Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 119/ШШ2023/0014

 

                                                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Л.О,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Д, 

         Хариуцагч: ОАБӨСЗД /Б.Б/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э

Хариуцагчийн өмгөөлөгч: Х.О нарын хоорондын

 БӨСЗД-ын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33, Б/34 дугаар захирамжуудын хэрэгжилтийн хугацаа дууссан тул ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, амралтын мөнгийг бүрэн тооцож гаргуулах”,

“ажиллаж байх хугацаандаа дараах нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас бодуулж цалин хөлсөнд тооцуулж тогтмол сар бүр авдаг байсан цалинг ажилдаа эргэн орох хүртэлх цалин хөлсийг тооцуулан гаргуулах, ээлжийн амралтын зөрүү 778313,8 төгрөг гаргуулах” шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч ОАБӨСЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь ОАБӨСЗД-д холбогдуулан “БӨСЗД-ын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33, Б/34 дугаар захирамжуудын хэрэгжилтийн хугацаа дууссан тул ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, амралтын мөнгийг бүрэн тооцож гаргуулах”-аар маргасан.

2. Нэхэмжлэгч нь Орхон аймгийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байхдаа эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчлүүлэх хүсэлт гаргаж БӨСЗД 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаар захирамжаар түүнд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 сарын хугацаагаар чөлөө олгосон.

3. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “...2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс ажилдаа эргэн орох” хүсэлтээ БӨСЗД-д бичгээр гаргасан ба шийдвэрлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4.Нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд:

4.1. “БӨСЗД-ын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33, Б/34 дугаар захирамжуудын хэрэгжилтийн хугацаа дууссан тул Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, амралтын мөнгийг бүрэн тооцож гаргуулах”, /хавтаст хэргийн 1 дэх тал/,

4.2. 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажиллаж байх хугацаандаа дараах нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас бодуулж цалин хөлсөнд тооцуулж тогтмол сар бүр авдаг байсан цалинг ажилдаа эргэн орох хүртэлх цалин хөлсийг тооцуулан гаргуулах, ээлжийн амралтын зөрүү 778313,8 төгрөг гаргуулах” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хавтаст хэргийн 27-28 дахь тал/

5.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

5.1. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эрүүл мэндийн шалтгаанаар түр хугацаагаар 6 сарын чөлөө авч эмчлүүлээд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа эргэн орох өргөдөл хүсэлтээ 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн боловч өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн томилохгүй байна. БӨСЗДарга Б.Б, Засаг даргын орлогч Ж.Э, Боловсрол соёл, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.О, Хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Х нартай удаа дараа утсаар ярьж 3 удаа биечлэн уулзсан боловч хүлээж бай гэдэг хариунаас өөр шийд ирсэнгүй.

5.2. Өргөдөл өгснөөс хойш 90 хоног буюу 3 сар болж байна. Баян-Өндөр сумын аль ч түвшний албан хаагч өнөөдрийг хүртэл холбогдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр үлдээж үндсэн цалин хөлс, амралтын мөнгийг Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 107 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт, БШУС-ын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/122 дугаар тушаал, БӨСЗД-ын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын цалингийн доод хэмжээг тогтоосон цалингийн хэмжээнээс цалин хөлсөө тооцуулан авах хүсэлтэй байна” гэжээ.

6. Нэхэмжлэгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОАБӨСЗД-ын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33, Б/34 дүгээр захирамжуудын хэрэгжилт дууссан учир Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, амралтын мөнгийг бүрэн тооцож гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Шүүхээс шинжээч томилуулахаар гаргасан хүсэлтийн дагуу Орхон аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь хуулийн дагуу шинжлэн магадлах ажиллагаа явуулаагүй тул шүүгч төв комисст хүсэлт гаргасан боловч Төв комисс цахим бичиг баримтад тулгуурласан дүгнэлтээ өгсөн. Орхон аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын  2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 4.8.б-ээр 60 хувьтай гэж тогтоосон. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний хоёр дахь хурлын хэлэлцүүлэгт Л.О-тэй холбоотой асуудал хэлэлцэгдээгүй гэдгийг нотолсон. Дахин хэлэлцэх тохиолдолд Эмнэлэг хяналтын комиссын хурлаар хэлэлцэх шаардлагагүй гэсэн нь ямар ч эрх зүйн актад байхгүй.

Иймээс Засгийн газрын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 67 дугаартай тогтоолын 4.4.1 дэх заалт нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар ангилсан заалт мөн боловч 14.1 дэх заалт хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаанаас үл хамааран хөдөлмөр эрхэлж болно гэсэн заалт байгаа. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний хоёр дахь хуралд намайг оролцоогүй байхад дүгнэлт гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОАБӨСЗД-ын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33, Б/34 дугаартай захирамжуудын хэрэгжилтийн хугацаа дууссан тул ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн томилох гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэмэгдүүлсэн шаардлага гаргаж өнөөдрийн байдлаар захиргааны хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдүүлэх гэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон 2021 оны 07 дүгээр сарын 02-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зохих заалтыг баримтлан энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэх хууль зүйн үндэслэл байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан байгаа. Үүнийг анхаарч үзэх хэрэгтэй байх. Сумын Засаг дарга нь сургуулиудын захирлыг томилдог учраас энэ тушаалтай холбоотой зохицуулалт үүнд хамаарна гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацааны цалинг бусад холбогдох баримтыг үндэслэж шүүх тогтоох боломжтой гэж үзэж байгаа. Нэгэнт ажилд нь эргүүлэн томилсон тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх зохицуулалт тодорхойлогдож гарна. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасны дагуу ажилдаа эргүүлэн томилох тухай хүсэлтээ гаргаж байхад Засаг дарга нь хувийн үзэмжээр эргүүлэн ажилд нь томилохгүй байгаа гэсэн үзэлтэй байна. Хүнд өвчин хэлж биш хийсч ирдэг. Энэ хүнийг хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувь ч гэсэн энэ хүн хөдөлмөрлөх эрхтэй. Үүний цаана 900 хүний эрх ашиг яригдана гэж байна. Л.О-ийг эхлээд ажилд нь томилчих, үнэхээр энэ хүнийг ажлаа хийж чадахгүй байвал өөр асуудал яригдана. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

8. Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Л.О нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эрүүл мэндийн шалтгаанаар түр хугацаагаар 6 сарын чөлөө авсан нь үнэн болно. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн. Тус хүсэлтийг хянан шалгаж үзэх шаардлагатай байсан бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа”, 16.1 дэх зүйл “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн   байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Л.О-т утсаар өргөдөл, гомдлын хугацааг сунгаж хянан үзэх шаардлагатай байгааг мэдэгдсэн болно.” гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Л.О нь чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргүүлэн орох хүсэлтээ өгсөн. Тухайн хүсэлтээ өгөх гэж ирэхдээ хүнээр түшүүлсэн, хэл, яриа нь зуурсан, хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан гэх актын хамт бидэнд мэдэгдсэн. Боловсролын тухай хуульд сумын Засаг дарга нь сургуулийн захирал, эрхлэгч нарыг томилох эрх бүхий этгээд мөн боловч тухайн албан тушаалд томилохдоо ажилтныг тэнцэх эсэхийг хянаж шалгах үүрэгтэй байдаг. Бид бүхэн төрийн албаны үйлчилгээний удирдах албан тушаалтны ажил үүргийг хөдөлмөрийн чадвар 70 хувь алдалттай хүн хийж болох эсэхийг шалгах хэрэгтэй болсон.

2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тухайн асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцээд нэхэмжлэгчийг энэ ажлыг эрхлэх боломжгүй юм байна өөр хөнгөн ажилд томилох боломжтой байна гэсэн шийдвэр гаргасан. Энэ хугацаанд Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст албан бичгээр хандсан. Үүний хариуд Л.О-ийг удаа дараа дуудсан боловч тухайн хуралд ирэхгүй байна гэсэн хариуг ирүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтүүдээр Л.О-ийн хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувь байна, мөн энэ өвчин нь дахин даамжирах болон дахих боломжтой гэсэн байсан. Уг дүгнэлтийг харахаар хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан хүн сургуулийн захирлын ажлыг хийх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн гэдэг нь харагдаж байгаа. Цаашилбал 3 дугаар сургуулийн хүүхдүүд болон ажилтны эрх ашиг, сонирхол хөндөгдөх учир тухайн албан тушаалд тэнцэхгүй гэх тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь энэ ажлыг тархи толгой, сэтгэн бодох чадвараар хийдэг ажил учир чадна гэж маргадаг. Гэтэл сургуулийн захирал хүн тухайн сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, төсөл хөтөлбөр боловсруулах, хурал, цуглаан, семинар гэх мэт ажлыг хийдэг учир нэхэмжлэгчийг тухайн албан тушаалын шалгуурт тэнцэхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү.” гэв.

