Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2023/02698

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2023/02698 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, * тоот хаягт оршин суух, **** ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, * өөрийн байранд байрлах, *холбогдох

 

14 845 824 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: 

нэхэмжлэгч ***

нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***

хариуцагчийн өмгөөлөгч ***

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзандулам нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч *** нь ***т холбогдуулан 14 845 824 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болсон үйлдвэрийн ослоос шалтгаалж, хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдсан. Энэ хөдөлмөр алдалттай тэнцэх хэмжээний төгрөг буюу 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэхэмжилж байна. Өмнө нь энэ нэхэмжлэлийг шүүхэд өгчихсөн байсан боловч, захиргааны хэрэг шүүхэд хэрэг үүсчихсэн байсан тул энэ хэрэг маргаан шийдвэрлэгдээгүй ббөгөөд үйлдвэрлэлийн ослын акт хүчин төгөлдөр болсон тул хариуцагчаас 18 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг гаргуулахаар шаардаж байна гэв.

 

2. Хариуцагч Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Ажил олгогч нь ослоос хойш 2022 оны 9 сар хүртэл сар бүр цалинг нь бүтнээр нь тасралтгүй нийт 25 сарын цалин олгосон. Энэ хугацаанд *** нь нэг ч өдрийн ажил хөдөлмөр эрхлээгүй атлаа байгууллагаас нийт 25 сарын турш 18 277 185 төгрөгийн өгсөн. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал М.Бямбасүрэн нь хүнлэг ёсоор хандаж, албан байгууллагаас түүнд олгох ёстой бүхий л дэмжлэг, олговор, урамшуулал, хандив, цалинг гаргаж, бүхий л хэлбэрээр эмчилгээний зардалд туслалцаа үзүүлсээр өнөөдрийг хүрсэн байна. Мөн ажил олгогч эрүүл мэндийн хохирол амссан ажилтнуудыг байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирол буюу гэмт хэргийн улмаас шатаж үгүй болсон тээврийн хэрэгслийн хохирол төлбөр 15 781 425 төгрөгөөс түүнд оногдох 5 260 475 төгрөгийн хариуцлагаас чөлөөлсөн. *** эмчилгээнд захирал *** ээс 12 500 000 төгрөг, хамт олны хандиваар эмчилгээнд 2 010 000 төгрөг, 25 сарын турш 18 277 185 төгрөг нийт 32 787. 85 төгрөгийг олгосон. Мөн тээврийн хэрэгслийн хохирол, зардалд нэг хүнд ногдох хохирлын төлбөр 5 260 475 төгрөгөөс чөлөөлсөн. *** нь энэ хугацаанд 2020 оны 10 сард болсон ослоос хойш огт ажилдаа ирээгүй, *** ыг ажилд нь эгүүлэн томилсон боловч өнөөдрийг хүртэл ажилдаа нэг ч удаа ирээгүй. Ажил олгогчийн зүгээс хуулийн дагуу Б.О авах ёстой туслалцаа, цалин хөлсний бүх л арга хэмжээг авсан боловч ажил олгогчийг цаг ямагт шүүхэд хариуцагчаар татуулж, байгууллагын дансыг Нийслэлийн шүүхийн шийдвэрээр хаалгуулж, захирал Н.Б-г ажлаас халуулахаар элдэв гомдол байнга гаргаж дарамт үзүүлдэгт нь гомдолтой байна. Нэгэнтээ байгууллагаас түүнд ослоос хойш нийт 25 сарын цалинг тасралтгүй олгосон байх тул түүний авсан цалингаа давхардуулан нэхэмжилж байгаа шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: Б.О-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын **** дугаар шийдвэр, 2020.11.11-ний өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, 2022.08.24-ний өдрийн Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2022/0617 дугаар шийдвэр, 2022.11.04-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2022/0704 дугаар магадлал, 2023.02.06-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн 08 дугаар тогтоол, 2022.08.11-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2022/02335 дугаар шийдвэр, 2022.10.26-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/01928 дугаар магадлал, 2022.12.23-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн 001/ШХТ2023/00004 дүгээр тогтоол, 2023.06.22-ны өдрийн Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 603329 дүгээр шийдвэр, 2023.04.13-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 4-35, 76-79 хуу/

 

