Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/02119

 

 

 

 

 

 

 

2023 12 06 210/МА2023/02119

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03197 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: М ХХК

Хариуцагч: А.Ц

 

Нэхэмжлэлийн шаардлага: 14,916,192 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 А.Ц нь М ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу инженерээр ажиллаж байсан. А.Цыг орон сууц авахад зориулж 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 16,000,000 төгрөг өгсөн. Ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээнд зааснаар А.Ц 5-аас доошгүй жил тогтвортой ажиллах үүрэгтэй. Гэвч тэрээр 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.

1.2 Ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээнд ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд ажилтан санхүүгийн туслалцааг буцааж компанид төлөхөөр заасан. Иймд А.Цаас 14,916,192 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 А.Ц нь М ХХК-д 2016 оноос хөдөлмөрийн гэрээний дагуу ажилласан. А.Ц 2018 онд орон сууц худалдан авах гэсэн боловч урьдчилгаа төлбөр дутсан тул компаниас санхүүгийн туслалцаа хүсэхэд ерөнхий захирлын 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 18/49-1 дугаар тушаалаар 16,000,000 төгрөгийг буцалтгүй тусламж гэсэн утгаар олгосон. Буцалтгүй тусламж олгох үед гэрээ байгуулаагүй. Ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээг сүүлд нөхөж байгуулсан.

2.2 Хүний нөөцийн менежер ...Нэг удаагийн буцалтгүй тусламжийн журмын дагуу санхүүгийн дэмжлэг авсан ажилтантай энэхүү гэрээг байгуулж байгаа. Энэхүү гэрээний бөглөх хэсгийг бөглөөд буцаагаад явуулж өгнө үү гэсэн мэйлийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр илгээсэн. Ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээнд А.Цын хүсэл зориг тусгагдаагүй. М ХХК-аас ...гэрээнд гарын үсэг зурах ёстой, зурахгүй бол цалин олгохгүй гэсэн гарын үсэг зурсан. 2018 онд буцаан төлөхгүйгээр тохиролцон олгоогүй.

2.3 А.Цд буцалтгүй тусламж олгох үед Цалин хөлс, урамшууллын журам батлагдаагүй байсан. Тус журмын 5.1.1, 5.1.2-д буцалтгүй тусламж авсан ажилтан нь 5 жил ажиллах үүрэгтэй гэж шинээр нэмж өөрчилсөн. А.Ц ажлаас гарахаас өмнө Цалин хөлс, урамшууллын журамтай танилцаж зургийг авахад дээрх заалт байхгүй байсан. А.Ц буцалтгүй тусламж 16,000,000 төгрөг авсны улмаас 5 жил ажиллах үүрэг хүлээгээгүй. М ХХК буцалтгүй тусламж олгох үед хэрэгжээгүй байсан журам, байгуулаагүй гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Цаас 14,916,192 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,531 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Цаас 232,531 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 М ХХК-аас А.Цд орон сууц авахад нь зориулж 16,000,000 төгрөгийг буцалтгүй тусламж гэж шилжүүлсэн. Компанийн удирдлага ...5 жилээс дээш ажилласан ажилтанд буцалтгүй тусламж олгодог ч чиний ур чадвар, бүтээмж өндөр учир тусламж олгосон гэж хэлсэн.

4.2 М ХХК буцалтгүй тусламж олгосноос хойш 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр А.Цд Ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ-ний төслийг илгээж баталгаажуулахыг шаардсан. Буцалтгүй тусламж олгох үед дурдагдаагүй агуулгыг гэрээнд оруулж ...гарын үсэг зур гэж шаардсан. А.Цын хүсэл зориг гэрээнд тусгагдаагүй. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөр огноолсон гэрээг 2020 онд байгуулсан болохыг зөвшөөрсөн.

4.3 Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь А.Цын өргөдөл, түүнд хийсэн цохолтоор илэрхийлэгдэнэ. Уг цохолтод буцалтгүй тусламж олгохоор заасан. Буцалтгүй тусламж авснаас хойш 5 жил ажиллах талаар хүсэл зориг илэрхийлээгүй. М ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 18/49-1 дугаар тушаалд ...буцалтгүй тусламж олгох тухай гэж тодорхой дурдсан. Мөн 16,000,000 төгрөгийг ...буцалтгүй тусламж, дэмжлэг ажилтанд гэсэн утгаар шилжүүлсэн нь хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийлэл.

4.4 Анхан шатны шүүх 2020 онд байгуулагдсан гэрээг 2018 онд байгуулсан мэт дүгнэсэн. Ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээний 3.1.4-д ажилтан компанид 5-аас доошгүй жил тогтвортой ажилласан тохиолдолд 16,000,000 төгрөгийг буцаан төлөхгүй байхаар тохиролцсон гэж гэрээнд байхгүй заалтыг үндэслэсэн. Хариуцагч санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээний төслийг анх 2020 онд илгээсэн нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

4.5 Анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Цалин хөлс урамшууллын журамд санхүүгийн туслалцааг буцаан төлөх талаар тусгаагүй байсан гэж маргаж, уг журмын фото зурагт үзлэг хийлгэсэн боловч тухайн татгалзал нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Цалин хөлс урамшууллын журмаар үгүйсгэгдэж байна гэж нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтыг хөтөлбөргүй үнэн мэт дүгнэж хариуцагч талаас өгсөн үзлэгийн баримтыг үнэлээгүй. Тус үзлэгээр бэхжүүлсэн нотлох баримт нь А.Ц М ХХК-тай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоос өмнө 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гар утсаар авсан зураг болно. 2016 онд батлагдсан Цалин хөлс урамшууллын журам 2022 онд хэрэгжиж байсан ба 2018 онд нэмэлт өөрчлөлт орсон талаар танилцуулж байгаагүй.

4.6 Түүнчлэн, тус компанийн ерөнхий захирлын 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 18/49-1 дугаар дэмжлэг олгох тухай тушаалд Цалин хөлс, урамшууллын журмын 5.1-д заасныг баримталсан. Харин 2018 оны журамд нэмэлтээр орсон 5.1.1, 5.1.2-д заасан буцалтгүй тусламж авсан ажилтан 5 жил ажиллах үүрэгтэй гэснийг баримтлаагүй. Үүнээс үзэхэд 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн огноотой журам тухайн онд батлагдсан эсэх нь эргэлзээтэй байна.

4.7 М ХХК Г.Мөнхбатад 2019 онд буцалтгүй тусламж олгосон бөгөөд Ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээг 2020 онд нөхөж байгуулсан. Г.Мөнхбат ажлаас гарсан тул М ХХК буцалтгүй тусламжид олгосон мөнгөн хөрөнгийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ маргаанд М ХХК-ийн Ерөнхий инженер С.Ганбаатар гэрчээр оролцож ...2018 онд батлагдсан гэх Цалин хөлс, урамшууллын журам байгаагүй, тус журамтай танилцаагүй гэж мэдүүлсэн. С.Ганбаатарыг энэ маргаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгөхийг хүссэн боловч ...мэдүүлэг өгөх хэцүү гэж татгалзсан. М ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Мөнхбатад холбогдох хэргээс гэрчийн мэдүүлгийг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Г.Мөнхбатад холбогдох хэргийн маргаан нь А.Цд холбогдох хэрэгтэй адилхан. Анхан болон давж заалдах шатны шүүх Г.Мөнхбатад холбогдох иргэний хэргийг ...анх буцалтгүй тусламж олгох хэлцэл байгуулагдаж хэрэгжиж дууссан бөгөөд 1 жилийн дараа Ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан нь бодитой хэрэгжээгүй бие даасан хэлцэл гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх А.Цд холбогдох хэрэгт хуулийг өөрөөр тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүх хэргийг нотлох баримтад үндэслэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Хариуцагч өмнө нь шийдвэрлэсэн хэргийн талаар гомдолдоо дурдсан нь шүүхэд нөлөөлөхийг оролдсон. Хариуцагчийн гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч А.Цд холбогдуулан ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн 16,000,000 төгрөгөөс 14,9116,192 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. А.Ц нь М ХХК-д 2018 оноос хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй. /хх 29/

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 18/49-1 дугаар тушаалаар хариуцагч А.Цыг шинэ орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлж, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 16,000,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон, үүнээс хариуцагч 1,083,808 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон. /хх 43/

 

3.1. Нэхэмжлэгч байгууллага нь ...2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ-г байгуулсан гэж тайлбарлаж байх боловч 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч компанийн хүний нөөцийн мэргэжилтнээс хариуцагчид илгээсэн цахим шууданд хийсэн үзлэгийг тэмдэглэлд ...Ажилтанд нэг удаа олгох буцалтгүй тусламжийн журмын дагуу санхүүгийн дэмжлэг авсан ажилтантай энэхүү гэрээг байгуулж байгаа болно. Энэхүү гэрээний дагуу бөглөх хэсгүүдийг бөглөөд буцаагаад явуулж өгнө үү гэж дурдсанаас үзэхэд 2020 онд нөхөж байгуулсан үйл баримт тогтоогдож байна. /хх 125-127/

 

4. Нэхэмжлэгч М ХХК ...А.Ц тус компанид 5-аас доошгүй жил ажиллаагүй тохиолдолд орон сууцны дэмжлэг 16,000,000 төгрөгийг буцаан төлөхөөр тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

4.1. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлавал, нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч А.Цт шинэ орон сууцад авахад дэмжлэг үзүүлж 16,000,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон нь буцаан төлөх нөхцөлийн талаар тохиролцоогүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон мөнгөн хөрөнгийг буцаан шаардах нөхцөлийн талаар талууд гэрээгээр[e1]  тохиролцоогүй тул 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэх огноотой гэрээг Ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ-г 2020 онд /хх 8-10/ нөхөж байгуулсан гэрээгээр буцалтгүй тусламжийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

 

4.2 Хариуцагч компанийн ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Цалин хөлс, урамшууллын журам-ыг, мөн захирлын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А18/13 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар Цалин хөлс, урамшууллын журам-ыг тус тус баталсан байна. /хх 72-76, 94-102/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 16,000,000 төгрөгийн урамшуулал олгохдоо 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Цалин хөлс, урамшууллын журам-ын 5.1 дэх хэсгийг баримталсан ба мөн хэсэгт Ажиллагсдын нийгмийн асуудлыг компанийн өөрсдийн нөөц, бололцооны хэмжээнд шийдвэрлэх бодлого баримтална гэж заажээ. Харин 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А18/13 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Цалин хөлс, урамшууллын журам-ын 5.1.1-д Компаниас буцалтгүй тусламж авсан ажилтан тусламж олгосон өдрөөс хойш 5 жилийн хугацаанд үр бүтээлтэй, үнэнч ажиллах үүрэг хүлээнэ гэж заажээ. Харин, нэхэмжлэгч нь дээрх журмыг хариуцагчид танилцуулж, уг журамд үндэслэн буцалтгүй тусламж олгох гэрээ байгуулсан гэх нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

5. Иймд талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэх огноотой, Ажилтанд санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ-ний дагуу үүргийн харилцаа үүсээгүй байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас 14,916,192 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03197 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч А.Цд холбогдох, 14,916,192 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,531 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

М.БАЯСГАЛАН

 


 [e1]Анхны тохиролцооноос нь нягтлаарай