| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2017/02163/И |
| Дугаар | 182/ШШ2017/02408 |
| Огноо | 2017-12-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2017/02408
| 2017 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 182/ШШ2017/02408 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х тоотод оршин суух, ПЭ89061111 дугаарын регистртэй, Хашхарлых овогт Үсипийн Мухамедалигийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч байранд байрлах Капитал банк ХХК-д холбогдох,
18 495 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Идэрчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү.Мухамедалигаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүнээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү.Мухамедали нь Капитал банкны 989 дүгээр салбарын эдийн засагчаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 71 тоот орон сууцны санхүүжилтын гэрээг Капитал банктай байгуулсан. Мөн тус өдөр 366 тоот ажилчдын орон сууц санхүүжилтын гэрээ, барьцааны гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрчдийн гудамж, 9 дүгээр байрны 7 дугаар давхар, 52 тоотод байрлах 41,1 м.кв талбайтай 1 өрөө байрны, 1 м.кв талбайн үнийг 1 350 000 төгрөгөөр буюу нийт 55 485 000 төгрөгөөр тооцон Капитал банктай тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл Капитал банкнаас 2013 онд 1 м.кв талбайн үнийг 1 800 000 төгрөг буюу нийт байрны үнийг 73 980 000 төгрөг болгож өсгөсөн байдаг. Ингэхдээ өмнөх байгуулсан гэрээг шинэчилж байгуулна, байрны зөрүү болох урьдчилгаа 30 хувийг төл гэж банкны удирдлагаас шаардсан байдаг. Ү.Мухамедали нь 2013 оны 10 дугаар сарын 30-нд 18 495 000 төгрөгийг дансаар Капитал банкинд төлсөн байдаг. Энэ мөнгө нь банкны зээл болох 55 485 000 төгрөгөөс огт хасагдаагүй. Хариуцагч нь уг мөнгийг байрны урьдчилгаанд төлсөн, үндсэн зээлээс хасагдах үндэслэлгүй гэж тайлбарладаг. Зээлийн эдийн засагч дотоод гүйлгээ хийдэг. Би энд Си компани руу нэхэмжлэгч өөрөө шилжүүлэх гүйлгээ хийгээгүй, үүнтэй холбоотой баримт ч хэрэгт байхгүй. 18 495 000 төгрөгийг Би энд Си компани руу шилжүүлэх Мухамедалигийн хүсэлт болон түүний гарын үсэгтэй баримт байхгүй. 2012 оны 05 дугаар сарын 21-нд Ү. Мухамедали нь Би энд Си ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. 2012 оны 03 дугаар сард банк нь 1 800 000 төгрөгөөр барилгын компанитай захиалгын гэрээ байгуулсан юм бол тухайн компани нь 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр буюу 2 сарын дараа иргэн Ү.Мухамедалитай 1 350 000 төгрөгөөр тооцон орон сууцны захиалгын гэрээ давхар байгуулах үндэслэл байхгүй. Захиалгаар орон сууц бариулах гэрээнд үндэслэж 2012 оны 06 сарын 06-нд 55 485 000 төгрөгөөр зээлийн гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл энэ өдөр ямар ч урьдчилгаа төлбөргүйгээр банк захиалгын гэрээ байгуулсан. 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 366 тоот гэрээнийн 3.1-д 1 м.кв үнэ 1 350 000 төгрөг гэж тодорхой байгаа. 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 237 тоот зээлийн гэрээний 3.1-д олгосон зээлийн хэмжээг 55 340 000 төгрөг гэж заасан. Тэгэхээр уг 2 зээлийн гэрээний сүүлийнх нь 1 жилийн дараа байгуулагдаж байгаа. 2012 оны зээлийн гэрээний хавсралтын төлбөрийн хуваарьт үлдэж байгаа үнийн дүнгээр 2 дахь гэрээ байгуулагдсан. 2012 онд нэхэмжлэгч нь Би энд Си ХХК-тай 1 350 000 төгрөгөөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, энэ үнийн дүнгээр 366 тоот зээлийн гэрээ байгуулагдсан. Гэтэл банк бол барилгын компани биш, 1 м.кв-ын үнийг 1 800 000 төгрөг болгосон нь үндэслэлгүй. 2013 оны 08 дугаар сард үнийн дүн өөрчлөгдөж байгаа асуудал нь Засгийн газраас хэрэгжүүлсэн 8 хувийн ипотекийн зээл батлагдсантай холбогдуулан банк өөрийн эх үүсвэрээс 100 хувь олгосон байсан зээлийг МИК-д багцаар зарж, мөнгөө гаргаж авах гэсэн ажиллагаа байдаг. МИК-ийн тавьсан журмын шаардлагад орон сууцны 30 хувийг төлөх ёстой байдаг. Банкнаас урьдчилгаа мөнгийг төл, эсхүл байраа өг гэдэг асуудал үүссэн. Бодит байдалд нэхэмжлэгчийн төлсөн 18 495 000 төгрөг үндсэн зээлээс хасагдах ёстой. Барилгын үнийг банк тогтоохгүй, барилгын компани өөрөө тогтоох ёстой. Урьдчилгаа төлбөрт 18 495 000 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүй, банк өөрөө шилжүүлснийг зөвшөөрөхгүй учир энэ мөнгийг хариуцагчаас гаргуулахаар зөрчигдсөн эрхээ хамгаалахаар шүүхэд хандсан. Хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа учир хариуцагчаас 18 495 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.
Хариуцагч Капитал банк ХХК-ийн итгэмжлэгдсн төлөөлөгч Э.Идэрчулуунаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Ажил олгогч болон ажилтан нар хоорондоо харилцан тохиролцож 2012 оны 06 дугаар сарын 06-нд 366 тоот ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг байгуулж зээл олгосон. Уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэрчдийн гудамж, 9-р байрны 7-р давхар, 52 тоотод байрлах 41,1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан авахад зориулж 73 980 000 төгрөгийн зээлийг олгосон. Үүнээс 18 495 000 төгрөг нь байрны урьдчилгаа төлбөр болох 30 хувь гэж үзсэн. Анх тохиролцсон ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээнд 1 м.кв талбайн үнэ 1 350 000 төгрөг байсан. Капитал банк болон Би энд Си ХХК нарын хооронд 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1-д 1м.кв үнийг 1 800 000 төгрөг гэж заасан байдаг. Ажиллагсдын орон сууцны зээл олгох зориулалт бол банканд тогтвортой ажиллах нөхцөлд 1 м.кв-ын үнэ 1 350 000 төгрөг байсан. Гэтэл 2013 онд Засгийн газрын орон сууцны 8 хувийн санхүүжилтын журам батлагдаж, үүнтэй холбогдуулан ажиллагсдын орон сууцны зээлийн хүү жилийн 12 хувь байсныг 8 хувь руу шилжүүлсэн. 2012 оны 03 дугаар 06-ны өдрийн орон сууц захиалах гэрээний дагуу 1м.кв үнийг 1 800 000 төгрөг гэж дахин санхүүжилт хийсэн. Хэрвээ 8 хувийн зээлд хамаарахгүй тохиолдолд м.кв-ын үнэ 1 350 000 төгрөг, жилийн 12 хувийн хүүтэй байж болно гэдэг тохиролцоо байсан боловч нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар 30-ны өдөр урьдчилгаа 18 495 000 төгрөгийг дансаараа шилжүүлсэн байдаг. Капитал банкны зүгээс ажиллагсдын орон сууцны гэрээний үнийг бөөнд нь шилжүүлж байсан. Гэрээг шинэчилж хийнэ гэсэн тохиролцоо байсан учир дахин санхүүжилт хийсэн. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь мөнгөө төлөхгүй байсан учир Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч талууд эвлэрсэн. Нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Би энд Си ХХК болон Ү.Мухамедали нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалах гэрээ байдаг. Гэхдээ сүүлд дахин санхүүжилт хийж м.кв-ын үнийг 1 800 000 төгрөг болгоход Ү.Мухамедали өөрөө урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн учраас банк Би энд Си ХХК руу шилжүүлсэн тул нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү.Мухамедали нь хариуцагч Капитал банк ХХК-д холбогдуулан 18 495 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч нь үл зөвшөөрч нэхэмжлэгч Ү.Мухамедалид 41,1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Би энд Си ХХК ба Капитал банк нарын хооронд байгуулсан 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 2.1-д заасны дагуу 1 м.кв талбайг 1 800 000 төгрөгөөр тохиролцон худалдан авахад нь зориулж банкнаас 55 485 000 зээл олгосон, уг орон сууцны үнэ нь 73 980 000 төгрөг ба 2013 оны 08 дугаар сарын 23-нд ипотекийн зээлд хамрагдан зээлийн гэрээг дахин байгуулсан, 30 хувийн урьдчилгаанд 18 495 000 төгрөгийг банканд төлсөн, банк Би энд Си ХХК-д шилжүүлсэн гэж тайлбарлан маргаж байна.
Шүүх дараахь үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1. Нэхэмжлэгч Ү.Мухамедали нь хариуцагч Капитал банк ХХК-ийн захиалгаар бариулж байсан орон сууцны байрнаас Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамжинд байрлах 9 дүгээр байрны 1 дүгээр орц, 7 дугаар давхарт 52 тоот хаягт байрлах, 41,1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1 350 000 төгрөгөөр тооцон, нийт 55 485 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож Би энд Си ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Захиалгаар орон сууц бариулах гэрээ-г байгуулсан байна.
Уг гэрээний 2.2-т Худалдан авагч 41,1 м.кв талбай бүхий 7 дугаар давхрын 52 тоот орон сууцыг 1 м.кв-ын үнийг 1 350 000 төгрөгөөр тооцон нийт 55 485 000 төгрөгийг Капитал банкны зээлээр авч орон сууц ашиглалтанд ороход 2000016786 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцов гэж заасны дагуу нэхэмжлэгч Ү.Мухамедали нь дээрх захиалсан орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1 350 000 төгрөгөөр тооцон, худалдан авах зориулалтаар нийт 55 485 000 төгрөгийг хариуцагч Капитал банк ХХК-иас сард 1 хувийн хүүтэйгээр, 25 жилийн хугацаатай зээлсэн болох нь талуудын хооронд 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 366 тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ түүний хавсралт, мөн өдрийн 71 тоот Би энд Си ХХК, Капитал банк ХХК болон нэхэмжлэгч Ү.Мухамедали нарын хооронд байгуулсан Орон сууцны санхүүжилтийн гэрээ зэргээр нотлогдсон.
2. Талууд 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 366 тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ-г 2013 оны 08 дугаар сарын 23-нд өөрчлөн, зээлийн хэмжээг 55 340 000 төгрөгөөр, зээлийн хүүг сард 0,67 хувь, жилд 8 хувь болгон тодорхойлж, зээлийн зориулалтыг Орон сууцны ипотекийн зээл болгон, хамтран зээлдэгчээр М.Хуатыг нэмж оролцуулан өөрчилж, 237 тоот Зээлийн гэрээ-г, 2013 оны 12 дугаар сарын 27-нд 237 тоот Барьцааны гэрээ-г байгуулсан байх ба дээрх зээлийн гэрээний үүрэг болох 57 794 384 төгрөгийг хариуцагч Ү.Мухамедали, М.Хуат нар төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01253 дугаар захирамжаар шийдвэрлэж, уг захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
3. Хариуцагч тал нь, тус банкны гүйцэтгэх захирлын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 149 тоот Ажиллагсдад орон сууцны хөнгөлөлтэй зээл олгох тухай тушаалыг 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот Капитал банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор хүчингүй болгосон, үүнд Ү.Мухамедалид олгосон зээл хамаарсан, нэхэмжлэгч байрны урьдчилгаанд 18 495 000 төгрөгийг төлсөн учраас 2013 оны 11 дүгээр 04-ний өдрийн Би энд Си ХХК, Капитал банны хооронд тооцоо нийлсэн актад дурдсан нийт 406 870 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн ажиллагсдын нэрсэнд, мөн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Капитал банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 12 тоот Зөвшөөрөл олгох тухай тогтоолын хавсралтад заасан ажиллагсдын нэрсэнд тус тус Ү.Мухамедалигийн нэр бичигдээгүй байгаа байдлаар харагдана гэж тайлбарлан дээрх тушаал болон тогтоолууд, 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 17, 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 31 тоот Капитал банкны Удирдлагын хорооны хурлын тэмдэглэлүүд, тус банк дахь Би энд Си ХХК-ийн 2000016786 тоот дансны хуулгууд, 2013 оны 11 дүгээр 04-ний өдрийн Би энд Си ХХК, Капитал банкны хооронд тооцоо нийлсэн акт, мемориалын баримт зэргийг нотлох баримтаар гарган мэтгэлцсэн.
Хэрэгт авагдсан Капитал банкны депозит дансны харилцагчийн монгол хуулгаар Ү.Мухамедалигийн тус банк дахь 2023002128 тоот зээлийн дансанд 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 18 495 000 төгрөгийг Орлого хийв гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байх ба уг данс нь нэхэмжлэгчийн зээлийн данс мөн болох талаар дансанд дээрх дүн бүхий мөнгийг нэхэмжлэгчээс шилжүүлсэн талаар хариуцагч тал маргаагүй байна.
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Ү.Мухамедалигаас 18 495 000 төгрөгийг өөрийн худалдан авч буй 1 өрөө орон сууцны үнийн урьдчилгаа үнэ гэж тодорхойлж шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байх бөгөөд үүний дараа 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр уг мөнгийг Байрны урьдчилгаа шилжүүлэв. Мухамедали Үсип 52 тоот гэсэн гүйлгээний утгатайгаар нэхэмжлэгчийн эзэмшлийн данснаас түүний зөвшөөрөлгүйгээр Би энд Си ХХК-ийн 2000016786 тоот дансанд шилжүүлснийг орон сууцны урьдчилгаа үнийг төлсөн гэж үндэслэл болохгүй юм.
Тодруулбал нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамжинд байрлах 9 дүгээр байрны 1 дүгээр орц, 7 дугаар давхарт 52 тоот хаягт байрлах, 41,1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1 800 000 төгрөгөөр тооцохоор тохиролцон, нийт 73 980 000 төгрөгийн 30 хувийн урьдчилгаанд 18 495 000 төгрөгийг төлсөн гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүйн гадна хариуцагч талын гаргасан дээрх баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлийг нотлохгүй байна.
4. Нөгөө талаар зохигчдын хооронд 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 366 тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ-ний 3.1-д Орон сууцны 1 м.кв талбайн үнэ: 1 350 000 төгрөг, 3.3-т Олгосон зээлийн хэмжээ: 55 485 000 төгрөг гэж заасан, 71 тоот Би энд Си ХХК, Капитал банк ХХК болон нэхэмжлэгч Ү.Мухамедали нарын хооронд байгуулсан Орон сууцны санхүүжилтийн гэрээ-ний 1.1-д Энэхүү гэрээний зорилго нь орон сууц худалдан авах, бариулахад шаардагдах 55 485 000 төгрөгийг ...366 тоот зээлийн гэрээний дагуу банк захиалагчид зээлдүүлэх, гүйцэтгэгч нь ...барьж буй орон сууцны өмчлөх эрхийг захиалагчид шилжүүлэн өгөх, захиалагч нь банканд барьцаалах талуудын эрх үүрэг хүлээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 1.6.3-т Орон сууц: Компани болон захиалагчийн хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнд заагдсан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо,Үйлдвэрийн гудамж, 9-р байр,1-р орц, 7 давхрын 52 тоот хаягт байрлах 41,1 м.кв талбайтай 1 өрөө орон сууц гэж тус тус заасан болон нэхэмжлэгч Ү.Мухамедалитай Би энд Си ХХК-ийн байгуулсан 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Захиалгаар орон сууц бариулах гэрээ-ний 2.2-т зааснаар нэхэмжлэгч буюу захиалагч Ү.Мухамедали нь 41,1 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны 1 м.кв талбайг 1 350 000 төгрөгөөр, нийт үнийг 55 485 000 төгрөгөөр захиалан худалдаж авахаар, ингэж худалдаж авахдаа Капитал банкаас дээрх мөнгийг бүхэлд нь зээлж Би энд Си ХХК-д төлөхөөр тохиролцсон үйл баримтууд тогтоогдсон бөгөөд энэ нь хариуцагч талын орон сууцны нийт үнийг 73 980 000 төгрөгөөр тохиролцсон, 18 495 000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн гэх тайлбарыг үгүйсгэж байна.
5. Нэхэмжлэлийн шаардлага болох 18 495 000 төгрөг нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01253 дугаар захирамжаар шийдвэрлэсэн Ү.Мухамедалигийн төлөх төлбөр 57 794 384 төгрөгт хамааралгүй, түүнд орж тооцогдоогүй, зээлийн төлбөрөөс хасагдаагүй талаар зохигчид зөвшөөрч маргаагүй байна.
6. Иймд нэхэмжлэгчээс өөрийн эзэмшлийн Капитал банк дахь 2023002128 тоот зээлийн дансандаа 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 18 495 000 төгрөг шилжүүлснийг зээлдэгчийн төлөх ёстой зээлийн төлбөрөөс хасч тооцоогүй атлаа бусдад шилжүүлсэн нь дээрх 18 495 000 төгрөгийн хувьд, хариуцагч байгууллагыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасны дагуу хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд буюу нэхэмжлэгч нь шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагчаас 18 495 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 250 430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.2.1., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Капитал банк ХХК-иас 18 495 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Мухамедалид олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 250 430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА