Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/03198

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2023/03198 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, **** тоот хаягт оршин суух, * овогт *******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, *****, өөрийн байранд байрлах, *********т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, Ө.М,

гэрч Б.Х ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Г  нь И д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: И ийн Үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн албаны эдийн засагчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгүүлэхийг даалгах тухай. Гомдлын үндэслэл нь гомдол гаргагч миний бие И ын И төвд Үйлдвэрлэлтийн нягтлан бодох бүртгэлийн албаны эдийн засагчаар ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журам ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллаж байсан бөгөөд ямарваа нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй болно. Гэтэл 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын Б/143 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасны дагуу ноцтой зөрчил гаргасан /ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн/ гэж хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Тушаалыг гаргахдаа И  тээвэр дэх цагдаагийн хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14-5/170 дугаартай албан бичиг, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны №0358017 дугаартай шийтгэлийн хуудас тус тус үндэслэл болгожээ. Миний бие ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй архидан согтуураагүйг хамт ажиллаж байгаа хамт олон гэрчлэх болно. Гэтэл миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж хууль бусаар ажлаас чөлөөлсөн байна. Хөдөлмөрийн гэрээг цуцалж сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтан надад танилцуулаагүй гаргасан гэх зөрчлийг шалгаагүй надаас ямар нэгэн байдлаар тайлбар мэдүүлэг аваагүй 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хойш эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмнэлгийн магадалгаатай байх хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцалж сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Энэхүү хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн тушаалыг хүчингүй болгуулахаар И  газрын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус гомдол гаргасан боловч хэлбэрийн төдий хурал болж хууль зөрчсөн тушаалыг хүчингүй болгоогүй тул Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гардан аваад ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаандаа энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Иргэний нисэхийн үндэсний төвийн Үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн албаны эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч И төв нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн ахлах нягтлан бодогч Б.Га  нь 03 дугаар сарын 03-ны өдөр 13 цаг 20 минутын орчим буюу ажлын цагаар Буянт-Ухаа ажлын байранд согтуу байсан талаар Иргэний агаарын тээврийн цагдаагийн байгууллага дуудлага аваад ажил дээр ирж шалгаад драйвер үлээлгээд согтолтой байсан гэдгийг нь тогтоосон байдаг. Ажил олгогчид 03 дугаар сарын 9-ний өдөр илтгэх хуудас бичигдсэний дараа ажил олгогчийн ирсэн материалын дагуу зөвхөн тэр шийтгэх хуудас, тэмдэглэсэн тэмдэглэлүүдийг хараад шийдвэр гаргах боломжгүй байсан учир 03 дугаар сарын 23-ны өдөр И тээвэр дэх цагдаагийн хэлтэс хүү хүсэлт явуулсан. Хэвийн бус зөрчилтэй гэсэн зөрчлийн арга хэмжээ авсан байна. Энэ талаарх тодорхой баримтыг ирүүлнэ үү гэсэн. Үүний дагуу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр И   дэх цагдаагийн байгууллагаас хариу ирүүлсэн. Согтолттой байсныг нь тогтоосон учир Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан. Шалгахад 2,66 хэмжээний согтолттой байсан учир цагдаагийн байгууллага холбогдох арга хэмжээг авсан гэсэн хариу ирсэн. Ажил олгогч нь зөрчил гаргасан 03 дугаар сарын 24-ний байдлаар мэдсэн. Иргэний нисэхийн үндэсний байгууллагын дотоод журамд ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн эсхүл ажил үүргээ гүйцэтгэх гэж ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан бол гэсэн заалт байгаа. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, цуцлах, ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл юм. Энэ хүн зөрчил гаргасан өдрөөс хойш нэг ч өдөр ажил дээрээ ирээгүй. Бид Тээврийн цагдаагийн албанаас зөрчил илэрсэн талаар албан бичиг авсны дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өөртэй нь холбогдоход эмнэлэгт байна гэж хэлсэн учир энэ хүний гаргасан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасныг өвчтэй байсан хэдий ч хадгалах шаардлагагүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасан дараах 81.4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрүүл мэндийн шалтгаанаар эрүүл мэндийн магадалгаатай байснаас бусад тохиолдолд энэ хүний ажлын байрыг хадгалах ёстой учир ажлын байр хадгалах шаардлагагүй байсан учир өөрт нь сонсох ажиллагаа хийхээр холбогдоод эмнэлэгт манай И төвийн хуулийн мэргэжилтэн, захиргааны мэргэжилтэн хоёр очсон. Өөрийнх нь ашиг сонирхлыг хөндөж болзошгүй шийдвэр гаргах гэж байсан учир заавал өөрт нь танилцуулах ёстой. Тухайн үед эмнэлэгт байсан учир ир гэх боломжгүй. Аль боломжтой нөхцөл байдлаар нь эмнэлэгт очиж мэдэгдсэн гэв. Нэхэмжлэгч нь урд өдөр нь архи уусан маргааш нь драйвер үлээлгэхэд миний элэгний үйл ажиллагаа муу учраас ийм хариу гарлаа гэж хэлдэг. Тухайн өдөр тэгж маргасан бол цагдаагийн алба хаагчийн шийтгэвэр ногдуулах тэмдэглэлийг эс зөвшөөрөөд захиргааны зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт заасны дагуу 5 өдрийн дотор шийтгэвэрт гомдол гаргах байсан. Гэвч энэ шийтгэвэрт гомдол гаргаагүй. Сонсох ажиллагааны тэмдэглэл дээр өөрөө гарын үсгээ зураад авах арга хэмжээний талаар мэдсэн. Өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үздэг гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: 2022.03.15-ны өдрийн шийтгэлийн хуудас, 2022.04.05-ны өдрийн Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын Б/143 дугаар тушаал, Б.Г ын иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсууд, Г/19 дүгээр Хөдөлмөрийн гэрээ, гэрээнд оруулах нэмэлт өөрчлөллт, 2022.09.27-ны өдрийн 19 дүгээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2022.12.12-ны өдрийн Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 13 дугаар тэмдэглэл, 2023.05.22-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг гаргаж өгсөн. /хх 3-20, 53 д.тал/

 

4. Хариуцагчаас: 2023.02.02-ны өдрийн 10-1/86 дугаар итгэмжлэл, 2022.12.12-ны Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 13 дугаар тэмдэглэл, 2022.03.24-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газар тээврийн цагдаагийн албаны тодорхойлолт, 2022.03.03-ны өдрийн илтгэх хуудас, 2022.03.03-ны өдрийн Б.Г ын БУОУНБ-д явсан маршрут, фото зураг, 2022.03.09-ны өдрийн илтгэх хуудас, Б.Г ын ажлын үнэмлэхийн хуулбар зураг, 2022.03.03-ны өдрийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, 2022.09.27-ны өдрийн И  газрын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 19 дүгээр тэмдэглэл, 2023.05.03-ны өдрийн 10-1/382 дугаар итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.04.05-ны өдрийн Б/143 дугаар Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын тушаал, 2022.03.15-ны өдрийн 0358017 дугаар шийтгэлийн хуудас, Д.Г ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022.02.25-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын А-26 дугаар тушаал, И төвийн зохион байгууллатын бүтэц, 2022.04.05-ны өдрийн Б/143 дугаар Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын тушаал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 27-41, 44-48, 86-90 д.тал/

 

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр И  төвөөс 2023.09.27-ны өдрийн 10-1/766 дугаар албан бичиг, 2022.03.25-ны өдрийн Сонсох ажиллагааны талаарх мэдээлэл, Г/19 дүгээр хөдөлмөрийн гэрээ, гэрээний нэмэлт, өөрчлөлт зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 65-83 д.тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Г  нь И ААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ өмгөөлөгчийн хамт дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй биеийн эрүүл мэндийн байдал тааруу байсныг архи хэрэглэсэн гэж буруу тайлбарласан, сахилгын шийтгэлийг оногдуулах хуульд заасан 1 сарын хугацаа өнгөрсөн хойно ногдуулсан, сахилгын шийтгэлийн хугацаа тасалдсан буюу эмнэлэгт хэвтэж байх үед сонсох ажиллагааны тэмдэглэл танилцуулж гарын үсэг зуруулсан нь сахилгын шийтгэл ногдуулах журмыг зөрсөн тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч И ААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Ажилтан Г.Га  ажлын байранд согтуу ирсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 5.2.6 дахь заалтад заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль нийцсэн. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд үүрэг гүйцэтгэхээр ирсэн болох нь хэрэгт авагдсан илтгэх хуудас, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдох бөгөөд сонсох ажиллагааны үед өөрөө гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 2022.02.09-ний өдөр Б.Г , И  газар нарын хооронд Г/19 дүгээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, Б.Гыг үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн албаны эдийн засагчаар ажиллуулахаар тохиролцож, гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан, /хх 68-83 тал/

 

4.2 2022.03.03-ны өдөр эргүүлийн цагдаа Б.Б Буянт-Ухаа нисэх буудал дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Б.Г ыг согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэх дуудлагын дагуу шалгахад 2,66 хувийн согтолтын зэрэгтэй байгааг илрүүлсэн, /хх 33-38 тал/

 

4.3 2022.03.15-ны өдөр 0358017 дугаар илтгэх хуудсаар цагдаагийн ахлагч Б.Б  нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан үндэслэлээр Б.Г ыг 25 нэгжээр торгосон, /хх 48 д.тал/

 

4.4 2022.03.24-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын тээврийн цагдаагийн албанаас 14-5/170 дугаар албан бичгээр Б.Г ын гаргасан зөрчлийг илрүүлэн торгуулийн арга хэмжээ авсан талаарх баримтыг Иргэний нисэхийн үндэсний төвийн дэд дарга С.М д хүргүүлсэн, /хх 32 д.тал/

 

4.5 2022.03.25-ны өдөр Б.Г ын гаргасан зөрчлийг хэлэлцэхээр сонсох ажиллагаа явуулсан, /хх 66-67 тал/

 

4.6 Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2022.04.05-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/143 тушаалаар Б.Г ын үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан, /хх 47 д.тал/

 

4.7 2022.09.27-ны өдөр Б.Г ын гаргасан гомдлын дагуу И газрын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдаанаар талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгосон зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 39-41 д.тал/

 

5. Зохигч, И  төвийн даргын 2022.04.05-ны өдрийн Б.Г тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/143 дугаар тушаал хуульд нийцсэн эсэх талаар маргаантай.

6. Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022.04.05-ны өдрийн Б/143 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 83.4, 123 дугаар зүйлийн 123.2.5-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгох сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмын холбогдох заалтуудыг үндэслэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан байна.

 

Хэрэгт авагдсан 2022.02.09-ний өдрийн И төв, Б.Г  нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.2.6-д ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн, эсхүл ажил үүргээ гүйцэтгэхээр ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тусгажээ.

 

Хуульд заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг гаргасан байхыг ойлгохоос хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг ойлгох бөгөөд ажил олгогч энэ үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөхдөө ноцтой зөрчил гаргасныг тогтоосон байх шаардлагатай.

Хэрэгт авагдсан Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн 2022.03.03-ны өдрийн ээлжийн ахлагч Б.Х ын илтгэх хуудас, аюулгүй байдал, хамгаалалтын албаны ээлжийн ахлагч Б.Б ын 2022.03.03-ны өдөр үйлдсэн илтгэх хуудас, 2022.03.03-ны өдрийн согтууруулах ундаа хэрэглсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, 2022.03.15-ны өдрийн 0358017 дугаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудас 2022.03.24-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын тээврийн цагдаагийн албаы 14-5/170 дугаар албан бичиг зэргээр нэхэмжлэгч Б.Г  нь 2022.03.03-ны өдөр 2.66 хувийн хэмжээтэй байсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

7. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын сахилгын шийтгэлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн, эмнэлгийн магадлагаатай байх хугацаанд сонсох ажиллгааны тэмдэглэлийн танилцуулж ажилтнаар гарын сүэг зуруулсан гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь:

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т сахилгын зөрчил гаргасан өдрөөс нэг сарын , эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж, 123.6Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь ажилтан эмнэлгийн магадалгаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэж тус тус заасан байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтыг ажилтан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулаагүй бол хариуцлага хүлээлгэхгүй бөгөөд уг зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэлийг ногдуулах агуулгатай ажил олгогчид хамаарах зохицуулалт гэж ойлгох бөгөөд энэ хугацаанд ажилтан эмнэлгийн магадалгаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байсан бол ажил олгогчийн хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар зохицуулсан гэж ойлгоно.

 

Иймд 2022.03.24-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын тээврийн цагдаагийн албанаас 14-5/170 дугаар албан бичгээр Б.Г ын гаргасан зөрчлийг илрүүлэн торгуулийн арга хэмжээ авсан талаарх баримтыг ирүүлснээр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэх ажил олгогчийн татгалзал үндэслэлтэй.

 

8. Мөн Иргэний нисэхийн үндэсний төв ААТҮГ-ын даргын 2022.04.05-ны өдрийн Б/143 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах зохицуулалтыг аль алийг нь удирдлага болгосон байх боловч энэ нь уг тушаалыг хуульд нийцэхгүй гэж үзэх үндэслэл болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар нэхэмжлэгч Б.Г ын И төв ААТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