4. Хариуцагчаас: А.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.04.06-ны өдрийн 41 дүгээр итгэмжлэл, 2023.03.10-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2023/00784 дүгээр шүүхийн шийдвэр, Монгол шуудангийн дардастай баримт, Б.О-ын цалингийн карт, 2023.03.10-ны өдрийн У-ын захирлын Б/09 дүгээр тушаал, 2023.03.10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай албан бичиг, 2023.03.31-ний өдрийн 34 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2023.03.01-ний өдрийн 15 дугаар хүсэлт, 2023.03.10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2023.06.07-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх 23/022 дугаар гэрээ, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.04.26-ны өдрийн Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 49 дүгээр Сангийн Яамны төрийн сангийн газарт гаргасан хүсэлт, 2023.04.25-ны өдрийн Ургамал хамгааллын эрдэм шилжилгээний хүрээлэнгийн захирлын тушаал А/04 дугаар хөрөнгө зарцуулах тухай албан бичиг, 2023.05.02-ны өдрийн Төлбөрийн хүсэлт №20230502102547015977 тоот маягт, 2023.08.24-ний өдрийн дансны хуулга, Цалин олгох хүснэгт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 38-39, 47-61, 71, 80-85 хуу/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Б.О  нь хариуцагч  Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд холбогдуулан үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдсан үндэслэлээр 18 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрт 14 845 824 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болсон үйлдвэрийн ослоос шалтгаалж, хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг үндэслэж өөрийн 18 сарын цалингийн дундажтай тэнцэх нөхөн төлбөр 14 845 824 төгрөгийг хариуцагч Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргуулахаар шаардах эрхтэй. 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сар хүртэл хугацааны цалинг авсан талаар маргахгүй боловч уг цалинг ажил олгогч Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар олгох үүрэгтэй гэж үзэхээс гадна цалинг гаргуулахаар шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Ажил олгогч нь ослоос хойш 2022 оны 9 сар хүртэл сар бүр цалинг нь бүтнээр нь тасралтгүй нийт 25 сарын цалин олгосон. Б.О-ын эмчилгээнд захирал М.Б-ээс 12 500 000 төгрөг, хамт олны хандиваар эмчилгээнд 2 010 000 төгрөг, 25 сарын турш 18 277 185 төгрөг, нийт 32 787 85 төгрөгийг олгосон. Мөн тээврийн хэрэгслийн хохирол, зардалд нэг хүнд ногдох хохирлын төлбөр 5 260 475 төгрөгөөс чөлөөлсөн. Д.О-ыг ажилд нь эгүүлэн томилсон боловч өнөөдрийг хүртэл ажилдаа нэг ч удаа ирээгүй. Иймд бодитоор ажлаа хийгээгүй атлаа 25 сарын цалинг тасралтгүй авсан тул 18 сарын цалинтай тэнцэх нөхөн олговорыг давхардуулан олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 2020.11.11-ний өдөр хөдөлмөрийн эрүүл ахуйн /хяналтын улсын байцаагч Б.О нь томилолтоос гэртээ харих замдаа зам тээврийн тээврийн осолд орсныг үйлдвэрлэлийн осолд тооцох санал бүхий үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт үйлдсэн, /хх 7 ху/

 

4.2 У хүрээлэнгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э, У хүрээлэнгийн Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс нарт холбогдох Б.О, Д.М, У.А нарын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.24-ний өдрийн 128/ШШ2022/0617 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.11.04-ний өдрийн 221/МА2022/0704 дүгээр магадлалаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн 2023.02.06-ны өдрийн 08 дугаар тогтоолоор шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, 2020.11.11-ний өдрийн Б.О, У.А нарын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгохоор тус тус шийдвэрлэсэн, /хх 8-22 ху/

 

4.3 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.11-ний өдрийн 183/ШШ2023/01725 дугаар шийдвэрээр хариуцагч У хүрээлэнгээс 19 087 991 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгохоор шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.10.26-ны өдрийн 210/МА2022/01928 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.12.23-ны өдрийн 00004 дүгээр тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан, /хх 30-35, 23-29 ху/

 

4.4 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.10-ны өдрийн 183/ШШ2023/00784 дугаар шийдвэрээр Б.О-ын нэхэмжлэлтэй У  хүрээлэн ТБАГУТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэдийн даатгалын шимтгэлийг нөрөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн, /хх 47-51 ху/

 

4.5 2021.06.24-ний өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 414172 дугаар шийдвэрээр Б.Отгонбаатарын хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар 12 сарын хугацаатай тогтоож, 2022.06.16-ны 494325 дугаар шийдвэрээр Б.О-ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувиар тогтоож 12 сарын хугацаагаар, 2023.06.22-ны өдрийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 603329 дүгээр шийдвэрээр Б.О-ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувиар тогтоож, 12 сар хугацаагаар тус тус сунгасан, /хх 5, 6, 76 ху/

4.6 Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын 2023.03.10-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Б.О-ыг ой хамгааллын лабораторийн Эрдэм шилжилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, /хх 56,57,61 ху/

 

4.7 Ургамал хамгааллын эрдэм шилжилгээний хүрээлэнгийн 2023.03.31-ний өдөр 34 дүгээр албан бичгээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсныг Б.Отгонбаатарт мэдэгдсэн, /хх 58 ху/

 

4.8 Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2023.03.01-ний өдрийн 15 дугаар албан бичгээр Боловсрол, шинжлэх ухааны яаманд Б.О-ын эмчилгээний зардал болох 19 267 991 төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийн зардалд санхүүжилт олгох гэх хүсэлт гаргасан, /хх 59 ху/

 

4.9 Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын 2023.04.25-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар Б.О-т олгох 19 267 991 төгрөгийг 00900015254 тоот данснаас /243204/ ажил олгогчоос олгох тэтгэмжийн ангилалаас зарцуулахаар шийдвэрлэсэн, /хх 82 ху/

 

4.10 Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2023.04.26-ны өдрийн 49 дүгээр албан бичгээр Сангийн яамны Төрийн сангийн газарт Б.О-т 19 267 991 төгрөгийг олгох шийдвэрийг үндэслэн тус хүрээлэнгийн үндсэн данс болох 100900015254 тоот данснаас /243204/ ажил олгогчоос олгох тэтгэмжийн ангилалалаас тус зардлыг зарцуулах эрхийг нээлгэх хүсэлт тавьсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 81 ху/

 

5.Зохигч үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан нөхөн төлбөрийг ажил олгогчоос гаргуулах үндэслэлтэй эсэхэд маргаантай.

 

7. Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж заажээ.

 

Үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно.

 

Хэргийн баримтаар, нэхэмжлэгч Б.О- нь 2020.10.13-ны өдрийн 20 цагийн орчим томилолтоос буцаж яваад зам тээврийн осолд орсон нь үйлдвэрлэлийн осолд хамаарах нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар, уг актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй, хуульд нийцсэн болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.24-ний өдрийн 128/ШШ2022/0617 дугаар шийдвэрээр, уг ослын улмаас Б.О-ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувиар, 12 сарын хугацаагаар тогтоосон болох нь 2023.06.22-ны өдрийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 603329 дүгээр шийдвэрээр тус тус тогтоогдсон.

 

Иймд нэхэмжлэгч 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнээд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасныг баримтлан, хариуцагчаас 13 960 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 884 974 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Учир нь:

 

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 414172 дугаар шийдвэрээс 2021.06.24-ний өдөр Б.О-ын хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар 12 сарын хугацаатай тогтоосныг харгалзан цалингийн дунджийг шүүх 2021 оны 4,5,6 дугаар сарын цалингаас Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтад заасан журмын дагуу тооцож, 18 сарын цалинтай тэнцэх нөхөн олговорт 13 960 850 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

8. Хариуцагч, осол болсон 2020 оны 10 дугаар сараас хойш нэхэмжлэгч Б.Онь үүрэгт ажлаа огт гүйцэтгээгүй хэдий ч 2022 оны 9 дүгээр сар хүртэл нийт 25 сарын хугацаанд 18 277 185 төгрөгийг олгосон тул үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг урьдчилан олгосон гэж үзнэ гэж тайлбарласан.

 

Хэргийн баримтаар, Б.О-ын нэхэмжлэлтэй У УТҮГ-т холбогдох гэм хорын хохиролд 21 357 098 төгрөг, үйлдвэрлэлийн ослны нөхөн төлбөрт 14 сарын цалинтай тэнцэх 11 546 752 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүй хөрөнгөжсөн 12 486 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022.08.11-ны өдөр хянан хэлэлцээд хариуцагчаас гэм хорын хохиролд 19 087 991 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн 12 486 600 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг цалин хэлбэрээр урьдчилан олгосон гэх хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Нөгөө талаас цалин хөлс болон үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр нь тус тусдаа ойлголт бөгөөд цалин хөлс гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгож буй төлбөр бол үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр гэдэг нь ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад осол болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөж хөдөлмөрийн чадвараа алдсаны нөхөн төлбөр тул цалинг олгосон нь ажил олгогчийг нөхөн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр хариуцагчид даалгах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т зааснаар хариуцагч У-хүрээлэн УТҮГ-аас 13 960 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 884 974 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч У- УТҮГ-аас 227 754 төгрөг гаргуулан улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