Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/03197

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2023/03197 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, ****** өөрийн байранд байрлах, М  ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ***** тоот хаягт оршин суух, А.Ж- д холбогдох

 

14 916 192 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М  ХХК нь А.Ж д холбогдуулан 14 916 192 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М  ХХК нь иргэн А.Ж тай 2017 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаар орж байсан. Тус компанид инженерээр ажиллаж байсан ба 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ажилтантай санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулан орон сууц худалдан авахад нь зориулж 16 000 000 төгрөгийг ажилтны худалдаа, хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн байдаг. Санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажилтан компанид 5-аас доошгүй жилийн хугацаанд тогтвортой ажиллах үүрэг хүлээсэн. А.Ж  нь гэрээний үүргээ биелүүлэхгүй 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд санхүүгийн туслалцааг ажилтан буцааж компанид төлөх үүргийг зааж талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээнд гарын үсгээ зурсан байдаг. Ийм тус гэрээний дагуу хариуцагч А.Ж аас 14 916 192 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

2. Хариуцагч А.Ж  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: А.Ж нь М  ХХК-д 2016 оноос хойш хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. 2018 онд А.Ж  нь гэр бүлтэй болж, хүүхэдтэй болсон учраас өөрийн орон байрыг сайжруулах шаардлага үүссэн учраас тухайн орон сууцныхан урьдчилгаа төлбөрт нь урьдчилгаа мөнгө дутсан учраас компанийн удирдлагадаа хандаж хүсэлтэй тавьсан байдаг. Компанийн удирдлага хүсэлтийг хүлээн аваад шийдвэрлэх боломжтой гэж үзэж 16 000 000 төгрөг орон сууцны урьдчилгааны төлбөр гэдэг байдлаар буцалтгүй тусламж гэсэн утгатай 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 18491 буцалтгүй тусламж үзүүлэх гэсэн тушаал гарсан байдаг. Энэхүү тушаалынхаа хүрээнд санхүүгийн байгууллагаас тушаалын хэрэгжилтийг хангаж 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр А.Ж ын эзэмшлийн худалдаа, хөгжлийн банкны ****** тоот дансанд буцалтгүй тусламж дэмжлэг ажилтанд гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байдаг. Харин нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэл шаардлага байгуулсан гэрээ нь ажилчид санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ тухайн үед байгуулагдаагүй. Энэхүү гэрээнээс гаргаж байсан шаардлагагууд тухайн үед талуудын хооронд гэрээнд заагдсан хүсэл зорилго илэрхийлэгдээгүй байсан. Энэ нь юугаар нотлогдож байгаа гэхээр А.Ж ын J***@gmail.com гэсэн мэйл хаяг руу тухайн үеийн М  ХХК-ийн хүний нөөцийн менежер н.Г аас буюу G***@moncable.mn гэсэн албан мэйл ирсэн. Байгуулагдсан гээд байгаа энэхүү гэрээний заалтыг 2020 оны 5 дугаар сарын 9-ны өдөр энэ гэрээтэй танилцаад ажилтан нэг удаагийн буцалтгүй тусламжийн журмын дагуу санхүүгийн дэмжлэг авсан ажилтантай энэхүү гэрээг байгуулж байна. Энэхүү гэрээний бөглөх хэсгийг бөглөөд буцаагаад явуулж өгнө үү гэсэн иймэрхүү мэйл ирүүлсэн байдаг. Тухайн үед энэ мэйлийн дагуу гэрээний агуулга тухайн үед талуудын хооронд байсан ийм хүсэл зориг илэрхийлэгдээгүй гэсэн зүйлийг А.Ж хэлсэн байдаг. Харин энэ гэрээнд гарын үсэг зурах ёстой зурахгүй бол дараагийн дараагийн гарын үсэг зурах хүртэл чинь цалинг олгохгүй гэдэг асуудлыг тавьж байсан учраас тухайн үед энэ гэрээнд А.Ж  гарын үсэг зурсан байдаг. Энэхүү гэрээний хувьд авч үзвэл анх 2018 онд удирдахтайгаа хийсэн хүсэл зорилгоо илэрхийлж буцалтгүй тусламж хэлбэрээр санхүүгийн дэмжлэг хүссэн. Энэхүү дэмжлэгийг удирдлагын зүгээс хүлээн зөвшөөрөөд санхүүгийн дэмжлэгийг дээрх утгатайгаар тушаал болон санхүүгийн банкны гүйлгээнд дурдаж өгсөн байдаг. Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага болгож байгаа нэг зүйл нь тухайн үед байгаагүй цалин хөлс, урамшууллын журам байдаг. Тухайн цалин хөлс урамшууллын журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад 5.1.1, 5.1.2 гэсэн нэмэлт заалтуудаар тухайн буцалтгүй тусламж авсан ажилтан нь 5 жил ажиллах үүрэгтэй шинэ заалт нэмж оруулсан байдаг. Харин А.Жамсранжав ажлаас гарахаас өмнө цалин урамшууллын журамтай танилцаж, өөрийн утсанд авсан буюу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1 тоот тушаалын хавсралт хоёроор батлагдсан энэхүү тушаал нь 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт нэмэлтээр орсон 5.1.1, 5.1.2 гэсэн үүрэг хүлээсэн заалтууд байдаггүй. Тухайн үед ажилтан А.Ж  нь ямар нэгэн байдлаар энэхүү буцалтгүй тусламж гэсэн агуулгаар шилжүүлсэн 16 000 000 төгрөгийг компанид буцаан төлөх болон 5 жил ажиллах үүрэг хүлээгээгүй. Ийм хүсэл зорилгыг талуудын хэн хэн нь үүрэг хүлээгээгүй. Энэхүү хэлцэл нь хүчин төгөлдөр болоод бүрэн хэрэгжиж дуусгавар болсон хэлцэл юм. Харин нэхэмжлэгчийн зүгээс хийсэн гэж байгаа 2020 он буюу тухайн хэлцэл дуусгавар болсноос хойш 2 жилийн дараа хийгдсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэрэгжээгүй гэрээ учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: 2022.11.22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022.10.07-ны өдрийн 28ё1-3/5612 дугаар албан бичиг, 2022.11.10-ний өдрийн итгэмжлэл, 2022.04.27-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 00126 дугаар баримт, хариуцагчийн баланс дэлгэрэнгүй баримт, 2022.01.31-ний өдөр А.Ж ын М ХХК-ийн захиргаанд гаргасан өргөдөл, 2018.08.02-ны өдрийн ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ, 2018.08.02-ны өдрийн төлбөрийн даалгавар, М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.09.21-ний өдрийн ХГ2021/52 дугаар хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, урамшууллын журам, 2016.10.14-ний өдрийн 38 дугаар М ХХК-ийн ерөнхий захирлын тушаал, 2022.02.25-ны өдрийн Байна-22/41 дүгээр М ХХК-ийн захирлын тушаал, 2022.08.22-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2022/02899 дүгээр шийдвэр зэргийг гаргаж өгсөн. /хх 2-27 д.тал/

 

4. Хариуцагчаас: А.Ж ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.11.29-ний өдрийн 2074 дүгээр итгэмжлэл, А.Ж  ын мэйл хаягт ирсэн зурвасны зураг, 2018.07.26-ны өдрийн 18/49-1 дугаар М ХХК-ийн ерөнхий захирлын тушаал, дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн******* дугаар гэрчилгээ, 2019.04.05-ны өдрийн орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, 2019.04.05-ны өдрийн 10 000 000 төгрөгийн орлогын мэдүүлэг, фото зургууд, М ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлс, урамшууллын журам, М ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлс, урамшууллын журам, 2018.07.31-ний өдрийн М  ХХК-ийн ерөнхий захирал Д.Э т гаргасан А.Ж ын өргөдөл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 31, 39-102 д.тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч М  ХХК нь А.Ж д холбогдуулан 14 916 192 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: А.Ж тай 2017 онд хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр түүнтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулж, орон сууц худалдан авахад нь зориулж 16 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээний гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.4-д ажилтан компанид 5-аас доошгүй жилийн хугацаанд тогтвортой ажилласан тохиолдолд 16 000 000 төгрөгийг буцаан төлөхгүй байхаар тохиролцсон боловч 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул 16 000 000 төгрөгийг төлөгдөөгүй төлбөр 14 916 192 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч А.Ж  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 18491 дугаар буцалтгүй тусламж үзүүлэх тухай тушаалын дагуу 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 16 000 000 төгрөгийг хүлээн авсан. Тушаал гарах үед санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээг байгуулаагүй, хожим нөхөж үйлдсэн нь J****@gmail.com хаягт хүний нөөцийн менежер н.Г ийн G*****@moncable.mn гэх хаягаас ирүүлсэн цахим шуудангаар нотлогдоно. Энэ гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд цалин олгохгүй гэсэн дарамт шахалт үзүүлсэн тул аргагүйн эрхэнд гарын үсэг зурсан. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1 тоот тушаалын хавсралт хоёроор батлагдсан журамд 5 жилээс доошгүй хугацаанд ажиллах үүрэг хүлээсэн зохицуулалт байгаагүй, сүүлд батлагдсан журамд нэмж оруулсан зохицуулалт учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 2016.10.14-ний өдрийн 38 дугаар М  ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар А.Ж ыг Кабель шугамын инженер албан тушаалд 2016.09.05-ны өдрөөс 2017.01.05-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай ажиллуулахаар шийдвэрлэсэн, /хх 25 д.тал/

