Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0584

 

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0584

Улаанбаатар хот

 

 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б

 

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Г.Б

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11 дугаартай;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.П,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Баттулга, Т.Ц нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 109/2021/0051/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК-аас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/507 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

 

2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0011 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106 дугаар зүйлийн 106.3. дахь хэсгийн 106.3.14., 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дэх хэсгийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсгийн 47.1.1., 47.1.6.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХХК-иас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/507 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0011 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

3.1. Нэхэмжлэгч “М” ХХК нь Архангай аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/260 дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмших 0,4 га газрыг зочид буудлын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, тус аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/92 дугаар захирамжаар газар эзэмших эрх сэргэж, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан. Гэтэл Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/507 дугаар захирамжаар “М” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/92 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

3.2. Архангай аймгийн Засаг даргын 2021 оны А/507 дугаар захирамж нь эрх зүйн алдаатай, илт хууль бус захирамж гэдэг нь уг захирамжид нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаа талаарх эрх зүйн үндэслэл огт тусгагдаагүйгээс харагдах бөгөөд энэхүү алдааг захирамжийг харсан газар эзэмшихтэй холбоотой харилцаанд орж буй хэн ч харсан илэрхий, тодорхой байна. Учир нь газар эзэмших, ашиглах эрх түүнтэй холбогдсон харилцааг Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулдаг. Уг хуульд заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан байна. Гэтэл А/507 дугаар захирамжид эрх зүйн ямар нэг үндэслэл заагаагүйн улмаас Газрын тухай хуулийн 39, эсхүл 40 дүгээр зүйлд заасан ямар үндэслэл үүссэн болох нь тодорхой бус болж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдөж байна. Мөн энэхүү илт хууль бус захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй тул маргаан бүхий захирамжийг гаргах ямар үндэслэл бүрдсэн, захиргаа тэрхүү шийдвэрээ гаргахад ач холбогдол бүхий ямар нөхцөл байдал нэхэмжлэгчид үүссэн талаар тайлбар, санал гаргах Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх зөрчигдсөн.

3.3. Архангай аймгийн Засаг даргын 2021 оны А/507 дугаар захирамжид үндэслэл болгосон гэх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэсэн заалтууд нь Засаг дарга ямар хэлбэртэй шийдвэр гаргах, ямар эрх хэмжээтэй байх зэргийг ерөнхийд нь зохицуулсан. Харин Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх дуусгавар болгох эсхүл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ямар үндэслэл бүрдсэн талаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхтэй холбоотой харилцааг шийдвэрлэж буй энэхүү захирамжид огт тусгаагүй.

3.4. Гэтэл анхан шатны шүүх аймгийн Засаг дарга “эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах, захирамж хууль тогтоомжид нийцээгүй гэж үзвэл өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэсэн нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хүрээнд гаргах шийдвэрийн төрлийг заасан зохицуулалтыг газар эзэмшихтэй холбоотой харилцааг шийдвэрлэх үндэслэл мэтээр хуулийг илт буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.5. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг явцууруулан тайлбарлах замаар А/507 дугаар захирамжийг хэвээр үлдээснээр захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд эрх зүйн үндэслэлгүйгээр халдах, улмаар тухайн шийдвэрийнхээ эрх зүйн үндэслэлийг нөхөн тайлбарлах боломжтой гэх үр дагаварт хүргэж байна. Анхан шатны шүүхийн энэхүү үндэслэлгүй шийдвэрээс үүдэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхтэй холбоотой харилцаа Газрын тухай хуульд заасан хууль зүйн аливаа үндэслэл огт дурдагдалгүйгээр шийдвэрлэгдэж буйд гомдолтой байна.

3.6. А/666 дугаар захирамжтай холбоотой тусдаа хэрэг маргаан шийдвэрлэж хүчингүй болсон боловч гуравдагч этгээд нэхэмжлэлээсээ татгалзах замаар шүүхээр хүчингүй хэмээн дүгнэгдэн шийдвэрлэгдсэн тэрхүү захиргааны актаа хэвээр үлдээсэн нь энэхүү маргааныг шийдвэрлэх, нэхэмжлэгчийн газрын тодорхой хэсэгтэй давхцалтай энэхүү акттай холбогдуулан дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл болгосонд гомдолтой байна.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

       1. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлага хангасан байна.

       2. Нэхэмжлэгч “М” ХХК нь төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан тул нисэх буудлын чөлөөлөгдсөн талбайд байршилтай 0,4 га газрыг Таван одтой зочид буудлын зориулалтаар 15 жилийн хугацаатай Архангай аймгийн Засаг дарга 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/260 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу гэрээ байгуулагдаж, гэрчилгээ олгогдсоноор нэхэмжлэгчид газар эзэмших эрх анх үүссэн байна.

       3. Үүнээс хойш 4 жил, 4 сарын дараа Архангай аймгийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд тухайн үед нэхэмжлэгчээс уг захирамжтай холбогдуулан маргаан үүсээгүй байна.

       4. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор хойш 3 жил, 4 сарын дараа Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/92 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн байх бөгөөд ийнхүү сэргээснээс хойш 6 сарын дараа буюу 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/507 захирамжаар нэхэмжлэгч “М” ХХК-ний газар эзэмших эрхийг сэргээсэн захирамжаа хүчингүй болгожээ.

5. Дээрхээс үзвэл, “М” ХХК-ийн газар эзэмших эрхтэй холбогдуулан Архангай аймгийн Засаг дарга 4 захирамж гаргасан байх ба хэрэгт авагдсан баримтууд хэргийн оролцогчдын тайлбараар маргаан бүхий акт болох Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/507 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн тодорхойлсноор Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, мөн зүйлийн 47.1.6 -д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөөгүй байна.

 

Тодруулбал,

 

5.1. Архангай аймгийн Засаг дарга “М” ХХК-ийн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 0.4 га газраа ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон захирамжийг сэргээхдээ хууль зүйн үндэслэлээ актдаа тодорхой тусгаагүй, түүний газар эзэмших эрхийг сэргээхээс өмнө төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны  тогтоол батлагдаж, аймгийн Засаг даргын захирамжаар бусдад газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

5.2. “М” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн нь хууль бус гэж үзэж өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамжаа хүчингүй болгосон нь Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, мөн зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсхүл ... тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна.

6. Ийнхүү Засаг дарга хуулиар тодорхойлсон эрх хэмжээний хүрээнд захирамж гаргасан нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, мөн зүйлийн 47.1.6 -д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлийн альд нь ч хамаарахгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

7. Нөгөөтээгүүр, “М” ХХК-ийн 0.4 га газар эзэмших эрхийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжаар хүчингүй болгосноос хойш Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдийн 07 дугаар тогтоолоор 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсны дагуу төсөл сонгон шалгаруулалтад явагдаж ялагч иргэн Г.Б-т Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/352 дугаар захирамжаар 0.12м.кв газрыг /нэхэмжлэгч “М” ХХК-ийн 0,4 га газарт багтсан/ зочид буудлыг зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 000057634 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож байжээ.

8. Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/507 дугаар захирамжаар “М” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн захирамжийг хүчингүй болгосны дараа 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжаар иргэн Г.Б-ын газар эзэмших эрхийг сэргээсэн байх ба энэхүү актын эрх зүйн үйлчлэл нь хэвээр үргэлжилж байна.

9. Мөн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа иргэн Б.Ц-ын газрыг аймгийн 3 дугаар цэцэрлэгийн эзэмшилд шилжүүлж, шинэ цэцэрлэг барихаар, харин маргаан бүхий газарт 3732 м.кв газрыг нөхөн олговроор иргэн Б.Ц-д эзэмшүүлэхээр батлагдаж, үүний дагуу аймгийн Засаг дарга, иргэн Б.Ц, 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “нөхөн олговортойгоор шилжүүлэн авах тухай” гэрээ байгуулагджээ.

10. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

          1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 109/ШШ2023/0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр дугаар зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                                   О.ОЮУНГЭРЭЛ

 

                ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ

 

                ШҮҮГЧ                                                    Т.ЭНХМАА