Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/02917

 

2023 оны 09 сарын 26 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2023/02917

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нээмжлэгч: Орхон аймаг, ......... тоотод оршин суух, Д  овогт Х-ийн Б  /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ...... тоотод байрлах, Ж  /РД:000000 ХХК-д холбогдох

35.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бг, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж  ХХК-тай зээлийн гэрээ хийсэн энэ гэрээгээ 2021.10.08-ны өдөр том авто машин авахаар 35.000.000 төгрөг нөхөр Б.Т-ын 00000000 дугаартай данснаас хийсэн. Мөн эдний байгууллагатай зээлийн гэрээ хийж 21.000.000 төгрөг авахаар тохиролцсон машинаа 56.000.000 төгрөгөөр худалдаан авсан машинаа энэ байгуулгын нэр дээр хийж эхний 2 дугаар сарын төлбөр төлж дараа сарын үндсэн мөнгийг төлөхгүй хүүгээ төлөхөөр тохирч машинаа авчирч байршуул гэсэн саналыг хэлэхэд машинаа авчирч өгсөн.Гэтэл 2022 оны 10 сард машин зарагдсан гэхээр хэдэд зарагдсан бэ гэхэд 39.000.000 саяд гэхээр үгүй би наад үнийн дүнг чинь зөвшөөрөхгүй ээ ядаж 50 саяд зармаар байна гэхэд аль гэрээ хийгээд зараад явуулсан зөрүү 13.000.000 сая төгрөг ирж аваа гэсэн.Та нар ямар хүний хөрөнгийг үнэгүйдүүлж зардаг, өөрийн ашгийн төлөө ямар шуналтай хүмүүс бэ гэхэд ирж уулз гээд утасаа салгасан 2021 он корона вирус, цар тахалтай холбогдох үндсэн мөнгийг зогсоож хүүгийн төлөхөөр хүсэлт бичүүлж авсан машинаа зарах зар тавь гэхээр нь би анх 60 саяаас яриад өгнө гэж зар тавьсан. Гэтэл зах зээлийн ханшнаас доогуур зөвхөн өөрийн байгууллагад ашигтайгаар миний машинийг зарсанд гомдолтой байна.Миний амьдралд маш их хүндээр нөлөөлж, хүндрэл учирсан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь эс зөвшөөрч доорх хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч нь гэрээний хохиролд 35.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Зээлдэгч Х.Б, Б.Т нар нь 2021 оны 10 сарын 08-ны өдөр манай байгууллагад хандаж автомашин худалдаж авах зорилгоор 21.000.000 төгрөгийн зээо авахыг хүссэн. Бид зээлдэгчийн хүсэлтийг хүлээн авч 2021 оны 10 сарын 08-ны өдөр 0000000 дугаартай зээлийн гэрээ байгуулж 21.000.000 төгрөгийг 2.9 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээл олгосон.Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож мөн өдөр 00000000 дугаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж ,УАН улсын дугаартай MITSUBISHI SUPERGREAT маркын автомашиныг манай компанийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлдэгч нь зээл авснаасаа эхлүүлэн гэрээний үүргээ зохих ёсоор буюу зээлийн гэрээний графикийн дагуу хугацаандаа төлөөгүй удаа дараа, төлөлт хийгээгүй болно. Иймд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар болж, худалдан борлуулсан. Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 2.4.1-т Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасан бөгөөд зээлдэгч нар нь огт төлөлт хийгээгүй ноцтой зөрчил гаргасан. Үүнтэй холбоотой 6.2-т Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад зээлдүүлэгч гэрээг хугацааанаас нь өмнө дангаар цуцалж болно, 6.2.2 Энэ гэрээний 2.4, 3.6-3.13 болон 5 дугаар зүйл зөрчигдөж цуцлагдах гэж заасны дагуу гэрээг цуцалж, 7.3-т Энэ гэрээний 6.2-т заасан нөхцөл бий болсон тохиолдолд дараах нөхцөлөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 7.3.1-т Барьцааны зүйл нь хөдлөх эд хөрөнгө байгаа тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэг болон барьцааны гэрээний 6.2-т заасан дагуу үл маргах журмаар шилжүүлэн авч захиран зарцуулан гэж заасныдагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулсан юм. Мөн Фидуцийн гэрээний 3.11-т Гэрээний 6 дугаар зүйлд заасан нөхцөл үүссэн тохиолдолд заасан нөхцөл үүссэн тохиолдолд хөрөнгийг үл марган, бодитойгоор шилжүүлж өгөх, 5.1.3-т Гэрээний 6 дугаар зүйлд заасан нөхцөл үүссэн тохиолдолд хөрөнгийг үл маргах журмаар, үүрэг гүйцэтгүүлэгчид биет байдлаар шилжүүлэн өгөхийг зөвшөөрч байна, 6.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж хөрөнгийг биет байдлаар шилжүүлэн авч худалдан борлуулснаар зээлийн гэрээний үүргийг хангуулна гэж заасан байгаа гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар,2021.10.08-ны өдрийн 00000000 дугаар Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021.10.08-ны өдрийн 00000 үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2021.10.08-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2021.11.16-ны өдрийн шилжүүлгийн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2021.12.15-2020.02.20 дансны хуулга, мессеж чат, 2022.12.12-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: 2023.02.01-ний өдрийн итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.10.08-ны өдрийн 00000000 зээлийн гэрээ, мөн өдрийн фидуцийн гэрээ, зээлийн мэдээллийн хүснэгт, автомашины зээлийн хүсэлтийн мэдээлэл, автомашины улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлдэгчийн хүсэлт, зээл төлөлтийн хүснэгт, хариуцагчийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэргийг баримтын шаардлага хангуулан өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б хариуцагч Ж  ХХК-д холбогдуулан 35.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Зохигч 2021.10.08-ны өдөр 0000000тоот зээлийн гэрээ байгуулж, 21.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг сарын 2.9 хувийн хүүтэй зээлж, мөн өдрөө 00000 тоот фидуцийн гэрээ байгуулсан байна.

 

Фидуцийн гэрээгээр Мицубиши супергреат маркын 0000 УАН улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон бөгөөд фидуцийн гэрээний 3.11-т гэрээний 6-р зүйлд заасан нөхцөл үүссэн тохиолдолд хөрөнгийг үл марган, бодитойгоор шилжүүлэн өгөхөөр тохиролцжээ.

 

Талууд зээлийн гэрээний үүргийн хугацаанаас өмнө цуцалж, барьцааны зүйлийг худалдан борлуулсан талаар маргаагүй бөгөөд харин тухай автомашиныг зах зээлийн ханшнаас доогуур зарсан зөрүү төлбөр шаардсан байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3-д Гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж хуульчилжээ.

 

Хариуцагч Ж ХХК нь нэхэмжлэгчийн Мицубиши супергреат маркын 87-51 УАН улсын дугаартай автомашиныг 39.000.000 төгрөгөөр худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсан, зөрүү 13.000.000 төгрөгийг төлнө гэх боловч хариуцагч нь тухайн автомашиныг 39.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан гэх баримтаа гаргаж өгөөгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Х  ХХК-ийн 2023 оны 260 дугаар үнэлгээгээр Мицубиши супергреат маркын 87-51 УАН улсын дугаартай автомашины зах зээлийн үнэ ханш 50.400.000 төгрөгөөр үнэлжээ.

 

Зээл болон фидуцийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь 25.065.473 төгрөг төлөх талаар маргаагүй бөгөөд тухайн автомашиныг зах зээлийн үнээс тооцож, үүргийн гүйцэтгэлд 25.065.473 төгрөгийг хасч, үлдэгдэл 25.334.527 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3, 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж   ХХК-иас 25.334.527 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.665.473 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж  ХХК-иас 284.623 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО