэн олгоход энэхүү шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0259 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Я.Баясгалан, Я.Баярбат нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН 

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