 

4.2 А.Ж ын 2018.07.31-ний өдрийн М ХХК-ийн Ерөнхий захирал Д.Э т ...санхүүгийн дэмжлэг үзүүлж, өөрсдийн гэсэн орон сууцтай болоход байрны урьдчилгаа төлбөр төлөх 16 000 000 төгрөгийг шийдэж өгс тусална уу гэх өргөдлийг үндэслэн 2018.08.02-ны өдөр М  ХХК, А.Ж нар ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, нэг удаагийн санхүүгийн туслалцаа болох 16 000 000 төгрөгийг А.Ж т олгохоор харилцан тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулж, 2018.08.02-ны өдөр М ХК нь А.Ж ын Худалдаа хөгжлийн банкны ******* дугаар дансанд 16 000 000 төгрөгийг шилжүүлсэн, /хх 8-10, 11, 121-122 хуу/

 

4.3 2020.05.19-ний өдөр 09 цаг 55 минутад *@****moncable.mn гэх мэйл хаягаас j*****@gmail.com гэх А.Ж ын мэйл хаяг руу ажилчдад нэг удаа олгох буцалтгүй тусламжийн журмын дагуу санхүүгийн дэмжлэг авсан ажилтантай энэхүү гэрээг байгуулж байгаа болно, энэхүү гэрээний бөглөх хэсгүүдийг бөглөөд буцаагаад явуулж өгнө үү гэх агуулгатай цахим шуудангаар харилцсан, /хх 42, 126-128 хуу/

 

4.4 2021.09.21-ний өдөр М   ХХК, А.Ж  нар *****дугаар Хөдөлмөрийн гэрээг байгуулж, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан /хх 13-15 д.тал/

 

4.5 2022.01.31-ний өдөр А.Ж нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн дагуу 2022.02.25-ны өдрийн Б-22/41 дүгээр М ХХК-ийн захирлын тушаалаар А.Ж тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, /хх 26, 7 хуу/

 

4.6 М ХХК-ийн Ерөнхий захирлын 2018.03.12-ны өдрийн А18/13 дугаар тушаалын хавсралт №1-р М ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, М ХХК-ийн Ерөнхий захирлын 2018.03.12-ний өдрийн 01 дүгээр тушаалын хавсралт №3-р Цалин хөлс, урамшууллын журмыг тус тус баталсан, /хх 16-24, 77-93, 94-102 хуу/

 

4.7 2022.04.27-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 00126 дугаар баримтаар өргөдөл гаргагч М ХХК эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан, /хх 5 хуу/

 

4.8 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.22-ны өдрийн 102/ШШ2022/02899 дүгээр шийдвэрээр А.Ж ыг эрэн сурвалжилхаар шийдвэрлэж, 2022.10.07-ны өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс А.Ж ыг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ****** тоотод түр оршин суудаг болохыг олж тогтоосон зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 3, 27 хуу/

 

5. Зохигч 16 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн эсэх, төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдлийн хэмжээ, санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээг нөхөн үйлдсэн зэрэгт маргаангүй, харин санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдал, санхүүгийн туслалцаа үзүүлснээс хойш 5 жилийн дотор хөдөлмөрийн гэрээ цуцлагдах тохиолдолд ажилтан уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөхөөр тохиролцсон эсэхэд маргаантай.

