Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/32

 

Д.А нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, ерөнхий шүүгч З.Энхцэцэг шүүгч С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                         Г.Чинзориг

Прокурор                                              Х.Насанжаргал

Хохирогч                                              Э.У

Шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч                 Ө.Батболд нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.У, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.А нарт холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 05ы өдөр хүлээн авч шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1995 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, О овогт С.Б.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1997 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, Д овогт М.Х. Урьд:

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэж байсан,

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1999 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, Б овогт Д.А.

Шүүгдэгч С.Б, М.Хнар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн үед Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар баг _____тоот хашаанд байх иргэн Э.Уын эзэмшлийн байшинд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтад “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Иргэний ... орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ хуульд заасан орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тус тус заасныг зөрчиж хохирогчийн байшингийн хаалгыг түгжээтэй болохыг мэдсээр байж, түүний зөвшөөрөлгүй цонхоор орж, тухайн байшинд амарч байсан Э.У, Д.А нарын амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдын орон байрны халдашгүй байдалд халдаж дураараа авирласан,

Шүүгдэгч Д.А нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн үед Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар баг _____тоот хашаанд хохирогч М.Х-г найз охин Э.Уын гэрт зөвшөөрөлгүй орсон шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж М.Х-ий биед 2 талын хөмсөгний хоорондох няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргал шүүгдэгч С.Б, Х нарыг бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Д.Аыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэн мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус  тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч О овогт С.Б, Д овогт М.Х нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргийг, шүүгдэгч Б овогт Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, М.Х нарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч С.Б, М.Х, Д.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Хнь шүүгдэгч Д.Ааас нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, М.Х, Д.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Хохирогч Э.У 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... 2021.03.22-ны шөнө 03 цагийн үед миний үерхдэг залуу Д.А нь хамт байгаагүй байсан бол М.Х, С.Б нар нь надад ямар хүчирхийлэл үйлдэж, яаж тохуурхан доромжлох, мөн ямар гэмт хэрэг үйлдэх байсныг би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Мөн миний найз залуу Д.А нь Х ахыг барьж аваагүй байсан бол хэн гэгч хүмүүс гэмт хэрэг үйлдсэнийг огт мэдэх боломжгүй байсан.

Аыг Х ах өөрөө эхэлж цохиогүй байсан бол А нь Хаш-Эрдэнийг биеэ хамгаалах гэж цохихгүй байсан. Ийм зүйл болоод байхад Д.Аыг гэм буруутайд тооцоод торгох ялаар шийтгэж байгааг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

А Х-ийн гэрт ороод өөрийг нь зодчихсон асуудал биш шүү дээ. Х ахын хувьд манай хашаан дотор орж ирээд, манай гэр лүү С.Бтай бүлэглэн нэвтрээд халдлага үйлдэж, мөн Д.Аыг өөрөө түрүүлж бие эрүүл мэндэд нь халдахад өөрийгөө хамгаалж нэг удаа цохисныг нь би ч харсан, С ч харсан өөрөө ч мэдүүлдэг. Энэ асуудлыг бүгдийг нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Үүнийг яагаад шүүх анхаарч үзэхгүй байна вэ.

Миний хууль ёсны эзэмшлийн талбай, миний орон зайд нэвтэрсэн этгээдүүдийг барьж, өөрийгөө болоод бусдын эрх ашиг сонирхлыг хамгаалж байгаа Д.Аыг яагаад гэм буруутай болгож байгааг би огт ойлгохгүй байна. Манай хуульд ийм зүйл байдаггүй юм болов уу гээд уншиж судлаад үзэхэд байгаа хирнээ прокурор, анхан шатны шүүхээс энэхүү аргагүй хамгаалалт гэж заагаад байгаа заалтыг хэрэглэхгүй орхигдуулж байна.

Ер нь гэмт халдлагад өртсөн хүн хохирдгоороо хохироод хэн халдлага үйлдсэнийг нь ч мэдэж болохгүй хоцрох ёстой байсан болж таарч байна уу.

Мөн энэ халдлагын дараа миний Samsung S8 plus, Аын Iphone 8 маркийн гар утас газарт унаж бидэнд хохирол учирсан байдаг. Гэтэл бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн байна. Ядаж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэдгийг ч заалгүй орхигдуулсанд гомдолтой байна.

Мөн миний найз залуу болох Д.Аын хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Д.А түүний өмгөөлөгч Ө.Батболд нар 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “ ...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” байх хуулийн зохицуулалтыг уг хэргийг шийдвэрлэхдээ буруу тайлбарлаж миний үйлчлүүлэгч Д.Ат ял халдаасан гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М.Хнь С.Бтай бүлэглэн бусдын гэрт хууль бусаар нэвтрэн орсон байхад Э.Уын хэн бэ гэх дуунаар гэрээс гарахад нь хэн хэн гэр лүү нэвтрэн орсныг мэдэх зорилгоор халдагч этгээдийг барьж авахад М.Хтүүний биед халдаж цохисон үйл баримт Э.Уын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэг, Д.Аын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогддог.

Үүнээс үзэхэд М.Хнь Э.Уын гэрт бусадтай хууль бусаар бүлэглэн нэвтэрсэн халдлагын эзэн холбогдогчийг барьж авах зорилготой очиход Д.Аын толгой руу цохисон халдлага хийсэн. Энэ халдлагын эсрэг хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад зайлшгүй тооцох ёстой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Э.У гаргасан тайлбартаа: Тухайн үед надтай хамт миний найз залуу А хамт байгаагүй бол юу ч болох боломжтой байсан. Тэгэхэд яагаад гэм буруутан болоод байгааг ойлгохгүй байна. ...Хойноос нь очоод хэн байгааг олж мэдэх гэж зуурч авсан. ...Би энэ асуудалд гомдолтой байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Ө.Батболд гаргасан тайлбар, саналдаа: ...Хаш-Эдэнэ, Б нар нь шөнийн цагаар эмэгтэй хүний гэрт хууль бусаар нэвтэрч орсон байгаа. Хэн байсан гэдгийг мэдэх гэж У, А нар араас нь хөөж барьж авсан. Тухайн халдагч этгээдийг барьж авах төдийд Аыг цохисон байдаг. Энэ бол аргагүй хамгаалалт мөн. ...Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. А буруугүй гэж хэлмээр байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Насанжаргал гаргасан дүгнэлтдээ: ... Х, Б нар хохирогчийн гэрт нь халдаж орсноор гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож, орон байрнаас гарснаар гэмт хэрэг төгссөн гэж үзэхээр байна. ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гэж үзэж байгаа. Шүүгдэгч Д.Аын хувьд Хаш-Эрдэнийн араас гараад барьж авахад нь Х түүнийг зугтах зорилгоор цохисон. Ингээд Д.Аын хувьд зөрүүлж цохисон асуудал яригддаг. Энэ бүх асуудлыг аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд хохирогч болон шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогч Э.У, шүүгдэгч Д.А түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын давж заалдах гомдлыг үндэслэн С.Б, М.Х, Д.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч С.Б, М.Хнар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар баг _____тоот хашаанд байх иргэн Э.Уын эзэмшлийн байшингийн хаалгыг түгжээтэй болохыг мэдсээр байж, түүний зөвшөөрөлгүй цонхоор орж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэг,

Шүүгдэгч Д.А нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар баг _____тоот хашаанд хохирогч М.Х-г найз охин Э.Уын гэрт зөвшөөрөлгүй орсон шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж М.Х-ийн биед хоёр талын хөмсөгний хоорондох няцарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт, шүүгдэгч С.Б, М.Х, Д.А нарын өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Уын мэдүүлэг, гэрч А.Тэнгис, Х.Соёл-Эрдэнэ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 196 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилсэн байна.

Шүүх шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, шүүгдэгч С.Б, М.Хнарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Ат тухайн зүйл хэсэг дэх торгох ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Б, М.Хнарт тухайн зүйл хэсэгт зааснаар тус бүрт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Хохирогч Э.У “...миний найз залуу болох Д.Аын хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэх, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын “... шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж, шүүгдэгч Д.Ат ял халдаасан” гэх гомдлын тухайд:

Анхан шатны шатны шүүх Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөв тайлбарлаж, үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна. Аргагүй хамгаалалт нь тухайн үед довтолгоон эхэлж буй нь хэн бүхэнд илэрхий болсон, аюултай шинжтэй, хариу хамгаалалт хийхгүй л бол аюул учрах нөхцөл байдалд хийгддэг бол довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй юм.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Х.Соёл-Эрдэнийн “...Уын хашааны урд талын хаалган дээр ирэхэд А наад машиныхаа марк дугаарыг хараад хэл гэсэн, тэгээд харахад цагаан өнгийн Простер маркийн 28-09 дугаартай машин байна гэж хэлтэл Анхаа аан мөн байна гэсэн.  ...Хоёр давхар руу өгсдөг шатны доор Х гэх манай сумын цахилгаанчин “чшш” гээд долоовор хуруугаа хамрынхаа урд гозойлгоод зогсож байснаа шууд зөрөөд гарсан. Тэгтэл Анхаа дээрээс буунгаа наадхаа бариад ав гээд араас нь гүйгээд гарсан. ...” гэх мэдүүлэг, гэрч А.Тэнгисийн “...хашааг даваад ороход А, Х хоёр барьцалдаад цохилцоод байсныг Соёлоо салгахад У хажууд нь зогсож байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Э.Уын “...Д.А бид хоёр гэрт орж ирсэн хүний араас хөөгөөд барьж авахад М.Хах байсан бөгөөд Х ах эргэж хараад Д.Аыг цохиход Д.А зөрүүлээд цохисон...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч М.Х-г хохирогчийн гэрээс гараад явж байхад  Д.А араас нь очиж улмаар түүний нүүрэн тус газарт цохих үйлдэл хийж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Иймд хохирогч Э.У, шүүгдэгч Д.А түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн хохирогч Э.Уын мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч С.Б, М.Хнараас нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн тэднийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Харин Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлд шүүгдэгч С.Б, М.Хнарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Д.Аын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус хамаарч байгаа бөгөөд тэрээр гэм буруугаа зөвшөөрсөн, төлөх төлбөргүй байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б, М.Хнар оногдуулсан тус бүрийн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Д.Ат оногдуулсан дөрвөн зуун тавин мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох  ялыг  тус тус өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.Б, М.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрийн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.” гэсэн заалт нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын 3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Э.У, шүүгдэгч Д.А түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын давж заалдах гомдлыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.ДОЛГОРМАА

                           ШҮҮГЧИД                                                         З.ЭНХЦЭЦЭГ

                                                    С.ОЮУНТУНГАЛАГ