Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 475

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч

Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэгмидийг оролцуулан тус

шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Я.Баярбат, Я.Баясгалан,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн өмчийн харилцааны газар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны алба,

Гуравдагч этгээд: “Орчлон констракшн”  ХХК,

Гуравдагч этгээд: “Чежү” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дугаар захирамжийн “Чежү” ХХК-д холбогдох хэсгийн, 2008 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 295 дугаар захирамжийн “Орчлон костракшн” ХХК-д холбогдох хэсгийн Я.Баярбат, Я.Баясгалан нарын газартай давхцалтай хэсгийг 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 захирамжийн “Орчлон констракшн” ХХК-д холбогдох хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасүрэн, өмгөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагч нийслэлийн Засаг даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Алтансүх, Я. Ариунцэцэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг төлөөлж тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц. Гансүлд, дүүргийн өмч, газрын харилцааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхмаа, гуравдагч этгээд “Орчлон констракшн” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмонбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Я. Баярбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болорсүх 2014 оны 8 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2002 онд миний бэр эгч Раграазийн Өнөр гэр бүлийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 8-54а тоотод байрлах 1400 м2 газрыг Барилгын цэргийн 022 дугаар ангиас 345 м2, 126м2 талбай бүхий 2 хувийн сууцыг худалдан авч 12 жил амьдарсан юм. Р.Өнөр нь дээрх газраасаа 700м2 газрыг өөрийн нэр дээр, 337м2 газрыг Я.Баярбат миний нэр дээр шилжүүлж гэр бүлийн хэрэгцээнд Нийслэлийн Засаг даргын  2008 оны 4 дүгээр сарын 159 дугаар захирамжийн дагуу тус тус өмчилж авсан бөгөөд өмчлөлийн газар дээрээ амьдарч, амьжиргаагаа залгуулах үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсаар ирсэн болно. Бид газраа өмчлөх эрхээ хууль ёсны дагуу эд хөрөнгийн улсын бүртгэлийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажсан. Үлдсэн 300м2 газрыг гэр бүлийн гишүүний нэр дээр өмчлүүлэх гэрчилгээ гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн газрын албанд өргөдөл, кадастрын зураг, холбогдох бичиг баримтын хамт өгсөн боловч бидэнд хариу өгөөгүй олон жил боллоо. Гэтэл 2013 онд “Орчлон констракшн” ХХК бидний өмчлөлийн газарт барилга барихаар  хүч түрэн орж ирж ажлаа эхлүүлсэн. Нийслэлийн Засаг даргын хууль бус захирамжаар дөрөөлөн өмч хөрөнгөнд хууль бусаар халдаж, амьдрах нөхцөлгүй болгосон. МУ-ын Ерөнхий сайдад гомдол гаргасан боловч өгсөн хариуг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн А/1032 тоот захирамжийн “Орчлон констракшн” ХХК-д 1926м2 газар олгосон, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн А/1032 дугаар захирамжийн “Орчлон констракшн” ХХК-нд газар олгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хоёр. Хариуцагч Нийслэлийн Засаг даргыг төлөөлж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга  Ш.Төмөрбаатар 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Я.Баярбатын нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна. “Чежү” ХХК нь татан буугдсан Барилгын цэргийн 022 дугаар ангийн эзэмшиж байсан газар дээрх объектууд болох Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойт-Их наран 30, 30/1, 30/2, 30/3, 30/4, 30/5, 30/6, 30/7 тоот хаяг бүхий барилгуудыг худалдан авч газар эзэмших эрх хүссэний дагуу тус компанид Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар 17568 м2 газрыг эзэмшүүлэх эрх олгосон байна. “Орчлон констракшн” ХХК нь 2007 онд “Чежү” ХХК-ийн тус объектуудаас хэсэгчлэн 30, 30/1, 30/2, 30/3, 30/7 хаягтай объектуудыг  худалдан авч газар эзэмших эрхийг шилжүүлэн  Нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 295 дугаар захирамжаар “Орчлон констракшн”ХХК-д үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 11691м2 газрыг эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн эзэмшүүлсэн байна. “Орчлон констракшн” ХХК нь 2013 онд газар дээрээ орон сууц барихаар хүсэлт гарган ерөнхий төлөвлөгөө батлуулан барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Иргэн Я.Баярбатын өмчилсөн газар, “Орчлон констракшн” ХХК-н эзэмшиж буй газар нь тодорхой хэсэгт давхцалтай байна. Иргэн Я.Баясгалангийн хувьд тухайн газарт газар эзэмших эрхгүй ба Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 тоот захирамж нь  эрх ашгийг хөндөөгүй тул нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид  2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:  нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын захирагч Бат-Үүлийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 тоот захирамжийн “Орчлон констракшн” ХХК-д 1926 м2 газар олгосон хэсэг, мөн Сонгинохайрхан дүүргийн  Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/1032 дугаар захирамжийн “Орчлон констракшн” ХХК-д газар олгосон хэсгийн тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Харин хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдөр А/1032 тоот захирамж гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагад дараах байдлаар өөрчлөлт оруулж байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/1032 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 тоот захирамжаар “Орчлон констракшн” ХХК эзэмшүүлэхээр олгосон газрын тодорхой хэсэг нь иргэн Я.Баярбатын өмчлөлийн СХДүүргийн 4 дүгээр хороо 8-54 а тоотод байрлах 337 м2 газартай давхардуулан олгосон  байх тул түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулж байна гэжээ.

