Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 619

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг,

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Д.Чинзориг /¹2677/,

хохирогч Д.Цэдэн, түүний өмгөөлөгч Т.Баярдалай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жангууд овогт Толягийн Т.Бд холбогдох 1811014120623 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, баяд, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-812 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Жангууд овогт Толягийн Т.Б /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: яллагдагч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Бы өгсөн: “...Д.Нэмэхжаргал надаас Хууль сахиулах их сургуулийн тухай асууж, хүн оруулах боломжтой эсэхийг лавласан. Би таних мэдэх хүнээс сураглаад болох байх гэж бодоод Д.Нэмэхжаргалтай уулзахад энэ ажилдаа зарцуулаарай гээд 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Өөр мөнгө төгрөг аваагүй. Д.Нэмэхжаргал надтай уулзаад Цагдаагийн байгууллагад асуудал гарчихаад байна. Би урьд өмнө нь хэрэгт холбогдож байсан болохоор асуудалтай болоод байна. Чи байцаагчид бүх мөнгийг өөрөө авсан гээд мэдүүлээд өгөөч. Хохирол төлбөр барагдуулчихвал ямар нэг асуудал гарахгүй гэж хэлсэн. Би хууль, эрх зүйн мэдлэггүй болохоор зөвшөөрсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Цэдэнгийн өгсөн: “...Миний эцгийн компанид ирдэг н.Ганзориг гэж ахтай уулзаад Хууль сахиулах их сургуульд орно гэж ярихад оруулж өгөх найдвартай хүн байна гэж хэлсэн. Тэгээд Д.Нэмэхжаргалын гэрт очсон. Эхний өдөр баримт бичгийг аваад маргааш нь 3.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд дараа нь Амгалан дахь ХААН банкны салбараас 2.000.000 төгрөгийг дансанд нь хийж өгсөн. Дараагийн сар, одоо хувцасны мөнгө гэх мэтчилэн нилээн удаан хугацаанд байлгаж байгаад одоо Хууль сахиулах их сургуулийн багш А.Одбаатар гэж хүн байна. Энэ хүний дансанд 370.000 төгрөг хийгээрэй гэж хэлсэн. Би А.Одбаатарын дансанд 370.000 төгрөг шилжүүлсэн гэв. 

 

Шүүгдэгч Т.Б нь хохирогч Д.Цэдэнг “Хууль сахиулахын их сургууль”-д оруулж өгнө гэж хуурч гэрч Д.Нэмэхжаргалаар дамжуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Берлин бургер” үйлчилгээний төвийн дотор 2017 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд 4.500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 370.000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Т.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Миний танил Нэмэхжаргал нь 2017 оны намар яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, "чи Хууль сахиулахын их сургуульд хүн оруулж өгч чадах уу, таньдаг хүн байна уу" гэж асуусан. Би тухайн үед бас хүн амьтантай хөөцөлдөөд бүтчих байх гэж бодоод Д.Нэмэхжаргалд таньдаг хүн байгаа асуудалгүй оруулж өгч чадна гээд хэлчихсэн юм. Тэгээд Нэмэхжаргалаар дамжуулан Д.Цэдэн гэгчийг Хууль сахиулахын сургуульд оруулж өгнө гэж хэлээд 5 сая төгрөг аваад 500 мянган төгрөгийг нь Д.Нэмэхжаргалд зуулчилсаны хөлс гээд өгчихсөн юм. Ингээд 4 сая 500 мянган төгрөгөө авч өөртөө байлгаж байгаад ганц хоёр хүнээс асууж сураглаад бүтэхээргүй шинжтэй байсан ба мөнгийг нь бага багаар хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгачихсан. Би тухайн үед мөнгөний хэрэг гараад 370.000 төгрөгийг нэмж авахдаа хувцасны мөнгө гэж хэлээд авчихсан ба тухайн мөнгө авах үед картаа хаячихсан байсан болхоор найз Одбаатарынхаа дансаар авсан болохоор л Хууль сахиулахын их сургуульд ажилладаг хүний данс гэж хэлсэн... " гэх мэдүүлэг /хх-ийн 80х-81х/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Цэдэнгийн өгсөн мэдүүлэг,

хохирогч Д.Цэдэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2017 оны 05 дугаар сарын үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 12 жилийн сургуульд 12 дугаар ангиа төгсөөд цаашид их сургуульд элсэн суралцах санаатай Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод ирээд Их Сургууль хөөцөлдөөд Батлан хамгаалахын их сургуулийн авто инженерийн ангид элсэн орж суралцаж байгаад жаахан сонирхолгүй санагдаад гарчихсан. Би болохоор багаасаа цэрэг, цагдаад сонирхолтой бөгөөд Хууль Сахиулахын Их сургуулийн Хилийн ангид орохоор шийдсэн. Ингээд хууль сахиулахын их сургуульд элсэн орох талаар судлаж сураглаж байгаад Нэмэхжаргал гэж найдвартай ажил бүтээдэг хүн гээд 96969688 гэсэн утастай хүн олсон. Тэгээд Нэмэхжаргалтай ярьж байгаад Баянгол дүүргийн 6-р хороо 26-14 тоотод байх гэрт нь орж уулзсан. ...Тэгээд өөрийгөө Хууль сахиулахын их сургуульд таньдаг хүн байгаа би хөөцөлдөөд шууд оруулчихаж чадна гэж хэлсэн бөгөөд хахуулийн мөнгө 5 сая төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд би бэлэн хадгалчихсан байсан 3 сая төгрөгөө аваад 2017 оны 10 сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бургер кинг" хоолоны газарт аав Дашнямын хамтаар Нэмэхжаргал гээд эмэгтэйтэй уулзаж бэлнээр 3 сая төгрөг өгсөн. Маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 24-ний едөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан дахь Хаан банкны салбараас 2 сая төгрөгийг Д.Нэмэхжаргалын хаан банкны 5029399551 дугаарын данс руу нь шилжүүлсэн. Ингээд 5 сая төгрөгөө өгчихсөн бөгөөд утсаар яриад юу болж байна, бүтэж байна уу гэж асуугаад байсан чинь 1 cap орчмын дараа за сургуульдаа орох найдвартай боллоо дүрэмт хувцасны мөнгө болох 370,000 төгрөгийг өгөх хэрэгтэй байна гэхээр нь би Багшийн дээдийн Төгөлдөр төвд очиж уулзаж бэлнээр 370,000 төгрөг өгсөн чинь Нэмэхжаргал миний хажууд Амарсайхан Одбаатар гэж хүний 5082024532 гэсэн данс руу хувцасны мөнгө гээд шилжүүлсэн. Амарсайханы Одбаатарыг хувцасны мөнгийг тушаах хүн байгаа юм. Би энэ Одбаатар гэж хүнээр дамжуулан хууль сахиулахын их сургуульд оруулах гэж байгаа юм. Одбаатарыг хууль сахиулахын их сургуульд ажилладаг гэж хэлж байсан. Ингээд нийт 5 сая 370.000 төгрөг өгч залилуулчихаад байна ..." гэх мэдүүлэг/хх-ийн 15х-16х/,

гэрч Д.Нэмэхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2017 оны 10 сарын үед манай найз Ганзориг над руу яриад Хууль сахиулахын их сургуульд оруулж өгдөг хүн байгаа юу гэж асуухаар нь би нэг хүнтэй яриад асуугаадхъя гэж хэлээд танил Т.Б руу яриад хууль сахиулахын их сургуульд хүн оруулж өгдөг хүн чинь хүүхэд сургуульд оруулж өгч чадах уу гэж асуусан чинь за би нөгөө хүнтэйгээ яриад хариуг хэлнэ гэсэн. Тэгээд удалгүй Т.Б над руу яриад за болох юм байна бичиг баримт материалыг нь аваад ир гэсэн. Тэгэхээр нь би Ганзориг руу яриад болох юм байна гэж хэлсэн. Тэгээд Ганзориг, Цэдэн, түүний аав нар надтай уулзсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би Бургер кинг дотор 3 сая төгрөг авсан, маргааш нь миний данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд авсан 5 сая төгрөгөө өдөртөө Т.Бд бэлнээр нь өгч байсан. Би дундаас нь 500.000 төгрөг өөртөө авсан. Тэгээд Т.Бтай уулзаж байхад Т.Б миний хажууд Хууль Сахиулахын их сургуульд багшаар ажилладаг гэсэн байхаа Одбаатар гэж хүнтэйгээ яриад тэр хүн цаанаас нь 2017 оны 11 сарын үед оруулахыг бодъё гэж хэлсэн. Ингээд хүлээгээд одоог болтол оруулж чадахгүй байгаад байгаа юм...,

...Т.Б өөрөө л Үндсэн хуулийн цэцэд ажилладаг байсан, танилтай энэ тэр гэж хэлж байсан болохоор л хүн таньж магадгүй гэж бодсон юм. Т.Б л надад 500,000 төгрөг өгсөн, Одбаатарыг Хууль сахиулах их сургуульд ажилладаг, Б.Цэдэнгийн асуудлыг бүтээх гэж байгаа хүн л гэж хэлсэн юм. Би Т.Баас авсан 500,000 Б.Цэдэнд буцаан өгсөн байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 17х, 11x/

гэрч А.Одбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Манай найз Толягийн Т.Б гэж хүн байдаг. Тэр өдөр буюу 2017 оны 11 сарын 08-ны өдөр Т.Б над руу яриад хөгшөөн миний дансны хугацаа дуусчихаад мөнгө авч чадахгүй байна. Хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм чи дансаа ашиглуулаач гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд утсаар дансны дугаараа өгсөн. Тэгээд Т.Бтай уулзаж 370.000 төгрөгийг хорооллын “Алтан төгрөг” худалдааны төвийн тэр хавиас авч өгсөн санагдаж байна. Ямар ч байсан бүх мөнгийг Т.Бд авч өгсөн." гэх мэдүүлэг/хх-ийн 23х-24х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б болон түүний өмгөлөгч нарын зүгээс: “...энэ хэргийг үйлдээгүй, гэм буруугүй, мөнгийг Т.Б аваагүй, Д.Нэмэхжаргал авсан...” гэж маргасан болно.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Т.Б нь нийт 2 удаа мэдүүлэг өгөхдөө энэ хэргийг хэрхэн үйлдсэн, хэдэн төгрөг өөртөө авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан зэргээ тогтовортой мэдүүлсэн байх ба түүний уг мэдүүлэг нь хохирогч Д.Цэдэн, гэрч Д.Нэмэхжаргал, А.Одбаатар болон бусад гэрч нарын мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд зэргээс үзэхэд тухайн хэрэг болсон үйл явдалтай тохирч нотлогдож байх тул дээрх шүүгдэгчийн өмөгөөлөгчийн гаргасан шүүгдэгчийн гэм буруугийн талаарх маргаан няцаагдаж байна гэж шүүх үзэв.   

Иймд шүүгдэгч Т.Быг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдыг хуурч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Цэдэн энэ гэмт хэргийн улмаас нийт 5.370.000 төгрөгөөр хохирсон болох нь тогтоогдож байх ба үүнээс нийт 500.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.Нэмэхжаргалаас авсан болох нь тогтоогдож байна. Иимээс одоо нийт 4.870.000 төгрөгийг шүүгдэгч Т.Баас гаргуулж, хохирогч Д.Цэдэнд олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.Бд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан шүүхээс тохирох ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Жангууд овогт Толягийн Т.Быг бусдыг хуурч залиласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд  зааснаар Т.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Баас нийт 4.870.000 /дөрвөн сай найман зуун далан мянга/ төгрөгийг гаргуулан, хохирогч Д.Цэдэн /РД:ЛМ99092271/-д олгосугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Т.Бд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