Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2016/00455

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 05 өдөр

 

 

Дугаар 181/ШШ2016/00455

 

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Д.М /РД:-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:МУБИС д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, хууль бус тушаалыг хүчингүйд тооцуулан ээлжийн амралт эдлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.М , хариуцагч МУБИС ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1985 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс МУБИС-ийн номын санд уншлагын заалын эрхлэгчээр ажилд орсноос хойш ахлах номын санчаар тасралтгүй 31 жил ажилласан. Гэтэл МУБИС ийн захирал 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б/31 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн гэж ажлаас халсан байна.

Би 1956 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 60 нас хүрэх ёстой. Тус сургуулийн эрх зүйч Цэнгүнжав надтай нэг удаа уулзахдаа та Оюутнуудын спорт шоу тоглолтын 17 ширхэг билет борлуулах үүрэг биелүүлээгүй номын сангийн эрхлэгч Баатарсүрэнтэй хэрэлдсэн, үүрэг даалгавар биелүүлдэггүй юм байна. Таныг тэтгэвэрт гаргана гэж захирал хэлж байна гэхээр нь би энэ оны 9 дүгээр сард 60 нас хүрнэ 2,3-хан сар дутуу байна, авах тэтгэврийн хэмжээнд ч нөлөөлнө, тиймээс ээлжийн амралтаа эдлээд гарна гэж хэлж байсан. Намайг дарамталж байж өргөдөл болон мэдэгдлийн дор 7 сарын 1-нээс тэтгэвэрт гарна гэж бичүүлсэн. Цэнгүнжав намайг та ингээд биччих тэгэхгүй бол намайг хүртэл ажлаас халах гээд байна гээд байсан.

Гэтэл тушаал гаргасан тухайгаа надад хэлээгүй, гардуулж өгөөгүй намайг үл тоож хууль зөрчсөн.

Тушаал гарсан эсэхийг асууж захирлын нарийн бичгийн даргатай уулзахад өөрийнхөө хувийг таньд өгөх боломжгүй гээд нябо руу утсаар ярьж Цэнгүнжавын өрөөнд тушаалын нэг хувь байх ёстой аваад өгчих гэснээр 6 дугаар сарын 04-ний өдөр тушаалын хувийг олж авч үзэхэд 5 дугаар сарын 16-ны өдөр Б/31 дугаартай тушаал гарсан байхыг мэдсэн.

Би өгсөн үүргийнх нь дагуу 17 ширхэг билетийг зарж борлуулахаар өөрийн таньж мэдэх бүх хүн рүү ярьсан боловч авах хүн олдоогүй, хугацаа нь тулаад байсан тул учрыг нь хэлж буцааж өгөхөд удирдлагууд дургүйцсэн. Ажил төрлөөс болж номын сангийн эрхлэгч Баатарсүрэнтэй 2,3 удаа маргалдсан нь үнэн. Баатарсүрэн намайг удирдлагуудад худлаа танилцуулснаас тэтгэвэрт гарах нэрийдлээр намайг ажлаас үндэслэлгүй халсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар өндөр насны тэтгэвэр авах эрх бүтэн 60 нас хүрч байж буюу он сар өдрийн хувьд бүрэн хангагдаж байж өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх ёстой.

Хэдийгээр 60 нас хүрэхэд цөөхөн сар үлдсэн тэтгэвэртээ гарч болох мэт ойлгогдож байгаа боловч 30 гаруй жил хоёргүй сэтгэлээр уг сургуульд ажиллачихаад хөгшин хөвөөгөөрөө дуудуулж худлаа гүтгүүлж, гомдож хөөгдөж тэтгэвэрт гарах дутагдал гаргаагүй тул шударга ёс үнэнг мэдрүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

Тушаал гарсан эсэхийг мэдээгүй тул 2016 оны 6 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл ажилласан. Тушаалыг дээрх байдлаар мөн өдөр авсны дараа миний ажлыг хүлээж авах хүн байхгүй байсан тул ахлах номын санч Цолмонд номын сангийн данс, дардас, тэмдэг, өрөөний шкафны түлхүүр бичиг хэргийн хэрэгсэл, компьютер зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгсөн.

