Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0480

 

Л.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Л.О, өмгөөлөгч Б.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33, Б/34 дүгээр захирамжуудын хэрэгжилтийн хугацаа дууссан тул ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, амралтын мөнгийг бүрэн тооцож гаргуулах, ажиллаж байх хугацаандаа дараах нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас бодуулж цалин хөлсөнд тооцуулж тогтмол сар бүр авдаг цалинг ажилдаа эргэн орон хүртэлх цалин хөлсийг тооцуулан гаргуулах, ээлжийн амралтын зөрүү 778 313.8 төгрөг гаргуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.О, өмгөөлөгч Б.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

Хэргийн индекс: 119/2022/0022/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.О-ээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33, Б/34 дүгээр захирамжуудын хэрэгжилтийн хугацаа дууссан тул ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, амралтын мөнгийг бүрэн тооцож гаргуулах, ажиллаж байх хугацаандаа дараах нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас бодуулж цалин хөлсөнд тооцуулж тогтмол сар бүр авдаг цалинг ажилдаа эргэн орон хүртэлх цалин хөлсийг тооцуулан гаргуулах, ээлжийн амралтын зөрүү 778 313.8 төгрөг гаргуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Миний бие Л.О нь боловсролын байгууллагад 28 жил ажилласнаас математикийн багшаар 15 жил, сургалтын менежерээр 3 жил, 2013 оноос ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд 10 дахь жилдээ захирлаар ажиллаж байна.

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эрүүл мэндийн шалтгаанаар түр хугацаагаар 6 сарын чөлөө авч, эмчлүүлээд ажилдаа эргэн орох өргөдөл хүсэлтээ 2022 оны 04 дүгээр 20-ны өдөр өгсөн боловч өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн томилохгүй байна.

Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Б, Засаг даргын орлогч Ж.Э, Боловсрол соёл, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.О, Хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Х /одоо Д.Э болсон/ нартай удаа дараа утсаар ярьж 3 удаа биечлэн уулзсан боловч “хүлээж бай” гэдэг хариунаас өөр шийд ирсэнгүй.

