Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00001

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 22 210/МА2024/00001

 

 

О.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/02855 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: О.Э

Хариуцагч: Н.

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 28,720,495 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/ дугаарын шийтгэх тогтоолоор Н.ийг О.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 1,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

1.2 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр О.Эын зүүн хацарт учирсан шарх гэмтэл нь сорви тогтож эдгэсэн боловч ердийн явцаараа бүдгэрч арилахгүй гэж дүгнэсэн. О.Э Мандал даатгал ХК-д борлуулалтын албан тушаал эрхэлж харилцагч, үйлчлүүлэгчтэй уулзалт хийдэг байсан учир тус сорвиноос үүдэн үйлчлүүлэгчтэй уулзах боломжгүй болсон.

1.3 О.Э сорвио арилгуулахаар Солонгос улс руу явахад 2 талын онгоцны тийз 1,936,500 төгрөг, байрны хөлс 4,596,294 төгрөг, эмчилгээний зардал 12,414,916 төгрөг, орчуулгын зардал 120,000 төгрөг, 3 сарын чөлөөтэй байсан тул уг хугацааны цалин 9,652,785 төгрөг, нийт 28,720,495 төгрөг гаргуулна гэжээ.

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 О.Э Солонгос улсад 20 хоног эмчилгээ хийлгэсэн атлаа 3 сарын цалин нэхэмжилсэн нь үндэслэлгүй. О.Э нь ажил олгогчтой харилцан тохиролцон ажлаас чөлөөлөгдсөн.

2.2 Солонгос улсад эмчилгээ хийлгэсэн гэх 4,320,000 воны төлбөр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой эсэх нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.ээс 14,155,017 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,656,478 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.ээс 228,725 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Солонгос улсад эмчилгээ хийлгэсэн талаарх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эмнэлгийн албан ёсны мэдээлэлгүй байхад шүүх эмчилгээний зардалд 14,656,478 төгрөг гаргуулж нотлох баримтыг буруу үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу.

4.2 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1 Хариуцагч тал шүүх хуралдаанд оролцоогүй. Хариуцагчийн гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч Н.д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 28,720,495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/ дугаар шийтгэх тогтоолоор Н. нь согтуурсан үедээ О.Этай үл ойлголцлын улмаас маргалдаж түүний нүүрэн хэсэгт шилээр цохиж зүүн хацарт шарх, дух, цээж, баруун хацар, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн шанаа, нуруунд зулгаралт, зүүн шанаа, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /хх4-11/

2.1 Хариуцагчийн дээрх гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан тул хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар уг гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Хариуцагч нь мөн зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Хариуцагч нь гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй тул хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ дээрх хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг түүнд төлөх үүрэгтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

2.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хэргийн 12-18 дугаар талд авагдсан эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангасан, анхан шатны шүүх тухайн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 14,155,017 төгрөг гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн ...БНСУ-д эмчлүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

3. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул анхан шатны шүүх талуудын хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/02855 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН