Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 224/МА2024/00007

 

 

 

 

 

 

 

 

2024       01          31                                         224/МА2024/00007

 

 

Б.Ч-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн

Засаг даргын Тамгын газарт холбогдох

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, 

Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 152/ШШ2023/00464 дүгээр шийдвэртэй,

Б.Ч-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох, Увс аймгийн Засаг даргын тамгын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, мөн Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагуудыг нэгтгэсэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Засаг даргын тамгын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, мөн Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

2.1.“Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь намайг ажлаас чөлөөлсөн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг гаргасан. Миний бие энэхүү тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгохоор Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Хорооны 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар тэмдэглэлээр “ ....дүрмийн 7.1.6-д заасны дагуу 2023 оны 4 дүгээр сарын 28-ны дотор хэрэгжүүлэхийг ажил олгогчид даалгасан. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгосон боловч ажилд эгүүлэн тогтоогоогүй учраас хорооны шийдвэрийг бүрэн хэрэгжсэн гэж үзэхгүй байна.

Иймд үндэслэлгүй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

2.2. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн байдаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж заасан байтал мэдэгдэл өгөөгүй.

Мөн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг гаргасан мөртлөө 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлснөөр буюу хойшоо ухарч шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

Иймд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай.

4.Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Б.Ч-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар ЗДТГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Энэхүү бүтэц, орон тоогоор  нийтлэг үйлчилгээний албаны даргын орон тоо хасагдсан тул Б.Ч-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэрийг гаргасан. Тушаалын төсөл боловсруулагдахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн  гэх үндэслэлээр бичигдэх байсан боловч бичвэрийн алдаа гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заалтаар гэж бичигдсэн байх тул өмнөх тушаалд өөрчлөлт оруулж, бичвэр техникийн алдааг засаж тушаалыг өөрчлөн гаргасан болно. Байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, Чийн ажлын байр нь байхгүй болсон  ба 2023 оны ЗДТГ-ын цалингийн санд төсөв нь хасагдаж батлагдсан болно. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.

5. Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 152/ШШ2023/00464 дүгээр шийдвэрээр:

           - Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Б.Чийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар “ Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

           - Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулахаар шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “..Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Энэхүү бүтэц орон тоогоор Нийтлэг үйлчилгээний албаны даргын орон тоо хасагдсан тул Б.Ч-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан.

2023 оны 3 дугаар сарын Б/23 тоот тушаалыг боловсруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т зааснаар “аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр бичигдэх байсан боловч хүний ажилтан бичвэр, техникийн шинжтэй алдаа гаргасан. Мөн ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөхдөө хуучин хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг бичиж  мэдэгдэл хүргүүлсэн алдаа гаргасан.

Иймд 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр тушаалыг дахин төлөвлөж Увс аймгийн Засаг даргын бүтэц орон тоо баталсан захирамж, холбогдох хуулийг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан.

Б.Ч-д ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох тухай мэдэгдлийг өгсөн.Үүнийг нэхэмжлэгч зөвшөөрч,ажлаас чөлөөлөгдсөнийг тэтгэмжээ авсан. Гэтэл шүүх 2 хэргийг нэгтгэн шийдвэрлэхдээ алдаатай боловсруулагдсан Б/23 тушаалын үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн байна.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий үйл баримт болох бүтэц орон тоо хасагдсан захирамж, нэгтгэн шийдвэрлэсэн Б/39 дүгээр тушаалыг харгалзан үзээгүй.

Нэгэнт хасагдсан орон тоон дээр ажлын байр бий болгох боломжгүй, цалингийн сан байхгүй бөгөөд шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй тул Б.Ч-ийг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 7. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Ч.Чийг нийтлэг үйлчилгээний албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Үүнийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Би тушаал гаргахын өмнө мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдлийн хугацаа дуусаны дараа Төрийн хэмжнэлтийн тухай хууль, Увс аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн тушаалаа гаргасан. Жил бүрийн оны эхэнд Увс аймгийн Засаг даргын захирамжаар ЗДТГ-ын бүтэц орон тоог баталдаг. 2023 оны бүтэц орон тоо баталсан захирамж нь Хэмнэлтийн тухай хуульд үндэслэж гарсан.

Хэмнэлтийн тухай хуулийн дагуу Засгийн газар болон Авлигатай тэмцэх газраас зөвлөмж ирсэн. Засаг даргын зөвлөлийн орон тоо болон шаардлагагүй орон тоонуудыг хасаж болно гэсэн зөвлөмж ирсэн учраас нийтлэг үйлчилгээний албаны даргын орон тоог засаг даргын захирамжаар хасаж гаргасан. Нэхэмжлэгч Б.Чид Засгийн газрын тогтоолын дагуу 3 сарын тэтгэмжийг олгосон. Ажлаас халагдсаны тэтгэмж авсан учраас хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон.

