Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1396

 

 

МАГАДЛАЛ

 

2019.07.26                                                 Дугаар 1396                                    Улаанбаатар хот

 

 

 

МДС-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01282 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч МДС-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХУД-ийн ЗДхолбогдох,

Гэм хорын хохирол 576 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Н.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.О , Төр захиргааны нэгдсэн барилгын дулааны шугамыг суурьлуулах тухай гэсэн захирамж үзүүлж, 10 гаруй ажилтан, цагдаа дагуулан ирж олсоор хамгаалалт хийж, сургуулийн хашааны хаалганы шон өөрийн эзэмшлийн газар дээр байхад хүчээр сугалан авч, өөрийн эзэмшил газар дээр байсан машиныг замын цагдаагийн ажилтнуудаар хүчээр чирч зайлуулж, 20 орчим хоног манай эзэмшил газрыг бидний зөвшөөрөлгүй ашиглан, манай газрын хилтэй 1 см-ын зөрөөгүй дулааны шугам тавьсан юм. Энэ шугам манай газрын хилтэй зэрэгцүүлж тавигдсан бөгөөд хууль нормын дагуу шугамын 2 талд 5 метр зайг арчилгаа үйлчилгээний зориулалттай хамгаалалтын зурвас газар болгодог. Бид эзэмшил газраасаа 197 м.кв газрыг бусдын шугамын хамгаалалтын зурвас болгож алдсан бөгөөд ашиглах эрхгүй болсон. Бид алдсан энэ газартаа барилга барих гээд 2012 оноос хойш хөөцөлдсөн. Барилгын эскиз зургийг гаргасан боловч хүчээр газар булаасны улмаас энэ барилгыг барих боломжгүй болсон. Энэ үйлдэл нь Газрын тухай хуулийн 48.1, 48.3 дахь заалтуудыг зөрчсөн. Дүүргийн Засаг дарга манай эзэмшил газрыг хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр 20 хоног ашиглах ёстой байсан, гэтэл хүчээр булааж ашигласан. Засаг дарга Монгол дээд сургуультай урьдчилан тохиролцон, гэрээ байгуулсаны үндсэн дээр төлбөртэйгээр 197 м.кв газрыг хамгаалалтын зурвас газар болгон ашиглах буюу ашиглах эрх авах ёстой байв. Гэтэл ямар ч тохиролцоо гэрээ байгуулахгүй, бидний 197 м.кв газрыг цагдаагийн хүчээр булаан авсан. Энэ бол бусдын өмч, эд хөрөнгийг хүчээр авч буй дээрмийн гэмт хэрэг юм. Хан-Уул дүүргийн ИТХ-аас 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Дүүргийн нутаг дэвсгэрт улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний газрыг чөлөөлөх, үүнд шаардагдах нөхөн олговрыг тухай бүрд нь шийдвэрлүүлж ажиллана” гэж заажээ. Эндээс харахад МДС-ийн 197 м.кв газрыг Хан-Уул дүүрэг инженерийн шугамынхаа хамгаалалтын зурвас газар болгон авахдаа тохиролцож, гэрээ байгуулж, нөхөн олговор олгож авах ёстой байлаа. 9 давхар барилга барих гэж байгааг Засаг дарга мэдэж байсан. Иймд хүчээр газрыг булаан авч, дараа нь гэм хорын хохирлыг төлнө гэж Засаг дарга тооцсон байх. Бид Засаг даргын захирамжийг хүчингүй болгох гэж Захиргааны хэргийн шүүхэд хандсан явдал нь МДС ба Засаг дарга нарын хооронд тохиролцсон зүйл, гэрээ байхгүй байсныг нотлон харуулж байна. Иргэний хуулийн 229.1 дэх хэсэгт “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн заалтын дагуу Монгол дээд сургуульд учруулсан гэм хорыг Засаг даргаар арилгуулж өгнө үү.

Үл хөдлөх хөрөнгө түрээсэлдэг мэргэжлийн байгууллага болох РП /REMAX Peace/ компани манай хөрш Хан-Уул таур, цагаан хаалга төв байгууллагын түрээсийн төлбөрийг нэг м.кв талбайг 27 500 төгрөгөөр түрээсэлж байгаа тул түрээсийн төлбөрийг 25 000 төгрөгөөр тооцон олох ёстой байсан орлого буюу 4 жилийн түрээсийн ашиг 533 700 000 төгрөг, манай газрыг 20 хоног ашигласны төлбөр 40 000 000 төгрөг, барилгын эскиз зураг зуруулсны төлбөр 3 000 000 төгрөг, нийт 576 700 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Орхон дээд сургуулийн оюутны байр, спорт заалны барилгуудын гадна дулаан хангамж, дулаан механик шугамын зургийг Азилта /ASELTA/ ХХК-ийн гарган Улаанбаатар дулаан сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Т.А зөвшөөрснөөр Орчлон констракшн ХХК гүйцэтгэн 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтанд орж улсын комисс хүлээн авах ёстой байсан. Гэтэл МДС-ийн захирал Н.Д нь их хэмжээний мөнгө нэхэн дулааны шугам татах трассын дагуу 2244 УНП, 0505 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг байрлуулан дүүргийн 113 000 иргэний төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах эрх мөн Эв-Эе-27, Эв-Эе-28 дугаар байрны 360 өрхийн нийт 1080 иргэний Монгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “...эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй...” гэж заасан эрх зөрчигдөн халаалтын улирал эхлэх гэж байхад төлөвлөгдсөн дулааны шугам тавигдах ажил зогссон. Иймд дүүргийн Засаг дарга Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаарх бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ”, 7.3-т “Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, мод бут, сөөгийг зайлуулах, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авна” гэж заасан хуулийн хүрээнд тус ажлыг хэвийн явуулах нөхцлөөр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр А/246 дугаар захирамжаар байгуулан ажлыг эрчимжүүлэх талаар арга хэмжээ авсан. Дээрх захиргааны актыг Захиргааны хэргийн 3 шатны шүүхээс хууль тогтоомж зөрчөөгүй байна гэж үзэн МДС-ийн нэхэмжлэлтэй, Дүүргийн Засаг даргын 2013 оны А/246 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч Дүүргийн Засаг дарга захирамж гарган дулааны шугам тавьсан мэтээр бичиж гэм хорын төлбөр нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь дулаан механик шугамын зургийг Азилта /ASELTA/ ХХК гарган Улаанбаатар дулаан сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Т.А зөвшөөрснөөр гүйцэтгэсэн байдаг. Монгол улсын дээд шүүхийн 2014 оны 159 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч тус сургуулийн ар талаар дулааны шугам сүлжээ тавихаар төлөвлөсөн болон зөвшөөрсөн захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаар гомдол гаргаж байгаагүй байна гэж дүгнэсэн. Иймд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан албан тушаал гэм буруутай үйлдэл гаргаагүй нь тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ХУД-ийн ЗДхолбогдох нэхэмжлэгч МДС-ийн гэм хорын хохиролд 576 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 089 400 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Барилгын зөвшөөрөл авах үйл явц замын голд Хан-Уул дүүргийн дулааны шугам тавьнаар зогсож, цаашид үргэлжлэх бололцоогүй болсон юм. Дулааны шугам бариагүй бол Барилгын зөвшөөрөл авах байсан юм. НЕТГ-аас 9 давхар барилгын эскиз зураг зурах зөвшөөрөл егснийг барилга барих зөвшөөрөл өгсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Ер нь 2-оос хойш шатны ажил дээр байгаа зургийг үндэслэж барилга барих зөвшөөрлөө авсан гэж үзэх үндэслэл бий. Учир нь барилгын зөвшөөрөл авах нь цаг хугацааны асуудал болдог. Манай барилгын хажууд бас 9 давхар барилга барих зөвшөөрөл өгсөн нь бид зөвшөөрөл авах боломжтой байсныг харуулж байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 оны 10 дугаар сарын 16-нд ирүүлсэн бичигт “Барилга барихаар төлөвлөж буй байршил нь дулааны шугам сүлжээний хамгаалалтын зурваст байрлаж буй тул барилгажих боломжгүйг уламжилж байна” гэсэн юм.

Барилгын зургийн төлбөр 30 000 000 төгрөг, үүнээс 10 хувь нь буюу 3 000 000 төгрөгийг эскиз буюу загвар зургийн төлбөр гэж 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр бид төлсөн юм. Энэ бол 2013 оны 8 дугаар сарын 26-нд Хан-Уул дүүргийн засаг дарга хүчээр дулааны шугам тавьж эхлэхээс бараг 2 сарын өмнө болсон үйл явдал юм. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрөл авч, зөвлөлдөхгүйгээр 30 000 000 төгрөг зургийн компанид шилжүүлэх, үүнээс 3 000 000 төгрөгийг 9 давхар барилгын загвар зургийг зуруулсны хөлс гэж өгөх боломжгүй юм. Бид эскиз зургаа зуруулчихаад газрын хэмжээгээ томсгох талаар Нийслэлийн газрын албанд өгсөн өргөдлийн хариуг хүлээж байсан юм. Нийслэлийн засаг даргаар томилогдсон Э.Б газар олгох үйл явцыг түр зогсоосон үе таарч, бид хүлээж байя. Мөн компаниудтай барилгын санхүүжилтын асуудлаар хэлэлцээр хийж байсан юм. Энэ баримтууд барилгын зөвшөөрөл гарах нь ойлгомжтой байсныг харуулж байна.

УБДС компаниас шугамын зургийг хянахдаа “трассын дагуух газар эзэмшигчидтэй зөвшилцөх” даалгаврыг захиалагч нарт өгсөн байсан тул бид зөвшилцөнө гэж найдаж хүлээж, зөвшилцөх анхны уулзалт хийж хохирол төлнө гэж Орчлон констракшн компани амалсан байсан юм. Иймд бид зургаа батлуулах гэж яараагүй юм.

Барилгыг барих, санхүүжүүлэх, худалдан авах, түрээслэх гэрээнүүдийг Дүүргийн барилгын дулааны шугам тавихаас буюу 2013 оны 8 дугаар сарын 26-наас өмнө хийсэн нь манай барилга урьдчилсан байдлаар зөвшөөрлөө авсан байсныг нотлох нэг баримт мөн. Ийм зөвшөөрөл байгаагүй бол бид хүмүүстэй тэр талаар ярих боломжгүй юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгаж, МДС-ийн эзэмшил газраас 197 м.кв газрыг дулааны шугмын хамгаалалтын зурвас газартай давхацсан болохыг тогтоосон юм. Энэ бол гэм хорын хохирлыг мэргэжлийн байгууллага нотолсон баримт юм. Дулааны шугмын хамгаалалтын зурвас газар барилга барихыг хориглодог тул бид 197 м.кв газраа ашиглах боломжгүй болж хохирсон юм.

Нэхэмжлэлийн шаардлага буюу олох ёстой байсан орлого, мэргэжлийн байгууллагын түрээсийн үнэлгээг авч тооцож гаргасан юм. Түрээсийн төлбөрөө үл хөдлөх хөрөнгийн түрээс, худалдаа эрхэлдэг мэргэжлийн компаний үнэлгээг авч тооцсон. Түрээсийн төлбөрийн талаар шинжээч томиллоо гэхэд энэ компаний үнэлгээг л ашиглана. Манай газрыг 20 хоног хүч түрэн ашигласны хохирлыг нэхэмжлэснийг хэрэгсэхгүй болгосон нь Эскиз зургийн төлбөрт 30 000 000 төгрөгний 3 000 000 төгрөг төлсөн гээд байхад нэхэмжлэлийн энэ хэсгийг бас хэрэгсэхгүй болгосон нь шударга биш байна. Энэ удаа нэхэмжлэлийн эдгээр шаардлагаас бид татгалзаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч МДС нь хариуцагч ХУД-ийн ЗДхолбогдуулан гэм хорын хохирол 576 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...бид эзэмшил газраасаа 197 м.кв газрыг бусдын шугамын хамгаалалтын зурвас болгож алдсан, энэ газартаа барилга барихаар 2012 оноос барилгын эскиз зургийг гаргасан боловч хүчээр газар булаасны улмаас барилгыг барих боломжгүй болсон, …Дүүргийн Засаг дарга манай эзэмшил газрыг хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр 20 хоног ашиглах ёстой байсан боловч ямар ч тохиролцоо гэрээ байгуулаагүй, …үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг нэг м.кв талбайг 25 000 төгрөгөөр тооцон олох ёстой байсан орлого буюу 4 жилийн түрээсийн ашиг 533 700 000 төгрөг, манай газрыг 20 хоног ашигласны төлбөр 40 000 000 төгрөг, барилгын эскиз зураг зуруулсны төлбөр 3 000 000 төгрөг, нийт 576 700 000 төгрөг гаргуулах...” гэж үндэслэсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...нэхэмжлэгч байгууллагын хойд талаар инженерийн шугам сүлжээ тавигдах талаар 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн, энэ нь Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар захирамжын дагуу хийгдсэн ажил юм, ...нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч байгууллага нь 2 976 м.кв талбай бүхий газрын эзэмшигч байх бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/246 тоот захирамжид зааснаар дулааны шугам суурилуулах ажил хийх явцад нэхэмжлэгч нь эзэмшлийн газраасаа 197 м.кв газрыг ашиглах боломжгүй болсон гэх үйл баримтад талууд маргаагүй.

Шүүх тухайн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хэрэг үүсгэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан нөхцөл байсан эсэхийг нягтлан үзээгүй гэж үзнэ. Тодруулбал, бусдын эзэмшлийн газрыг ашиглах тохиолдолд Газрын тухай хуулийн 46, 48 дугаар зүйлд заасан журам үйлчлэх бөгөөд энэ журмыг хэргийн оролцогч нар хэрхэн хэрэгжүүлсэн талаар шүүх тодруулаагүй учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар тухайн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэгч нь гомдол гаргасан эсэхийг тодруулснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой болох юм.

Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, талуудын тайлбар, нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүнэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй болохыг дурьдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01282 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2 822 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ТУЯА

 

                             ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