Иймд чөлөөний хугацаа дуусч, өргөдөл өгснөөс хойш сар болсон тул миний бие нь Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Гэтэл Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч бүтэн 4 сар гаруй хугацааны дараа буюу 135 хоногийн дараа 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 244 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 897 дугаар тогтоолоор “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Жил гаруй хугацааны дараа Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Анхан шатны шүүх “... Баян-Өндөр сумын Засаг даргын Б/33 дугаар захирамжаар олгосон 6 сарын чөлөөний хугацаа дуусч, захирлын ажилдаа эргэн орох гэсэн боловч Баян-Өндөр сумын Засаг даргын Зөвлөлийн хуралд 2022 оны 05 сарын 11-ний өдөр хуралдаж, “Засаг даргын зөвлөлийн хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т “ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд үүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй энэ хуулийн 144.1-т заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч хөдөлмөр эрхлэх боломжгүй бол” гэж заасныг үндэслэн Л.О-ийг үүрэгт ажлаас нь өөрт тохирсон хөнгөн ажилд зуучлахаар...” гэж шийдвэрлэсэн байна. Дээрх Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хурлаас гаргасан шийдвэртэй нэхэмжлэгч тал маргаагүй болно, ... Нэхэмжлэгч Л.О нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0275825 дугаар “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-aap G11.2 Хожуу эхлэх бага тархины тэнцвэргүйдэл” гэсэн оношоор ердийн өвчний жагсаалтын 1-4-14-1 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, хугацааг 12 сараар тогтоож шийдвэрлэсэн байна, ... 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0312787 дугаар актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, хугацааг 12 сараар, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0471069 дугаар актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, хугацааг 12 сараар, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0468533 дугаар ... актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, хугацааг 12 сараар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0555110 дугаар актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар, хугацааг 12 сараар, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0555378 дугаартай актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, хугацааг 12 сараар тус тус Орхон аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтоож шийдвэрлэсэн байна, ... Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс”-ын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр ... Л.О нь ... 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 70 хувиар хөдөлмөрийн чадвар алдсан байна” гэж дүгнэжээ, ... Хариуцагчийн өмгөөлөгч Х.О нь Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын сайдын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/758, A/197 дугаар хамтарсан тушаалаар баталсан ердийн өвчний жагсаалтын 4.8-д заагдсан чадваруудын нэг буюу сурах мэдлэг ашиглах чадвар муудсан. Үүн дотроо шинэ зүйл сурах, асуудал шийдвэрлэх, харилцааны чадвар, биеийн хөдлөх байдал, бусдад мэдээлэл өгөх, солилцох, сурах, ажил хийх гэсэн ийм чадварууд нь муудсан байдаг нь G11 өвчний ангилалд хамаардаг учраас сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй” гэж тайлбарласан нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ, ... Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-д “ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй ...”, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж тус тус заасан байна, ... Дээрх хуулийн заалтуудаас дүгнэхэд Л.О-ийн хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдож, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан байхад түүнийг 3 дугаар сургуулийн захирлын ажилд нь томилохыг хариуцагч Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах үндэслэлгүй гэж үзлээ, ... Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д “... өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон хүн хөдөлмөрийн чадвар сэргээгдсэн тухай эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор ажилдаа opox хүсэлтээ гаргасан” гэж заасны дагуу Л.О-ийн хөдөлмөрийн чадвар сэргээгдсэн нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдвол хариуцагч урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй байна, ... Нэхэмжлэгч Л.О-ийн “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах” шаардлагыг үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн учраас ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ээлжийн амралтын зөрүүг тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна ...” гэж дүгнээд байгаа нь хэтэрхий нэг талыг буюу ажил олгогчийн хууль бус үйлдлийг хаацайлсан үндэслэл муутай шийдвэр болжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Иргэн Л.О нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн хүсэлтийг хянан шалгаж үзэх шаардлагатай байсан ... 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Л.О-т утсаар өргөдөл, гомдлын хугацааг сунгаж хянан үзэх шаардлагатай байгаа тухай мэдэгдсэн...” гэж тайлбарладаг. Энэ цаг хугацаанаас өмнө хуралдсан гэх “...Баян-Өндөр сумын Засаг даргын Б/33 дугаар захирамжаар олгосон 6 сарын хугацаа дуусч, захирлын ажилдаа эргэн орох гэсэн боловч Баян-Өндөр сумын Засаг даргын Зөвлөлийн хуралд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, “Засаг даргын зөвлөлийн хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-д “ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд үүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй энэ хуулийн 144.1-т заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч хөдөлмөр эрхлэх боломжгүй бол” гэж заасныг үндэслэн Л.О-ийг үүрэгт ажлаас нь өөрт тохирсон хөнгөн ажилд зуучлахаар...” гэж шийдвэрлэсэн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлтэй цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаад дүгнэлт хийсэнгүй. Засаг дарга Б.Б тодорхой хариу өгөхгүй, захирлын ажилд нь томилохгүй байсан тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ханддаг. Баян-Өндөр сумын Засаг даргын Зөвлөл 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэлээ 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буюу Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал болдог өдөр хавтаст хэрэгт өгсөн байдаг.

Дээрх Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хурлаас гаргасан шийдвэртэй нэхэмжлэгч тал маргаагүй болно” гэж шүүх дүгнэж байгаа нь хийсвэр дүгнэлт юм. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэгт ирсэн баримтуудтай Л.О миний зүгээс маргах, гомдол гаргах боломжгүй. Энэ хурлын тухай 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурлын дараа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах гэж хэргийн материалтай танилцаж байх үедээ мэдсэн.

6 сарын чөлөө авахын өмнө болон чөлөөний хугацаа дууссаны дараа ч хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэх үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлага болох “Ажилд томилох асуудалтай шалтгаант холбоо байхгүйд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан “чөлөөтэй хөдөлмөрлөх” суурь эрхэд бүдүүлгээр халдсан үндэслэлгүй шийдвэр гарсанд гомдолтой байна.

Тухайлбал: 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0555110 дугаар актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар, хугацааг 12 сараар сунгалт хүчинтэй байхад магадлуулагч Л.О-ийг оролцуулахгүйгээр ... 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0555378 дугаартай актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар, хугацааг 12 сараар Орхон аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс санаачилгаараа тогтоож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг шинжээчийн дүгнэлт гарахад мэдсэн.

