| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигмэддоржийн Долгормаа |
| Хэргийн индекс | 168/2021/0167/Э |
| Дугаар | 2021/ДШМ/32 |
| Огноо | 2021-09-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 13.6.1., |
| Улсын яллагч | Х.Насанжаргал |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2021/ДШМ/32
Д.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, ерөнхий шүүгч З.Энхцэцэг шүүгч С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг
Прокурор Х.Насанжаргал
Хохирогч Э.Учрал
Шүүгдэгч Д.Анхбаярын өмгөөлөгч Ө.Батболд нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Учрал, шүүгдэгч Д.Анхбаяр, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн 2121000000161 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1995 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Онход овогт Сумъяагийн Билэгсайхан
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1997 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, Даландагнагад овогт Мягмардоржийн Хаш-Эрдэнэ. Урьд:
- Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэж байсан,
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1999 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, Бүргэд овогт Дугарсүрэнгийн Анхбаяр.
Шүүгдэгч С.Билэгсайхан, М.Хаш-Эрдэнэ нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн үед Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар баг Нуурын 17 тоот хашаанд байх иргэн Э.Учралын эзэмшлийн байшинд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтад “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Иргэний ... орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ хуульд заасан орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тус тус заасныг зөрчиж хохирогчийн байшингийн хаалгыг түгжээтэй болохыг мэдсээр байж, түүний зөвшөөрөлгүй цонхоор орж, тухайн байшинд амарч байсан Э.Учрал, Д.Анхбаяр нарын амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдын орон байрны халдашгүй байдалд халдаж дураараа авирласан,
Шүүгдэгч Д.Анхбаяр нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн үед Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар баг Нуурын 17 тоот хашаанд хохирогч М.Хаш-Эрдэнийг найз охин Э.Учралын гэрт зөвшөөрөлгүй орсон шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж М.Хаш-Эрдэний биед 2 талын хөмсөгний хоорондох няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргал шүүгдэгч С.Билэгсайхан, Хаш-Эрдэнэ нарыг бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Д.Анхбаярыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэн мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолоор:
- Шүүгдэгч Онход овогт Сумъяагийн Билэгсайхан, Даландагнагад овогт Мягмардоржийн Хаш-Эрдэнэ нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргийг, шүүгдэгч Бүргэд овогт Дугарсүрэнгийн Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сумъяагийн Билэгсайхан, Мягмардоржийн Хаш-Эрдэнэ нарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Дугарсүрэнгийн Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч С.Билэгсайхан, М.Хаш-Эрдэнэ, Д.Анхбаяр нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж,
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Хаш-Эрдэнэ нь шүүгдэгч Д.Анхбаяраас нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Билэгсайхан, М.Хаш-Эрдэнэ, Д.Анхбаяр нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, ... шийдвэрлэжээ.
Хохирогч Э.Учрал 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... 2021.03.22-ны шөнө 03 цагийн үед миний үерхдэг залуу Д.Анхбаяр нь хамт байгаагүй байсан бол М.Хаш-Эрдэнэ, С.Билэгсайхан нар нь надад ямар хүчирхийлэл үйлдэж, яаж тохуурхан доромжлох, мөн ямар гэмт хэрэг үйлдэх байсныг би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Мөн миний найз залуу Д.Анхбаяр нь Хаш-Эрдэнэ ахыг барьж аваагүй байсан бол хэн гэгч хүмүүс гэмт хэрэг үйлдсэнийг огт мэдэх боломжгүй байсан.
Анхбаярыг Хаш-Эрдэнэ ах өөрөө эхэлж цохиогүй байсан бол Анхбаяр нь Хаш-Эрдэнийг биеэ хамгаалах гэж цохихгүй байсан. Ийм зүйл болоод байхад Д.Анхбаярыг гэм буруутайд тооцоод торгох ялаар шийтгэж байгааг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Анхбаяр Хаш-Эрдэний гэрт ороод өөрийг нь зодчихсон асуудал биш шүү дээ. Хаш-Эрдэнэ ахын хувьд манай хашаан дотор орж ирээд, манай гэр лүү С.Билэгсайхантай бүлэглэн нэвтрээд халдлага үйлдэж, мөн Д.Анхбаярыг өөрөө түрүүлж бие эрүүл мэндэд нь халдахад өөрийгөө хамгаалж нэг удаа цохисныг нь би ч харсан, Соёл-Эрдэнэ ч харсан өөрөө ч мэдүүлдэг. Энэ асуудлыг бүгдийг нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Үүнийг яагаад шүүх анхаарч үзэхгүй байна вэ.
Миний хууль ёсны эзэмшлийн талбай, миний орон зайд нэвтэрсэн этгээдүүдийг барьж, өөрийгөө болоод бусдын эрх ашиг сонирхлыг хамгаалж байгаа Д.Анхбаярыг яагаад гэм буруутай болгож байгааг би огт ойлгохгүй байна. Манай хуульд ийм зүйл байдаггүй юм болов уу гээд уншиж судлаад үзэхэд байгаа хирнээ прокурор, анхан шатны шүүхээс энэхүү аргагүй хамгаалалт гэж заагаад байгаа заалтыг хэрэглэхгүй орхигдуулж байна.
Ер нь гэмт халдлагад өртсөн хүн хохирдгоороо хохироод хэн халдлага үйлдсэнийг нь ч мэдэж болохгүй хоцрох ёстой байсан болж таарч байна уу.
Мөн энэ халдлагын дараа миний Samsung S8 plus, Анхбаярын Iphone 8 маркийн гар утас газарт унаж бидэнд хохирол учирсан байдаг. Гэтэл бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн байна. Ядаж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэдгийг ч заалгүй орхигдуулсанд гомдолтой байна.
Мөн миний найз залуу болох Д.Анхбаярын хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Д.Анхбаяр түүний өмгөөлөгч Ө.Батболд нар 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “ ...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” байх хуулийн зохицуулалтыг уг хэргийг шийдвэрлэхдээ буруу тайлбарлаж миний үйлчлүүлэгч Д.Анхбаярт ял халдаасан гэж үзэж байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М.Хаш-Эрдэнэ нь С.Билэгсайхантай бүлэглэн бусдын гэрт хууль бусаар нэвтрэн орсон байхад Э.Учралын хэн бэ гэх дуунаар гэрээс гарахад нь хэн хэн гэр лүү нэвтрэн орсныг мэдэх зорилгоор халдагч этгээдийг барьж авахад М.Хаш-Эрдэнэ түүний биед халдаж цохисон үйл баримт Э.Учралын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэг, Д.Анхбаярын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогддог.
Үүнээс үзэхэд М.Хаш-Эрдэнэ нь Э.Учралын гэрт бусадтай хууль бусаар бүлэглэн нэвтэрсэн халдлагын эзэн холбогдогчийг барьж авах зорилготой очиход Д.Анхбаярын толгой руу цохисон халдлага хийсэн. Энэ халдлагын эсрэг хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад зайлшгүй тооцох ёстой юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Э.Учрал гаргасан тайлбартаа: Тухайн үед надтай хамт миний найз залуу Анхбаяр хамт байгаагүй бол юу ч болох боломжтой байсан. Тэгэхэд яагаад гэм буруутан болоод байгааг ойлгохгүй байна. ...Хойноос нь очоод хэн байгааг олж мэдэх гэж зуурч авсан. ...Би энэ асуудалд гомдолтой байна гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Анхбаярын өмгөөлөгч Ө.Батболд гаргасан тайлбар, саналдаа: ...Хаш-Эдэнэ, Билэгсайхан нар нь шөнийн цагаар эмэгтэй хүний гэрт хууль бусаар нэвтэрч орсон байгаа. Хэн байсан гэдгийг мэдэх гэж Учрал, Анхбаяр нар араас нь хөөж барьж авсан. Тухайн халдагч этгээдийг барьж авах төдийд Анхбаярыг цохисон байдаг. Энэ бол аргагүй хамгаалалт мөн. ...Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. Анхбаяр буруугүй гэж хэлмээр байна гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Насанжаргал гаргасан дүгнэлтдээ: ... Хаш-Эрдэнэ, Билэгсайхан нар хохирогчийн гэрт нь халдаж орсноор гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож, орон байрнаас гарснаар гэмт хэрэг төгссөн гэж үзэхээр байна. ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гэж үзэж байгаа. Шүүгдэгч Д.Анхбаярын хувьд Хаш-Эрдэнийн араас гараад барьж авахад нь Хаш-Эрдэнэ түүнийг зугтах зорилгоор цохисон. Ингээд Д.Анхбаярын хувьд зөрүүлж цохисон асуудал яригддаг. Энэ бүх асуудлыг аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд хохирогч болон шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогч Э.Учрал, шүүгдэгч Д.Анхбаяр түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын давж заалдах гомдлыг үндэслэн С.Билэгсайхан, М.Хаш-Эрдэнэ, Д.Анхбаяр нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч С.Билэгсайхан, М.Хаш-Эрдэнэ нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар баг Нуурын 17 тоот хашаанд байх иргэн Э.Учралын эзэмшлийн байшингийн хаалгыг түгжээтэй болохыг мэдсээр байж, түүний зөвшөөрөлгүй цонхоор орж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэг,
Шүүгдэгч Д.Анхбаяр нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар баг Нуурын 17 тоот хашаанд хохирогч М.Хаш-Эрдэнийг найз охин Э.Учралын гэрт зөвшөөрөлгүй орсон шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж М.Хаш-Эрдэнийн биед хоёр талын хөмсөгний хоорондох няцарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт, шүүгдэгч С.Билэгсайхан, М.Хаш-Эрдэнэ, Д.Анхбаяр нарын өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Учралын мэдүүлэг, гэрч А.Тэнгис, Х.Соёл-Эрдэнэ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 196 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилсэн байна.
Шүүх шүүгдэгч Д.Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, шүүгдэгч С.Билэгсайхан, М.Хаш-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Анхбаярт тухайн зүйл хэсэг дэх торгох ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Билэгсайхан, М.Хаш-Эрдэнэ нарт тухайн зүйл хэсэгт зааснаар тус бүрт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Хохирогч Э.Учрал “...миний найз залуу болох Д.Анхбаярын хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэх, шүүгдэгч Д.Анхбаяр, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын “... шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж, шүүгдэгч Д.Анхбаярт ял халдаасан” гэх гомдлын тухайд:
Анхан шатны шатны шүүх Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөв тайлбарлаж, үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна. Аргагүй хамгаалалт нь тухайн үед довтолгоон эхэлж буй нь хэн бүхэнд илэрхий болсон, аюултай шинжтэй, хариу хамгаалалт хийхгүй л бол аюул учрах нөхцөл байдалд хийгддэг бол довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй юм.
Хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Х.Соёл-Эрдэнийн “...Учралын хашааны урд талын хаалган дээр ирэхэд Анхбаяр наад машиныхаа марк дугаарыг хараад хэл гэсэн, тэгээд харахад цагаан өнгийн Простер маркийн 28-09 дугаартай машин байна гэж хэлтэл Анхаа аан мөн байна гэсэн. ...Хоёр давхар руу өгсдөг шатны доор Хаш-Эрдэнэ гэх манай сумын цахилгаанчин “чшш” гээд долоовор хуруугаа хамрынхаа урд гозойлгоод зогсож байснаа шууд зөрөөд гарсан. Тэгтэл Анхаа дээрээс буунгаа наадхаа бариад ав гээд араас нь гүйгээд гарсан. ...” гэх мэдүүлэг, гэрч А.Тэнгисийн “...хашааг даваад ороход Анхбаяр, Хаш-Эрдэнэ хоёр барьцалдаад цохилцоод байсныг Соёлоо салгахад Учрал хажууд нь зогсож байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Э.Учралын “...Д.Анхбаяр бид хоёр гэрт орж ирсэн хүний араас хөөгөөд барьж авахад М.Хаш-Эрдэнэ ах байсан бөгөөд Хаш-Эрдэнэ ах эргэж хараад Д.Анхбаярыг цохиход Д.Анхбаяр зөрүүлээд цохисон...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч М.Хаш-Эрдэнийг хохирогчийн гэрээс гараад явж байхад Д.Анхбаяр араас нь очиж улмаар түүний нүүрэн тус газарт цохих үйлдэл хийж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.
Иймд хохирогч Э.Учрал, шүүгдэгч Д.Анхбаяр түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Түүнчлэн хохирогч Э.Учралын мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч С.Билэгсайхан, М.Хаш-Эрдэнэ нараас нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн тэднийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.
Харин Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд шүүгдэгч С.Билэгсайхан, М.Хаш-Эрдэнэ нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Д.Анхбаярын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус хамаарч байгаа бөгөөд тэрээр гэм буруугаа зөвшөөрсөн, төлөх төлбөргүй байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Билэгсайхан, М.Хаш-Эрдэнэ нар оногдуулсан тус бүрийн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Д.Анхбаярт оногдуулсан дөрвөн зуун тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Сумъяагийн Билэгсайхан, Мягмардоржийн Хаш-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрийн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Дугарсүрэнгийн Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.” гэсэн заалт нэмсүгэй.
2. Шийтгэх тогтоолын 3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Э.Учрал, шүүгдэгч Д.Анхбаяр түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
С.ОЮУНТУНГАЛАГ