 Бид хууль тогтоомжид нийцүүлж шаардлагагүй гэсэн 4 орон тоог хасаж батлуулсан. Тухайн жилийнхээ төсөвтөө багтаан бүтэц орон тоогоо батлуулж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын шийдвэр, Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийг үндэслэн энэ шийдвэрийг гаргасан. Миний гаргасан тушаалыг хүчингүй болгож байгаа нь логикийн хувьд алдаатай гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг чөлөөлсөн тушаалыг бүтэц орон баталсан Засаг даргын захирамжид үндэслэн гаргасан. Тухайн албан тушаал нь бүтэц орон тоо баталсан захирамжид байхгүй, төсөв санхүү нь байхгүй учраас ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.

 Бүтэц орон тоо байхгүй албан тушаалд эгүүлэн томилж ажиллуулъя гэхэд цахим программ ч хүлээн авахгүй. Ийм учраас буцааж ажилд нь томилох эрх зүйн үндэслэл байхгүй байна.

 Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах 3 талт хорооноос алдаатай тушаал гаргасан байна гэхэд би уг тушаалынхаа алдааг засаж зөвтгөж гаргасан. Засгийн газрын тогтоолын дагуу ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг нь олгосон. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б.Ч-ийг ажлаас чөлөөлөх тушаалыг 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан. Хэрвээ миний гаргасан шийдвэрийг буруу гэж үзэж байсан бол түүнийг мэдсэнээс 30 хоногийн дотор буюу 4 дүгээр сарын 10-ны дотор гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл яагаад 5 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд хандаж, шүүх нь уг нэхэмжлэлийг хүлээн авсан буруу гэж бодож байна. Анхан шатны шүүхийг алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн ажлын байр, албан тушаал нь байхгүй орон тоонд эргүүлэн томил гэсэн шийдвэрийг гаргасан. Шүүх нь тухайн ажил, албан тушаалын бүтэц орон тоог байхгүй болгосон захирамжийг хүчингүй болгосон тохиолдолд ийм шийдвэр гаргах боломжтой байсан.

 Шүүхийн шийдвэрийг биелүүлж байна гээд байхгүй байгаа орон тоонд ажиллуулах боломжгүй, энэ асуудлыг зохицуулсан эрх зүйн үндэслэл байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй учраас давж заалдах гомдол гаргасан. Эхлээд бүтэц орон тоо баталсан захирамж нь үндэслэлтэй эсэхийг шийдсэний дараа харгалзан үзэх ёстой. Би аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэж тушаал гаргасан” гэв.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бүтэц орон тоо нь байхгүй болсон гэдэг үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн. Бүтэц, орон тоо баталсан захирамжийг хэрэгжүүлсэн албан тушаалтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасныг зөрчиж, мэдэгдэл өгсөн. Хууль бус мэдэгдлийг үндэслэж дараагийн шийдвэр нь мөн хууль бус гарсан учраас үүнтэй холбоотой маргаан гарсан.

 Би Засаг даргын захирамж хууль бус, Засаг даргын тамгын газарт цалин, хүний нөөцийн программд бүртгэж байгаа эсэхтэй холбоотой гомдол гаргаагүй. Ямар ч мэдэгдлийг өгч болно. Гэхдээ аймгийн ЗДТГ-ын дарга нь хэрэгжих боломжгүй, өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг баримталж хууль бус мэдэгдэл өгсөн. Би тухайн заалтыг Хөдөлмөрийн тухай хуулиас хайгаад олоогүй.

Тухайн мэдэгдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 15.2.6 заалт, Хэмнэлтийн тухай хуулийг тус тус баримталж гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т “ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж заасан.

Гэтэл хуульд байхгүй, хэрэгжихгүй байгаа заалтыг баримталж бичвэрийн алдаатай гаргасан. Дээрх зүйл заалтад заасны дагуу хуульд заасан хугацаандаа өгсөн бол би маргаан үүсгэхгүй байсан. Тухайн ажлаас чөлөөлсөн тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлээр гаргасан. Уг хуулийн 80.1.2-т “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино” гэж заасан.

Энэ маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан таслах 3 талт хороогоор хэлэлцэгдэж, алдаатай гарсан учраас уг тушаалыг хүчингүй болгож Б/39 тоот тушаалыг гаргасан. Энэ Б/39 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалт байхгүй болсон.

Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хөдөлмөрийн харилцааг цуцалсан гомдлоо хуульд заасан хугацаанд буюу 30 хоногт багтаан Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах 3 талт хороонд гаргасан. Тухайн хороо нь гомдлыг хүлээн авч тэмдэглэлээ ирүүлснийг танилцаад эс зөвшөөрч, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан” гэв.

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 152/ШШ2023/00464 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

 2. Нэхэмжлэгч Б.Ч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт   холбогдуулан, тус газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/23, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр тоот “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргажээ.

 3. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ: “ Аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар Увс аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Энэхүү бүтэц орон тоогоор нийтлэг үйлчилгээний албаны даргын орон тоо хасагдсан тул Б.Ч-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан.

Тушаалын төсөл боловсруулагдахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт болох аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээр бичигдэх байсан боловч бичвэрийн алдаа гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 дахь хэсэгт зааснаар бичигдсэн байх тул өмнөх тушаалд өөрчлөлт оруулж бичвэрийн техникийн алдааг засаж тушаалыг өөрчлөн гаргасан болно. Орон тооны бүтцэд өөрчлөлт орж, ажлын байр хасагдсан ба 2023 оны Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын цалингийн санд төсөв нь хасагдаж батлагдсан. Иймд Б.Чийн ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна ” гэж тайлбарлан   маргажээ.  

           4. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын  2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39  тоот “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, Б.Чийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын  2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тоот “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  байна.

            5. Нэхэмжлэгч Б.Ч-ийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульзүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

            5.1. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар  тушаалаар тус Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байсан Б.Ч-ийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 82 дугаар зүйлийн 82.1.4, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамж, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтуудыг тус тус баримтлан ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

            5.2. Б.Ч нь ажил олгогчийн дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх бөгөөд улмаар уг хороо 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр маргааныг хэлэлцэж, Б.Ч-ийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүд тогтоогдоогүй гэх үндэслэлээр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй  болгохоор гомдол гаргагч Б.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, ажил олгогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нар харилцан тохиролцож шийдвэрлэсэн байна / 1 дүгээр хх-ийн 6-7 дугаар тал/. 

 5.3. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/38 дугаар  тушаалаар өөрийн урьд гаргасан нэхэмжлэгч Б.Ч-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан  2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, мөн өдрийн Б/39 дугаар тушаалаар Б.Ч-ийг тус газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын үүрэгт  ажлаас чөлөөлсөн байх ба уг тушаалдаа Б.Ч-ийн  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дуусгавар болгохоор заасан / 2 дугаар хх-ийн 04 дугаар тал/ байна.

            6. Нэхэмжлэгч Б.Ч нь Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд: Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албан даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагатай  нэхэмжлэлийг 2023 оны 5 сарын 01-ний өдөр,

            мөн Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албан даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагатай  нэхэмжлэлийг 2023 оны 6 сарын 13-ны өдөр тус тус гаргаж, шүүхээс нэхэмжлэл тус бүрт иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

            7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б анхан шатны шүүхэд :  “ Б.Ч-ийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай ижил шаардлагатай хоёр иргэний хэрэгт  хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул уг иргэний хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү“ гэх хүсэлт гаргасныг шүүх  хангаж,  уг иргэний хэргүүдийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1324 дүгээр шүүгчийн захирамжаар нэгтгэн хянан шийдвэрлэхээр тогтоосон байна.

             8. Анхан шатны шүүх  нэхэмжлэгч Б.Ч-ийн урьд эрхэлж байсан буюу Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэг шаардлагатай хоёр иргэний хэргийг нэгтгэж, хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т: “ нэг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил төрлийн хэд хэдэн хэрэгт зохигчоор оролцож байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй буюу өөр өөр нэхэмжлэгчээс нэг хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь уг хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар нэгтгэн хянан шийдвэрлэж болно” гэх хуулийн шаардлагад нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

         9. Ажил олгогч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоолыг биелүүлж, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/38 дугаар  тушаалаар  урьд буюу 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гаргасан, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгожээ.

          Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б нь  өөрийн гаргасан тушаалыг хүчингүй болгосноор уг эрхийн акт эрх зүйн үр дагаваргүй болж, ажилтан Б.Ч-ийн хөдөлмөрлөх эрхийн харилцаа сэргэсэн  байх тул  2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаал хуульд нийцсэн эсэх талаар  шүүхээс дүгнэлт хийх эрх зүйн үндэслэлгүй болно.

           Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хүчингүй болгосон 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалын  хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийсэн нь буруу байна.

          Түүнчлэн хариуцагч Г.Б шүүхэд: “2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/23  дугаар тушаалыг алдаатай гаргасан тул уг тушаалыг засаж, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр  тушаал гаргасан”  гэж  тайлбарлаж байгаа боловч  2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/38 тоот тушаалаар Б.Чийг тус газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын үүрэгт  ажлаас чөлөөлсөн  2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосон байх тул засварлаж, өөрчлөлт оруулсан гэж үзэх боломжгүй.    

            10. Хариуцагч  Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын  дарга Г.Б 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, 67.5,  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.3, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамж, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтуудыг тус тус баримтлан тус Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Б.Ч-ийг “албан тушаалын орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, уг тушаалдаа Б.Ч-ийн  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дуусгавар болгохоор заасан / 2 дугаар хх-ийн 04 дугаар тал/ байна.

             11.  Хэрэгт тогтоогдсон  үйл баримтуудаар, хариуцагч  Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б  2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар Б.Ч-ийг тус тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын  ажлаас “ орон тоо хасагдсан “ гэх үндэслэлээр чөлөөлөхдөө түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дуусгавар болгохоор заасан байх тул ажилтан Б.Ч-ийн  хөдөлмөрлөх эрх  2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс зөрчигдсөн гэж  үзнэ.

                12. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд ийнхүү ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.4-т тус тус нэрчлэн заасан ба хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан “ажлын байр хасагдсан” гэх үндэслэлээр чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна.

            13. Аливаа байгууллага, аж ахуйн нэгж нь зорилгодоо нийцүүлэн, төсөвтөө багтаан дотоод зохион байгуулалт, бүтэц, орон тоогоо өөрчлөн тогтоож, тухайн шинээр тогтоосон бүтэц, орон тоогоор ажиллахын тулд өмнө ажиллаж байсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцлах эрхтэй боловч энэхүү ажиллагаа нь хуульд нийцсэн байхыг шаардана.

Хэрэгт авагдсан Увс аймгийн Засаг даргын 2023 оны 01 сарын 02-ны өдрийн “ Бүтэц, орон тоог шинэчлэх батлан тухай” А/01 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.Ч-ийн эрхэлж байсан Нийтлэг үйлчилгээний албаны дарга гэх ажлын байр хасагдсан нь тогтоогдсон байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг “орон тоо хасагдсан” үндэслэлээр цуцлахдаа энэхүү үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа урьдчилан мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна. 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т: Ажил олгогч энэ хуулийн 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд нотлох үүрэгтэй” гэж заасан ба хариуцагч нь нэхэмжлэгч Б.Чтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа дээрх хуульд заасан хугацааны дотор бичгээр мэдэгдсэн гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б давж заалдах шатны шүүхэд “...Аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар Увс аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Энэхүү бүтэц орон тоогоор нийтлэг үйлчилгээний албаны даргын орон тоо хасагдсан тул Б.Чийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 тоот тушаалаар цуцлах шийдвэр гаргасан.Энэ тушаалыг боловсруулахдаа тушаалын  үндэслэлд  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх  заалтыг баримтлах байсан боловч  80.1.2 гэж боловсруулж  бичиг техникийн алдаа гаргасан тул 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 тоот тушаалаар зөвтгөж, дахин тушаал гаргасан. Нэхэмжлэгч Б.Чид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухайгаа тухайн үед мэдэгдсэн ба нэхэмлэгч нь үүнийг хүлээн зөвшөөрч тэтгэмжээ авсан байгаа. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ орон тоо хасагдсан гэх ач холбогдол бүхий үйл баримтыг анхаарч үзээгүй байна. Нэгэнт хасагдсан орон тоон дээр ажлын байр бий болгох боломжгүй, цалингийн сан байхгүй бөгөөд шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэх агуулга бүхий гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ үндэслэлээр гаргасан хариуцагч Г.Б-ийн тайлбарыг тус тус хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

14.1. Ажил олгогч ажилтны хөдөлмөрийн эрхийн харилцааг хуульд заасан үндэслэлээр өөрийн санаачлагаар цуцлах эрхтэй боловч уг ажиллагааг явуулах урьдач нөхцөл буюу хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй.

 Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан үндэслэлээр ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тохиолдолд энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухайгаа ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэхийг мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт журамлаж, ажил олгогчид үүрэг болгосон байх тул энэхүү журмыг зөрчиж гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзнэ.

Хариуцагч нь Б.Ч-д ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн гэж тайлбарласан, мөн нэхэмжлэгч Б.Ч-д ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2023 оны 02 сарын 07-ны өдөр гардуулсан тухай баримт хэрэгт авагдсан байх боловч энэ нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр  тушаалтай хамааралгүй буюу хүчингүй болгосон 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг гаргахын өмнөх үйл баримт байна.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 дугаар тушаал гаргахдаа хуульд заасан журмын дагуу шинээр мэдэгдэл өгсөн гэж  үзэх үндэслэлгүй байна.

           15. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй  орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

            16. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 152/ШШ2023/00464 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчийн  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                    Л.АЛТАН

                                                                  Н.МӨНХЖАРГАЛ