Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/02158

 

 

 

 

 

 

 

   2023       12         15                                     210/МА2023/02158

 

 

Х.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/02917 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж ХХК-д холбогдох,

24,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие Ж ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, автомашин авах зорилгоор 21,000,000 төгрөгийг зээлэхээр тохиролцсон. Автомашинаа 56,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл автомашиныг 39,000,000 төгрөгөөр зарж зээлээс хасаад 13,000,000 төгрөгөө ирж аваарай гэж хэлсэн. Өнөөдрийг хүртэл данс руу шилжүүлж өгөөгүй.  Үнэлгээний байгууллагаас автомашиныг 50,400,000 төгрөгөөр үнэлсэн байх ба үүнээс зээлийг хүү алдангитай нийлээд  26,000,000 төгрөгийг суутгаж авахад цаана нь 24,400,000 төгрөг үлдсэн. Иймд 50,400,000 төгрөгөөс зөрүү мөнгө болох 24,400,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Зээлдэгч Х.Б-, Б.Т- нар нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай байгууллагад хандаж автомашин худалдаж авах зорилгоор 21,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийг сарын  2.9 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай олгосон.

Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, мөн өдөр   эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж 00-00 УАН улсын дугаартай Мицубиши Супергрэйт /MITSUBISHI SUPERGREAT/ маркийн автомашиныг манай компанийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлдэгч нь зээл авснаасаа эхлүүлэн гэрээний үүргээ зохих ёсоор буюу зээлийн гэрээний графикийн дагуу хугацаандаа төлөөгүй удаа дараа, төлөлт хийгээгүй болно. Иймд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар болж, худалдан борлуулсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3, 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж ХХК-аас 25,334,527 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,665,473 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-аас 284,623 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б-д олгож  шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ тал бүрээс нь судалж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шүүхийн шийдвэрийг гаргах ёстой. Хэрэв хэргийн материалд авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал илэрвэл шүүх нотлох баримт цуглуулах зорилгоор өөрийн санаачлагаар нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулах эрхтэй байхаар хуульчилсан.

Хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар зохигчид хэн аль нь дурдаж, мэтгэлцэж, тайлбар гаргасан атал шүүх уг үйл баримтын талаар тодруулаагүй, хэргийг бүх талаас нь хянаагүй, талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн шүүх талуудыг мэтгэлцүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

4.б. Хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас нэмэлт нотлох баримт гаргаж өгсөн бөгөөд шүүх тус нотлох баримттай танилцах боломжит хугацаа олгоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар нотлох баримттай танилцах хугацаа өгөөгүй шууд, хариуцагчид тухайн баримтыг үгүйсгэх, мэтгэлцэх боломжийг олгоогүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн.

4.в. Нэхэмжлэгч Х.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд ингэхдээ шаардах эрхээ тодорхойлоогүй. Өөрт нь эдийн гэм хор учирсан эсхүл хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлага гаргасан эсэх нь тодорхойгүй байна. Шүүх нэхэмжлэгчээс тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.Б- нь иргэн бөгөөд банк, аль эсвэл зээл олгох эрх бүхий хуулийн этгээд биш, мөн зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх энэ хуулийн заалтыг үндэслэл болгон тогтоох хэсэгтээ дурдсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Х.Б- нь өөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй ба биелүүлээгүй тохиолдод эрх бүхий этгээд нь өөрийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах эрхтэй байхаар хуульчилсан атал шүүх гэрээнээс үүдэлтэй хохирол гаргуулахаар шийдвэрлэхдээ үндэслэсэн нь ойлгомжгүй шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхээргүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дахь хэсгийг баримталсан нь хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн процессийн алдаа гарсан бөгөөд шүүх хуулийг буруу хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй учир шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Тухайн үед эд материалыг өөрсдөө хүргэж өгсөн. Хариуцагч нь санхүүгийн давуу байдлаа хэтрүүлэн ашиглаж, өөрт ашигтайгаар худалдсан эд зүйлсийг мэдэгдээгүй. Гэтэл 1 жилийн дараа худалдсан эд зүйлийн үнэд 13,000,000 төгрөгийг өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй. Хариуцагч нь эд зүйлийг худалдсан тохиолдолд тухайн хүний данс болон бусад тооцооллын зүйлүүд өөрт нь байгаа учраас шилжүүлж өгөөгүй. Мөн хариуцагч нь 21,000,000 төгрөгийн зээл олгосон боловч үл хөдлөх эд хөрөнгийг өөрт ашигтай байдлаар 35,000,000 төгрөгөөр худалдсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан 35,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 24,400,000 төгрөг болгож багасгасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Х.Б-, Б.Т- нар нь Ж ХХК-тай байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ1009210753 тоот “Зээлийн гэрээ”-гээр 21,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлэхээр харилцан тохиролцсон./хх4-7/

Мөн өдөр дээрх зээлийн гэрээний “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” /фидуци/ байгуулж, 00-00 УАН улсын дугаартай, Мицубиши Супергрэйт /MITSUBISHI SUPERGREAT/ маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд бүртгүүлж, эзэмшлийг шилжүүлэн өгсөн байна./хх8-10/

 

3. Хариуцагч байгууллага фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө А.С-ийн нэр дээр шилжүүлсэн нь Авто тээврийн үйлчилгээний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар өмчлөгчөөр А.С- бүртгэгдсэн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ./хх 77-81/

 

4. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад фидуцийн зүйлийг бусдад худалдан борлуулсан байх тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүргийг хүлээнэ.

 

4.1. Хариуцагч байгууллага нь тухайн тээврийн хэрэгслийг 39,000,000 төгрөгөөр худалдсан гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй ба уг үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд хариуцагчийн тайлбарыг үндэслэн тээврийн хэрэгслийг 39,000,000 төгрөгөөр тогтоох боломжгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

            4.2. Нэхэмжлэгч Х.Б-, тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 56,000,000 төгрөгөөр худалдан авч, мөн өдрөө фидуцийн гэрээгээр хариуцагчийн өмчлөл болон эзэмшилд шилжүүлэн өгсөн байгаа байдал болон нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК маргаан бүхий тээврийн хэрэгслийг 50,400,000 төгрөгөөр үнэлсэн байгаа байдлыг хариуцагч байгууллага баримтаар няцаагаагүй тул уг тээврийн хэрэгслийн бодит үнийг 50,400,000 төгрөгөөр тодорхойлно. Үүнээс нэхэмжлэгч буюу зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч байгууллагын тодорхойлсноор 25,000,000 төгрөг гэж тооцож хасвал нэхэмжлэгчид буцааж өгөх мөнгөний хэмжээ 25,400,000 төгрөг болж байна.    

 

5. Харин нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар өөрөө нэхэмжлэлээ тодорхойлох эрхийн хүрээнд 24,400,000 төгрөг болгож багасгасан байхад анхан шатны шүүх анхаараагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дахь хэсэгт үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч эд хөрөнгийг захиран зарцуулснаар учирсан хохирлыг шаардах эрхийг зохицуулсан нарийвчилсан хэм хэмжээ байхад анхан шатны шүүх мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 буюу банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн хариуцлагын зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

 

Иймд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 24,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.   

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар талууд өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй талаар зохигчдод  анхан шатны шүүх тайлбарласан, хариуцагч байгууллагын төлөөлөгч холбогдох баримтад гарын үсэг зуржээ. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүх хуралдаанаас өмнө баримтаа гаргаж өгөхөөр хуульд цаг хугацааг тодорхойлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт шүүх хуралдааныг нотлох баримт шаардлагатай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах нь анхан шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд үүнийг үүрэг гэж ойлгохгүй юм.

 

Шүүх санаачлагаараа шүүх хуралдааныг хойшлуулах байсан гэх хариуцагч байгууллагын гомдол үндэслэлгүй болжээ. Түүнээс гадна анхан шатны шүүх нэхэмжлэлд шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гардуулж, зохигчийн эдлэх эрх үүргийг танилцуулсан байх ба шүүх хуралдааныг иргэний хэрэг үүсгэснээс хойш 8 сарын дараа буюу 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр явуулсан байх тул хариуцагчид тайлбар, татгалзлаа нотлох хугацаа хангалттай өгөгдсөн байна гэж дүгнэнэ.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хэргийн материалтай танилцсан байх бөгөөд нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан талаар 1 хуудас тайлбар өгсөн байна. Тухайн өдөр даргалагч шүүгчээс хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө шинээр гаргаж өгөх баримт болон хүсэлт байгаа эсэх талаар хэргийн оролцогчоос асуухад оролцогчид байхгүй гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байх бөгөөд нэхэмжлэгчээс үнийн дүнг багасгасныг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрчилсөн гэж дүгнэхгүй тул хариуцагч талын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх102-103/  

 

8. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч компанийн нэрийг бүрэн бус бичигдсэн байгаа алдааг залруулна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/02917 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж ХХК-аас 24,400,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Б-д олгосугай.” гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын Ж ХХК-иас 284.623” гэснийг Ж ХХК-аас 279,950” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,623 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

 

       ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