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/39, А/12 тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтооход үнэлгээ хийдэг индекс байдаггүй байсан шинэчилсэн тушаалаар үнэлгээ хийдэг болсон.

Миний бие 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орохдоо Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/758, А/197 дугаар бүхий хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтын 3 индексээр үнэлүүлж хөдөлмөрийн чадвар алдалтын хувиа 60 хувиар тогтоолгосон тул 0555110 дугаартай актаа хүчинтэй гэж үзэж байна.

Орхон аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс хурлын тэмдэглэл хөтөлдөггүй гэсэн тайлбар өгсөн. Харин Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн Эмнэлэг хяналтын комиссын /энд эмч нар харьяалагддаг/ 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаар албан бичигт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын бүртгэлд Л.О миний тухай хуралд оролцсон мэдээлэл байхгүй хэлэлцээгүйг нотолсон.

2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Нийгмийн даатгалын газраас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон акт авахад 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 60 хувиар 12 сараар сунгасан акт өгсөн.

Бүгд Найрамдах Солонгос Улсын визэнд орох гээд Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтыг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр авахад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 60 хувиар тогтоосон лавлагаа авсан. Эдгээр баримтууд шүүхийн нь нотлох баримтад өгсөн.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс”-ын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр ... Л.О нь ... 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 70 хувиар хөдөлмөрийн чадвар алдсан байна” гэснийг шүүх тогтоолдоо дурдаж байгаа бол Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссыг шинжээчээр томилсон баримтад “хөдөлмөр эрхлэлтийн талаар дүгнэлт хийх боломжгүй” талаар тайлбарласныг шүүх үнэлээгүй нь хэтэрхий нэг талыг барьсан, хийсвэр дүгнэлт гэж үзэж байна.

2019 оноос 2022 оны 09 сар хүртэл 2017 оны тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог байхад хамгийн доод хувь 70 хувьтай,

2021 оны тушаал 50, 60, 70, 90 хувьтай тогтоохдоо 3 индексээр үнэлдэг болсныг анхаарч үзэж, ялгаж ойлгох хэрэгтэй байх. Шууд 2019 oнooc 2023 оны 09 cap хүртэл 70 хувьтай гэж ойлгож болохгүй тухай Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шинжээч эмч Ц.Г шүүх хурал дээр тайлбарласан.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орсон бол амбулаторийн картан дээр заавал бичигдэх ёстой гэдгийг хэлсэн нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралд миний бие оролцоогүйг дахин нотолж байна. Миний эмнэлгийн картан дээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувь болгосон бичилт акт байхгүй. Эдгээрийн анхан шатны шүүх огт үнэлээгүй.

Ямар ч үндэслэлгүй акт, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын эмч нар биш Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын зөвхөн 2 хүн Баян-Өндөр сумын Засаг даргын хүсэлд нийцүүлэн бичсэн дүгнэлт /тэр дүгнэлтээ баталгаажуулж тэр үед надтай уулзахад огт байгаагүй гишүүдээр гарын үсэг зуруулсан байна гэдгийг миний бие 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хурал дээр ч хэлсэн, бичгээр ч өгсөн/-ийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нэг талыг барин үнэлсэн нь хөдөлышгүй тогтоогдсон нотлох баримт биш юм.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.О нь “Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/758, А/197 дугаар хамтарсан тушаалаар баталсан ердийн өвчний жагсаалтын 4.8-д заагдсан чадваруудын нэг буюу сурах мэдлэг ашиглах чадвар муудсан. Үүний дотроо харилцааны чадвар, биеийн шинэ зүйл сурах, асуудал шийдвэрлэх, хөдлөх байдал, бусдад мэдээлэл өгөх, солилцох, сурах, ажил хийх гэсэн ийм чадварууд нь муудсан байгаа нь G11 өвчний ангилалд хамаардаг учраас сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй” гэж тайлбарласан нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ...” гэж шинжээчдээс илүү хөдөлмөр эрхлэх боломжгүй тухай үнэлэлт гэж үзэж байгаа нь буруу юм. Хөдөлмөрийн чадвар алдсан эсэх асуудал 6 сарын чөлөөтэй хугацаанд үргэлжилсээр байсанд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Энэ үйл баримт нь маргааны зүйлд огт хамааралгүйг шүүх үнэлж чадсангүй.

Х.О нь эмч биш /Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/758, А/197 даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хугацааг шинэчлэн батлах тухай хамтарсан тушаалын өвчний жагсаалтыг хэн ч уншиж чадна/ Харин өвчтөнд гарч болох өөрчлөлтийг хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтын 3 индексээр мэргэжлийн эмч нар үнэлж дүгнэлт гаргадаг.

Хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувь нь хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдсанд орно. Өөрийн биеэр оролцож хөдөлмөрийн чадвар алдалтаа шинэ тушаалын 3 индексээр үнэлүүлж 60 хувьтай тогтоолгосон тул 0555110 дугаартай актаа хүчинтэй гэж үзэж байна.

2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0555110 дугаартай актыг үнэлээгүй мөртлөө өмгөөлөгчийн уншсан зүйлийг үндэслэлтэй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-д “ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй ...”, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж тус тус заасан байна, ... Дээрх хуулийн заалтуудаас дүгнэхэд Л.О-ийн хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдож, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан байхад түүнийг дугаар 3 дугаар сургуулийн захирлын ажилд нь томилохыг хариуцагч Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах үндэслэлгүй гэж үзлээ...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Л.О-ийн хөдөлмөрийн чадвараа алдсан асуудал нь чөлөө авснаас өмнөх үйл баримт, захирлын албан үүргээ эрхэлсээр ирсэн. Чөлөө авсны дараа илэрсэн шинэ нөхцөл байдал биш юм. Захирлын ажилд эгүүлэн тогтоох асуудалтай хөдөлмөрийн чадвар алдалтын асуудлыг холбох нь үндэслэлгүй. Энд зөвхөн миний өвчний тухай л яригдлаа. Ажлаасаа 6 сарын чөлөө авсан үндэслэл, ажилд эгүүлэн томилох тухай, нэхэмжлэлийн тухай яригдсангүй. Дээрх хуулийн заалт гэж Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтуудыг дүгнэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалтаар ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй 6 сарын чөлөө олгосон. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т зааснаар 3 дугаар сургуулийн захирлын сонгон шалгаруулалт 2014 оны 01 сард болж төрийн албаны шалгалтад тэнцэж 3 дугаар сургуулийн захирлаар томилогдсон. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, сонгон шалгаруулалт эргэлзээтэй гэж нэхэмжлэл гаргаагүй.

Хэрэв миний хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон актыг биш 70 хувиар тогтоосон актыг үнэлж Засгийн газрын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 67 дугаар тогтоолын /4.4-т даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 2 хувааж ангилсан ангилал мөн/ 4.4.1-т заасныг хэрэглэж байгаа бол энэ тогтоолын 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт “даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаанаас үл хамааран хөдөлмөр эрхэлж болно” гэсэн заалтыг хэрэгжүүлэх ёстой. Учир нь Монгол Улсын иргэн хүн хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамаарч өвчтэй ч бай ямар ч үед Үндсэн хуулиараа хамгаалуулж ялгаварлан гадуурхагдахгүй, хөдөлмөрлөх тэгш эрхтэй байх гэж заасан тул эрхтэй.

Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй гэж үзэж байгаа бол Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.3.6, 6.4, 6.5, 6.5.1, 6.6, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2 заалтууд зөрчигдсөн. 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Баян-Өндөр сумын Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлж 42.1.1, 43 дугаар зүйлийн 43.1.7-д заасныг биелүүлэх үүрэгтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон хүн хөдөлмөрийн чадвар сэргээгдсэн тухай эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор ажилдаа орох хүсэлтээ гаргасан” гэж заасны дагуу Л.О-ийн хөдөлмөрийн чадвар сэргээгдсэн нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдвол хариуцагч урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байна...” гэж шүүх үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д ердийн өвчин буюу Л.О-ийн өвчний заалт хамаарахгүй, зөвхөн үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас гэж тусгайлан заасан байхад хуулийг буруу тайлбарлан шийдвэртээ зааж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн алдаа гэж үзнэ.

Л.О миний зүгээс “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах” шаардлагыг үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн учраас ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ээлжийн амралтын зөрүүг тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна гэж шүүх дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөл 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 76 дугаар албан бичгээр Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Б-д захирлын албан тушаалд эргүүлэн томилох тухай даалгасан. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ мөн”, 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, 66.1.3-д “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу ... илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх ... үүрэгтэй” гэж заасан байдаг.

Өнөөдрийн байдлаар тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Н үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн боловч ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан миний бие биш огт өөр хүнийг захирлаар томилсон нь миний групптэй байх асуудал биш захирлаар томилохгүй байх ашиг сонирхлын зөрчил гэж харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйл “Ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах” заалт зөрчигдсөн. Учир нь чөлөө авсан миний бие чөлөө төрийн албан хаагчийн хуулиар хангагдах нийгмийн баталгааг л авсан хэрэг. 60.1.2-т “донорын үүрэг гүйцэтгэх, эсхүл энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д зааснаас бусад тохиолдолд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай”, 60.1.12-т “хувийн чөлөөтэй байх хугацаанд”, 60.1.13-д “хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан, эсхүл ажил олгогчтой тохиролцсон бусад тохиолдолд” заалтууд Баян-Өндөр сумын Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтын дагуу чөлөө авсан тул ажлын байр хадгалагдах ёстой. Тиймээс өөр хүн дахин томилж цалин хөлс, урамшуулал өгч, нийгмийн даатгал, татвар төлөх ёсгүй.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаар захирамжийн чөлөө олгосон үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Иргэн ... нутгийн өөрийн удирдлагын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх”, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т /2021 онд мөрдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80.2 дахь заалт “Чөлөөтэй байгаа хугацаанд тэтгэмж олгох, эсэх асуудлыг хамтын ба хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохицуулна”, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д “албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах”-ийг үндэслэж 6 сарын чөлөө олгосон. Чөлөөний хугацаа дуусаад ажилдаа эргэн орох эрхтэй тул нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм. Ажлаасаа чөлөө аваад ажилдаа эргэн орох гэтэл эхлээд өөр шалтаг хэлж /Хууль бус багш нарын үйлдвэрчний эвлэлээс ирсэн санал хүсэлтийг үндэслэн ажилд томилохгүй байснаа тэр албан бичиг, санал хүсэлтийг 2021 онд шийдэгдсэн тухай хариу өгсний дараа хөдөлмөрийн чадвар алдалтын талаар өвчний тухай ярьж хувь хүний эрүүл мэндийн эрхэд бүдүүлгээр хандаж байна

Боловсролын байгууллагад 28 жил ажилласан миний бие тэтгэвэрт гарахад 3 жил дутуу байгаа тул эрүүл мэндээрээ, нам бусаар ялгаварлан гадуурхагдаж нэр төр, ажил хөдөлмөр, цалин хөлс санхүүгийн байдлаараа маш их хохирч байна. Тэтгэвэрт гарах хугацаа дөхсөн миний хувьд нийгмийн даатгал төлөгдөхгүй байгаа нь тэтгэвэр тогтоолгох үед маш их хохирох боллоо. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.3-аас 3.13 хүртэл чи өвчин туссан тул ажиллах боломжгүй гэдэг юм бичиж хүнийг өвчнөөр ялгаварлан гадуурхаж болохгүй тул гомдолтой байна. Өвчтэй байхдаа ч захирлын ажлыг хийж байсан ямар ч зөрчил гаргаагүй.

Л.О миний бие 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаас өмнө бичгээр “Ерөнхий шүүгч Б.Б-аас татгалзсаар байхад татгалзлаа нотолж чадаагүй, холбогдох баримтууд ирүүлээгүй...” гэж татгалзлыг авалгүйгээр шүүх хуралдаан хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үздэг. Дээрх тайлбараар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14. дахь заалтын нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүлээн нь зөвшөөрөхгүй байна. 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэн нь хариуцагч уг, өгүүлбэрийг үнэлж, нэхэмжлэгчийн тайлбар нотолгоог үнэн зөвөөр үнэлээгүй тул давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, 14 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 14 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Л.О-ээс “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33, Б/34 дүгээр захирамжуудын хэрэгжилтийн хугацаа дууссан тул ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, амралтын мөнгийг бүрэн тооцож гаргуулах, ажиллаж байх хугацаандаа дараах нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас бодуулж цалин хөлсөнд тооцуулж тогтмол сар бүр авдаг цалинг ажилдаа эргэн орон хүртэлх цалин хөлсийг тооцуулан гаргуулах, ээлжийн амралтын зөрүү 778 313.8 төгрөг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

