Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 539

 

 

Т.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 619 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 931 дүгээр магадлалтай, Т.Б-д холбогдох 1811014120623 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Ж овогт Т-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-ыг бусдыг хуурч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-ны гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Т.Б үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, 2 хүүхэдтэй бөгөөд настай ээж нь сэтгэл санааны цочролд орж эрүүл мэнд нь хүнд байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж тодорхойлон хуульчилжээ гэсэн үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Т.Б-ны мэдүүлгээс анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг нь нотлогдох бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш ар гэрийнхэн нь Т.Б-ны гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, сургуулийн насны 2 хүүхэдтэй, эхнэр нь ажил эрхэлдэггүй, хорих ял оногдуулснаас хойш настай ээж нь байнгын сэтгэл санаагаар унаж, эрүүл мэндийн хувьд хүнд байдалтай байна. Т.Б нь гэмт хэрэг үйлдсэнээр ямар их зүйлээ алддаг, цаашдаа гэмт хэрэг үйлдэж болохгүй гэдгээ маш сайн ухаарч ойлгож байгаа. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, эсхүл мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тэнсэж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Т.Б нь бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон. Шүүхээс шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б нь иргэн Д.Ц-г “Хууль сахиулахын Их сургуульд оруулж өгнө” гэж хуурч Д.Н-аар дамжуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Берлин бургер” зоогийн газарт 2017 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд 4,500,000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 370,000 төгрөгийг залилан авсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Б-ны гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуульд заасан ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Шүүхээс Т.Б-ны үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял нь түүний гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хуульд заасан журмын дагуу тэнсэж өгнө үү” гэсэн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 619 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 931 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ                      

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН