Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/02028

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023   11   20   210/МА2023/02028

 

 

*******.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/02698 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ******* ******* *******-т холбогдох

14,845,824 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.*******илгүүнзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******ямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******.******* нь ******* ******* ******* ******* *******д ******* ******* ажилтнаар ажилладаг бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болсон үйлдвэрийн ослоос шалтгаалж, хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдсан. Хөдөлмөрийн чадвар алдалттай тэнцэх хэмжээний буюу 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэхэмжилж байна.

1.2. Өмнө нь энэ нэхэмжлэлийг шүүхэд өгсөн боловч захиргааны хэрэг үүссэн байснаас уг хэрэг маргаан шийдвэрлэгдээгүй. Одоо үйлдвэрлэлийн ослын акт хүчин төгөлдөр болсон тул хариуцагчаас 18 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 14,845,824 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******.*******т ажил олгогчоос нийт 25 сарын цалин буюу 18,277,185 төгрөгийг нэг ч өдөр ажил хөдөлмөр эрхлээгүй байхад олгосон. ******* ******* ******* ******* *******гийн захирал М.*******ямбасүрэн нь хүнлэг ёсоор хандаж, албан байгууллагаас түүнд олгох ёстой бүхий л дэмжлэг, олговор, урамшуулал, хандив, цалинг гаргаж, эмчилгээний зардалд туслалцаа үзүүлсээр ирсэн.

2.2. Мөн ажил олгогч эрүүл мэндийн хохирол амссан ажилтнуудыг байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирол буюу гэмт хэргийн улмаас шатаж үгүй болсон тээврийн хэрэгслийн хохирол төлбөр 15,781,425 төгрөгөөс түүнд оногдох 5,260,475 төгрөгийн хариуцлагаас чөлөөлсөн. *******.*******ын эмчилгээнд захирал М.*******ямбасүрэнгээс 12,500,000 төгрөг, хамт олны хандиваар эмчилгээнд 2,010,000 төгрөг, 25 сарын турш 18,277,185 төгрөг, нийт 32,787,185 төгрөг олгосон.

2.3. *******.******* нь 2020 оны 10 сард болсон ослоос хойш огт ажилдаа ирээгүй, Д.*******ыг ажилд нь эгүүлэн томилсон боловч өнөөдрийг хүртэл ажилдаа нэг ч удаа ирээгүй. Ажил олгогчийн зүгээс хуулийн дагуу *******.******* авах ёстой туслалцаа, цалин хөлсний бүх л арга хэмжээг авсан боловч ажил олгогчийг цаг ямагт шүүхэд хариуцагчаар татуулж, байгууллагын дансыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар хаалгуулж, захирал М.*******ямбасүрэнг ажлаас халуулахаар элдэв гомдол байнга гаргаж дарамт үзүүлдэгт нь гомдолтой.

Нэгэнт байгууллагаас нэхэмжлэгчид 25 сарын цалинг тасралтгүй олгосон тул авсан цалингаа давхардуулан нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* ******* *******-аас 13 960 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 884 974 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ******* ******* ******* *******-аас 227 754 төгрөг гаргуулан улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх ...нөгөө талаас цалин хөлс болон үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр нь тус тусдаа ойлголт бөгөөд цалин хөлс гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгож буй төлбөр бол үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр гэдэг нь ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад осол болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөж, хөдөлмөрийн чадвараа алдсаны нөхөн төлбөр тул цалинг олгосон нь ажил олгогчийг нөхөн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тайлбарласан нь бодит байдлын эсрэг дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн маргасан гол үндэслэл нь *******.******* 2020 оны 10 дугаар сараас хойш байгууллагад нэг ч өдөр ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр 25 сарын турш нийт 18,277,185 төгрөг өөрийн дансандаа цалин хэлбэрээр авсан. Хэдийгээр хуульд бичигдсэн нэршил нь цалин хөлс болон нөхөн төлбөр гэж өөр өөр үгээр илэрхийлэгддэг ч *******.*******ын тухайд огт ажил хөдөлмөр эрхлээгүй хугацаанд байгууллагаас авсан цалинг нөхөн төлбөрт тооцохыг хориглосон зүйл хуульд байхгүй. Уг мөнгийг давхардуулан олгуулахаар шийдвэрлэсэн нь ажил олгогчид хэт хохиролтой шийдвэр гэж үзэж байна.

4.2. Мөн ослын үндсэн шалтгаан нь нэхэмжлэгч нь хамт ажиллагсадтайгаа архидан согтуурсны улмаас өөртөө гэмтэл учруулж, эрүүгийн хэргийн хохирогч болсон. Ажил олгогчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй явсан гэдэг агуулгаар ажил олгогч буруудаж, түүний эмчилгээний зардалд 19,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг ажил олгогч биелүүлсэн. Огт ажилдаа ирдэггүй учраас ажлаас нь чөлөөлөхөөр буцаж гомдол гаргаж, ажилдаа эргэж томилогдож, хий цалин авч ажил олгогчийг хохироодог зэрэг нь хэт шударга бус явдал юм. Гэтэл шүүхээс түүний энэ шударга бус байдлыг хуулийн хүрээнд дэмжиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн. Хариуцагч талаас ямар хууль зүйн үндэслэлээр гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 97 дугаар зүйл, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийг хэрэглэсэн нь буруу гэж үзэж байгаа эсэх нь ойлгомжгүй байх тул тайлбар хэлэхэд төвөгтэй байна. Ажил олгогчоос олгосон цалингийн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргаж, тус сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасныг баримталж үндэслэлтэй шийдвэр гаргасан.

Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* *******-т холбогдуулан үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдсан үндэслэлээр 18 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрт 14,845,824 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг цалин хэлбэрээр урьдчилан олгосон гэх үндэслэл заан маргажээ.

 

3.1. Хэргийн баримтаар нэхэмжлэгч *******.******* нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр томилолтоос буцаж явахдаа зам тээврийн осолд орж, баруун 2-9 дүгээр хавирга, цээжний 4-6 дугаар нугалмын арын сэртэн, бүсэлхийн 1 дүгээр нугалмын баруун хөндлөн сэртэн, баруун умдаг ясны дээд доод салаа, ууцны 1-5 дугаар нугалмын зүүн хажуугийн хугарал, уушиг авчилт, цээжний хөндийн шингэн хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий хүнд зэргийн гэмтэл авсан байх ба уг ослыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар үйлдвэрлэлийн осолд тооцсон байна. (хэргийн 34 дэх тал)

Хариуцагч байгууллага нь дээрх актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2022/0617 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2022/0704 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (хэргийн 8-22 дахь тал)

3.2. Мөн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг *******аянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 414172 дугаар шийдвэрээр 50 хувиар 12 сарын хугацаатай, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 494325 дугаар шийдвэрээр 79 хувиар 12 сарын хугацаатай, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 603329 дүгээр шийдвэрээр 79 хувиар 12 сарын хугацаатай тус тус тогтоосон, уг үйл баримтыг хариуцагч үгүйсгэж маргаагүй байна. (хэргийн 5, 6, 76 дахь тал)

3.3. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын цалин 18,277,185 төгрөг олгожээ. Тус байгууллагын өмчлөлийн тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад гарсан зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алдсан тул түүний дутуу авсан цалин хөлсийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч төлөх үүрэгтэй талаар дүгнэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/01725 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2022/01928 дугаар магадлал тус тус хуулийн хүчин төгөлдөр байна.

Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтуудыг зөв тогтоосон байна. Иймд үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг цалин хэлбэрээр урьдчилан олгосон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

4. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа ... 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж заасан тул үйлдвэрийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдсан нэхэмжлэгч нь 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин нэхэмжлэгчийн цалин хөлсний дундажийг Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар үйлдвэрлэлийн осолд орохын өмнөх сүүлийн 3 сарын буюу 2020 оны 07, 08, 09 дүгээр сарын цалин хөлсний дунджаар тооцох байтал анхан шатны шүүх 2021 оны 04, 05, 06 дугаар сараар тооцсон нь буруу байна. Тодруулбал, 2020 оны 07, 08, 09 дүгээр сарын цалин хөлсний дундаж 824,768 төгрөгийг ((734,970+767,970+971,365)/3) 18 сараар тооцоход 14,845,824 төгрөг болно. (хэргийн 78 дахь тал)

Гэвч анхан шатны шүүх нөхөн төлбөрийг 13,960,850 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу уг шийдвэрийг өөрчлөх үндэслэлгүй болно.

Хариуцагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэгчид ажил хөдөлмөр эрхлээгүй 25 сарын хугацаанд олгосон 18,277,185 төгрөгийг нөхөн төлбөрт тооцох үндэслэлтэй талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/02698 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД   Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ЗОЛЗАЯА