Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 722

 

С.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

            өсвөр насны шүүгдэгч С.Т, түүний хууль ёсны төлөөлөгч О.С,

            өсвөр насны шүүгдэгч С.Т-н өмгөөлөгч М.Жаргалсайхан,

            нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Б-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Т-д холбогдох 201725030805 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн С-н Т, .... оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн .. дүгээр дунд сургуулийн .. ангид суралцдаг, ам бүл ..., эцэг, эх, эгч, дүү нарын хамт .....дүүргийн ... дүгээр хороо, .......... дугаар гудамжны .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

С.Т нь 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны, 13 дугаар гудамжинд Д.Б-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Т-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т-г 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т-с 108.000 төгрөг гаргуулан, хохирогч Д.Б-д олгох, хохирогч Д.Б нь гэм хорын хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, С.Т-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 Хохирогч Д.Б давж заалдах гомдолдоо: “…Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Миний бие бусдад зүй ёсны шаардлага тавьсны төлөө эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд шалгасан байгууллага нь бусдад ял завшуулсан, хавтас хэрэгт хохирогчийн талаас гаргаж өгсөн нотлох баримтыг үгүй хийж, энэхүү хэргийн цорын ганц гэрчийн мэдүүлгийн утга санааг гуйвуулан шүүгдэгчид ашигтайгаар тайлбарласан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчмыг ноцтойгоор алдагдуулсан. Учир нь намайг С.Т, О, М нар бүлэглэн зодож, эрүүл мэндэд минь хохирол учруулсан. С.Т миний хамар луу хүчтэй мөргөсний улмаас ухаан балартаад сөхрөөд унахад хамт явж байсан цээж нүцгэн хүүхэд зүүн талын хацар, чих орчимд хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр нуруу руу хөлөөрөө өшиглөж унагасан ба дараа нь гурвуулаа дахин хэд хэд өшиглөсөн. Үүний улмаас надад шинжээчийн 4538 тоот дүгнэлтэд дурдагдсан гэмтэл учирсан.

2. Бодит байдал дээр ийм асуудал болсон байхад хэргийг шалгаж шийдвэрлэж буй хууль хяналтын байгууллага Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан үндсэн зорилтоосоо хазайж, гэмт хэргийн үнэн бодит байдлыг гуйвуулан, хэн нэгэнд ял завшуулах орон зайг гарган өгч, хохирсон иргэнээ нэмж хохироож байна. Прокурор Эрдэнэбатад 2017 оны 6 дугаар сард, хохирогч миний бие ээж Тунгалагийн хамт Сонгдо эмнэлэгт очиж үйлчилгээ авсныг нотлох Эмнэлгийн үйлчилгээний хуудас, онош, хийгдэх эмчилгээ, эмчилгээний зардал зэргийг тусгасан 5 хуудас нотлох баримтыг хавтас хэрэгт хавсаргуулахаар өөрийн биеэр өгсөн. Гэтэл хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэх үед дээрх баримтууд хавтаст хэрэгт байхгүй болохыг мэдсэн. Нотлох баримтгүй тул учирсан хохирлоо гаргуулж чадалгүй хохирч үлдсэндээ үнэхээр гомдолтой байна.

Хэрэг гарах үед хамт явж байсан Э.А хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн гэж надад хэлсэн бөгөөд тэрээр “намайг мөргүүлээд доош унах үед цээж нүцгэн залуу нь толгой, хацар, чих орчимд хэд, хэд өшиглөсөн ба гурвуулаа нийлж өшиглөж байсан тухай мэдүүлсэн” гэж байсан. Гэтэл яллах дүгнэлтэд “өшиглөсөн” гэдэг үгийг “жийсэн” хэмээн өөрчилж, шүүгдэгчид ашигтайгаар мушгин гуйвуулж, гэмт хэрэг үйлдсэн бусад хүмүүст ял завшуулсанд гомдолтой байна. Түүнчлэн анхан шатны шүүх С.Т-д ял оногдуулахдаа хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй гэж үзсэн бөгөөд С.Т нь миний эрүүл мэндийг яаж байна гэж нэг ч асуугаагүй, уучлаарай гэж хэлээгүй, мөн хохирлоо ч төлөлгүйгээр шүүх хуралд орсон. Мөн С.Т нь өөрийг нь зодоод байхаар аргагүйн эрхэнд биеэ хамгаалсан гэж худал мэдүүлж, өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ ухамсарлаж ойлгоогүй, дүгнэлт хийгээгүй байхад шүүх түүнд ял оногдуулахдаа хөнгөрүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, С.Т болон гэмт хэрэг үйлдэж, эрүүл мэндэд минь хохирол учруулсан бусад этгээдүүдэд ял шийтгэл оногдуулж, миний хохирол төлбөрийг барагдуулах арга хэмжээ авч өгнө үү...” гэжээ.

     Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч М.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс С.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн тул давж заалдах гомдол гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.            

Өсвөр насны шүүгдэгч С.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М нь бид хоёрыг салгах гэж ирсэн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч О.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн нэхэмжилж буй хохирлыг бага багаар төлж барагдуулна. Би сард 400.000 төгрөгийн цалин авдаг тул шууд 3.000.000 төгрөг гаргаж өгөх боломжгүй байна...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх С.Т-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

С.Т нь  2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны, 13 дугаар гудамжинд хохирогч Д.Б-г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Б-н “...Би найз Наранбатын гэрт түүний эхнэр Амаржаргалын хамт гурвуулаа 2 шил архи хувааж уусан. Амаржаргал тамхинд яваад ирье гээд гарсан ба удалгүй орж ирээд “гадаа хэдэн хүүхдүүд намайг гичий, нохой гээд хараагаад байна, тамхиндаа явж чадсангүй” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр цуг гарсан ба тэдний хашааны гадаа 3 залуу зогсож байсан. Би тэр гурав дээр очоод “яагаад эмэгтэй хүнийг доромжлоод байгаа юм бэ” гэхэд нэг өндөр хүүхэд /сүүлд нэрийг нь мэдэх болсон Т/ чамд ямар хамаатай юм бэ гэсэн утгатай зүйл хэлээд миний хоёр мөрнөөс баглаад бариад авсан. Тэгэхээр нь би сөхөрч унасан ба миний хамраас цус алдаад байсан. Миний дээрээс ганц, хоёр өшиглөөд байх шиг байсан. Тэгээд Амаржаргал салгаад нөгөө хүүхдүүд тал тал тийшээ бутраад алга болсон... Ямар ч байсан Т гэдэг өндөр хүүхэд намайг татаж мөргөж унагаасан ба газар унасан байхад дээрээс өшиглөөд байсан. Яг хэн өшиглөснийг хараагүй. …” /хх 21-22/,

Гэрч Э.А-н “...Тухайн өдөр манайд нөхөр Н, нөхрийн найз Б хоёр архи ууж байсан ба намайг тамхинд гараад ирээч гэхээр нь гэрээс гараад хашааны хаалгаар гартал үүдэнд 3 эрэгтэй хүүхэд зогсчихсон хоорондоо хэрэлдээд байгаа бололтой байсан ба би жаахан айгаад хажуугаар нь гарах уу, яах уу гэж эргэлзээд зогсож байтал “юугаа харсан юм, гичий минь, нохой минь” гэх мэтээр нэг өндөр шар банди буюу Б-г сүүлд мөргөсөн залуу намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би айгаад буцаад гэр лүүгээ ороод Б-д хандан “гадаа гурван хүүхэд намайг хэл амаар доромжлоод, би айгаад байна, хоёулаа цуг явъя” гээд Б-той цуг гарсан. Тэд нарын хажуугаар гарахдаа Б “та нар яагаад эмэгтэй хүнийг доромжилдог юм бэ” гэтэл хамгийн өндөр эрэгтэй буюу одоо нэрийг нь мэдэх болсон С.Т гэх хүүхэд Б-г 2 мөрнөөс нь гараараа барьж аваад татаад мөргөөд унагаачихсан. Б унаад хамраас нь цус гараад доошоо суусан чинь дээрээс нь тухайн үед цээжээ нүцгэлчихсэн орилоод байсан эрэгтэй хүүхэд зүүн мөр хэсэг рүү нь нэг удаа гутлынхаа улаар нэг удаа жийсэн ба би тэр залууг түлхэж холдуулаад “та нар болиоч ээ” гэж хэлээд эргэж ирээд С.Т-г холдуулах гэсэн чинь дээрээс нь цохиод байсан...” /хх 23-24/,

Гэрч Э.Э-н “...Гудамжинд хүмүүс чанга орилох чимээ гараад байхаар нь тэр зүг рүү гүйгээд очиж байх хооронд С.Т нэг эрэгтэй хүнийг заамдчихсан байж байгаад нүүр хэсэгт нь нэг удаа толгойгоороо мөргөөд унагаачихсан. Би очоод хартал мөргүүлсэн хүн нь миний таньдаг Б гэдэг ах байсан. Би С.Т-г салгаад тэд нарыг хөөгөөд явуулсан... Д.Б-ийг С.Т л ганцаараа цохиж зодсон байх, бусдыг нь хараагүй...” /хх 25/,

Насанд хүрээгүй гэрч Т.Б-н “...Тухайн өдөр найз С.Т-н төрсөн өдөр болсон ба С.Т, Энхбүрэн, Отгонбаатар, Мөнх-Эрдэнэ бид тав интернэт тоглоомын газар хонох гээд цахим тоглоомын газар очтол сул суудал байгаагүй. Тэгэхээр нь гадаа юм ярьж зогсож байгаад өлсөөд байхаар нь хоолны газар орж гоймон идсэн. Гэтэл тэд нар араас орж ирээд байж байгаад гараад алга болчихсон. Энхбүрэн ах бид хоёр гараад ТҮЦ-ний охиноос тэд нарыг асуутал гудамж руу орсон гэхээр нь тэд нарын араас нь явсан. Тэгтэл гудамжинд хүмүүс хэрэлдээд нэг эгч “болиоч” гээд орилох сонсогдсон ба гүйж очоод хартал манай найз С.Т нэг танихгүй ахтай заамдалцчихсан хашаа налуулаад түлхсэн байдалтай зогсож байсан. Би наана нь ээжтэй утсаар яриад зогсож байсан. Энхбүрэн ах тэд нар луу гүйгээд очсон ба Т-г аваад тэр ах, эгч хоёроос уучлалт гуйгаад салгасан...” /хх 28/,

Насанд хүрээгүй гэрч С.М-н “...С.Т, Отгонбаатар бид гурав өдөр тоглосон тоглоомоо яриад С.Т, Отгонбаатар хоёр маргалдаад зогсож байтал нэг танихгүй эгч хашааны хаалганы урд бид нар луу хараад байсан. Гэтэл С.Т тэр эгчийг “үхсэнээ хараад байгаа балай авгай вэ” гэсэн чинь тэр эгч “одооны хүүхдүүд ийм айхтар золбин, та нар над шиг эхээс төрөөгүй юу” гээд хэрүүл хийгээд байхаар нь уучлалт гуйгаад тэндээс явсан. Тэгээд нэг их холдоогүй байж байтал түрүүний хэрэлдсэн эгч нэг ахтай цуг ирээд С.Т-г гүйцэж ирсэн. Гэтэл нөгөө эгч С.Т-г алгадаад авсан ба хамт явсан ах Т-г зодох гээд дайраад байсан... С.Т толгойгоороо хамар луу нь нэг удаа мөргөчихсөн...” /хх 30/,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч О.С-н “...Би өөрийн төрсөн хүү С.Т-н бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна. …” /хх 19/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Д.Б-н биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 4538 тоот дүгнэлт /хх 39/, С.Т-н нас тоолсон тухай тэмдэглэл /хх 16/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Өсвөр насны шүүгдэгч С.Т-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Хэдийгээр гэмт хэрэг гарах үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан боловч прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэх үед 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд прокурор С.Т-н үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч С.Т-д холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн анхан шатны шүүх Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд зааснаар өсвөр насны хүнд оногдуулах ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хохирогч Д.Б-с “...Намайг С.Т, Отгонбаатар, Мөнх-Эрдэнэ нар бүлэглэн зодсон...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Э.Энхбүрэнгийн “... Д.Б-г С.Т л ганцаараа цохиж зодсон байх, бусдыг нь хараагүй...” /хх 25/, насанд хүрээгүй гэрч С.М-н “...С.Т толгойгоороо хамар луу нь нэг удаа мөргөчихсөн...” /хх 30/ гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтууд нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Д.Б-н биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо...” гэсэн 4538 тоот дүгнэлт /хх 39/-тэй тохирч байх ба хохирогчид учирсан дээрх гэмтлийг С.Т учруулсан гэж үзэх үндэстэй байна.

            Иймд хохирогч Д.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Харин анхан шатны шүүх хохирогчид гэм хорын хохирол гаргахдаа өсвөр насны этгээдээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагчаас гаргуулахаар өөрчлөлт оруулах нь зүйтэй.

            Мөн өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч Д.Б-д хохирол төлсөн гэх баримтыг шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хэнд, хэдэн төгрөгийн хохирол төлсөн болох нь тодорхойгүй тул шүүх хүлээн аваагүй болохыг тэмдэглэж байна.