Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2023/02855

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2023/02855 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Д.Хулан, Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо,***** тоот хаягт оршин суух О*****-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, ***** тоотод оршин суух, *****  овогт *****-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 28 720 495 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч **** 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******

Хариуцагчийн өмгөөлөгч *****

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* холбогдуулан гэм хохиролд 28 720 495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие******* нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/286 дугаарын шийтгэх тогтоолтой хэргийн хохирогч болсон. Дээр дуудсан шийтгэх тогтоолоор******* миний биед гэмтэл санаатай учруулсан. Гэм буруутай үйлдэл нь тогтоогдоод 1 000 000 төгрөгөөр торгуулсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр зүүн хацарт учирсан шарх гэмтэл нь сорви тогтож эдгэсэн. Ердийн явцаараа бүдгэрч арилахгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Мөн Баясал Вэлнэс төвд 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үзүүлсэн. 7 см гэмтэл орчим гэмтэл авсан тухайн гэмтлийн улмаас үүссэн сорви бүрэн арилах боломж байхгүй гэсэн дүгнэлтүүд гарсан.*******д 2011 оноос хойш тасралтгүй 1 жил ажилласан. Харилцагч, үйлчлүүлэгч нартай уулзаж зөвлөгөө өгдөг, борлуулалтын албан тушаал хашдаг байсан болохоор хүмүүстэй уулзах боломж байхгүй болсон. Иймд би Солонгос улс руу эмчилгээ, үйлчилгээ хийлгэхээр зорьсон. Миний бие Солонгос улсад байх танилаар дамжуулан судалгаа хийлгэсэн. Солонгос улсад эмчлүүлэхээр шийдвэр гаргасан. Уг гэмтэлтэй холбоотой*******ийн гэм буруутай үйлдлээс болоод миний нүүрэн дээр арилахгүйгээр үлдсэн сорвийг эмчлүүлэх зорилгоор нэхэмжлэгч надаас Бүгд Найрамдах Солонгос улс руу явах 2 талын онгоцны нислэгийн зардал 1 936 500 төгрөг, эмчилгээ хийлгэхээр Солонгос улсад байрлах үеийн зардал 4 596 294 төгрөг, эмчилгээний зардал 12 414 916 төгрөг, орчуулгын зардал 120 000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сараас эхлэн ажлаас чөлөө авсан ба Солонгос улсад эмчилгээ хийх үед олж чадаагүй хугацааны буюу 2022 оны 11 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл нийт 3 сарын хөдөлмөрийн хөлсийг миний бие хөдөлмөрийн дагуу ажил эрхэлдэг******* ХК-аас сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцоолон 9 652 785 төгрөг, нийт 28 720 495 төгрөгийн зардал бодитойгоор гарсан бөгөөд үүнийг нотлох баримтуудыг хуулийн дагуу бүрдүүлсэн. Иймд хариуцагчаас надад учруулсан хохирол болох нийт 28 720 495 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагад бичгээр хариу тайлбар хэрэгт ирүүлээгүй боловч хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн агуулгаар тайлбар гаргасан. Үүнд: Эмчилгээ хийлгэсэн хугацаа нь 20 хоног байна. 20 хоног эмчилгээ хийлгэсэн атлаа 3 сарын цалингийн дундаж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 3 сарын дунджийг буруу тооцоолсон байгаагаас гадна ажлаас халагдсан тушаалын үндэслэл нь талууд харилцан тохиролцсон гэсэн байна. Солонгосод байх хугацааны зардлууд нэр ус байхгүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой эсэх нь тодорхойгүй. 4 320 000 воны төлбөр дээр юун дээр үндэслэсэн тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2023.03.06-ны өдрийн 167 дугаар албан бичиг, 2022.04.18-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/286 дугаар шийтгах тогтоол, солонгос хэл дээр төлбөрийн баримтууд,******* ХХК-ийн орчуулсан эмчилгээний төлбөрийн баримт, эмийн зардал төлбөр тооцооны баримтууд, төлбөрийн баримтууд, нислэгийн тийзийн баримт, Голомт банкны кредит картын хуулга, *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, төлбөрийн баримт зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх 3-28 хуу/

 

4. Хариуцагчаас ямар нэгэн бичгийн нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй байна.

 

5. Шүүх хариуцагчийн хүсэлтээр******* ХК-иас 2022.11.02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын орлогчийн тушаал, 2022.10.17-ны өдрийн *******ын******* ХК-д гаргасан өргөдөл, Хил хамгаалах ерөнхий газраас 2023.07.17-ны өдрийн 2-4в/3967 дугаар албан бичиг, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хүсэлтээр******* ХК-ийн 2023.09.06-ны өлрхийн 23/1089 дүгээр албан бичиг, 2022.02.15-ны өдрийн 22/64 дүгээр хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2023.09.06-ны өдрийн 02/1669 дүгээр албан бичиг, *******ын 2012 оны 5 дугаар сараас 2023 оны 7 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Хил хамгаалах ерөнхий газраас 2023.09.06-ны өдрийн 2-4в/5127 дугаар албан бичиг, *******ын 2022 оноос 2023 оны хооронд Монгол улсын хилээр нэвтэрсэн лавлагаа зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 59-61 хуу, 64 хуу, 77-94 хуу/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* холбогдуулан гэм хорын хохиролд 28 720 495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/286 дугаарын шийтгэх тогтоолоор хариуцагч******* нь миний биед гэмтэл учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон. Түүний надад учруулсан гэмтэл болох зүүн хацарт учирсан шарх нь сорви тогтож эдгэсэн тул уг сорвийг Солонгос улсад эмчлүүлсэн. Иймд Бүгд Найрамдах Солонгос улс руу явах 2 талын онгоцны тийз зардал 1 936 500 төгрөг, эмчилгээ хийлгэхээр Солонгос улсад байрлах үеийн зардал 4 596 294 төгрөг, эмчилгээний зардал 12 414 916 төгрөг, орчуулгын зардал 120 000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сараас эхлэн ажлаас чөлөө авсан ба Солонгос улсад эмчилгээ хийх үед олж чадаагүй хугацааны буюу 2022 оны 11 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл нийт 3 сарын хөдөлмөрийн хөлсийг миний бие хөдөлмөрийн дагуу ажил эрхэлдэг******* ХК-аас сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцоолон 9 652 785 төгрөг, нийт 28 720 495 төгрөгийн хамт нийт 28 720 495 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь ажил олгогчтой харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан, цалингийн 3 сарын дунджийг үндэслэлгүй ихээр тооцоолсон, 20 хоног эмчилгээ хийлгэсэн зэрэг үндэслэлээр 3 сарын цалин гаргуулах шаардлагыг, Солонгост байх хугацааны зардлаа нотлохоор ирүүлсэн баримтууд нэр, зориуллалт тодорхойгүй, 4 320 000 воны төлбөр төлсөн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна гэв.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 2022.04.18-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/286 дугаар шийтгэх тогтоолоор*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн, /хх 3-11 хуу/

4.2 2022.10.17-ны өдрийн *******ын Солонгос улс руу эмчилгээнд орохоор явах болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдлийн дагуу 2022.11.02-ны өдрийн******* ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, /хх 50-51хуу/

 

4.3 ******* нь Чингис хаан агаарын замын боомтоор 2022.11.04-ний өдөр хилээр гарч, 2023.02.01-ний өдөр хилээр орсон, 2023.02.02-ны өдөр хилээр гарч, 2023.02.13-ны өдөр хилээр орсон бүртгэл хийгдсэн талаар Хил хамгаалах ерөнхий газар тодорхойлсон, /хх 64, 92-93 хуу/

 

4.4 2022.02.15-ны өдөр*******, ******* нарын хооронд 22/64 дүгээр хөдөлмөрийн гэрээг байгуулагдаж, талууд гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажуулсан, /хх 78-82 хуу/

 

4.5 ******* нь Нийгмийн даатгалын шимтгэлийг 2012 оны 5 дугаар сараас 2023 оны 7 дугаар сар хүртэл тасралтгүй төлсөн, /хх 84-90 хуу/

 

4.6 ******* 2023.01.11-ний өдөр БНСУ-ын эмнэлэгт 4 320 000 воны төлбөр төлсөн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 12, 13, 22 ху/

 

5. Зохигч гэм хор учруулсан гэм буруутай эсэх, нэхэмжлэгч БНСУ-руу зорчсон эсэх үйл баримтад маргаангүй, харин Солонгос улсад зорчих хугацаанд гаргасан зардал гэм хорын хохиролтой хамааралтай эсэх, бодит гарсан зардал мөн эсэх, нэхэмжлэгч ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь гэм хор учруулсан үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхэд маргаантай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

 

Дээрх хуулийн зохицуулалт нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол учруулсан үйл баримттай шалтгаант холбоотой байхыг ойлгодог.