Дөрөв. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Тус дүүргийн  4 дүгээр хороо Их нарангийн 8-54 тоотод оршин суух иргэн  Я.Баясгалан нь нэхэмжлэлдээ 2004 онд дүүргийн газрын албанд хандаж өргөдөл гаргаж байсан боловч хариу өгөөгүй гэжээ. Дүүргийн өмч, газрын харилцааны алба нь нийслэлийн өмч, газрын харилцааны газарт хамаарагдах босоо удирдлагатай Засаг даргын дэргэдэх байгууллага юм. 2004 онд газар эзэмших хүсэлт гаргаж байсан нь эсэх нь дүүргийн Засаг даргад ажил үүргийн хувиар холбогдолгүй юм. Маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын зүгээс ямар нэгэн акт, шийдвэр гаргаж давхцуулан олгосон зүйл байхгүй Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/1032 дугаар захирамжаар “Орчлон” констракшн” ХХК-д газар олгохдоо нэхэмжлэгчийн амьдарч байсан газартай давхцуулан олгосон тухай нэхэмжлэлд дурдсан байна. Дээд шатны албан тушаалтны гаргасан шийдвэртэй маргаан бүхий хэрэгт дүүргийн Засаг даргын зүгээс оролцох нь хуульд нийцэхгүй тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Тав. Нэхэмжлэгч Я.Баясгалан 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Маргаан бүхий газарт давхцал үүсгэсэн үеийн нөхцөл байдлыг харахад 2006 онд “Чежү” ХХК уг барилгуудыг худалдан авч барилгууддаа гэрчилгээ гаргуулах, мөн газрын эрхээ баталгаажуулахаар  нийслэлийн газрын албанд хандаж газрын кадастрын зураглал хийлгэхдээ бидний амьдарч буй газартай давхцуулан зураглалыг буруу хийлгэснээс үүдэлтэй байгаа нь харагдаж байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжаар “Чежү” ХХК нь 17568 м2 газрыг эзэмшүүлэх шийдвэрийг хууль бусаар гаргуулсан гэж үзэж байна. “Чежү” ХХК  нь 2008 онд эзэмшиж байсан 17568 м2 газраасаа 11691 м2 газрыг “Орчлон констракшн” ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжаар тус компанид давхцал бүхий газар шилжсэн байна. Иймд нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжаар “Чежү” ХХК-д 17568м2 газар эзэмшүүлсэн хэсгийн бидний газартай давхардуулан олгосон хэсэг, 2008 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 295 дугаар захирамжийн “Орчлон констракшн” ХХК-д давхцалтай газар шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Зургаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасүрэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хамтран хариуцагч оролцуулах тухай тайлбартаа: Нийслэлийн өмч газрын харилцааны алба Батлан хамгаалах яамны эзэмшилд байсан улсын тусгай хэрэгцээний газрын хэмжээ заагийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр “Чежү” ХХК-д 17568 м2 газрын кадастрын зураглал хийж мэдээллийн санд оруулсан, тухайн газрын кадастрын  зураглалыг газрын асуудал  эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлээгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагаа байна гэж үзэж байгаа учраас Нийслэлийн Өмч, газрын харилцааны  газрыг хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргаж байна гэжээ.

Долоо.Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны алба 2015 оны 12 дугаар 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг судалж үзэхэд 2004 онд Өнөрийн нэр дээр өөрийн эзэмшлийн газарт зөвшөөрөл хүссэн хүсэлтийг гаргахдаа цуг Я.Баясгалангийн нэр дээр газар эзэмших эрх хүссэн гэж дурьджээ. Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архиваас шүүн үзэхэд иргэн Р.Өнөрийн гаргасан хүсэлтийн дагуу дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 204 дүгээр захирамжаар 700м2 газрыг эзэмшүүлэх эрх олгожээ. Иргэн Я.Баясгалангийн нэр дээр ямар нэгэн эрх олгосон шийдвэр гараагүй бөгөөд мөн хүсэлт өргөдөл гаргаж байсан талаарх архивт хадгалагдсан баримт байхгүй байна гэжээ.

Найм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. Даваасүрэн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орчлон констракшн” ХХК-ийн захирал Ганзоригтой уулзаж байсан. Та яагаад хуулийн зөвлөхөө шүүх хуралдаанд оролцуулахгүй байгаа юм бэ гэж Ганзоригтой ярихад “ямар ч  байсан асуудлыг төгсгөлийг шүүхээр шийдүүлье. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ гэж” хэлсэн. Би бол объект авсан. Тийм учраас объект  газартайгаа хамт ирэх ёстой. Би газар аваагүй гэж Ганзориг ярьж байсан. “Чэжү” ХХК-иас олон газар авч байсан. Хамгийн гол нь өмнөх хүмүүс нь Засгийн газрын тогтоол гараагүй байхад газрыг аваад худалдсан байдаг гэдгийг сануулж хэлсэн. Манай хүмүүс буруу харьцаад танай хүмүүсийг хохироосон байвал би уучлалт хүсье гэж хэлсэн. “Чэжү” ХХК надад хэлэхдээ би шийдвэр гаргагч бишээ санал оруулагч, би объект аваад объектоо зарсан гэж хэлсэн. Гэтэл тухайн газрын алба шийдвэр гаргасан тул энэ асуудлыг газрын алба мэднэ би бол шийдвэр гаргагч биш гэж хэлж байсан. Яагаад 1600 м.кв газрыг авах гэж сонирхсон сонирхлыг нэг талаас цагаан сэтгэлээр бодсон. Нөгөө талаас нь бодох юм бол санаатай үйлдэл гэж боддог. Уурын зуух гэдэг бол их талбай  шаарддаг объект юм. Уурын зуух урд талдаа шатсан нүүрсээ овоолдог. Шатсан нүүрсийг хэзээ ч зөөж тээвэрлэгддэггүй. Тус объект хог новштойгоо ирсэн. Хашааны зүүн талд буюу цементэлсэн талбайд шинэ нүүрс бууддаг. Хуучин 3 тал хашаатай, талбайтай хамт ирсэн. Объектын ар талын хэсэг буюу өөрөөр хэлбэл цэргийн ангитай холбоотой хэсэг уурын зуухны шатсан хуучин тогоо, сантехник төмрийн хаягдал байдаг. Цэргийн объектыг нэгэнт шийдвэр гараад худалдсан нөхцөлд яах вэ гэхээр цэргийн объектыг тусгаарлах ёстой. Цэргийн анги татан буугдаж байгаа учраас шалны банзаар заагийн хашаа барьсан. Хэрэгцээгүй хаягдлын араар нь татсан хашаа учраас зууван маягийн хашаа баригдсан. Шалны банзаар хашааг барьсан учраас банз төрхөөрөө байгаа. Дуудлага худалдаагаар хуулийн дагуу аваад өмчилсөн газар дээр давхцал үүссэн байна. Давхцалыг анх “Чежү” ХХК үүсгэсэн. Тийм учраас маргаан бүхий захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Яагаад гэвэл эхлээд эрх үүссэн. Учир нь мөнгөөр худалдаж аваад хашаатайгаа хамт ирсэн объект  байгаа. “Чежү ХХК-ийн газартай давхцал үүссэн. Дараа нь “Орчлон констракшн”ХХК дараагийн шийдвэрийг гаргуулсан. Энэ байдлаас харахад газрын албаны хүмүүс хууль зөрчсөн гэдэг нь харагдаж байна. “Орчлон констракшн” ХХК нь шаардлагатай бол, монгол түмний төлөө зүтгэж байгаа бол, бүх