 

6. Шүүх, зохигчдын хооронд Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1- заасан болзол тавьж хийсэн хэлцэл байгуулагдсан гэж үзэв.

 

Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ гэж, 44.3-т Бий болох эсэх нь мэдэгдэхгүй байгаа үйл явдал бий болсноор хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцсон бол өөрчлөгдөх болзлоор хийсэн хэлцэл гэнэ. гэж заасан байна.

 

Хэргийн баримтаар ажилтны хүсэлтийн дагуу ажил олгогч 2018.08.02-ны өдөр 16 000 000 төгрөгийг А.Ж ын Худалдаа хөгжлийн банкны ***** тоот дансанд шилжүүлсэн, 2018.08.02-ны өдрөөр огноолсон ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээний 3.2-т ажилтан нь санхүүгийн туслалцаа олгогдсоноос хойш нийт 5-аас доошгүй жилийн хугацаанд компанид тогтвортой ажиллах үүрэгтэй... гэж, 3.4.1-д ажилтан гэрээний 3.2-т заасан хугацаанд компанид ажиллаагүй буюу өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан,...тохиолдолд компаниас олгосон санхүүгийн туслалцааг буцаан төлөх үүрэгтэй... гэж тус тус дурдсан байна.

 

Хариуцагч мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэхэд маргахгүй боловч санхүүгийн туслалцаа үзүүлэх тухай гэрээг хожим нөхөн үйлдэж, хүчээр гарын үсэг зуруулсан, нөхөн үйлдэх явцдаа ажилтан нь санхүүгийн туслалцаа олгогдсоноос хойш 5-аас доошгүй жилийн хугацаанд компанид тогтвортой ажиллах үүрэгтэй...ажилтан гэрээний 3.2-т заасан хугацаанд компанид ажиллаагүй буюу өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан,...тохиолдолд компаниас олгосон санхүүгийн туслалцааг буцаан төлөх үүрэгтэй... гэх заалтыг нэмж тусгасан төдийгүй гэрээ байгулагдах үед хүчин төгөлөр мөрдөгдөж байсан цалин хөлс урамшууллын журамд маргаан бүхий зохицуулалт тусгагдаагүй байсан гэж маргасан.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.4гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаа заалгүй бичгээр илгээсэн бөгөөд түүнийг зөвшөөрсөн тухай хариуг ердийн боломжит хугацаанд хүлээн авсан бол гэрээг байгуулсанд тооцохоор заасан байна.

 

Шүүх, хариуцагчийн хүсэлтээр ажил олгогчийн төлөөлөгчийн хариуцагчид илгээсэн гэх цахим шууданд үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр 2020.05.19-ний өдөр ажил олгогч гэрээний саналыг илгээсэн үйл баримт илэрсэн бөгөөд хариуцагч гэрээний хүчин төгөлдөр байдлыг эс зөвшөөрсөн агуулгатай гэрээнд гарын үсэг зураагүй тохиолдолд цалин хөлс олгохгүй гэсэн тул гарын үсэг зурсан гэж дээрх үйл баримтыг тайлбарлах боловч хэргийн баримтаар түүний татгалзал нотлогдохгүй байна.

 

Иймд гэрээний саналыг хүлээн авч, гарын үсэг зурсан гэж дүгнэж, зохигчдын хооронд хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж үзэв.

 

Түүнчлэн 2016.02.01-ний өдрийн 02 дугаар цалин хөлс урамшууллын журамд санхүүгийн туслалцааг буцаан төлөх талаар тусгаагүй байсан гэж маргаж, уг журмын фото зурагт үзлэг хийлгэсэн боловч тухайн татгалзал нь нэхэмжлэгчээс ирүүлсэн 2018.03.12-ны өдрийн А18/13 дугаар тушаалын 3 дугаар хавсралт болох цалин хөлс урамшууллын журмаар үгүйсгэгдэж байна.

 

Йймд талууд хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан тохиолдолд дуусгавар болгохоор тохиролцсон өөрчлөгдөх болзлоор хийсэн хэлцэл байгуулагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагчаас 14 916 192 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан болно.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч А.Ж аас 14 916 192 /арван дөрвөн сая есөн зуун арван зургаан мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 531 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ж аас 232 531 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                         

  

 

 

ДАРГАЛАГЧ   Д.ЭНХЦЭЦЭГ