2.2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар сургуулийн захирал Л.О удаан хугацаагаар эмчлүүлэх хүсэлт гаргасан тул 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 сарын хугацаагаар чөлөө олгосон бөгөөд нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр чөлөөний хугацаа дууссан тул ажилдаа эргэн орох хүсэлтийг гаргасан байна.

2.3. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 80.1.3-д “ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол” хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар заажээ.

2.4. Хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтээр “...Л.О нь 2019 оны 03 дугаар сарын 27-нд Бага тархины тэнцвэргүйдэл оношоор даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалтын 4-14-А заалтаар 70 хувиар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон. Энэ нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн шинэчилсэн жагсаалтын 4-8-В заалт 70 хувьтай байгаа болно, ... Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/758, А/197 дугаар бүхий хамтарсан тушаалаар батлагдсан даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн өвчний жагсаалтын 4-8-В заалтаар 70 хувьтай хөдөлмөрийн чадвар алдалттай байгаа нь цаашид хөдөлмөр эрхлэхэд өвчин нь даамжрах нөлөөлөлтэй” гэсэн бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос “...Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хурлын 0275825 дугаар шийдвэрээр иргэн Л.О-т 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаагаар, DS:G11.2 оношоор 70 хувиар хөдөлмөрийн чадвар алдалтыг анх тогтоосон, дээрх оношоор уг комиссын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0312787 дугаар шийдвэрээр түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаагаар 70 хувиар, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хурлын 041069 дугаар шийдвэрээр 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар 70 хувиар, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0468533 дугаар шийдвэрээр 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 12 сараар 70 хувиар, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хурлын 0555110 дугаар шийдвэрээр 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаагаар 60 хувиар тус тус сунгаж байсан, 2022 оны 11 дүгээр сарын 10 өдрийн хурлаар түүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг дахин хэлэлцэж, мөн өдрийн 0555378 дугаар шийдвэрээр 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаагаар DS:G11.2 оношоор 70 хувиар тогтоож сунгасан. Иргэн Л.О нь DS:G11.2 оношоор 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд 70 хувиар хөдөлмөрийн чадвар алдсан байна” гэжээ.

2.5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л.О нь DS:G11.2 “Хожуу эхлэх бага тархины тэнцэргүйдэл” оношоор 70 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан болох нь дээрх дүгнэлтүүдээр нэгэнт тогтоогдож буй энэ тохиолдолд Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа хариуцагчийн үйл ажиллагааг буруутгах боломжгүй.

2.6. Нөгөөтээгүүр, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй:”, 61.1.1-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон хүн хөдөлмөрийн чадвар сэргээгдсэн тухай эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор ажилдаа орох хүсэлтээ гаргасан” бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авахаар хуульчилсан.

Гэтэл нэхэмжлэгч Л.О-ийн хувьд хөдөлмөрийн чадвар нь сэргэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх энэхүү үйл баримт, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, уг баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2.7. Мөн түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг “хүсэлт гаргаагүйд тооцож” шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 36 дугаар тогтоолын ““татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч гаргах” гэдгийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчөөс шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах үндэслэлээ тодорхойлж, бичгээр гаргасан хүсэлтийг, уг үндэслэлийн талаарх баримтын хамт гаргаж өгөхийг ойлгоно. Хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгд хамаарахгүй асуудлаар, эсхүл үндэслэл дурдаагүй, үндэслэлдээ хамаарах баримт гаргаагүй, түүнчлэн бичгээр гаргаагүй хүсэлтийг хуульд заасан үндэслэлээр гаргасан хүсэлт гэж үзэхгүй, уг хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэхгүй бөгөөд, татгалзал гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ” гэсэнтэй нийцсэн байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН