Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар  109/ШШ2023/0011

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Г.Б нарын хоорондын Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/507 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Б,  гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б, Т.Ц,  шинжээч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас нь “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/507 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байна.

 

2. Анх  Архангай аймгийн Засаг дарга 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/260 дугаар захирамжаар 2013 оны 5 дугаар сарын 27, 29-ний өдрүүдэд явагдсан төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмших эрх авсан аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэмжээ, зориулалт, байршлыг хавсралтаар баталсны 1 дүгээрт “М” ХХК-д 0.4 га газрыг зочид буудлын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

 

3. Архангай аймгийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсгийн 40.1.6.-д заасныг тус тус үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил дараалан ашиглаагүй  иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг хавсралтаар хүчингүй болгосны дотор 3 дугаарт “М” ХХК-ийн эзэмшиж байсан 4000м2 газар орсон. (1 дүгээр хавтаст хэргийн 78 дахь тал)

4. Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/92 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэн Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжийн 3 дугаарт бичигдсэн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

5. Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/507 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., 29 дүгээр зүйлийн 29.3. дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/92 дугаартай захирамжийг хүчингүй болгожээ.

6. Ийнхүү нэхэмжлэгч “М” ХХК-иас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/507 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага гарган маргажээ.

7.  Нэхэмжлэгч “М” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/92 тоот захирамжийн хүрээнд нэхэмжлэгч талын хууль ёсны эрх, ашиг сонирхол буюу газар эзэмших, барилга байгууламж барих, өмчлөх, ашиглах эрх бий болсон байсан. Энэхүү захирамжийн дагуу нэхэмжлэгч тал хөрөнгө мөнгө зарцуулан барилга баригдахад шаардагдах зураг төсөл хийсэн, цахилгааны, цэвэр бохир усны техникийн нөхцөлүүдээ эрх бүхий байгууллагуудаас батлуулж, эзэмшил газраа тойруулан хашаа барьсан зэрэг буудал барихад шаардлагатай бүх бэлтгэл ажлаа явуулсан. Гэтэл “М” ХХК-ийн эзэмшилд байх газар эзэмших эрхийг олгосон аймгийн Засаг даргын захирамжийг мөн Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/570 тоот захирамжаар хүчингүй болгосон тухай 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 99029332 дугаарын утаснаас Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргал гэж өөрийгөө танилцуулсан хүн нэхэмжлэгч талын менежер Б.Баярсайханы 99061883 утсанд залгаж мэдэгдэн, хуулбарыг цахим орчин ашиглан явуулснаар анх мэдсэн. Нэхэмжлэгч тал маргаж буй А/570 дугаар захирамжийг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 26.1., 27.2., дахь хэсэгт заасан сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй, мөн хуулийн 47.1.1., 47.1.6. дах хэсгүүдийг зөрчсөн гэж үзнэ. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/507 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.” гэжээ

 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/507 тоот захирамжид холбогдуулан захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/92  тоот захирамжийн хүрээнд нэхэмжлэгч М ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол буюу газар эзэмших барилга байгууламж барих, тус байгууламжийг өмчлөх, ашиглах эрх бий болсон. Энэхүү захирамжийн дагуу нэхэмжлэгч тал хөрөнгө мөнгө зарцуулан барилга баригдах, шаардагдах газарт зураг төсөл хийлгэсэн. Цахилгаан, цэвэр, бохир усны техникийн нөхцөлүүдээ эрх бүхий байгууллагуудаар батлуулж, эзэмшил газраа тойруулан хашаа барьсан зэрэг буудал барихад шаардлагатай бүхий л бэлтгэл ажлаа явуулж байсан. Гэтэл М ХХК-ийн эзэмшилд байх газар эзэмших эрхийг олгосон аймгийн Засаг даргын захирамжийг Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/507 дугаартай захирамжаар хүчингүй болгосон тухай 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 99029332 дугаараас Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Отгонжаргал компанийн менежерт мэдэгдэж, хуулбарыг цахимаар явуулсан. Маргаан бүхий захиргааны акт нь Архангай аймгийн Засаг даргын захирамж байсан тул бид нар дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргахгүйгээр шүүхэд хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талын ашиг сонирхлыг зөрчсөн үү маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.2 дахь хэсэгт зааснаар сонсох ажиллагаа хийгээгүй. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-т заасан нөхцөлүүдийг зөрчиж гарсан байна гэж үзэж байгаа. 47 дугаар зүйлийн 47.1.1-т илт утга агуулгын хувьд илэрхий алдаатай, 47.1.6-т зааснаар эрх зүйн үндэслэлгүй байна. Хэдийгээр Засаг дарга өөрөө Нэгжийн тухай хуульд заасны дагуу захирамжийг хүчингүй болгох эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлэхийн тулд хуульд заасан үндэслэл бүрдэх ёстой. Хуульд заасан үндэслэл байхгүй байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1.6-т зааснаар нөхцөл байдлыг хангана. ... Хариуцагч болон гуравдагч этгээд нар 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаартай захирамжийг иш татаж А/507 дугаартай захирамж үндэслэлтэй байх эсэх асуудалд. Гэтэл энэ хэргийн маргаан тодорхой. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас өөрт ашигтай байдлаар дутуу ярьж байна. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь хуанли тоогоор 2 жил болсон. Гэтэл газар эзэмших гэрээ хийгдсэнээс хойш тоолдог Дээд Шүүхийн тогтоолтой. 2013 онд газар эзэмшүүлж 2015 онд газар эзэмших гэрчилгээ гарч 2021 онд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан юм билээ. Газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй байж газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж тайлбарлаж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Өнөөдрийн маргааны зүйл болсон 507 дугаартай захирамж өөрөө яагаад үндэслэлгүй байна, яагаад илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна вэ гэхээр Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 29.2, 29.3 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг дарга өөрийнхөө эрхийн хүрээнд гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т зааснаар эрхээ хэрэгжүүлэхэд тодорхой үндэслэл бүрдсэн байх ёстой. Гэтэл үндэслэл бүрдээгүй байхад гаргасан. Өөрөөр хэлбэл 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ хийж “М” ХХК-ийн газар эзэмшүүлэх эрх гэрээ байгуулагдсанаар үүргээ хүлээж хугацаа тоологдож ажиллагаа явагдаж байгаа. Гэтэл энэ ажиллагааг явуулж байгаа нь өөрөө Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны даруу тодорхой үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцлах асуудал яригдана. Хэдийгээр маргаан бүхий акт нь захирамжийг хүчингүй болгож байгаа боловч агуулгын хувьд газар эзэмших эрхийг цуцалж байгаа ийм акт байдаг. Гэтэл үндэслэл бүрдээгүй, ямар үндэслэлээр дуусгавар болгож байгаа нь байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6. дахь заалтад заасны дагуу Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл бүрдээгүй ийм шинжийг агуулж байгаа. Хариуцагч нар хэлж байна өмнөх 92 дугаартай захирамжийг ямар үндэслэлээр гарсныг мэдэхгүй байна гэж. Ямар үндэслэлээр гарсныг мэдэхгүй бол яагаад хүчингүй хууль бус захирамж гэдгийг нь мэдээд байгаа юм. Гэтэл 507 дугаартай захирамж ямар үндэслэлээр гарсныг би ч мэдэхгүй байна.. Тодорхой үндэслэл байж эрхийнхээ хүрээнд хүчингүй болно. Хугацааны дагуу ашиглаагүй юм уу эсхүл 92 дугаартай захирамж нь үндэслэлгүй хууль бус захирамж гэдгийг хэн нэгэн нь тогтоогдсон юм уу. Засаг дарга өөрөө тогтоож байгаа бол яагаад үндэслэлгүй талаар тогтоож байгааг захирамжид тусгагдаагүй, хэрэгт баримт авагдаагүй байна. Энэ үндэслэлээр тухайн маргаан бүхий захиргааны акт А/507 дугаартай захирамж нь өөрөө гарах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байсан байна гэсэн үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Сонсох ажиллагаа явагдаагүй талаар тухайн захиргааны акт гарч байгаатай холбогдуулан ямар алдаа дутагдал байна вэ гэдгийг нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлдээ бичсэн. Хариуцагчийн тайлбарлаж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасныг гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар дэмжиж тайлбарлаж байна. Гэтэл өргөдөл, гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Магадгүй өргөдөл, гомдол гаргаж байгаа хүмүүсээс гишүүнд мэдэгдэхгүй байж болно. Эрх ашиг нь зөрчигдөж буй “М” ХХК-д мэдэгдэх ёстой ийм зохицуулалттай асуудал байгаа. Ийм учраас үндсэн агуулгын хувьд газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл бүрдээгүй байсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6. дахь хэсэгт заасны дагуу мөн газар эзэмших эрхийг цуцлах тодорхой үндэслэл бүрдээгүй байсан байна гэдгийг хариуцагч нар ч мэдэхгүй байна.” гэв.

9. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2013 оны А/260 дугаар захирамжаар “Булган хангай” хороололд байрлах 4000м2 газар эзэмших эрхийг “М” ХХК-д олгосон. Гэвч газар эзэмших хугацаандаа зориулалтын дагуу ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Улмаар тус газрын 1200м2 газрыг “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах” журмын дагуу сонгон шалгаруулж Аймгийн засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн А/352 дугаар захирамжаар иргэн Г.Бт олгосон боловч аймгийн Засаг дарга төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийг үндэслэлгүй байна гэж үзэн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/45 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Иргэн Г.Б нь “Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд” аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай“ А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 109/ШШ2021/0041 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон. “М” ХХК нь эзэмшиж байх хугацаандаа зориулалтын дагуу ашиглаагүй байхад газрын эрхийг ахиж сэргээсэн захирамж нь хуульд нийцэхгүй байгаа тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/92 дугаартай “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” аймгийн Засаг даргын захирамжийг, аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/507 дугаартай захирамжаар хүчингүй болгосон. Мөн Аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/507 дугаартай захирамж нь утга агуулгын хувьд тодорхой бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан Захиргааны акт илт хууль бус болох үндэслэлд хамаарахгүй байна. Иймээс “М” ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ. 

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх М ХХК-д 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/260 дугаартай захирамжаар тус захирамжийг эзэмшүүлсэн байдаг. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 12-ны А/463 тоот захирамжаар М ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан үндэслэлээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил дараалан ашиглаагүйн улмаас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/92 тоот захирамжаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон энэ захирамжийг гаргасан. Тиймээс Засаг даргын зүгээс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр А/507 дугаартай захирамжаар дээрх 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/92 тоот захирамж нь өөрөө хууль тогтоомжид нийцээгүй, хууль бус захирамж гэж үзэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд хүчингүй болгосон. Нэхэмжлэгч талаас илт хууль бус захиргааны акт гэж ярьж байна. Гэхдээ илт хууль бус захиргааны акт болохын тулд 47 дугаар зүйлд заасан аль нэг шаардлагыг хангасан байх ёстой. Засаг дарга нь өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд өмнөх Засаг даргын захирамж нь хууль бус буюу тухайн этгээд 2 жилийн хугацаанд тухайн газраа ашиглаагүй гэсэн үндэслэлээр тухайн захирамжийг хүчингүй болгосныг сэргээж байгаа нь хууль бус гэж үзэж өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргасан. Энэ захирамж нь утга агуулгын хувьд хэн ч уншихад ойлгомжтой буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хууль бус захиргааны актад хамаарахгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

11. Хариуцагчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анх 2013 онд уг газрыг М ХХК-д олгосон боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр уг газраа 2 жилийн хугацаанд ашиглаагүй. Энэ үндэслэлээр 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 тоот захирамжаар М ХХК-д олгосон 4 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тухайн үед М ХХК-иас гомдол нэхэмжлэл гаргаж ямар нэгэн маргаан үүсгээгүй. Энэ захирамж нь хүчинтэй хэвээр байсан. Үүний дараа Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн захирамж гарч 1200 метр квадрат талбайг иргэн Бт эзэмшүүлсэн. Үүний дараа А/45 дугаартай захирамжаар Бын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А/666 дугаартай захирамжаар мөн 45 дугаартай захирамжийг хүчингүй болгосон нөхцөл хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа. Нэхэмжлэгч М ХХК-иас дахин 4000 метр квадрат газрыг хүндэтгэн үзэх шалтгаанаар ашиглаагүй байхад хүчингүй болгочхоод ямар үндэслэлээр сэргээсэн нь тогтоогдоогүй байхад хууль тогтоомжид нийцээгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/507 дугаартай захирамжаар М ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй гэж үзэж байгаа. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг даргын захирамж нь өөрөө хуульд нийцээгүй бол өөрөө өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй. Хуульд заасан зохицуулалтын хүрээнд Засаг дарга захирамжаа гаргасан нь үндэслэлтэй байгаа. Үүнээс гадна анх 2013 онд Засаг даргын захирамж гарч М ХХК-д газар олгосон боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ба түүнээс дээш дараалан ашиглаагүй учраас хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл М ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын А/463 дугаартай захирамж гарснаар М ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсноор газар эзэмших эрх дуусгавар болохоор заасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Иймд дээрх үндэслэлээр М ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 тоот захирамж үндэслэлтэй байхад ямар шалтгаанаар хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэж М ХХК-ийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь өөрөө ойлгомжгүй, үндэслэлгүй ийм нөхцөл байдлыг бий болгосон. Учир нь А/463 тоот захирамжаар нэлээдгүй олон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрхийг олгосон. Уг захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгохдоо зөвхөн яагаад М ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэдэг нь тодорхойгүй байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг дарга захирамжаа өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй. Уг хуулийн зохицуулалтаас харахад хүчингүй болгох урьдач нөхцөл нь тухайн Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй байхыг шаардана. Гэтэл Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 тоот захирамж нь ямар хууль тогтоомжид нийцэхгүй байгаа юм бэ гэсэн үндэслэл байхгүй байна. Эзэмшүүлэхээр олгосон газрыг 2 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй нь үнэн. Үүнтэй М ХХК нь маргаагүй. Харин хууль тогтоомжид нийцээгүй биш эсрэгээрээ тухайн захирамж нь хууль тогтоомжид нийцсээр байтал яагаад үүнийг хүчингүй болгосон бэ гэдэг нь тогтоогдоогүй тодорхойгүй байгаа учраас энэ захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсэгт зааснаар 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон учраас хуулийн хүрээнд гарсан гэж А/507 дугаартай захирамжийг үзэж байгаа. Үүнээс гадна 2017 онд М ХХК-ийн газар эзэмших эрх нь дуусгавар болсон байхад Засаг дарга дахин захирамж гаргаж энэ хууль тогтоомжид нийцээгүй байна гэж тухайн газрыг сэргээх асуудал байхгүй. Нэгэнт газар эзэмших эрхийн хугацаа дууссан учраас анхнаасаа газар эзэмших эрхгүй гэж үзнэ. Хэрэв татгалзаж байгаа бол ямар үндэслэлээр татгалзах юм эсхүл төсөл сонгон шалгаруулалт явуулах юм уу дуудлага худалдаа явуулах юм уу гэх байдлаар буцааж тухайн газрыг олгох байтал хүчингүй болсон, анхнаасаа газар эзэмших эрхгүй байхад Засаг дарга өөрөө захирамж гаргаж сэргээх асуудал байж болохгүй. Үүнээс гадна мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэлээр явуулаагүй гэж тайлбартаа хэлж байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд мэдэгдэх, сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдлуудыг заасан. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд” сонсох ажиллагаа хийхгүй байж болохоор заасан. Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга болон Засаг дарга нарт хаягласан 7447 тоот албан бичиг байгаа. Энэ албан бичгийн агуулгаас харахад хууль бусаар аж ахуйн нэгжүүдэд олгосон газарт иргэдийн санал, гомдол их ирж байна. Энэ байдлыг судалж үзээд холбогдох арга хэмжээг аваач гэснийг Улсын Их Хурлын гишүүн Бээс ирүүлсэн байгаа. Үүний хүрээнд судалж үзээд ажлын хэсэг байгуулж М ХХК-д олгосон газар эзэмших эрхийг ахин сэргээсэн үйлдэл нь хууль бус байна гэдэг нөхцөл байдал тогтоогдсон учраас үүний хүрээнд Засаг дарга захирамжаа гаргасан учраас сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж хариуцагч талаас үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг харахад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6-т заасныг зөрчсөн учраас илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэсэн нөхцөл байдал огт тогтоогдохгүй байгаа.  Нэхэмжлэлийн шаардлагаас харсан ч ямар үндэслэлээр утга агуулгын хувьд илэрхий алдаатай  гэснийг тайлбарлаагүй. Мөн ийм нөхцөл байдал огт тогтоогдохгүй байгаа. 47.1.6-т заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг нөхцөл байдалд хамаарахгүй.  Засаг дарга хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд уг захирамжийг гаргасан нь хуульд нийцэж байгаа. Илт хууль бус болохыг тогтоолгох 47.1.6-т заасан нөхцөл байдал мөн адил хамаарахгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

12. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж хуульчилсан. Тэгэхээр өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэх асуудал нь М ХХК-ийн гаргасан Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/507 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх Агуулсан эсэх асуудлын хүрээнд өнөөдрийн шүүх хуралдааныг хэлэлцүүлнэ. А/507 тоот захирамж нь 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр М ХХК-д 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг олгосон. Энэ олгосон захирамжаа Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн А/463 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэснийг үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ захирамжаа 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/97 тоот захирамжаар хүчингүй болгож, нэг ёсондоо газар эзэмших эрхийг сэргээсэн. Тэгээд 507 дугаартай захирамжаар эргээн хүчингүй болгосон ийм нөхцөл байгаа.  М ХХК нь зориулалтын газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүйтэй холбоотой 507 дугаартай захирамжаар шийдсэн. Хавтаст хэргийн материалд авагдсан баримтаар М ХХК нь зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглачхаад байхад газар эзэмших эрхийг дуусгавар болгосон гэдэг агуулгаар маргаж байгаа гэж ойлгож байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2013 онд газар эзэмших эрхийг олгосноос хойш 2021 он хүртэл газартай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан гарсан зардалтай холбоотой баримт хавтаст хэргийн материалд байхгүй байгаа. Нэхэмжлэлдээ ч дурдсан өмгөөлөгч нь сая хашаа хатгасан техникийн нөхцөлөө авчирсан гэж тайлбарлаж байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2021 онд болсон үйл явдлын талаар яриад байна.  Тиймээс энэ хүсэлт нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг хийгээгүй гэж байна. Захиргааны акт өөрөө хуульд зааснаар сонсох ажиллагааг явуулаагүй учраас энэ акт гарах ёсгүй байсан гэж тайлбарласан. Дараагийн үндэслэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-т зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй гэсэн байна. Түрүү миний дурдсанаар 2 жил дараалан газар дээрээ үйл ажиллагаа явуулж шаардлага гаргаж байхад 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон үйл баримт хавтаст хэргийн материалд байхгүй байгаа. Нэхэмжлэгч талаас ямар үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 15 дугаартай тогтоолоор Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тогтоолын 1.10-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдэг үйл баримтыг тайлбарласан. Нэхэмжлэгчид анх газар эзэмшүүлсэн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар газар эзэмшүүлснээс хойш 2015 оны 6 дугаар сар хүртэл ямар хүндэтгэн үзэх шалтгаан байгаагаа тогтоогоогүй. 2017 онд газар эзэмших эрхийг хүчингүй болгох үед ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгийг тогтоогоогүй. 2 жил дараалан ашиглаагүй гэсэн агуулгаар А/507 дугаартай захирамжаар нэхэмжлэгч М ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцнэ. Харин энэ захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-т заасан шинжийг агуулсан хууль бус захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэл алга. Энэ шинжийг агуулж байна гэснийг нотолсон баримт хавтаст хэргийн материалд байхгүй. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

13. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “Тухайн эрх зүйн акт нь яагаад хүчин төгөлдөр байгаа талаар товчхон тайлбар хэлье. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 07 дугаартай тогтоолоор аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Тус төлөвлөгөөний 2.4-т Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Б хороолол О урд 1200 метр квадрат газрыг зочид буудлын зориулалтаар төсөл сонгон шалгаруулах журмаар эзэмшүүлэхээр болсон байдаг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх замаар тухайн Эрдэнэбулган сумын Засаг дарга 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төсөл сонгон шалгаруулалт зарлагдсан. Тухайн төсөл сонгон шалгаруулалтад хэн нэгэн этгээд оролцоогүй учраас дахин Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр А/410 дугаартай захирамжаар өмнө нь дурдсан газарт 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр  төсөл зарлагдсан. Уг төсөлд гуравдагч этгээд болон Б гэсэн иргэн хуулийн этгээд оролцсон байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг томилж, ажлын хэсэг холбогдох хуульд зааснаар ашиг сонирхлын зөрчилгүй гэдгийг илэрхийлж ажлын хэсгийн үнэлгээнд заасны дагуу Засаг дарга 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн А/352 дугаартай захирамжаар гуравдагч этгээд Г.Бт тээвэрчдийн гудамд байрлах 1200 метр квадрат газрыг эзэмшүүлсэн байдаг. Ингээд энэ газартай холбоотой асуудлаар түрүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлэлцүүлсэн. Энэ нь өөрөөр хэлбэл тухайн газартаа зориулалтын дагуу ашиглах зураг төслийн ажил хийгдээд явагдаж байхад 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр маргаан бүхий А/45 дугаартай захирамж гарсан. Энэ захирамжтай холбоотой асуудалд нэхэмжлэгчийн хувьд маргасан. Маргах явцад 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаартай захирамж гарсан. Уг захирамжаар А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл 2019 оны А/352 дугаартай захирамжийг А/45 дугаартай захирамжаар хүчингүй болгож, хүчингүй болгосон захирамж 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаартай захирамжаар хүчингүй болгосон. Энэ захирамжаар хүчингүй болгосон асуудал нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд оролцож нэхэмжлэлийн шаардлага гаргаж анхан болон давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Гэхдээ энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Бын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан. Өөрөөр хэлбэл Г.Бт олгосон газар эзэмшүүлэх эрх нь сэргэсэн учраас тухайн захирамж хүчин төгөлдөр байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон. Тиймээс энэ хэрэгт эрх ашиг сонирхол нь хөндөгдөж гуравдагч этгээдээр оролцох нь зүйтэй гэж үзэж байна. Мөн энэ хэрэгт гуравдагч этгээдийн хувьд зураг төслийг хийлгүүлж 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 26/20 дугаартай гэрээ, энэ гэрээний дагуу холбогдох төлбөрөө төлсөн ийм үйл баримтууд байгаа. Нэхэмжлэгч 2021 оны маргаан бүхий А/507 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл хуучин хуулийн 46.1, шинэ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан үндэслэлээр маргаж байгаа. Илт хууль бус болохыг Улсын Дээд Шүүхээс 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай тогтоолоор тайлбарласан. Захиргааны акт албан тушаалтны харилцааг хуулиар зохицуулаагүй байхад хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчиж, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоохоор гаргасан бол, гэтэл Нэгжийн тухай хуульд зааснаар хууль бус актыг хүчингүй болгуулах, эсхүл шүүх хүчингүй болгуулах тохиолдол бий Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.6-т заасан үндэслэл байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хувьд хангагдах боломжгүй юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

14. Шинжээч Архангай аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхээс Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрыг шинжээчээр томилж, түүний дагуу Газрын даргын тушаалаар томилогдсон. Тухайн газарт гарсан захирамж, бичиг баримт, мөн газарт үзлэг хийж дүгнэлтээ гаргасан. М ХХК-д олгогдсон 4000 метр квадрат газар, иргэн Бт олгогдсон 1200 метр квадрат газар нь бүхэлдээ давхацсан байсан гэсэн дүгнэлт гарсан. Хоёрдугаарт шинээр илэрсэн нөхцөл байдлын асуудлаар Ц гэдэг хүнтэй гэрээ байгуулж 3732 метр квадрат газрыг 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж олголт нь хийгдсэн гэдэг байдлаар дүгнэлтдээ тусгаж өгсөн байгаа. М ХХК-д олгогдсон 4000 метр квадрат газар, иргэн Бт олгогдсон 1200 метр квадрат газар иргэн Бт олгогдсон 1200 метр квадрат газар нь зүүн өмнөд хэсгээрээ бүхэлдээ давхацсан байсан нь кадастрын зургаас харагдана гэв. Хэн нь түрүүлж газар авсныг дүгнээгүй, энэ 2 хүний газар давхцалтай байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ хүний асуудал шүүхэд маргаантай байгаа учраас хойш тавья гэдэг байдлаар байгууллагын зүгээс хойш тавьсан. Шүүх яаж шийднэ, шүүх эцсийн шийдвэрийг гаргана, тэрийг харж энэ асуудал шийдэгдэнэ ...Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө тэр жилдээ хэрэгжих ёстой.” гэв.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:

1. “М” ХХК-ийн газар эзэмших эрхийн тухайд,

 

1.1. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоолоор аймгийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөний хавсралт 13 дугаарт Эрдэнэбулган сум Нисэх буудлын чөлөөлөгдсөн талбайд 0.4 га таван одтой зочид буудал, үйлчилгээний зориулалттай газрыг төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгохоор төлөвлөжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 42 дахь тал)

 

1.2.  Архангай аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/98 дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт, хугацаа, явагдах өдрийг хавсралтаар баталж, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/197 дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнийг томилсон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал, 56 дахь тал )

 

1.3. Улмаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах комиссын нэгдсэн дүгнэлтэд 5 одтой зочид буудлын газарт 1 төсөл буюу “М” ХХК-наас ирсэн. 5 одтой зочид буудал байгуулах төсөл нь нийт үзүүлэлтүүдийг 72.1%-ийг хангасан тул уг шалгаруулалтад тэнцсэн болно. Иймд комиссын дүгнэлтээр “М” ХХК-ийн 5 одтой зочид буудал байгуулах төслийг шалгаруулалтад тэнцсэн талаар аймгийн Засаг даргад танилцуулахаар шийдвэрлэв гэж тэмдэглэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн  57 дахь тал)

 

1.4.  Архангай аймгийн Засаг дарга 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/260 дугаар захирамжаар 2013 оны 5 дугаар сарын 27, 29-ний өдрүүдэд явагдсан төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмших эрх авсан аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэмжээ, зориулалт, байршлыг хавсралтаар баталсны 1 дүгээрт “М” ХХК-д 0.4 га газрыг зочид буудлын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн  76-77 дахь тал)

 

1.5. Архангай аймгийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил дараалан ашиглаагүй  иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг хавсралтаар хүчингүй болгосны дотор 3 дугаарт “М” ХХК-ийн эзэмшиж байсан 4000м2 газар оржээ. (1 дүгээр хавтаст хэргийн  78 дахь тал)

 

1.6. Улмаар тус газар нь 2018 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зочид буудал барих зориулалтаар тусгагдаж, аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн А/352 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар иргэн Г.Бт олгогдсон байна.

 

1.7. Тус аймгийн Засаг дарга 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/92 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжийн 3 дугаарт бичигдсэн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн  79 дэх тал)

 

1.8. Улмаар Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/507 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., 29.3 дахь хэсгийг үндэслэн аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/92 дугаартай захирамжийг хүчингүй болгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 80 дахь тал)

 

1.9. “М” ХХК нь 2014 онд 40.000, 2017 онд 80.000 төгрөгийг газрын төлбөрт төлсөн, 2019 оноос хойш газрын төлбөрийг төлөөгүй байна.

 

2. Гуравдагч этгээд Г.Бын газар эзэмших эрхийн тухайд,

 

2.1. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар тогтоолоор аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсны хавсралт 14 дүгээрт Эрдэнэбулган суманд Б хороолол О газрын урд 0.1200м зочид буудлын зориулалттай газрыг төсөл сонгон шалгаруулалтын журмаар олгохоор баталжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 83 дахь тал)

 

2.2.  Архангай аймгийн Засаг дарга 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/440 дүгээр захирамжаар 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт дахин явуулахаар шийдвэрлэж, 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулан 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 16:00 цагт төсөл сонгон шалгаруулахаар томилжээ. (1 дүгээр хавтаст хэргийн  85-87, 88 дахь тал)

 

2.3. Улмаар дээрх өдөр төсөл сонгон шалгаруулалт явагдаж, Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Б хороолол, О газрын урд зочид буудлын талбайн зориулалтаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад Батзүрх ХХК, иргэн Г.Б нар оролцож, иргэн Г.Б 53.28 оноо авсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 100 дахь тал)

 

2.4. Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл дүгнэлт хэсэгт ... Б хороолол О урд зочид буудлын зориулалттай 1200м2 газарт Б ХХК 51.9, иргэн Г.Б 53.2 оноогоор дүгнэгдсэн хэдий боловч уг 2 төсөл нь эскиз зураг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцээгүй, төлөвлөлтийг байршилд хийгээгүй, төсөлд тавигдах ерөнхий шаардлагад 2 төсөл 2 уулаа нийцээгүй гэж үзлээ ... гэж тэмдэглэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 106-110 дахь тал)

 

2.5. Архангай аймгийн Засаг дарга 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн А/352 дугаар захирамжаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр явагдсан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан иргэн, аж ахуй нэгж байгууллагын газрын хэмжээ, зориулалт, хугацаа, байршлыг хавсралтаар баталсны 1 дүгээрт Г.Б 0.12м2 газрыг зочид буудлыг зориулалтаар Тээвэрчдийн гудамж 8,824 гэх байршил бүхий газарт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр баталжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 116-117 дахь тал)

 

2.6. Иргэн Г.Б нь 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1200м2 газрыг зочид буудлын зориулалтаар эзэмших 000057634 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 118-122 дахь тал)

 

2.7.  Тус Архангай аймгийн Засаг дарга маргаан бүхий 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/45 дугаар захирамжаар Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар байгуулагдсан төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэлгүй, иргэн Б.Бт эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хүчингүйд тооцсон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 127 дахь тал)

 

2.8. Дээрхи А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар маргаан үүсгэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШЗ2023/0293 дугаартай шүүгчийн захирамжаар иргэн Г.Бын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэргийг тус шүүхийн  2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 109/ШШ2022/0094 дүгээр шийдвэрээр Г.Бын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэж, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 221/МА2022/0701 дүгээр магадлалаар шийдвэрлэсэн байна.

2.9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус хэргийг  эцэслэн шийдвэрлэгджээ.

 

3.  Нэхэмжлэгчийн гаргасан Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/507 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд,

 

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсгийн 3.1.3.-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, .. захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарахыг ойлгох бөгөөд мөн хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна: захиргааны акт, .., илт хууль бус болохыг тогтоолгох, .. нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн байхыг шаарддаг.

 

3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасан тул  “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/507 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

3.3. Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/507 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., 29 дүгээр зүйлийн 29.3. дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/92 дугаартай захирамжийг хүчингүй болгожээ.

3.4.  Архангай аймгийн Засаг даргын  2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/92 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэн Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжийн 3 дугаарт бичигдсэн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3.5. Улмаар тус аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсгийн 40.1.6.-д заасныг тус тус үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил дараалан ашиглаагүй  иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг хавсралтаар хүчингүй болгосны дотор 3 дугаарт “М” ХХК-ийн эзэмшиж байсан 4000м2 газар оржээ. (1 дүгээр хавтаст хэргийн 78 дахь тал)

 

3.6. Үүнээс дүгнэхэд, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/507 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

3.7. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 29.3. дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.” гэж заасан.

 

3.8. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:” 47 дугаар зүйлийн 47.1.1.-т “утга агуулгын илэрхий алдаатай;” гэж зааснаар тус аймгийн Засаг дарга маргаан бүхий А/507 дугаар захиргааны актыг гаргахдаа хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдсэн, дээрхи акт нь хоёрдмол утгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байх үндэслэл тогтоогдсонгүй.

 

3.9. Түүнчлэн маргаан бүхий актыг найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэж тооцохгүй.

 

3.10. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6. дахь хэсэгт “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны алдааг илэрхийлэхгүй, харин захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг хэрэгжүүлээгүй ноцтой зөрчлүүдийг хамааруулна.

 

3.11. Тухайлбал, сумын Засаг дарга нь аймгийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах асуудлаар шийдвэр гаргасан, эсхүл захирамжид огт хууль зүйн үндэслэл дурдаагүй, эсхүл Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд үл хамаарах үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгосон бол хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдсан, илэрхий хууль бус бөгөөд гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй, уг захиргааны актаар бий болгосон эрх үүргийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэггүй, мөн захиргаа түүнийг хэрэгжүүлэх ёсгүй үр дагавар үүсгэх ноцтой алдаатай гэж үзэж, захиргааны актыг дээрх үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж тооцдог.

 

3.12.  Архангай аймгийн Засаг дарга нь 2021 оны 8 дугар сарын 31-ний өдрийн А/507 дугаар захирамжийг гаргахдаа “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... өөрчлөх буюу хүчингүй болгоно.” гэж Засаг даргын эрх хэмжээг тодорхойлсон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтад үндэслэсэн байна.

 

3.13. Түүнчлэн ... эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 26.1., 27.2. дахь хэсэгт заасан сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгдээгүй, мөн хуулийн 47.1.1. 47.1.6. дахь хэсгүүдийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

3.14. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэх үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасны дагуу “утга агуулгын илэрхий алдаатай”,  мөн хуулийн 47.1.6.-д заасны дагуу энэ актыг “  захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй,”  байх шинжийг агуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ үндэслэлээр уг актыг гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй илт хууль бус  гэж дүгнэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2. -т заасны дагуу шүүхээс уг актыг “илт хууль бус болохыг тогтоох” үндэслэлгүй байна.

3.15. Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжаар эрх зөрчигдсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх гэж мэдүүлсэн боловч энэ талаар нэхэмжлэлээ бичгээр гаргаагүй, хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны шатанд тайлбар гаргасан бөгөөд өөрийн эрх зөрчигдсөн гэж үзвэл тухайн актын талаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг тэмдэглэв.

 

3.16. Иймд дээрхи хууль зүйн үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт нь  илт хууль бус болохыг тогтоох шинжийг агуулаагүй байх тул нэхэмжлэгч “М” ХХК-иас гаргасан Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/507 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3., 106 дугаар зүйлийн 106.3. дахь хэсгийн 106.3.14., 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                 ТОГТООХ  нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2 дэх хэсгийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсгийн 47.1.1., 47.1.6.-д  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/507 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3. дахь хэсэгт заасныг баримтлан 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаартай шүүгчийн захирамжаар маргааны бүхий А/507 дугаар захирамжийн биелэлтийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн нь дуусгавар болсныг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ОДОНТУЯА