 

10. Хариуцагчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалын дагуу намайг ажилд эргүүлэн томилохгүй байна, тиймээс эргүүлэн томилж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Нэхэмжлэгч 6 сар өнгөрсний дараа байгууллагадаа эргүүлэн ажилдаа оръё гэж хандсан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар заалтыг баримтлан ОАБӨСЗД нэхэмжлэгчийг хөнгөн ажилд томилж, хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан байдаг. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тухайн ажилд эргүүлэн томилох боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг нэхэмжлэлдээ дурдаагүй байсан. Хоёрдугаарт энэ шийдвэрийг ажил олгогч талаас шүүхэд өгсөн боловч энэ актыг хүчинтэй эсэх талаар талууд маргаж мэтгэлцдэггүй байсан. Тэгэхээр тухайн ажилтны ажлын байрыг хэвээр хадгалагдаж байгаа, эрүүл мэндийн шалтгаанаар 6 сарын хугацаагаар чөлөө авсан гэдэгт маргахгүй харин тухайн ажлын байранд заасан ажил үүргийг хийж гүйцэтгэж чадахгүй гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан байгаа учир өөр хөнгөн ажилд томилох шийдвэр гарсан. Энэ акттай маргаагүй, энэ акт нь хүчин төгөлдөр байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэх боломжгүй гэж үзэж байна.

Тухайн ажилтны хувьд хөдөлмөрийн чадвар алдалтыг бүрэн алдсан учир тухай ажлын байранд заасан ажил үүргийг хийж гүйцэтгэж чадахгүй учир хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн үндэслэл хэсэг нь Эрүүл мэндийн Сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сайд нарын хамтарсан тушаалын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/758 А/197 тушаалд даатгуулагч хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгоход баримтлах өвчний жагсаалт байгаа. Уг жагсаалтын хавсралтын 4.8-т мэдрэлийн өвчин гэсэн хэсгийн мэдрэлийн хэсгийн 4 дэх заалт буюу G-11 гэдэг өвчний жагсаалтад нэхэмжлэгчийн өвчин нь хамаарч байгаа. Уг жагсаалтаар хэдэн хэдэн чадвар алдагдсан байдаг гэж үздэг. Үүнд хамгийн чухал чадваруудын нэг буюу сурах, мэдлэг ашиглах чадвар муудсан. Үүн дотроо шинэ зүйл сурах, асуудал шийдвэрлэх, харилцааны чадвар, биеийн хөдлөх байдал, бусдад мэдээлэл өгөх, солилцох, сурах, ажил хийх гэсэн ийм чадварууд муудсан байна гэж энэ Ж-11 өвчний ангилалд хамаардаг юм байна. Ингэж оношлогдсон өвчтөнийг тухайн ажлын байрны чиг үүргийг хийх боломжгүй юм байна гэсэн дүгнэлт өгсөн. Тухайн ажилтан мэргэжлийн болоод захиргааны удирдлагаар хангагдах чиг үүрэгтэй өөрөөр хэлбэл шинэ зүйлийг сурч, бусдад мэдээлэл өгөх чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй. Хөдөлмөрийн чадвар алдалтаа бүрэн алдсан хүн энэ чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй. Энэ байдалд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс болон бусад зүйлсээр тогтоогдсон бас нэг үндэслэл нь 70 хувь гэж тогтоосон бол эрүүл мэндийн саатал нь хугацаагүйгээр алдагдсан гэж үздэг. Тухайн ажилд эргүүлэн томилох гэхээр Хөдөлмөрийн гэрээний 18 дугаар зүйлийн 18.2.7-т бусдад аюул эрсдэлд учруулахгүй байх, эрүүл мэндээ өөрөө хамгаалах гэсэн үүргийг хүлээсэн байдаг. 900 гаран хүүхэд, ажилчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байдаг гэтэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд ийм чиг үүргийг өгөх гэхээр боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Хавтаст хэргийн 134-р талд авагдсан баримтаар энэ өвчин нь хөдөлмөр эрхлэхэд даамжрах боломжтой гэсэн гэсэн дүгнэлт байгаа. Хэрвээ бид хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнийг ажиллуулснаар тухайн ажилтны өвчний байдалд эрсдэл үүсвэл ажил олгогч ажилтныхаа эрүүл мэндийг хамгаалах үүргээ биелүүлээгүй гэсэн ийм нөхцөл байдал үүснэ. Бид бүхэн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтээр хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн хууль зүйн хувьд үндэслэлтэй шийдвэр гарсан. Сургуулийн зүгээс химийн лаборантын ажлын байрыг санал болгосон. Нэхэмжлэгч нь сургуулийн захирал гэдэг ажлын байранд заасан ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй, энэ ажлын байр нь хөдөлмөрийн чадвартай хүний ажлын байрны тодорхойлолт болохоос биш хөдөлмөрийн чадваргүй хүний ажлын байрны тодорхойлолт биш юм. Засаг дарга шийдвэр гаргаж байх үед энэ хүний эрүүл мэндийн байдал сайжирсан гэсэн ийм баримт байхгүй. Сүүлийн шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар алдалт хэмжээ 70 хувь байна гэж тогтоогдсон тул сайжирсан байна гэж үзэх боломжгүй учир Засаг дарга нь хуульд нийцүүлэн дараагийн арга хэмжээг авсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.” гэв.