газрыг дахин төлөвлөлтөд оруулаад ав, худалдаж авсан талбайг тал талаас нь битгий авч хохироогоод бай гэж хэлэхэд Ганзориг захирал би бол буяны ажил хийж байгаа 10 хувийн ашгаар сургууль цэцэрлэг барьж байгаа гэсэн хариулт хэлсэн. Үнэхээр объектууд чинь газартаа багтахгүй бол дахин төлөвлөлтөд газраа өгье гэж хэлэхэд тус саналыг хүлээж авахгүй боломжгүй гэж хэлсэн. Авсан газар дээрээ орон сууц өгчих гэхэд боломжгүй гэж хэлсэн. Хөрөнгө оруулалт нь хоёр жилдээ орж ирэхгүй. Тийм учраас хөрөнгөө оруулсан барилгаа хүлээж авах тул санал хүлээж авахгүй гэсэн яриа хийгдсэн. Шаардлагатай бол объектуудыг авчих гэтэл газраа өргөтгөх шаардлага байхгүй гэж хэлсэн. Яагаад гэвэл давхцлыг талбайн заана байшингаа шахаад барих юм бол манай объект багтана гэж хэлсэн. Ингээд миний хоёр саналыг хүлээж аваагүй. Боломжгүй гэдэг тайлбараа өгсөн. Газар худалдаж авсан гэрээний 3 дугаар зүйлд “гарын үсэг зурсан өдрөөс хойш уг гэрээ хүчин төгөлдөр болно. Өмнөх газартай холбогдсон ямар нэгэн маргааныг “Чэжү” ХХК хариуцна” гэж заасан. “Чежү” ХХК бол ганц объект авчихаад ийм том талбай хэрэглэж байхад, манай компани олон объект авсан учир энэ талбайгаа авахад зүгээр гэсэн бодлоор хандсан. Нөгөө талаас үзэхэд Сонгинохайрхан дүүргээс шийдвэр гаргуулсан байна. Манай компани Нийслэлийн Засаг даргаар шийдвэр гаргуулж байгаа юм чинь гэсэн байдлаар хандаад байна. Мэргэжлийн байгууллагаа зөвшөөрлөөр өгсөн байхад босоо удирдлагатай учир Сонгинохайрхан дүүргээс шийдвэр гаргах, Нийслэлийн Засаг даргаас шийдвэр гаргах үндэслэлтэй гэж боддог. Тийм учраас Нийслэлийн Засаг дарга шийдвэрээ гаргахдаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас шийдвэр гаргасан гэдэг мэдээллийг харсан бол энэ давхцал үүсэхгүй байсан. Засаг даргаас дамжуулж өмчлөлийн тухай бүх материалыг авахдаа энэ тушаал, тогтоол, холбогдох материалыг үрэгдүүлсэн. Тийм учраас заргалдах материалгүй болсон. Хашаа барьж байсан хүмүүс, дарга нь бүгд амьд байгаа гэв.

Ес. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Цэрэндэжид 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжаар “Чэжү” ХХК-д 17568 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Я.Баясгалангийн 1602 м.кв газартай давхацуулсан хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжаар “Чэжү” ХХК-ийн 17568 м.кв газраас “Орчлон конскракшн” ХХК-нд 11691м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжийн “Орчлон констракшн” ХХК-нд холбогдох 2083 м.кв талбайтай 000303861 тоот эрхийн гэрчилгээтэй хэсэг газар нь Я.Баясгалангийн эзэмшил Я.Баярбатын өмчлөлийн тодорхой хэсэгт давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Өмчийн харилцааны газар анх 2006 онд “Чэжү” ХХК-д кадастрын зураг хийж өгсөн үйлдлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хүлээн зөвшөөрүүлэх, Сонгинохайрхан дүүргийн Өмч газрын харилцааны алба 2004 онд Я.Баясгалангийн газар эзэмших эрх хүссэн өргөдлийг үрэгдүүлсэн эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрүүлэх, Я.Баясгалангийн одоо амьдарч байгаа Сонгинхайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 8 дугаар гудамжны 565 мк.в газрын кадастрын зургийг баталгаажуулж, газар эзэмших захирамж гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагууд байна гэв.

