Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/178

 

 

 

 

 

 

 

 

 

2021        06         03                                              2020/ШЦТ/178                            

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Х.Насанжаргал

Хохирогч Э.У

Шүүгдэгч Бы өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч Аын өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч Б, Х, А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................. овогт Б, ...................овогт Х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................. овогт А нарт холбогдох 2121000000161 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Дорнод аймгийн ................................ ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ..................................... газар оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ..............овогт Б /РД: ................/

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “ДБЭХС” .......................ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ............................ газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэж байсан, ............... овогт Х /РД: ...................../  

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн ........................ газар оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, .................... овогт А /РД: ....................../ 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б, Х нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Дорнод аймгийн ........................ тоот хашаанд байх иргэн Э.У-ын эзэмшлийн байшинд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтад “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Иргэний ... орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ хуульд заасан орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тус тус заасныг зөрчиж хохирогчийн байшингийн хаалгыг түгжээтэй болохыг мэдсээр байж, түүний зөвшөөрөлгүй цонхоор орж, тухайн байшинд амарч байсан Э.У, А нарын амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдын орон байрны халдашгүй байдалд халдаж дураараа авирласан,

Шүүгдэгч А нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Дорнод аймгийн ............................ тоот хашаанд хохирогч Х-ийг найз охин Э.У-ын гэрт зөвшөөрөлгүй орсон шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж Х-ий биед 2 талын хөмсөгний хоорондох няцарсан шарх гэмтэл бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй...” гэв. 

 

Шүүгдэгч Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Э.У-ын гэрийн гадаа ирээд машины сигналаа дарсан. Б хашааг нь даваад хашаан дотор орсон. Би өмнө нь 2-3 удаа Быг гэрт нь хүргэж өгч байсан. Тухайн үед Б “найзынхаа гэрт орох гэж байна” гэхээр нь хамт явж байсан юм...” гэв. 

 

Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй...” гэв. 

 

Хохирогч Э.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би дүүгийн хамт амьдардаг. Тухайн өдөр дүү маань аймгийн төв рүү явсан байсан учир би гэртээ ганцаараа үлдсэн. Ингээд манай найз залуу 23 цаг өнгөрч байхад гэрт ирсэн. Бид хоёр юм ярьж байгаад 02 цагийн орчимд гал түлэхээр доошоо 1 давхар руу буугаад галаа түлээд 03 цагийн орчимд унтах гээд байж байхад хашааны гадна автомашины хурц гэрэл туссан. Би гэрийнхээ хаалгыг түгжээгүй гэдгээ мэдээд Аыг “буугаад хаалгаа түгжээд ирээрэй” гэж хэлээд хаалгаа түгжүүлсэн. Тэр үед тухайн автомашин хурдтайгаар хашааны зүүн талд ирээд зогсож байгаад буцаад хашааны хаалганы ойролцоо очоод дахин зогссон. Ингээд А бид хоёр хувцасаа өмсөөд байж байхад нэг хүн 1 давхарын цонхыг тогшоод нөгөө хүн нь хаалганы цоож оролдоод байсан. Удалгүй 1 давхарт чимээ гарч гал тогооны өрөөний гэрэл ассан. Тэр үед А найзыгаа дуудсан. Харин би хэсгийн төлөөлөгчид дуудлага өгсөн. Би утасныхаа гэрлийг асаагаад хуруугаараа дараад гэрлийг халхалсан байж байхад шатаар 2 хүн бие биедээ “чишш, чишш” /чимээгүй бай/ гэж хэлээд дээш гарч ирэхээр нь би утасны гэрлээ тусгаад “хэн бэ” гэж хэлээд бахирахад тэр хүмүүс доошоо зугтаах чимээ сонсогдсон. А бид хоёр гэрт орж ирсэн хүний араас хөөгөөд барьж авахад Х ах байсан бөгөөд Х ах эргэж хараад Аыг цохиход А зөрүүлээд цохисон. Тэр үед Х ах “Ааа та нар буруу хүнээ барьчихсан байна шүү дээ. Гол хүн нь зугтчихсан байна. Э.У-аа би чамайг яагаа ч үгүй шүү дээ” гэж 2-3 удаа хэлсэн. Тэгээд А бид хоёр гутлаа өмсөхөөр гэр рүү ороход Х ах машинаа унаад явчихсан байсан...“ гэв.

 

Гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 03 дугаар сарын 22-ны өглөө үүрээр 03 цагийн орчим ..................................... тоотод байрлах найз С-ий хамт гэрт нь унтаж байсан. Тэгэхэд С-ий утас руу хүн залгаад С ярьж байснаа яараад босоод хувцасаа өмссөн. Тэгээд би юу болоо вэ гэж асуухад А хүнтэй муудаад байх шиг байна гэж хэлээд гарсан. Тэгээд би босоод ... зүүн талын залгаа хашаанд байх Аын байсан айлын хашааг даваад ороход А, Х хоёр барьцалдаад цохилцоод байсныг С салгахад Э.У хажууд нь зогсож байсан. Х “А би гол хүн нь биш шүү дээ” гээд байсан, мөн Учралаа “би гол хүн нь биш шүү” гээд байсан. Тэгээд А би ороод гутлаа өмсөөд гараад ирий, наадхаа байлгаж байгаарай гээд гэр рүү орсон. Тэгэхэд Х би та нарыг өргөдөл бичиж цагдаад өгнө гээд машинд суугаад хаазлаад яваад өгсөн. ...Х гайгүй байсан хүн таниад хэрэлдээд байсан, Б надтай таараагүй...” гэжээ. /хх-ийн 50/

 

Гэрч Х.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай найз А зүүн талын хашаанд байх найз охин Э.У-ын гэрээс өөрийнхөө утсаар залгаад аядууханаар У-ын гэрт хурдан ороод ирээ гээд хэлсэн. ...гараад У-ын хашааны урд талын хаалган дээр ирэхэд А наад машиныхаа марк дугаарыг хараад хэл гэсэн, тэгээд харахад цагаан өнгийн Простер маркийн 28-09 дугаартай машин байна гэж хэлтэл А аан мөн байна гэсэн. Тэгээд би хашаа давах гээд утасны гэрлээ тусгахад нэг хүн цаашаа баруун тийш хашаагаа налаад яваад өгсөн би хувцас нүүр царайг нь хараагүй. Тэгтэл А ороод ир доор нэг нь байна гэж хэлэхээр нь У-ын гэр рүү утасны гэрлээ тусгаад ороход онгорхой байсан ба 2 давхар руу өгсдөг шатны доор Х гэх манай сумын цахилгаанчин “чишш” гээд долоовор хуруугаа амныхаа урд гозойлгоод зогсож байгаад шууд зөрөөд гарсан. Тэгтэл А дээрээс буунгаа наадхаа бариад ав гэж хэлээд араас нь гүйгээд гарсан, би араас нь гарахад А нь Х-ийг бариад авахад Х эргэж хараад А-ийн толгой руу нь цохиход А зөрүүлээд нэг удаа цохисон. Тэгээд би салгахад Х “А би гол хүн нь биш шүү дээ” гээд 2-3 удаа хэлсэн. ...надтай Х У-ын гэрт байхад таарсан, харин өөр нэг хүн хашаан дотор явж байсан би таниагүй...” гэжээ. /хх-ийн 52/

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 196 тоот дүгнэлтэд:

1. Х-ий биед хоёр талын хөмсөгний хоорондох няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 56-57/

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-24/

-Хохирогч Э.У-ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 25/

-Газар болон хувийн сууцны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 26-27/

-Хохирогч Э.У-ын эцэг тогтоосон тухай лавлагаа /хх-ийн 28/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79, 85, 98/

-Шүүгдэгч Бы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /задгай 1 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б, Х, А нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х-ний өмгөөлөгч З.Нямсүрэнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг шүүгдэгч Аын үйлдлийн улмаас хохирогч Х-ий хүний эрүүл мэндэд хохирол учирсан, мөн шүүгдэгч Б, Х нарын үйлдлийн улмаас хохирогч Э.У-ын хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б, Х нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Дорнод аймгийн ........................тоот хашаанд байх хохирогч Э.У-ын эзэмшлийн байшинд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтад “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Иргэний ... орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ хуульд заасан орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тус тус заасныг зөрчиж хохирогчийн байшингийн хаалгыг түгжээтэй болохыг мэдсээр байж, түүний зөвшөөрөлгүй цонхоор орж, тухайн байшинд амарч байсан Э.У, А нарын амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдын орон байрны халдашгүй байдалд халдаж дураараа авирласан,

Шүүгдэгч А нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Дорнод аймгийн .............................. тоот хашаанд хохирогч Х-ийг найз охин Э.У-ын гэрт зөвшөөрөлгүй орсон шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж Х-ий биед 2 талын хөмсөгний хоорондох няцарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Бы “...нэг мэдэхэд хэнийх нь мэдэгдэхгүй айлын хашааны урдаас машинтай тулаад зогсчихсон байсан. Тэгээд юу ч санахгүй байна. ...” гэх, шүүгдэгч Х-ий “...эхлээд Б нь У-ын байшин руу орохоор нь би араас нь орсон юм...” гэх, , шүүгдэгч Аын “...би Х-ийг байшингаас гарч гүйхээр нь араас нь гүйцэж очоод нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлгүүд, хохирогч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, мөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч А.Т, Х.С нарын  мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 196 тоот дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч А нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь, мөн шүүгдэгч Б, Х нар нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний хувийн болон орон байрны халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирлаж буйгаа мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь тус тус гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Хохирогч Х-ий эрүүл мэндэд шүүгдэгч Аын үйлдлийн улмаас хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 196 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.  

 

Шүүгдэгч Б, Х, А нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б, Х нарыг “бүлэглэн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Аыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Аын өмгөөлөгч Ө.Батболд нь “Энэ хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Б, Х нарын буруутай үйлдээс болсон. Миний үйлчлүүлэгч А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж байна” гэж мэтгэлцдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж тус тус заасан байдаг. Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч Б, Х нар нь хохирогч Э.У-ын гэрт хууль бусаар нэвтэрч орсноор тухайн гэмт хэрэг төгс үйлдэгдэж дууссан байх ба шүүгдэгч Х шатны доор нуугдаж байгаад хохирогч Э.У-ыг “хэн бэ” гэж бахирахад хэн нэгний биед халдаж довтолсон үйлдэл хийлгүйгээр гэрч Х.С-ийг гэрт орж ирэхэд нь үг хэлэлгүй шууд зөрөөд гарсан байдаг. Харин шүүгдэгч А нь араас нь очиж Хтэй барьцалдаж улмаар түүний дух хэсэгт цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх тул шүүгдэгч Аын бусдын эрүүл мэндэд халдсан энэхүү үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б, Х нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тэдний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн шүүгдэгч Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас Х-ний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд Х нь шүүгдэгч Ааас нэхэмжлэх зүйлгүй гэж, мөн хохирогч Э.Учрал нь шүүгдэгч Б, Х нараас нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ................ овогт Б, ................. овогт Х нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргийг, шүүгдэгч ................ овогт Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б, Х нарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Б, Х, А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Х нь шүүгдэгч Ааас нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б, Х, А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА