Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 287

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа ,

            Улсын яллагч Д.Оюунгэрэл

            Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Р.Батцогт,

Гэрч М.Соронзонболд нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Монгол улсын Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон, Б овогт Д А холбогдох 201625031864 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1973 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 4 дүгээр байрны 58 тоотод оршин  суух бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 41-36 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д А  (РД:.............)

Д.А нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Баянжавт “Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Гэгээ 39 хотхонд 2 өрөө байр авч өгнө” гэж хэлээд итгэл эвдэх залилан мэхлэх аргаар 2013 оны 12 дугаар сард 10.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард 10.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сард 5.000.000 төгрөгийг тус тус авч иргэн Д.Баянжавт нийт 25.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ: -Би Баянжавыг 2011 оноос эхэлж танина. Тэр үед би Нийслэлийн нийгмийн даатгалын орлогч дарга хийж байсан. Баянхонгор аймгийн Хүрэлсүх гэдэг найз маань олон өнчин, ядарсан хүүхдүүд байдаг, ажил төрөлтэй болгож өгөөч гэж хүсэхээр нь 2011 онд Нийгмийн даатгалын байгууллагад анх шалгалтыг нь өгүүлээд дэмжиж сул ажлын орон тоон дээр ажилд авч байсан. 2012 оны намар орох оронгүй, ах дүү олуулаа гэдгийг ойлгоод тэр хүний гуйлтаар биш, би өөрийнхөө санаачилгаар 5 ханатай гэр авч өгч дэмжиж байсан. Ажилдаа мэдээж сайн. Баянжаваас мөнгө авсан асуудал байгаа. Авсан мөнгийг би хувьдаа хэрэглэсэн. Шунахай сэдэлттэй ямар нэгэн зүйл байгаагүй. 2015 оны 02 дугаар сард ажил албан тушаал өөрчлөгдсөн байгаа. 2015 оны 3 дугаар сард сүүлийн мөнгө авсан гэж байгаа. Энэ бол худал зүйл, ийм зүйл огт болоогүй. Анх орон сууцтай холбоотой асуудал үүсэх үед Гэгээ 30, 39 гэж байгаагүй. Соронзонболд тухайн үед Хятад улсын иргэн Бадрахтай хамт ирж уулзсан. Бадрахыг надад танилцуулахдаа миний танил, хамтарч бизнес хийж байсан. Бид хоёрт ийм санаа байна, боломжтой бол үүн дээр хамтрач ажиллая гэсэн. Анх надад Баянзүрх дүүрэгт 1 хотхон дутуу баригдсан барилга, Хан-Уул дүүрэгт Нарны гүүр даваад 2 орон сууц дутуу баригдсан байгаа. Үүн дээр бид нар хүн хүчний болон мөнгө санхүүгийн зардал гаргаад явах юм бол ашиг олох боломж байна гэсэн. Би тухайн үед ямар учиртай барилга олоод ирсэн юм бэ гэж асуухад Хятадын Элчин сайдын яаман дээр барилгын ажилд хөлсөөр ажилладаг олон Хятадууд гомдол гаргасан. Үүнийг тухайн үеийн элчин сайд эдгээр Хятад хүмүүс олон сар цалингаа аваагүй дээрээс нь нутаг буцах болсон талаар Хятадын иргэн Бадрахад хэлсэн юм билээ. Би Бадрах болон Соронзонболд нарын үгэнд итгэсэн. Тэгээд бид нар байраа сонгоод Баянзүрх дүүргийн Офцеруудын ордны цаана байрлах орон сууцыг нөгөө хэдээсээ ажиллагаа бага гэж Соронзонболд, Бадрах нар хэлсэн. Тэр орон сууцны эзэн Хятад улсын иргэн Лю Бау Лун гэдэг хүнтэй өдрийн хоол хамт идсэн. Тэгээд бид нар уулзаад ямар ажлыг ямар хугацаанд, ямар хэмжээний зардал гаргах, бидэнд тэр орон сууцаа хэдэн хувь хямдруулж өгөх вэ гэдэг асуудал яригдсан. Улсын комисст хүлээлгэж өгөх, дулаан авах, дутуу баригдсан барилгаа гүйцээх гэсэн асуудлын талаар бид нар мөн ярьсан. Тэр үеийн зах зээлийн тийм чанарын барилга 2.250.000 төгрөг орчим байхад ярилцаад 1 метр кавдратыг 1.650.000 төгрөг болгож буулгая, үүн дээр та нар өөрсдөө зардлаа гаргаад улсын комисст  хүлээлгэж өгөх, дулаанаар бүрэн хангах үүрэг хүлээх юм бол та нарт бид нар өгье гэсэн. Үүний дагуу ажлын гэрээ хийгдсэн. Баянжаваас байранд орох уу, мөнгө байвал өгөөч гэж би түрүүлж санал тавиагүй. Миний барилга барих асуудлыг хаанаас сонссон гэдгийг би мэдэхгүй. Өөрөө хүрч ирж хүсэлтээ тавьсан. Баянжав та өөрийнхөө авч байгаа үнээр, ашиг нэмэлгүйгээр энэ байрнаасаа өгөөч гэсэн. Би түүний байдлуудыг ойлгодог байсан учир амаар 1.650.000 төгрөгөөр 1 метр кавдратын үнийг тохирсон. Тэр үед Гэгээ 39 гэдэг байр байгаагүй. Бас 49 метр кавдратын талбай хэмжээ ч заагдаагүйгээр аман тохироо хийгдээд зөвшөөрөөд өөрөө надад 10.000.000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг би Соронзонболдод өгсөн. Соронзонболд бид хоёр бие биенээ таних учир бид нарын  хооронд мөнгө өгөлцөж авалцах асуудал дээр гарын үсэг зурах, юунд хэрэглэх гэж байгаа юм гэсэн асуудал яригдаагүй. Бадрах, Соронзонболд бид 2 байрны тооцоо хийгээд энэ байранд ямар хэмжээний ашиг олох юм, хэн аль үүргийг хүлээх юм гэсэн яриа явж байсан. Тухайн үед Соронзонболд 100 айлын барилгын материал худалдаалдаг хүмүүсээс, танил тал юм уу, найз нөхдийн харьцаагаар сэлбэг, материал авч эхэлж байсан. Сүүлийн мөнгийг 2014 оны 10 дугаар сар, 2014 оны 03 сард мөнгө авсан гэж улсын яллагч уншсан. Тийм зүйл байхгүй. Мөнгийг 3 хувааж авсан. Мөнгийг 3 хувааж Соронзонболдод өгсөн. Би өөрөө хэрэглэсэн зүйл байхгүй. Соронзонболдоос миний авах мөнгө үүгээр тогтохгүй. Тэгээд би сүүлд нь ийм асуудал үүссэн, надаас байр хүссэн хүн маань Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан байна, үүнийг нь би тодорхой хугацааны дараа барагдуулж дууслаа, гэтэл би төлбөрөө аваагүй байна гэсэн. Бадрах 1 ч төгрөг гаргаагүй. Харин Соронзонболд гаргасан. Би бас гаргасан. Миний гаргасан мөнгө бол Баянжаваас авсан мөнгө байсан. Ийм эвгүй байдал үүсч байгаа учир хоёулаа үүнийг цаасан дээр буулгая гэсэн асуудал яригдсан болохоос би ямар нэгэн мөнгөн амлалт, хууран мэхэлсэн, дарамталсан зүйл байхгүй. Бид нар хэлцэл хийж баталгаажуулсан гэв.

            мөрдөн байцаалтад Д.А сэжигтнээр мэдүүлэхдээ: -Би он сар өдрийг нь мэдэхгүй байна хуурай дүү Соронзонболд намайг хоолны газар дуудахаар нь яваад очсон чинь Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Лью бау лин гэх хүнтэй сууж байсан. Уг иргэн нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Офицеруудын ордоны цаад талд баригдаж байсан барилга нь хүнд байдалд орчихлоо барилгын гадна дотор засал, дулаан, улсын комисст хүлээлгэж өгөх эдгээр үүргүүдийг хангаж чадна гэвэл зарж борлуулах эрхээ танай талд өгье гэсэн.Ингээд харилцан тохиролцсоны дагуу Соронзонболд Лью бау лин хоёр хоорондоо байр зарж боруулах эрхийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Соронзонболд байр зарж борлуулах эрхийг Лью бау лин шилжүүлж өгсөн байдаг. …Би бол 24.000.000 төгрөг гэж бодож байна. Нэг сая төгрөгийн зөрүү гараад байгаа юм. Д.Баянжав нь надад мөнгөө өгөхдөө байрны урьдчилгаа гэж өгсөн, харин би чиний мөнгө ийм зүйлд зарцуулагдана гэдгийг нь өөрт нь хэлсэн байдаг. Би эхний 10.000.000 төгрөгийг дансаар, харин сүүлийн 2 удаагийн мөнгийг нь бэлнээр авсан байдаг. Баянжаваас авсан мөнгөө бэлнээр нь барилга дээр Соронзонболдод өгсөн байдаг. Би Баянжавт өрөөний метр квадратыг нь огт тохироогүй Лью бау линтэй хийгдсэн гэрээний хэрэгжилт хангагдаагүй. Энэ хятад улсын иргэн бид нарыг залилан мэхэлж өөр хүнтэй дахин гэрээ хийж хил гарсан байсан учраас гэрээний хэрэгжилтийг гүйцэтгэж чадалгүй хүнд байдалд ороод өнөөдрийг хүртэл үргэлжилж байна” гэжээ.

            Гэрч М.Соронзонболд шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-Би шүүгдэгчтэй нэг  нутгийнх, Баянжав гэдэг хүнийг танихгүй. Би Хятад улсын иргэн Бадрахтай хамт Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны ойролцоо дутуу баригдсан 1 орон сууц,  Хан-Уул дүүрэг Нарны гүүрний цаана 2 орон сууц байна, үүн дээр хөрөнгө оруулалт хийгээд хэдүүлээ хамтарч ажиллая, сүүлд нь ашгаа хуваая гэж тухайн үед ярьж байсан. Харин хөрөнгө оруулна гэж яриагүй. Барилгыг дуусгая гэсэн асуудал яригдаагүй. Лью бау лин гэдэг Хятад хүнтэй хамтраад борлуулалт хийж өгөөч гэж байсан. Орон сууцны борлуулалтын итгэмжлэлийн гэрээг 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан байна. Итгэмжлэлийн гэрээ нь шүүгдэгчид холбоо байхгүй. Гэгээ 39 гэдэг хотхонд борлуулалт хийх талаар тэд нартай хамтарч ажиллаж байгаагүй. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хэлцэл байгаа. Тэрийг  шүүгдэгч энэ хэлцлийг намайг хийж өгөөч, энийг хийж өгөхгүй бол ах нь төрд албан ажил хийхэд ялтай гэсэн байдал үүсчих гээд байна, чи ийм бичиг хийгээд өгчихвөл чамд ямар нэгэн хохирол болохгүй. Чи надад ийм бичиг зүгээр хийгээд өгчих. Би үүнийг хавтаст хэрэгт хавсаргах гэсэн юм, хийгээд өгөөч гэж гуйгаад надад 20.000 тонн нүүрсний квот 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговийн Таван толгойд хийж өгөөд, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатарт надаар наад бичгийг чинь хийлгүүлж авсан. Надад хэлэхдээ үүнийг ямар нэгэн юманд үзүүлэхгүй. Хавтаст хэрэгт хавсаргана гэж хэлж байсан. Сая намар намайг Сүхбаатар дүүргийн Иргэний шүүхээс 25.000.000 төгрөгийн нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд дуудсан. Тэгээд асууж тодруулахад энэ хэрэг нь шийдэгдээгүй, эрүүгийн хэрэг үүссэн байна гэсэн. Тэр Иргэний шүүх дээрээс нотолгоо авах гэсэн чинь намайг гэрчээр оролцож байгаа тул танилцуулж болохгүй гэсэн. 2013 онд шүүгдэгчээс 25.000.000 төгрөгийг зээлсэн асуудал байхгүй. Би тэр хэлцлийг шүүгдэгчид хэрвээ өөрт чинь тустай байгаа бол би бичээд өгье, энэ бичгээр дараа нь надад асуудал үүсэх үү, хэрвээ үүсэхгүй гэвэл би тэр 20.000 тонн нүүрсний квотыг чинь авъя гээд 7 хоног Өмнөговь аймгаар явсан.

            Гэрч М.Соронзонболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2016 оны 12 сарын 12-нд Д.А надтай уулзаад хэргээ хэрэгсэхгүй болгох гэсэн чинь хэрэгсэхгүй болгож болохгүй байна. Би эргээд төрийн байгууллагад ажил хийхэд болохгүй юм байна. Чи надад туслах хэрэгтэй байна гэсэн. 2016 оны 12 сарын 14-ний өдөр намайг дуудаад би Баянжавт мөнгө төгрөгөө төлчихсөн байгаа ямар ч хохирол байхгүй чамд ямар ч хамаа байхгүй гэсэн. Тэгээд бид хоёр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн ард талд нотариатын газар ороод хэлцэл хийгээд надаар гарын үсэг зуруулсан. Би бол Д.Ааас мөнгө авсан зүйл байхгүй гэжээ.

Хохирогч Д.Баянжаваас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Д.А Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын дарга хийдэг байсан. Тэр надад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Гэгээ 39 гэсэн байрны 3 давхарт 46 метр квадрат 2 өрөө байр авч өгөхөөр харилцан тохиролцож 2013 оны 12 дугаар сарын сүүлээр яг өдрийг нь мэдэхгүй байна, өрөөндөө дуудаад чиний захиалсан орон сууц 2014 оны 01 дүгээр сард ашиглалтанд орно гээд нэг хүний данс өгсөн. Би тэр дансыг нь одоо мэдэхгүй байна, мөнгөө аваад ир гэхээр нь надад бэлэн 10,0 сая төгрөг байсан учраас мөнгөө аваад Чингэлтэй дүүргийн нутагт байрлах Ард кино театрын Хаан банкны дансанд 10,0 сая төгрөг хийсэн. Дансны баримтаа Артагт өгсөн. 2014 оны 9 сард ашиглалтанд орно гэж хэлж байсан. Тэрнээс хойш санхүүжилт байхгүй гэж явсаар байгаад 2014 оны 11 дүгээр сард одоо байр чинь ашиглалтанд орлоо гээд байхаар нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн хойд талд бэлнээр Артагт өрөөнд нь 10,0 сая төгрөг өгсөн. Мөнгө өгчихөөд бас асуухаар болно, хүлээж бай, удахгүй ашиглалтанд орно гэж явсаар байгаад 2015 оны 3 дугаар сард нөгөө байр чинь болчихлоо гэхээр нь ХААН банкнаас зээл аваад зээл авсан өдрөө ажил дээр очиж өрөөнд нь бэлнээр 5,0 сая төгрөг өгсөн. Тэгээд байраа ашиглалтанд орохыг хүлээсэн. Юу болж байгаа талаар асуухад улсын комисс хүлээж аваагүй байна гэсээр байгаад 2016 он гарсан. Сүүлдээ хужаагийн компанитай иргэний маргаан гараад шүүхдэлцэж байгаа гэсэн. Бид хоёр гэрээ байгуулаагүй. Гэгээ 39 дүгээр байрыг барьж байгаа хятад компаний монгол талын борлуулалтын албаны даргаар ажиллаж байгаа гэсэн. Намайг анх байрны урьдчилгаа 30 хувийг 25-30 сая төгрөг өгчихөөд байрандаа орчих, байраа авчихаад 8 хувьд хамруулж өгнө гэж хэлж байсан. Өөрийн ах шигээ бодож явсан учраас 3 хувааж 25,0 сая төгрөг өгсөн. Гэгээ-39 хотхон нь баригдаад дуусчихсан хүмүүс нь захиалгаа аваад байрандаа орчихсон, одоо ямар нэг сул байр байхгүй гэж хэлсэн. А гэдэг хүнийг дарга хийдэг байсан учираас өдийг хүртэл итгэж явсан. Сүүлдээ өөрөө шалгасан чинь хятадуудтай шүүхдэлцэж байгаа нь худлаа болох нь тогтоогдсон гэжээ.  

Гэрч А.Мөнхбатаас:-“Гэгээ-39” хотхонд М.Соронзонболд нь хөрөнгө оруулалт хйисэн зүйл байхгүй. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээ 39 хотхон нь 2016 оны 5 сард ашиглалтанд орсон. Анх баригдаж эхэлсэн хугацааг нь  мэдэхгүй байна. Д.А нь орон сууц захиалаагүй. Энэ барилгад А нь хөрөнгө оруулалт хийгээгүй. Би тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн мэдүүлэг, бусад баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Д.А нь Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын даргаар ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Гэгээ-39 хотхоны орон сууц борлуулах эрхгүй атлаа уг орон сууцнаас 46 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууц авч өгнө хэмээн Д.Баянжавыг хуурч мэхлэн 2013 оны 12 дугаар сард урьдчилгаа нэрээр 10,0 сая төгрөг, барилга ашиглалтад орох гэж байна хэмээн 2014 оны 11 дүгээр сард 10,0 сая төгрөг, байр ашиглалтад орчихлоо гэж 2015 оны 3 дугаар сард 5,0 сая төгрөг тус тус цувуулан авч, нийт 25,0 сая төгрөг залилан авсан болох нь хохирогчийн “Тэр надад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Гэгээ 39 гэсэн байрны 3 давхарт 46 метр квадрат 2 өрөө байр авч өгөхөөр харилцан тохиролцож 2013 оны 12 дугаар сарын сүүлээр өрөөндөө дуудаад чиний захиалсан орон сууц 2014 оны 01 дүгээр сард ашиглалтанд орно гээд нэг хүний данс өгсөн. Би Хаан банкны дансанд 10,0 сая төгрөг хийсэн. 2014 оны 9 сард ашиглалтанд орно гэж хэлж байсан. 2014 оны 11 дүгээр сард одоо байр чинь ашиглалтанд орлоо гээд байхаар нь өрөөнд нь 10,0 сая төгрөг өгсөн. 2015 оны 3 дугаар сард нөгөө байр чинь болчихлоо гэхээр нь өрөөнд нь бэлнээр 5,0 сая төгрөг өгсөн. Тэгээд байраа ашиглалтанд орохыг хүлээсэн. Юу болж байгаа талаар асуухад улсын комисс хүлээж аваагүй байна гэсээр байгаад 2016 он гарсан” гэх мэдүүлэг, гэрч М.Соронзонболдын “2016 оны 12 сарын 12-нд Д.А надтай уулзаад хэргээ хэрэгсэхгүй болгох гэсэн чинь хэрэгсэхгүй болгож болохгүй байна. Би эргээд төрийн байгууллагад ажил хийхэд болохгүй юм байна. Чи надад туслах хэрэгтэй байна гэсэн. 2016 оны 12 сарын 14-ний өдөр намайг дуудаад би Баянжавт мөнгө төгрөгөө төлчихсөн байгаа ямар ч хохирол байхгүй чамд ямар ч хамаа байхгүй гэсэн. Тэгээд бид хоёр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн ард талд нотариатын газар ороод хэлцэл хийгээд надаар гарын үсэг зуруулсан. Би бол Д.Ааас мөнгө авсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг, шүүгдэгчээс хохирогчид 25,0 сая төгрөг хүлээлгэн өгсөн баримт, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.     

            Иймд шүүгдэгч Б овогт Д А бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч нь хохирогч Д.Баянжаваас 25,0 сая төгрөгийг зээлж авсан, уг мөнгийг барилгын хөрөнгө оруулалтад зориулж М.Соронзонболдод зээлдүүлсэн хэмээн маргаж байгаа боловч хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдэж, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

            2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1349 тоот прокурорын тогтоолоор “Яллагдагч Д.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагсданы 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байжээ.

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс “Д.Баянжаваас зээлж авсан 25,0 сая төгрөгийн хэлцлийг тухайн үед нотариатаар гэрчлүүлж байсан” талаар мэдүүлж байгаа боловч нотлогдохгүй байна. Нөгөө талаар Д.Баянжаваас авсан мөнгийг М.Соронзонболдод зээлдүүлсэн гэх боловч 2016 оны 12 дугаар сарын 14-нд үйлдсэн хэлцэлд, М.Соронзонболд нь Д.Ааас 2013 онд зээлсэн 25,0 сая төгрөгийг эргүүлэн төлөх талаар дурджээ. Гэтэл Д.А нь Д.Баянжаваас 2013 оны 12 дугаар сарын сүүлчээр 10,0 сая төгрөг, 2014 оны 11 дүгээр сард 10,0 сая төгрөг, 2015 оны 3 дугаар сард 5,0 сая төгрөг тус тус авсан байгаа нь уг мөнгийг М.Соронзонболдод өгсөн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасан хүнд хэргийн ангилалд, 2015 оны Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт тооцогдож байгаа тул уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Д.А нь хохирогч Д.Баянжавт 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 25.000.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар түүнийг ялаас  чөлөөлөх боломжтой байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ат 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Б овогт Д А бусдын эд хөрөнгийг хуурч залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Аийг 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Ат оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д.Ат оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ат хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Ат тавьсан хилийн хоригийг цуцалсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