Арав. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч тус бүрд нь тайлбараа өгье. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/1032 дугаар захирамжийн “Орчлон констракшн” ХХК-нд холбогдох талбайн Я.Баярбатын эзэмшил газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анх Барилгын цэргийн 022 дугаар ангийн хуучин эзэмшиж байсан барилга объектуудыг “Чэжү” ХХК-нд худалдсан. Газрын хэмжээгээр эзэмшүүлээд захирамж гаргасан. Нийслэлийн Засаг дарга 2006 оны 09 дүгээр сарын 21-ний 461 дүгээр захирамжаар 17568 м.кв газрыг эзэмшүүлсэн. Эзэмшүүлэхэд кадастрын зураг хийгдсэн байгаа. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 295 дугаар захирамжаар “Орчлон констракшн” ХХК-нд 11691 м.кв газрыг эзэмшүүлсэн. Тус тус газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамжууд нь тухайн үед хийгдсэн кадастрын зураг, нэгж талбараар шилжүүлсэн. Тухайн үед Я.Баярбат, Я.Баясгалан нар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан удаа байхгүй. Сүүлд буюу 2014 онд нэхэмжлэл гаргасан. Хөөн хэлэлцэх асуудлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Я.Баярбатын хүү Б.Нямжаргал гэдэг иргэд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2007 оны 359 дүгээр захирамжаар 337 м.кв газрыг өмчлүүлсэн. 2008 оны Нийслэлийн Засаг даргын 52 дугаар захирамжаар Я.Баярбатад эзэмшүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамжаар Я.Баярбатад 337 м.кв газрыг өмчлүүлсэн. Иргэн Я.Баярбатад өмчлүүлэх шийдвэр гаргасан газрын хэмжээ, маргаан бүхий газарт эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд “Орчлон констракшн” ХХК засмал  зам тавьсан гэдэг зургаар харагдана. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Иргэн Я.Баясгалан өөрийн кадастрын зургийн хэмжээнээс томруулаад хашаагаа барьсан. Байх ёстой хэмжээнээсээ томруулаад хашаа барьсан. Газрын хэмжээ газрын хувийн хэрэгт авагдаад газрын хувийн хэрэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Я.Баясгалангийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн гэдэг асуудал тогтоогдохгүй байна.  Цэргийн ангийн газрыг дуудлага худалдаагаар авсан хүлээлгэж өгсөн гэсэн комиссын акт байна. Хойд талын хэсэг буюу Я.Баясгалан гээд байгаа иргэнд ямар нэгэн газар эзэмших эрх үүсээгүй. Газрын тухай хууль 2002 онд хүчин төгөлдөр болсон. Газрын тухай хуульд юу гэж заасан бэ гэхээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргана. Түүний дагуу гэрээ гэрчилгээ эзэмшээд газар эзэмших эрх үүснэ гэж зааж өгсөн байгаа. Я.Баясгалан хууль ёсоор эзэмшээд захирамж гаргасан гэсэн ямар нэгэн эрхийн акт байхгүй. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1032 дугаар захирамжийн Я.Баясгаланд холбогдох эрх ашиг хөндөгдөхгүй юм. Өөрөөр хэлбэл Я.Баясгалангийн хууль ёсны эрх ашгийг Нийслэлийн Засаг даргын А/1032 дугаар захирамж хөндөөгүй. Үйлдвэр явж байгаа уурын зуух гэсэн хэсгийг өөрсдөө кадастрын зургаас томруулаад хашаа татсан байдаг. Хэрэгт авагдсан агаарын зургаас харагдана. Ямар нэгэн байдлаар Я.Баясгалангийн хууль ёсны эрх ашгийг Нийслэлийн Засаг дарга хөндөөгүй байна. Нийслэлийн Засаг даргын захирамж гарахдаа ямар нэгэн хууль, эрхийн актыг зөрчиж гараагүй. Хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан. “Чэжү” ХХК эзэмшиж байхад “Орчлон констракшн” ХХК-нд шилжүүлсэн байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Арван нэг.Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Өмч, газрын харилцааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Я.Баясгалан хүсэлт гаргаж байсан эсэх талаарх нотлох баримт байхгүй. Хүсэлт нь үрэгдсэн гэсэн нотлох баримт байхгүй. Хамгийн гол нь тухайн үед өргөдөл хүсэлт гаргаж байсан гэдэг өргөдөл бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй. Хүсэлт нь үрэгдсэн гэсэн  ямар нэгэн материал байхгүй байна. 

Арван хоёр. Гуравдагч этгээд “Орчлон констракшн” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүр хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Өнөр, Я.Баярбат, Я.Баясгалан гэдэг гурван хүний асуудал байна. Р.Өнөр 700 м.кв газар  эзэмших эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Р.Өнөрийн ямар нэгэн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй. Я.Баярбатын өмчлөх эрх 2008 онд үүссэн. Үүнээс өмнө 2007 онд Нямжаргал гэдэг хүнд өмчлөх эрх үүссэн. “Чэжү” ХХК-ийн өмчлөх эрх 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр үүссэн.  Я.Баярбатаас өмнө өмчлөх эрх үүссэн байсны дагуу бичиг баримтын бүрдлийг хангаад “Орчлон констракшн ХХК-д шилжүүлсэн. Тэгэхээр “Орчлон констракшн” ХХК-ийн хүлээж авсан газар буюу “Чэжү” ХХК-ийн эзэмшиж байсан газарт Я.Баярбат гэдэг хүнд давхардуулан газар олгосон. Энэ нь Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Я.Баярбатын газрыг чөлөөлөх боломжтой гэж ярьж байна. Миний ойлгож байгаагаар давхцалтай хэсгийг Я.Баярбатын газраас хасаж олгох боломжтой байгаа. Яагаад гэвэл “Орчлон констракшн” ХХК бие даасан шаардлага гаргасан байгаа. Я.Баясгалангийн 565 м.кв газар давхцаад байна гэж тайлбар хэлсэн. Я.Баясгалангийн ямар нэгэн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй. Сонгинохайрхан дүүргийн Өмч, Газрын харилцаанд өргөдлөө өгсөн боловч газрын мэргэжилтэн нь алга болгосон гэж тайлбарладаг. Өргөдөл хүлээлгэж өгсөн ямар нэгэн баримт байх ёстой. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын албанд өгсөн ямар нэгэн өргөдөл байхгүй байна. Хэн нэгэн этгээд газар эзэмших хүсэлтээ өгсөн түүнийг хэн нэгэн этгээд алга болгосон гэсэн хийсвэр ойлголт байх ёсгүй. Я.Баярбатын 337 м.кв газар давхцаж байгаа хэсэгт “Орчлон констракшн” ХХК засмал зам тавьсан. Тус зам бол Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөгөөр баталгаажсан. “Орчлон констракшн” ХХК-ийн барьж байгаа орон сууцны хороолол руу оруулах нийтийн эзэмшлийн талбай байгаа. “Орчлон констракшн” ХХК өөрийн эзэмшил газар дээр барьсан зам байгаа. Я.Баярбатын газраас хасалт хийснээр энэ асуудал шийдвэрлэгдэх боломжтой гэж үзэж байна. Бусад асуудалд хариуцагч нар тодорхой тайлбар өгсөн. 

ҮНДЭСЛЭЛ:

Сонгинохайрхан дүүргийн  4 дүгээр хороонд Нийслэлийн  Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжаар “Чежү” ХХК-д  17568 м2 газрыг эзэмшүүлсэн, 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжаар “Орчлон констракшн” ХХК-д 11691м2  газрыг эзэмшүүлсэн, 2013 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн А/1032 дугаар захирамжаар “Орчлон констракшн” ХХК-д холбогдох хуульд заасан шаардлагыг хангаж, гуравдагч этгээд нарт хуулийн дагуу газар эзэмших эрх үүссэн мэт боловч эдгээр актууд нь агуулгаараа бодит байдалд нийцээгүй байх тул  хэргийн нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гартал маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нар 2002 онд иргэн Р. Өнөрийг Барилгын цэргийн 022 дугаар ангиас Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 8-54а тоотод байрлах 1400 м2 талбай бүхий газартай  уурын зуухны барилгыг худалдан авч гэр бүлээрээ 12 жил амьдарч байгаа  бөгөөд эгч Р.Өнөр нь өөрийн  нэр дээр тухайн газраасаа 700м2 газрыг, 337м2 газрыг Я. Баярбатад шилжүүлэн 2008 оны Нийслэлийн Засаг даргын 159 дүгээр захирамжаар өмчилж авсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь  хавтаст хэрэгт авагдсан  Монгол улсын иргэн Р.Өнөрд  700м2 газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар, иргэн Я.Баярбатад 337м2 газар өмчлүүлэх тухай  2008 оны 159 дүгээр  шийдвэр, гэрч Л.Дэжиднямын  “...  Я.Баярбат, Я.Баясгалан нартай барилгын цэргийн ангид хамт ажиллаж байсан ангийн захирагч Т.Батбаярын тушаалаар Я.Баясгаланд уурын зуухыг тойрсон газрын хамт зургийн дагуу хашаа барьж хүлээлгэж өгөх комиссын гишүүнээр ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. 

Гуравдагч этгээд болох “Чежү” ХХК нь  татан буугдсан барилгын цэргийн 022 дугаар ангиас 2006 онд  объектуудыг худалдан авч 17568м2 газар эзэмшиж, түүнийхээ зарим хэсэг болох 11691м2 газрыг 2008 онд “Орчлон констракшн” ХХК-д эрх шилжүүлэн өгсөн болох нь татан буугдсан барилгын цэргийн 022 ангийн  барилга объектыг хүлээлцсэн 2006 оны Г/1475 дугаар нотломж,  Батлан хамгаалах яамны  2006 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох” тухай газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын  дарга Ш.Батсүхэд явуулсан албан бичиг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх тухай  2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах 17568м2 газраас объект бүхий 11691 м2 газрыг “Чежү” ХХК-с “Орчлон констрашн” ХХК-д шилжүүлэх тухай гэрээ, гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжаар “Чежү” ХХК-с “Орчлон констракшн” ХХК-д шилжүүлсэн захирамж   2013 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн “Орчлон констракшн” ХХК-д 11691м2 газар эзэмшүүлсэн захирамжийн зарим хэсэг нь иргэн Я.Баярбатын газартай давхцаж байгааг хэргийн оролцогч нар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тухайн газар дээрх давхцалыг арилгах боломжтой гэж хариуцагч болон 3-дагч этгээдүүд тайлбарлаж байгаа болно.

Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн Өмч, газрын харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “Орчлон констракшн” ХХК-ний эзэмшлийн газар болон иргэн Я.Баярбатын өмчлөлийн газрын давхцалын хооронд нь зохицуулж иргэн Я.Баясгаланд тухайн газарт нь газар өмчлүүлэх боломжтой гэж тайлбарлаж байгаа нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүйгээр иргэн, хуулийн этгээдийн газрыг давхцуулан олгосон алдааг нь өөрөөр нь зөвтгүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэ талаараа хэргийн оролцогч нар шүүх хуралдаанд газрын зайг дахин хэмжиж нөхцөл байдлыг дахин шалгаж шийдвэрлэх боломжтой гэж тайлбар гаргаж байна. 

Захиргааны байгууллага нөхцөл байдлыг дахин шалгаад өмнөх захиргааны актыг өөрчлөх шаардлаггаүй гэж үзсэн тохиолдолд иргэн хуулийн этгээдээс шүүхэд уг асуудлаар  нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа болно.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7, заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т заасныг баримтлан  иргэн Я Баярбат, Я Баясгалан нарын нэхэмжлэлтэй  Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Өмч, газрын харилцааны газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох захиргааны хэргийн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамж, мөн 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамж, 2013 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн А/1032 дугаар захирамжуудын иргэн Я.Баярбат, Я.Баясгалан нарт холбогдох хэсгийг захиргааны байгууллага, албан тушаалтнууд хэргийн  нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагтай байх тул  дахин шинэ акт гартал түтгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЧАНЦАЛНЯМ