Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1655

 

    Хын нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Cүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00455 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХд холбогдох

 

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, хууль бус тушаалыг хүчингүйд тооцуулан ээлжийн амралт эдлүүлэх тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 1985 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс МУБИС-ийн номын санд уншлагын заалын эрхлэгчээр ажилд орсноос хойш ахлах номын санчаар тасралтгүй 31 жил ажилласан. Гэтэл ХХХ захирал 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б/31 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн гэж ажлаас халсан.

Би 1956 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 60 нас хүрэх ёстой. Тус сургуулийн эрх зүйч ХХХ надтай нэг удаа уулзахдаа “та оюутнуудын спорт шоу тоглолтын 17 ширхэг билет борлуулах үүрэг биелүүлээгүй номын сангийн эрхлэгч ХХХХХХтэй хэрэлдсэн, үүрэг даалгавар биелүүлдэггүй юм байна. Таныг тэтгэвэрт гаргана гэж захирал хэлж байна” гэхээр нь би энэ оны 9 дүгээр сард 60 нас хүрнэ 2, 3 cap дутуу байна, авах тэтгэврийн хэмжээнд ч нөлөөлнө, тиймээс ээлжийн амралтаа эдлээд гарна гэж хэлж байсан. Намайг дарамталж байж өргөдөл болон мэдэгдлийн дор 7 сарын 01-нээс тэтгэвэрт гарна гэж бичүүлсэн. ХХХ намайг та ингээд биччих тэгэхгүй бол намайг хүртэл ажлаас халах гээд байна гэсэн. Гэтэл тушаал гаргасан тухайгаа надад хэлээгүй, гардуулж өгөөгүй намайг үл тоож хууль зөрчсөн.

               Тушаал гарсан эсэхийг асууж захирлын нарийн бичгийн даргатай уулзахад өөрийнхөө хувийг таньд өгөх боломжгүй гээд ня-бо руу утсаар ярьж ХХХын өрөөнд тушаалын нэг хувь байх ёстой аваад өгчих гэснээр 6 дугаар сарын 04-ний өдөр тушаалын хувийг олж авч үзэхэд 5 дугаар сарын 16-ны өдөр Б/31 дугаартай тушаал гарсан байхыг мэдсэн. Би өгсөн үүргийнх нь дагуу 17 ширхэг билетийг зарж борлуулахаар өөрийн таньж мэдэх бүх хүн рүү ярьсан боловч авах хүн олдоогүй, хугацаа нь тулаад байсан тул учрыг нь хэлж буцааж өгөхөд удирдлагууд дургүйцсэн. Ажил төрлөөс болж номын сангийн эрхлэгч ХХХХХХтэй 2, 3 удаа маргалдсан нь үнэн. ХХХХХХ намайг удирдлагуудад худлаа танилцуулснаас тэтгэвэрт гарах нэрийдлээр намайг ажлаас үндэслэлгүй халсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар өндөр насны тэтгэвэр авах эрх бүтэн 60 нас хүрч байж буюу он cap өдрийн хувьд бүрэн хангагдаж байж өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх ёстой. Хэдийгээр 60 нас хүрэхэд цөөхөн cap үлдсэн тэтгэвэртээ гарч болох мэт ойлгогдож байгаа боловч 30 гаруй жил хоёргүй сэтгэлээр уг сургуульд ажиллачихаад худлаа гүтгүүлж, гомдож хөөгдөж тэтгэвэрт гарах дутагдал гаргаагүй тул шударга ёс үнэнг мэдрүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

Тушаал гарсан эсэхийг мэдээгүй тул 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилласан. Тушаалыг дээрх байдлаар мөн өдөр авсны дараа миний ажлыг хүлээж авах хүн байхгүй байсан тул ахлах номын санч ХХХХХХХХд номын сангийн данс, дардас, тэмдэг, өрөөний шкафны түлхүүр, бичиг хэргийн хэрэгсэл, компьютер зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгсөн. Миний тушаал гарсныг хүний нөөцийн менежер мэдээгүй байсан ба хөөцөлдөж тушаал гаргасан ХХХ тушаалыг надад өгөлгүй хөдөө явсан байсан. Хоёр амралтын хооронд 11 cap болсон байхад би амралтаа авах эрхтэй. Гэтэл эд надад амралт эдлүүлэхгүй байгаа нь доромжилсон хэрэг гэж үзэхээс өөр аргагүй байна. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, хууль бус тушаалыг хүчингүйд тооцож өгнө үү. Мөн ээлжийн амралтыг эдлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХ тайлбарт: Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох нөхцлүүдийг тодорхой заасан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалж болно хэмээн заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлөх тухай мэдэгдлийг 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор мэдэгдэж хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болон тушаалд заасан амралтын мөнгийг олгосон. Мэдэгдлийг өгөх гэхэд Х хүлээн авахаас татгалзаж уг мэдэгдлийн дор өөрийн гараар 7 дугаар сарын 01-ний өдрөөс гарах хүсэлтэй байгаа тухайгаа бичиж байсан. Х өөрийн гараар тэтгэвэрт гарах тухай өргөдөл бичиж өгч байсан. Х 2016 онд 6 cap л ажилласан учраас амралтын мөнгийг нь 15 хоногоор тооцсон. Энэ мөнгө нь Хын дансанд орсон. Бид хууль зөрчөөгүй, тэтгэвэрт гарах нас нь болсон. Хд мэдэгдэл өгч тэтгэвэрт гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай сургуулийн удирдлага солигдсон, сүүлийн үед хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Хтай хийж байсан хөдөлмөрийн гэрээ байгаа л байх, одоо бол шүүхэд авч ирэх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Хыг ХХХ номын сангийн "ахлах номын санч"- ийн ажилд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас 2 370 626 төгрөг гаргуулж Хд олгон, хууль бус тушаалыг хүчингүйд тооцож, ээлжийн амралтыг эдлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо:

МУБИС нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлага дор төрийн үйлчилгээ эрхэлдэг, үйлчилгээний байгууллага тул хөдөлмөрийн харилцаандаа Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөн хэрэгжүүлдэг билээ. Энэхүү харилцааг Төрийн албаны тухай хуулийн 11.5-д хуульчилж өгсөн байдаг. Мөн хуулийн 24.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй" хэмээн хуульчилж өгсөн байна.

Үүнээс үзэхэд өндөр насны тэтгэвэр авах эрх нь нээгдсэн ажилтан нь төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрэх хүртэл ажиллах хүсэлтээ гаргасан, эс гаргасан нь түүнийг захиргааны санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд саад болохгүй хэмээн хуульчилжээ.

Иймээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2016/00455 тоот шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгох хүсэлтэй байгааг хүлээн авч, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Х 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/31 тоот захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ээлжийн амралт эдлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч ХХ эс зөвшөөрч, маргажээ.

         

           ХХ нь нэхэмжлэгч Хыг 1985 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс тус сургуулийн номын санд уншлагын танхимын эрхлэгч, номын санчаар ажиллуулж байгаад 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б/31 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хуулийн үндэслэл муутай байх бөгөөд шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт нотлох баримт үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамтай нийцсэн байна.

 

           Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн маргааны талаар шүүхэд гомдол гаргах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч нь 1956 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн байх бөгөөд ажлаас чөлөөлөх тушаал гарах үед 60 нас хүрээгүй, 59 нас 9 сартай байсан болох нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдсон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт “ажилтан 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн нөхцөлд ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байхад хариуцагч тал нэхэмжлэгч Хыг 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Хариуцагч өндөр настны тэтгэвэрт гарах хугацаа болсон талаар мэдэгдэх хуудсыг ажилтанд хүргүүлсэн гэж тайлбарладаг боловч хэргийн 18 дугаар тал дахь 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон мэдэгдэх хуудас хэмээх баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй, мэдэгдэл хүлээн авсан гэх хэсэгт гарын үсэг зурагдаагүй байхын зэрэгцээ хэргийн 17 дугаар тал дахь байгууллагын захиргаанд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт нь хариуцагч талын Хыг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/31 тоот тушаалын үндэслэл болсон гэж үзэхээргүй байна.

  

           Нэхэмжлэгч нь дээрх баримтанд 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авч, амралтын хугацаа дууссны дараа өндөр настны тэтгэвэрт гарах талаар бичсэн байхад хариуцагч 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, ээлжийн амралтын олговрыг 15 хоногоор тооцож олгохоор шийдвэрлэн ажилтны Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулж цалин хөлс авч амрах, тэтгэвэр тэтгэмж авах зэрэг эрхийг нь зөрчсөн байна.   

 

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг нь тухайн хэргийн үйл баримттай хамааралгүй, төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох 60 нас хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас хүртэлх хугацаанд ажиллах хүсэлт гаргахтай холбоотой харилцааг зохицуулсан тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 2 370 626 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ажилтны нийгмийн даатгалын дэвтэр болон цалин хөлсний тодорхойлолт зэрэг баримтууд дээр үндэслэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн ажил олгогчийн хууль бус тушаалыг хүчингүй болгож, ээлжийн амралт эдлүүлэх нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосон хэсэгт гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв. 

 

Хавтаст хэрэгт авагдсан сургуулийн дотоод журам, нэхэмжлэгч Хын цалингийн картны хуулбар зэрэг баримтууд нотлох баримтын хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй байх боловч шүүх хэргийн үйл баримт, бусад нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

 

           Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Cүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00455 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                              

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

           

                                                     ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ     

                                                                                                         

                                                                                                          А.МӨНХЗУЛ