 

Хэргийн баримтаар хариуцагч******* нь 2022.04.18-ны өдөр 2021.12.04-ний өдөр нэхэмжлэгч *******тай маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт шилээр цохиж, зүүн хацарт шарх, ..... бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/286 дугаар шийтгэх тогтоолоор*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Иймд дээрх гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч түүний зүүн хацарт бий болсон сорвийг арилгах эмчилгээ хийлгэхээр Солонгос улсад зорчсон нь хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж дүгнээд онгоцны тийзний зардал 1 936 500 төгрөг, БНСУ-ын мэс заслын эмнэлэгт төлсөн мэс заслын захиалгын урьдчилгаа 50 000 вон, мэс заслын төлбөр 4 150 000 вон, шархны туузан наалтны үнэ 120 000 вон, 2023.01.11-ний өдрийн эмний төлбөр 75 150 вон нийт 4 395 150 воныг Монгол банкны 2023.01.11-ний өдрийн төгрөгийн вонтой харьцах албан ёсны ханш болох 2.78 төгрөгөөр тооцон 14 155 017 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин БНСУ-д байрлах байр, хоол, унаа зэргийн зардал 4 596 294 төгрөг, орчуулгын зардал 120 000 төгрөг, эмийн зардал 66 600 вон, 2022 оны 11 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сар хүртэлх 3 сарын хөдөлмөрийн хөлс 9 652 785 төгрөгийг хангах үндэслэлгүй байна. Учир нь:

 

Нэхэмжлэгч эмчилгээ хийлгэх хугацаандаа 2023.01.17-ны өдөр 66 000 воноор эм худалдан авсан гэх төлбөрийн баримтыг ирүүлсэн байх хэдий ч уг эм нь Rizaben гэх харшлын эм байх тул сорви арилгах эмчилгээтэй хамааралгүй гэх үндэслэээр, хэрэглээний зардлууд нь *******ын Гроомт банкин дахь кредит картын зарлагын гүйлгээгээр нотлогдоно гэх боловч тухайн зардлууд нь ..Зара, ...март гэх төлбөр хүлээн авагчтай байгаагаас үзэхэд эмчилгээ үйлчилгээтэй холбоотой эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр, мөн зочид буудлын төлбөр төлсөн баримт нь *******аас гарсан зардал мөн эсэх нь тодорхойгүй үндэслэлээр, орчуулгын зардал нь нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гэх үндэслэлээр тус тус хангах үндэслэлгүй байна.

 

Мөн, нэхэмжлэгчийн хэрэгт ирүүлсэн эмчилгээний баримтуудаас үзэхэд эмчилгээ үргэлжилсэн хугацаа нь 2022.12.19-ний өдрөөс 2023.01.11-ний өдөр хүртэл байгааг харгалзан 2022 оны 11 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сар хүртэлх 3 сарын хөдөлмөрийн хөлс 9 652 785 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь гэм хорын шалтгаант холбоогүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 656 478 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгч БНСУ-ын мөнгөн тэмдэгтийн төгрөгтэй тэнцэх албан ёсны ханшийг хэрэгт ирүүлээгүй хэдий ч Монгол банкны валютын ханшийн мэдээлэл нь нийтэд илэрхий баримт тул нэхэмжлэгчийн төлбөр төлсөн өдрийн ханшаар буюу 2023.01.11-ний өдрийн төгрөгийн вонтой тэнцэх албан ёсны ханш болон 1*2.78 гэх ханшаар хөрвүүлэн тооцох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчихгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

 

8. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар томилогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тмэдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хариуцагч овогт -ээс 14 155 017 /арван дөрвөн сая нэг зуун тавин таван мянга арван долоон/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч овогт******* / / -д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 656 478 / арван дөрвөн сая зургаан зуун тавин зургаан мянга дөрвөн зуун далан найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч*******ээс 228 725 /хоёр зуун хорин найман мянга долоон зуун хорин таван/ төгрөгийг гаргуулан улсын орлогод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.


 



ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Д.ХУЛАН

 

ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД