Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 152/ШШ2022/00464

 

    Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Ш овогт Б.Ч-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Х газарт холбогдох,

    У газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, мөн У газрын даргын2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд оролцогчид:

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б,

     Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч  нь Х газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, мөн Х газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

    1.1. Аймгийн У газрын дарга нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг гаргасан. Энэхүү тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгохоор Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Хорооны 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар тэмдэглэлээр дүрмийн 7.1.6-д заасны дагуу 2023 оны 4 дүгээр сарын 28-ны дотор хэрэгжүүлэхийг ажил олгогчид даалгасан. Аймгийн Х Газрын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар Б/23 тушаалыг хүчингүй болгосон боловч ажилд нь эгүүлэн тогтоогоогүй учраас хорооны шийдвэрийг бүрэн хэрэгжсэн гэж үзэхгүй байна. Иймд үндэслэлгүй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан Аймгийн Х газрын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.

      1.2. Х газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 80.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байдаг. Гэтэл Хөдөлмөрийн хуулийн 80.4-д зааснаар ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж заасан байтал мэдэгдэл өгөөгүй. Мөн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг гаргасан мөртлөө 3 дугаар сарын 10-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн нь хойшоо ухарч аливаа шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Иймд үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн учраас Аймгийн Х газрын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

      2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ч нь Увс аймгийн Х газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байсан. 2023 оны 02 дугаар сарын 07-нд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.6 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар таныг ажлаас чөлөөлнө гэх мэдэгдэл өгч, 2023 оны 3 дугаар сарын Б/23 тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаал гарсан. Шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд 40.5 гэх заалт байхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасан заалтыг үндэслэж мэдэгдэж өгөх ёстой байсан. Гэтэл ийм хууль зөрчсөн мэдэгдэл өгч, уг зөрчилтэй мэдэгдлийн дагуу тушаал гарсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тоот тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг цуцалсан. Мэдэгдэл болон Б/23 тоот тушаалыг эс зөвшөөрч Улаангом сумын Хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хороонд хандхад гомдлыг хэлэлцээд хариуг Тамгын газарт хүргүүлж, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/38 тоот тушаалаар урьд гаргасан Б/23 тоот тушаалыг хүчингүй болгосон ба 3 талт хорооны шийдвэрийг хэсэгчилж биелүүлсэн. Ингэхдээ ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосон ч буцааж ажилд нь аваагүй. 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 тоот тушаалаар ажлаас халахдаа шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д заасныг баримталсан учраас шинээр хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн гэж үзсэн. Гэтэл 2023 оны 4 дүгээр сарын 28-ны тушаалаар 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Аливаа төрийн шийдвэр урагшаа хэрэгжих ёстой гэж үздэг гэтэл Б/39 тоот тушаал цаг хугацааны хувьд өнгөрсөн цаг руу хэрэгжээд байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Аймгийн Х газрын бүтэц орон тоо баталсан Засаг даргын захирамжтай маргаагүй. Харин хөдөлмөрийн шинэ харилцаа үүсээд байхад мэдэгдэл өгөлгүй тушаал гаргасан. 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 тоот тушаалыг эс зөвшөөрч Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах 3 талт хороонд дахин гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй учраас Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх нэхэмжлэлүүдийг нэгтгээд өнөөдрийн шүүх хурал болж байна гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.

   3. Хариуцагч Увс аймгийн Х газрын дарга Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Ч-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар ЗДТГ-ын бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Энэхүү бүтэц орон тоогоор нийтлэг үйлчилгээний албаны даргын орон тоо хасагдсан тул ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэрийг гаргасан. Тушаалын төсөл боловсруулагдахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх заалт болох аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр бичигдэх байсан боловч бичвэрийн алдаа гаргаж хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 дахь заалтаар бичигдсэн байх тул өмнөх тушаалд өөрчлөлт оруулж бичвэр, техникийн алдааг засаж тушаалыг өөрчлөн гаргасан болно. Орон тооны бүтцэд өөрчлөлт орж ажлын байр байхгүй болсон ба 2023 оны ЗДТГ-ын цалингийн санд төсөв нь хасагдаж батлагдсан болно гэжээ.

    4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Увс аймгийн Засаг даргын А/01 тоот захирамжаар аймгийн Х газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Ингэхдээ Нийтлэг үйлчилгээний албаны даргын орон тоо хасагдсан тул дээрх захирамжийг үндэслэн Б/23 тоот тушаал гарсан. Б/23 тоот тушаалыг бичиг хэргийн ажилтан бичвэр техникийн алдаа гаргаж хуучин хуулийн зүйл заалтыг баримталж мэдэгдэл өгсөн учир уг тушаалыг хүчингүй болгож, Б/39 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д зааснаар хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаал дахин гаргаж өмнөх тушаалыг хүчингүй болгосон. Бүтэц орон тоо хасагдсан учраас ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     5. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ч-ийн хөдөлмөрийн харилцаа 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон. Ингэхдээ өмнө нь буюу 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн харилцааг чинь дуусгах гэж байна шүү гэх утга агуулга бүхий мэдэгдлийг өгсөн. Мэдэгдэл дээр хуулийн зүйл заалт алдаатай боловч хөдөлмөрийн харилцааг цуцлах гэж байгаа нь ойлгомжтой. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т мэдэгдэл өгнө гэж заасан. Мэдэгдлийн гол зорилго нь ажлаас чөлөөлж байгаа хүсэл зоригоо илэрхийлсэн илэрхийлэл.  уг мэдэгдлийг хараад мэдэгдлийн зорилгыг ойлгосон. 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тоот тушаал гаргахдаа мэдэгдэл өгчихсөн учраас 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 тоот тушаалд дахин шинээр мэдэгдэл өгөх шаардлагагүй. Албан тушаалтны буруу гаргасан шийдвэрийг албан тушаалтан өөрөө, эсвэл дэд шатны албан тушаалтан хүчингүй болгох, засварлах эрхтэй учраас Г.Б дарга өөрөө Б/23 тоот тушаалыг хүчингүй болгож Б/38 тоот тушаал гаргасан. Мөн Б/39 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д заасныг баримтлан Б.Ч-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан. Б.Ч-д 2023 оны 4 дүгээр сарын 28-нд шинээр хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, 3 дугаар сарын 10-нд ажлаас чөлөөлсөн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон хэвээрээ байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэж заасан. Б.Ч-ийг ажилд нь аваад буцааж халаагүй учраас шинээр хөдөлмөрийн харилцаа үүсэн байх боломжгүй. Давж заалдах шатны шүүхээс дээрх Б/23, Б/39 тоот 2 тушаалтай холбоотой 2 маргааныг нэгтгэн шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тоот тушаал хүчингүй болсон учраас одоо дээрх тушаалын тухай ярих нь ач холбогдолгүй. Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4-3/7025 тоот албан бичиг, Монгол улсын Засгийн газрын 203, 204 тоот тушаалууд, зэрэг албан бичгүүдээр дээд шатны байгууллагаас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах тухай чиглэл өгч байсан. Нэгэнт цалингийн сан бууруулж баталсан учраас Аймгийн Засаг даргын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А/01 тоот захирамжаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дахь заалт болон бусад холбогдох эрх зүйн актуудыг үндэслэн Нийтлэг үйлчилгээний албаны даргын орон тоог хасч баталсан. Мөн 2023 онд өнгөрсөн оны төсвөөс 10 орчим хувиар буюу цалингийн санг 33,800,000 төгрөгөөр бууруулж төсөвлөсөн ба Увс аймгийн Төрийн аудитын газраас аймгийн Зааг даргын Тамгын газрын санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэсэн. 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

      6. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, хур системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ид өгсөн мэдэгдэл, Х газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №02 Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр, Х газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/38 тоот Тушаал хүчингүй болгох тухай тушаал, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №07 Улаангом сумын хөдөлмөрийн эрхийг зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр, Х газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, итгэмжлэл, хур системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

     5. Хариуцагчаас итгэмжлэл, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай захирамж, хавсралтын хамт, 2023 оны 4 сарын 11-ний өдрийн төлбөрийн хүсэлт №20230409173840054961, Х газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Х газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ХЭТ/2053 Увс аймгийн Засаг дарга танаа хуулийн хэрэгжилтийн талаар гэх албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №02 Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн УВА-2023/29/НА-СТА-ТШЗ өөрчлөлтгүй дүгнэлт, аудит хийсэн үнэлгээний тайлан 2 хуудас гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Нэхэмжлэгч Б.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Х газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, мөн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Х газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.

     Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Хүсэлт хянан шийдвэрлэх, шүүх хуралдааныг хойшлуулах тухай 1324 тоот захирамжаар уг 2 иргэний хэргийг нэгтгэн шийдвэрлэхээр тогтоожээ.

      2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Б.Ч нь Х газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байсан. 2023 оны 02 дугаар сарын 07-нд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.6 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар таныг ажлаас чөлөөлнө гэх мэдэгдэл өгч, 2023 оны 3 дугаар сарын Б/23 тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаал гарсан. Шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд 40.5 гэх заалт байхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасан заалтыг үндэслэж мэдэгдэж өгөх ёстой байсан. Гэтэл ийм хууль зөрчсөн мэдэгдэл өгч, уг зөрчилтэй мэдэгдлийн дагуу тушаал гарсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тоот тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг цуцалсан. Мэдэгдэл болон Б/23 тоот тушаалыг эс зөвшөөрч Улаангом сумын Хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хороонд хандхад гомдлыг хэлэлцээд хариуг Тамгын газарт хүргүүлж, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/38 тоот тушаалаар урьд гаргасан Б/23 тоот тушаалыг хүчингүй болгосон ба 3 талт хорооны шийдвэрийг хэсэгчилж биелүүлсэн. Ингэхдээ ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосон ч буцааж ажилд нь аваагүй. 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 тоот тушаалаар ажлаас халахдаа шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д заасныг баримталсан учраас шинээр хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн гэж үзсэн. Гэтэл 2023 оны 4 дүгээр сарын 28-ны тушаалаар 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Аливаа төрийн шийдвэр урагшаа хэрэгжих ёстой гэж үздэг гэтэл Б/39 тоот тушаал цаг хугацааны хувьд өнгөрсөн цаг руу хэрэгжээд байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Аймгийн Х газрын бүтэц орон тоо баталсан Засаг даргын захирамжтай маргаагүй. Харин хөдөлмөрийн шинэ харилцаа үүсээд байхад мэдэгдэл өгөлгүй тушаал гаргасан. 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 тоот тушаалыг эс зөвшөөрч Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах 3 талт хороонд дахин гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй учраас Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх нэхэмжлэлүүдийг нэгтгээд өнөөдрийн шүүх хурал болж байна гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Б.Ч-ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү......гэжээ.

      3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

     Б.Ч-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар ЗДТГ-ын бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Энэхүү бүтэц орон тоогоор нийтлэг үйлчилгээний албаны даргын орон тоо хасагдсан тул ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэрийг гаргасан. Тушаалын төсөл боловсруулагдахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх заалт болох аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр бичигдэх байсан боловч бичвэрийн алдаа гаргаж хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 дахь заалтаар бичигдсэн байх тул өмнөх тушаалд өөрчлөлт оруулж бичвэр, техникийн алдааг засаж тушаалыг өөрчлөн гаргасан болно. Орон тооны бүтцэд өөрчлөлт орж ажлын байр байхгүй болсон ба 2023 оны ЗДТГ-ын цалингийн санд төсөв нь хасагдаж батлагдсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

     4.1. Нэхэмжлэгч Б.Ч-ийн хариуцагч Х газарт холбогдох Х газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 82 дугаар зүйлийн 82.1.3, аймгийн Х газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/10 дугаар тушаалаар баталсан байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтыг тус тус үндэслэн Б.Ч-ийг аймгийн Х газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын үүрэгт ажлаас 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

    4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасан ба нэхэмжлэгч ийн мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон талаар нотлох баримт байхгүй.

     Мөн нэхэмжлэгчид 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Х газрын бүтэц, орон тооны өөрчлөгдөн батлагдсан тул төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.6, хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дугаар заалтын дагуу ажлаас чөлөөлөгдөх мэдэгдлийг хүргүүлэхдээ 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримтласан нь буруу болжээ.

     4.2. Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №02 тэмдэглэл/шийдвэрээр Б.Ч-ийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүд тогтоогдохгүй байгаа тул аймгийн ЗДТГ-ын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тушаалыг хүчингүй болгох, ийг ажлаас чөлөөлөгдөх тухай 2023 оны 02 дугаар сарын 07-нд өгсөн мэдэгдэл хүчингүй гэснийг ЗДТГ-ын дарга Г.Б-ийн итгэмжлэлтэй А.А, ажилтан Б.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нартай харилцан тохиролцож маргааныг шийдвэрлэв. Иймд дээрх шийдвэрийг дүрмийн 7.1.6-д заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 28-ны дотор хэрэгжүүлэхийг ажил олгогчид даалгав. Тэмдэглэлээр үүрэг хүлээсэн тал нь уг үүргээ биелүүлснээс хойш ажлын 10 өдрийн дотор хорооны ажлын албанд тэмдэглэлийн биелэлтийн талаар бичгээр мэдэгдэнэ. /дүрмийн 3.14/ гэжээ.

     5. Нэхэмжлэгч Б.Ч-ийн хариуцагч Х газарт холбогдох Х газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.3, аймгийн Х газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамж, аймгийн Х газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/10 дугаар тушаалаар баталсан байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн Х газрын бүтцийн өөрчлөлтөөр Б.Ч-ийн албан тушаалын орон тоо хасагдсан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж Нийтлэг үйлчилгээний албаны даргын үүрэгт ажлаас 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

      5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цулахаар заасан ба нэхэмжлэгчийн зүгээс орон тоо хасагдсан талаар маргаагүй. Харин мэдэгдлийг зохих журмын дагуу өгөөгүй хэмээн маргасан нь үндэслэлтэй гэж үзлээ.

     5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан ба хариуцагч талаас мэдэгдэл өгсөн, нэхэмжлэгч  орон тоо хасагдсаныг мэдэж байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

      Учир нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Б овогтой Ч-д өгсөн Х газрын бүтэц, орон тооны өөрчлөгдөн батлагдсан тул төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.6, хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дугаар заалтын дагуу ажлаас чөлөөлөгдөх мэдэгдлийг хүргүүлж байна гэх мэдэгдлийг гардуулсан бөгөөд уг мэдэгдэл нь Б.Ч-ийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Х газрын даргын тушаалд хамааралтай бөгөөд Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №02 тэмдэглэл/шийдвэрээр ...Б.Ч-ийг ажлаас чөлөөлөгдөх тухай 2023 оны 02 дугаар сарын 07-нд өгсөн мэдэгдэл хүчингүй гэснийг ЗДТГ-ын дарга Г.Б-ийн итгэмжлэлтэй А.А, ажилтан Б.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нартай харилцан тохиролцож маргааныг шийдвэрлэв. Иймд дээрх шийдвэрийг дүрмийн 7.1.6-д заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 28-ны дотор хэрэгжүүлэхийг ажил олгогчид даалгав. Тэмдэглэлээр үүрэг хүлээсэн тал нь уг үүргээ биелүүлснээс хойш ажлын 10 өдрийн дотор хорооны ажлын албанд тэмдэглэлийн биелэлтийн талаар бичгээр мэдэгдэнэ гэх тэмдэлэлд мөн тусгагджээ. Иймд нэхэмжлэгч Б.Ч-д Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна.

     6. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан нэхэмжлэгч нь хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргажээ.

     7. Харин Х газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тоот Хөдөлмөр эрхлэлийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

     Учир нь Х газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/38 тоот Тушаал хүчингүй болгох тухай тушаалаар Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай хуралдааны /тэмдэглэл/ шийдвэрийн дагуу аймгийн Х газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцжээ.

    8. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч ийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул Х газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Ч-ийг Увс аймгийн Х газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

     9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х газраас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Х газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Ч-ийг Увс аймгийн Х газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, Х газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х газраас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                                             ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        П.БОЛОР