11. Шинжээч эмч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын хэмжээнд хоёр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс байдаг. Үүний нэг нь орон нутгийн комисс юм. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 3.11.3-д заасан бүрэлдэхүүнээр ажилласан бол салбар комиссын хуралд дарга, орлогч дарга нь нэгэн зэрэг оролцоогүй, эсхүл оролцох боломжгүй болсон гэдэг үндэслэлээр актыг хүчингүй гэж үзэхгүй. Жилийн хугацаатай хөдөлмөрийн чадвар алдалтыг сунгасны дараа хугацаа болоогүй байхад дахин дүгнэлт гаргаж болдог. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орсон бол амбулаторийн карт дээр бичигдэх ёстой. Энэ акт нь хуулиар баталгаажсан байх ёстой.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 3.1.1-т даатгуулагч (иргэн)-ийг байлцуулан хуралдах, 3.1.2.-т даатгуулагч (иргэн)-ийг байлцуулахгүйгээр зохих бичиг баримтад үндэслэн хуралдах, 3.1.3.-т цахим хэлбэрээр хуралдах, 3.1.4.-т нүүдлийн хэлбэрээр хуралдах гэсэн ийм 4 зохицуулалт байдаг. Энэ 4-н зохицуулалтын аль нэгээр хуралдсан бол хурал хүчин төгөлдөр гэж үздэг.

 Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 4.11.3-т хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон хувь хэмжээ, хугацаа хүчинтэй үед өвчний хүндрэл, үе шатыг харгалзан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг дахин магадлан өөрчилж болно гэж заасан байдаг.” гэв.

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Л.О нь ОАБӨСЗД-д ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, амралтын мөнгийг бүрэн тооцож гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “ажиллаж байх хугацаандаа дараах нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас бодуулж цалин хөлсөнд тооцуулж тогтмол сар бүр авдаг цалинг ажилдаа эргэн орох хүртэлх цалин хөлсийг тооцуулан авах, ээлжийн амралтын зөрүү 778313,8 төгрөг гаргуулах” гэж нэмэгдүүлсэн.

2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Л.О-ийг хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувь буюу хөдөлмөрийн чадварыг бүрэн алдсан учраас 3 дугаар сургуулийн захирлын ажилд томилох үндэслэлгүй гэж маргасан болно.

3. Нэхэмжлэгч Л.О-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилохыг БӨСЗД-д даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. ОАБӨСЗД 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаар захирамжаар Л.О-т удаан хугацаагаар эмчлүүлэх тухай өөрийнх нь хүсэлтээр 6 сарын хугацаагаар чөлөө олгожээ.

3.2. Баян-Өндөр сумын 3 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Б/34 дугаар захирамжаар томилсон байна.

3.3. Мөн БӨСЗД-ын Б/33 дугаар захирамжаар олгосон 6 сарын хугацаа дуусч, захирлын ажилдаа эргэн орох гэсэн боловч БӨСЗД-ын Зөвлөлийн хурал 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж “Засаг даргын зөвлөлийн хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т “ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд үүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй энэ хуулийн 144.1-т заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч хөдөлмөр эрхлэх боломжгүй бол” гэж заасныг үндэслэн Л.О-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж өөрт тохирох хөнгөн ажилд зуучлахаар ...” гэж шийдвэрлэсэн байна.

3.4. Дээрх ОАБӨСЗД-ын дэргэдэх зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хурлаас гаргасан шийдвэртэй нэхэмжлэгч тал  маргаагүй болно.

3.5. Нэхэмжлэгч Л.О нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн  0275825 дугаар “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-аар “G11.2 Хожуу эхлэх бага тархины тэнцвэргүйдэл” гэсэн оношоор ердийн өвчний жагсаалтын 1-4-14-1  заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, хугацааг 12 сараар тогтоож шийдвэрлэсэн байна. Мөн

-2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн  0312787 дугаар “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-аар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, хугацааг 12 сараар,

-2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0471069  дугаар “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-аар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, хугацааг 12 сараар,

-2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0468533 дугаар “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-аар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, хугацааг 12 сараар,

-2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0555110 дугаар “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-аар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар, хугацааг 12 сараар,

-2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0555378 дугаар “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-аар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, хугацааг 12 сараар тус тус Л.Оийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг Орхон аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтоож шийдвэрлэсэн байна. 

3.6. Түүнчлэн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс”-ын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр   “... Л.О нь DS: G11.2 оношоор, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд, 70 хувиар хөдөлмөрийн чадвар алдсан байна” гэж дүгнэжээ.

3.7. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 67 дугаар “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийг шинэчлэн баталсан. Уг дүрмийн 4.4-д “Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөр чадвар алдалтыг дор дурдсанаар ангилна.”,  4.4.1-т “бүрэн буюу 70 ба түүнээс дээш хувиар алдсан”  гэж заасан ба Л.О нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

3.8.  Мөн Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/758, А/197 дугаар хамтарсан тушаалаар “Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа”-г шинэчлэн  баталсан ба Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь Л.О-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг уг хамтарсан тушаалаар баталсан ердийн өвчний жагсаалтын 1-4-8-3 дахь заалтын  дагуу  тогтоосон байна.

3.9. Хариуцагчийн өмгөөлөгч Х.О нь “Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/758, А/197 дугаар хамтарсан тушаалаар баталсан ердийн өвчний жагсаалтын 4.8-д заагдсан өвчтөний хэдэн хэдэн чадвар алдагдсан байдаг гэж үздэг. Үүнд хамгийн чухал чадваруудын нэг буюу сурах, мэдлэг ашиглах чадвар муудсан. Үүн дотроо шинэ зүйл сурах, асуудал шийдвэрлэх, харилцааны чадвар, биеийн хөдлөх байдал, бусдад мэдээлэл өгөх, солилцох, сурах, ажил хийх гэсэн ийм чадварууд муудсан байдаг нь G-11 өвчний ангилалд хамаардаг учраас сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй” гэж тайлбарласан нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

3.10. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-д “ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй ...”, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж тус тус заасан байна.

3.11. Дээрх хуулийн заалтуудаас дүгнэхэд Л.О-ийн хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдож, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан байхад  түүнийг 3 дугаар сургуулийн захирлын ажилд нь томилохыг хариуцагч БӨСЗД-д даалгах үндэслэлгүй гэж үзлээ.

3.12. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д “... өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон хүн хөдөлмөрийн чадвар сэргээгдсэн тухай эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор ажилдаа орох хүсэлтээ гаргасан” гэж заасны дагуу Л.О-ийн хөдөлмөрийн чадвар сэргээгдсэн нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдвол хариуцагч урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байна.

 3.13. Нэхэмжлэгч Л.О-ийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан учраас хөнгөн ажилд томилох боломжтой болохыг, хариуцагч шүүх хуралдаанд эвлэрэх боломжийг гаргасан, цаашид хөнгөн ажилд хэдийд ч томилох боломжтой гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар тайлбарласан болно.

4.  Нэхэмжлэгчийн “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, амралтын мөнгийг бүрэн тооцож гаргуулах,  нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас бодуулж цалин хөлсөнд тооцуулж тогтмол сар бүр авдаг цалинг ажилдаа эргэн орох хүртэлх цалин хөлсийг тооцуулан авах, ээлжийн амралтын зөрүү 778313,8 төгрөг гаргуулах” шаардлагын тухайд:

4.1. Нэхэмжлэгч Л.О-ийн “ОАБӨСЗД-д ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах” шаардлагыг үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн учраас ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ээлжийн амралтын зөрүүг тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

4.2.  Иймээс нэхэмжлэгч Л.О-ийн ОАБӨСЗД-д Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, амралтын мөнгө, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын зөрүүг  бүрэн тооцож гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.3. Шүүх нэхэмжлэгч Л.О-ийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг, нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч Ц.Г-ийг шүүх хуралдаанд оролцуулсан, шинжээч эмчийн өгсөн баримтын хэмжээнд тээврийн зардлыг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.О-ийн ОАБӨСЗД-д холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилохыг, ажилгүй байсан хугацааны хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн  гаргуулахыг ОАБӨСЗД-д тус тус даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1-д зааснаар нэхэмжлэгч Л.О-ээс шинжээчийн тээврийн зардал 47100 /дөчин долоон мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж Ц.Г-д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

      ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БОЛОРМАА