Миний тушаал гарсныг хүний нөөцийн менежер мэдээгүй байсан ба хөөцөлдөж тушаал гаргасан Цэнгүнжав тушаалыг надад өгөлгүй хөдөө явсан байсан. Хоёр амралтын хооронд 11 сар болсон байхад би амралтаа авах эрхтэй. Гэтэл эд надад амралт эдлүүлэхгүй байгаа нь доромжилсон хэрэг гэж үзэхээс өөр аргагүй байна.

Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, хууль бус тушаалыг хүчингүйд тооцож өгнө үү. Ээлжийн амралтыг эдлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох нөхцлүүдийг тодорхой заасан ба 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалж болно хэмээн заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлөх тухай мэдэгдлийг 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор мэдэгдэж хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөх тушаал гаргаж нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болон тушаалд заасан амралтын мөнгийг олгосон. Мэдэгдлийг өгөх гэхэд Мөнхжаргал хүлээн авахаас татгалзаж уг мэдэгдлийн дор өөрийн гараар 7 дугаар сарын 1-ний өдрөөс гарах хүсэлтэй байгаа тухайгаа бичиж байсан. Мөнхжаргал өөрийн гараар тэтгэвэрт гарах тухай өргөдөл бичиж өгч байсан.Мөнхжаргал 2016 онд 6 сар л ажилласан учраас амралтын мөнгийг нь 15 хоногоор тооцсон. Энэ мөнгө нь Мөнхжаргалын дансанд орсон. Бид хууль зөрчөөгүй, тэтгэвэрт гарах нас нь болсон Мөнхжаргалд мэдэгдэл өгч тэтгэвэрт гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай сургуулийн удирдлага солигдсон, сүүлийн үед хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, Мөнхжаргалтай хийж байсан хөдөлмөрийн гэрээ байгаа л байх, одоо бол шүүхэд авч ирэх боломжгүй байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй байна.

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч МУБИС д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, хууль бус тушаалыг хүчингүйд тооцуулан ээлжийн амралт эдлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.М д Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах эрх эрх үүссэн, ажилтан өөрөө тэтгэвэрт гарахыг хүсэж өргөдөл өгсөн тул ажлаас нь чөлөөлсөн гэж маргажээ.

1.Д.М нь МУБИС ийн номын санд уншлагын заалын эрхлэгч, ахлах номын санч- аар 31 дэх жилдээ ажиллаж байжээ./хх-ийн 33-36-р хуудас/ 

Түүнийг 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаалыг 5 дугаар сарын 16-ны өдөр гаргасан болох нь зохигчдын тайлбар, тус сургуулийн захирлын Б/31 дугаар тушаал, хөдөлмөрийн дотоод журмаар тогтоогдож байна./хх-ийн 6,15,16, 21-23/

Д.М нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан бөгөөд ажлаас буруу халсан тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гаргажээ.

Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь Д.М ыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн үндэслэлээр ажлаас халжээ.

Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдэг нь ажилтан иргэний үнэмлэхийн үндсэн дээр он, сар, өдрөөр тоолоход 60 насанд бүрэн хүрсэн байхыг ойлгоно.

Нэхэмжлэгч нь 1956 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн байх бөгөөд Б/31 дугаар тушаал гарах үед 60 нас хүрээгүй, 59 нас 9 сартай байсан болох нь зохигчдын тайлбар болон нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 4, 23-29-р хуудас/

Иймд Д.М ыг МУБИС ийн номын сангийн ахлах номын санч-ийн ажилд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин болох 2 370 626 / хоёр сая гурван зуун далан мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М д олгох үндэстэй.

Хууль бус тушаалыг хүчингүйд тооцуулах, ээлжийн амралтыг эдлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Д.М ыг МУБИС ийн номын сангийн ахлах номын санч- ийн ажилд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас 2 370 626 / хоёр сая гурван зуун далан мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж Д.М д олгон, хууль бус тушаалыг хүчингүйд тооцож, ээлжийн амралтыг эдлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                       

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО