Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00086

 

 Б.Г-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03198 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Г-ын хариуцагч “И-” ААТҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, Ө.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие И-д үйлдвэрлэлтийн нягтлан бодох бүртгэлийн албаны эдийн засагчаар ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журам ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллаж байсан. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн И-ийн даргын Б/143 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу ноцтой зөрчил гаргасан /ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн/ гэж хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан. Тушаалыг гаргахдаа Иргэний агаарын тээвэр дэх Ц- хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14-5/170 дугаартай албан бичиг, Ц- байгууллагын эрх бүхий албан тушаалтны №0358017 дугаартай шийтгэлийн хуудас зэргийг үндэслэл болгожээ. Миний бие ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй архидан согтуураагүйг хамт ажиллаж байгаа хамт олон гэрчлэх болно. Гэтэл миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж хууль бусаар ажлаас чөлөөлсөн байна. Хөдөлмөрийн гэрээг цуцалж сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтан надад танилцуулаагүй, гаргасан гэх зөрчлийг шалгаагүй надаас ямар нэгэн байдлаар тайлбар мэдүүлэг аваагүй 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хойш эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмнэлгийн магадалгаатай байх хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцалж сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Иймд И-ийн үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн албаны эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн ахлах нягтлан бодогч Б.Г- нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 13 цаг 20 минутын орчим буюу ажлын цагаар согтуу байсан. Согтуурлын зэргийг шалгахад 2,66 хувийн согтолттой байсан учир Ц- байгууллага холбогдох арга хэмжээг авсан. Энэ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, цуцлах, ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл юм. Тээврийн Ц- албанаас зөрчил илэрсэн талаар албан бичиг авсны дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Б.Г-тай холбогдоход эмнэлэгт байна гэж хэлсэн учир сонсох ажиллагаа хийхээр эмнэлэгт И-ийн хуулийн мэргэжилтэн, захиргааны мэргэжилтэн хоёр очсон. Өөрийнх нь ашиг сонирхлыг хөндөж болзошгүй шийдвэр гаргах гэж байсан учир заавал өөрт нь танилцуулах ёстой. Тухайн үед эмнэлэгт байсан учир ир гэх боломжгүй. Аль боломжтой нөхцөл байдлаар нь эмнэлэгт очиж мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь урд өдөр нь архи уусан маргааш нь драйгер үлээлгэхэд миний элэгний үйл ажиллагаа муу учраас ийм хариу гарлаа гэж хэлдэг. Тухайн өдөр тэгж маргасан бол Ц- алба хаагчийн шийтгэвэр ногдуулах тэмдэглэлийг эс зөвшөөрөөд Захиргааны зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт заасны дагуу 5 өдрийн дотор шийтгэвэрт гомдол гаргах байсан. Гэвч энэ шийтгэвэрт гомдол гаргаагүй. Сонсох ажиллагааны тэмдэглэл дээр өөрөө гарын үсгээ зураад авах арга хэмжээний талаар мэдсэн. Өөрөө хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар нэхэмжлэгч Б.Г-ын “И-” ААТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх талуудын тайлбар, хариуцагчийн татгалзал, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №Б/143 дугаар тушаал гарах үндэслэл зэргийг буруу тайлбарлан, хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан И-ийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №5/143 дугаартай тушаалын нэршлийн хувьд “Б.Г-тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, сахилгын шийтгэл ногдуулах тухай” гэх нэршилтэй, тушаалын хууль зүйн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаас гадна, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 /ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах/ дэх хэсгийг тус тус үндэслэл болгож, тус тушаалын 1-д: “... Б.Г- нь гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдож байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, сахилгын шийтгэл ногдуулсугай” гэх талаар тодорхой тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл Б.Г- нь сахилгын зөрчил гаргасан нь түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болсон бөгөөд энэхүү зохицуулалтыг хэрэглэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх зохицуулалт хамтатган хэрэглэгдэх нөхцөл байдлыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн Шинэчилсэн найруулгад хуульчилсан байдаг. Иймд энэхүү тушаалын үндэслэл, агуулгыг авч үзвэл сахилгын зөрчил гаргасан этгээдэд сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Гэтэл анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоход Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах журмыг баримтлах шаардлагагүй, тушаалын агуулгыг тодорхойлоход сахилгын шийтгэл ногдуулах бус, шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах агуулгатай байна гэж тайлбарлан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр батлагдаж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар “ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр цуцлах, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт ажил олгогч сахилгын зөрчил гаргасан ажилтанд “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалт хэрэгжиж байсан бөгөөд дээрх зохицуулалтуудын эхнийх нь хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах, хоёр дахь нь хуульд заасан үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан этгээдийг ажлаас халах буюу тус тусдаа хэрэглэх боломжтой хэм хэмжээнүүд байсан. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд дээрх зохицуулалтуудыг өөрчилж “ажлаас халах” сахилгын шийтгэлийг “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” зөрчил болгон өөрчилснөөр энэхүү зохицуулалтыг зайлшгүй мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан зохицуулалттай хамтатган хэрэглэх хууль ёсны шаардлага үүссэн. Иймд талуудын маргаан бүхий акт буюу И-ийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №Б/143 дугаартай тушаал нь үндэслэлтэй эсэх үйл баримтыг дүгнэхэд сахилгын зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийж гүйцэтгэгдсэн эсэхийг нарийвчлан шалгах шаардлагатай байгаа юм.

4.а.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ”, 123.6-т “Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь ажилтан эмнэлгийн магадалгаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана” гэж тус тус заасан ба энэ хугацаанд хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах, сахилгын зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа тасалдах үндэслэлтэй юм. Гэтэл ажил олгогч И- нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр буюу миний үйлчлүүлэгч Б.Г-ыг Хөдөлмөрийн чадвараа түр алдсан, ажлаас чөлөөлөгдсөн сахилгын зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа тасалдсан байх хугацаанд /1хх.8 хуудас/, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас 2022 оны 03 дугаар сарын 21-нээс 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Б.Г-ыг ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадалгаа/ Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар сонсох ажиллагаа хийж гүйцэтгэн, сонсох ажиллагааны тэмдэглэлд ... Үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн албаны эдийн засагч Б.Г-тай 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12.35 цагт клиникийн нэгдсэн 2 дугаар эмнэлгийн бөөрний тасагт (4 давхарт) биечлэн ирж, Б.Г-аас тайлбар. санал хүсэлт тэмдэглэн авсан болно" гэх талаар тусгасан нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа юм. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс миний үйлчлүүлэгч Б.Г-т холбогдох сахилгын зөрчлийг шалган шийдвэрлэхдээ, Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчиж, хуульд заасан хугацаа явуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6 дахь хэсэгт заасан журмыг ноцтой зөрчсөн буюу сонсох ажиллагаа хуульд нийцээгүй, ажилтнаас сахилгын шийдвэр ногдуулахаас өмнө тайлбар аваагүй гэх үндэслэлтэй тул И-ийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №Б/143 дугаартай тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байгаа юм. Гэтэл анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүйгээр, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэсэнд үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, И-ийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №Б/143 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Тухайн үед “И-” ААТҮГ-ын ажилтан байсан Б.Г- нь Б- олон улсын нисэх буудал буюу өөрийн ажлын байранд ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь тогтоогдсон гэх мэдээллийг Ц- байгууллагаас 03 дугаар сарын 25-ны өдөр албан бичгээр ирүүлсэн. Үүнээс өмнө дотоод аюулгүй байдал хамгаалалтын ажилтнаас Б.Г-ыг согтуу явж байсан гэх мэдээллийг авсан. Үүнийг эрх бүхий байгууллагаас нь тодруулъя. Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоодог байгууллага нь манайх биш. Тогтоодог байгууллагаас нь тодруулъя гэж хэлээд Ц- байгууллага руу албан бичиг явуулсан ба тухайн албан бичгийн хариу нь “Б.Г- Б- олон улсын нисэх буудалд согтуу явж байсан” гэсэн байдаг. Дуудлага мэдээллийн дагуу очиж драгер үлээлгэхэд согтолтын хэмжээ 2,66 гарсан гэдэг. Эрх бүхий байгууллага согтуу байсан гэдгийг тогтоосон учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нотцой зөрчсөн зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан. Хөдөлмөрийн дотоод журмын 29.6-д ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байранд архидан согтуурсан, эсвэл ажил үүргээ гүйцэтгэхээр ирэхдээ согтуу ирсэн гэх хоёр үндэслэл хоёулаа хамаардаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэж ноцтой зөрчил гаргасан. Нэхэмжлэгч өөрөө согтуу байсан өдрөөсөө хойш өвчтэй байсан учраас хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулсан гэж үэж байгаа. Өөрөө ажилдаа ирэх боломжгүй эмнэлэгт байсан учраас хуульд заасан журмын дагуу тайлбар мэдээлэл өгөх эрхээр нь хангаж манай хоёр ажилтан очиж өөрөөс нь тайлбар, мэдүүлэг авч сонсох ажиллагаа явуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч “И-” ААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон байна.  

 

4.Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч “И-” ААТҮГ-тай 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн албанд эдийн засагчаар ажиллаж байгаад тус төвийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/143 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 47, 68-74-р тал/

 

4.а.Хариуцагч “И-” ААТҮГ нь нэхэмжлэгч Б.Г-ыг ажлаас чөлөөлсөн тушаалдаа “... Б.Г- нь ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэж, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлийг заасан байна.

 

4.б.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заажээ.

 

4.в.Гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд талууд хөдөлмөрийн гэрээний 5.2-т ноцтой зөрчилд тооцох нөхцөлүүдийг тохиролцож, 5.2.6-т “Ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн, эсхүл ажил үүргээ гүйцэтгэхээр ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцална” гэж заасан байна.

           

4.г.Нэхэмжлэгч Б.Г- нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар согтуурлын зэргийг шалгахад 2,66 хувийн согтолттой гарсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг тогтоохдоо хэрэгт авагдсан илтгэх хуудас, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, шийтгэлийн хуудас, Ц- Е- Тээврийн Ц- албаны албан бичиг зэрэг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна. /хх-ийн 33-38, 48-р тал/

 

            5.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо хариуцагч байгууллага нь сонсох ажиллагаа явуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн гэжээ.

 

5.а.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авна ...” гэж заасан. Хэргийн 66-67-р талд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр огноолсон “Сонсох ажиллагааны талаарх мэдээлэл” гэх баримт авагдсан бөгөөд тус баримтад ажилтан Б.Г-ын гаргасан зөрчил хэрхэн нотлогдсон байдлыг тусган ажлаас чөлөөлөх болсон талаар мэдэгджээ.

 

5.б.Мөн сонсох ажиллагаанд оролцогчийн тайлбарт “Би энэ үйлдлийг гаргаагүй тул зөвшөөрөхгүй байна. Уг өдөр ажлын байранд ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, Ц- үлээлгэсэн багажийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин үлээе гэхэд үлээлгээгүй” гэсэн байх бөгөөд тус баримтад ажилтан Б.Г- өөрөө болон хариуцагч байгууллагыг төлөөлөн хуулийн мэргэжилтэн П.Б-, хүний нөөцийн мэргэжилтэн Б.Н- нар гарын үсгээ зурсан байна. Үүнээс үзвэл хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулах талаар ажилтанд урьдчилан мэдэгдсэн гэж үзэхээр байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

            5.в.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу баримталсныг залруулах шаардлагатай. Тодруулбал, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч, түүний үр дагаврыг арилгуулахаар гомдол гаргасан байхад анхан шатны шүүх ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлийн талаар зохицуулсан мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

 

            Иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03198 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 154 дүгээр зүйлийн 154.8 ...” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ЦЭНД

                       ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