Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2017/03093

 

2017 оны 12 сарын 04 өдөр Дугаар 181/ШШ2017/03093 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  “Ө Х И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “О К” ХХК,

Хариуцагч:  “З Э Э” ХХК-уудад холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол зэрэгт нийт 92,088,838 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч ”З Э Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, ”О К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нарийн бичгийн даргаар Б.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай компани “Д Э Т” ХХК-ийн захиалгаар Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хорооллын эцэст байрлах SOLO Mall худалдааны төвийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч “О К” ХХК-ийн охин компани “З Э Э” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр АГГ2/58 болон 2/58-1-2/58-5 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт 5 гэрээг байгуулан ажилласан юм.

Бид нэхэмжлэл гаргахдээ 2 хариуцагч татсаны нэг нь ажил гүйцэтгэгч “З Э Э” ХХК, нөгөө нь уг компани “О К” ХХКбөгөөд “З Э Э” ХХК нь “О К” ХХК-ийн охин компани учир хариуцагчаар татсан. Гэхдээ ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардаж буй тул нэхэмжлэлээр шаардсан дараах төлбөрүүдийг бүгдийг нь “З Э Э” ХХК-аас шаардах нь зөв гэж үзлээ. Иймд одоо “О К” ХХК-аас шаардах зүйлгүй гэдгээ тодруулж хэлмээр байна.

1. Уг гэрээгээр манай компани SOLOMALL худалдааны төвийн B1, В2, F3, F4 давхруудын шалны будгийн нийт 300,475,880 төгрөгийн үнийн дүн бүхий ажлыг өөрийн ажиллах хүч, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, өөрийн материалаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн. Ажлын үр дүнг хоёр тал тооцоо нийлж хүлээлцэж, нийт 296,416,200 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэсэн гэж дүгнэсэн болно.

Уг гэрээний ажлыг хоёр талаас 2016 оны 2 дугаар сарын 02-ны акт үйлдэн дүгнэж хүлээлцсэн бөгөөд уг актанд комиссын шийдвэрээр ажлын чанарын үнэлгээг резинэн будгийн ажил сайн чанартай болсонд тооцов хэмээн бичиж дүгнэсэн.

Ажил гүйцэтгэх гэрээний гурав дугаар зүйл Төлбөр тооцоо хийх журам-ын 3.1-д Гүйцэтгэгч гэрээт ажлыг гүйцэтгэн захиалагчид актаар хулээлгэн өгөх ба ажил хүлээн авах актыг үндэслэн гэрээт ажлын төлбөрийг гүйцэтгэгчийн нэхэмжлэлийн дагуу ажлын 2-3 өдрийн дотор, 6.2-д заасны дагуу хянан ажлын төлбөрийг гүйцэтгэгчийн Голомт банкин дахь 1410015677 тоот дансанд шилжүүлнэ. Санхүүжилтыг 15 хоногийн ажлын гүйцэтгэлээр тооцож олгоно гэж заасан. Мөн захиалагч тал ажлын хөлсний 50 хувийг бартераар төлөхөөр 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манай компанитай БГ-15/02 дугаартай Бартерийн гэрээ-г байгуулж, үлдэх төлбөрийг төгрөгөөр төлөх үүрэг хүлээсэн.

Гүйцэтгэсэн ажлын төлбөр 296,416,200 төгрөгөөс 132,783,750 төгрөгт тооцож 83,25 м.кв 3 өрөө орон сууцыг, 12,500,000 төгрөгт тооцож 1 автомашины зогсоол, 57,600,000 төгрөгт тооцож 38,4 м.кв 1 өрөө орон сууц, нийт төгрөгөөр төлөх төлбөрөөс 62,005,989 төгрөгийг бага багаар цувуулан төлсөн. Ажлын явцад ажилчдын хоол хүнсэнд зарцуулсан гэж 2,577,163 төгрөгийг авахааргүй болсон бөгөөд одоо 28,949,298 төгрөгийн төлбөр үлдсэн. Гэтэл энэ төлбөрөө гэрээнд заасан хугацаанаас 1 жил 6 сарын хугацаагаар хэтрүүлж манай компанийг хохироож байна.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 28,949,298 төгрөгийг “З Э Э” ХХК-аас гаргуулж өгнө үү.

2. Манай компани гэрээт ажлуудаа хийхийн зэрэгцээгээр нэгэнт нэг зорилготойгоор ажиллаж байна гэсэн ойлголтоор “З Э Э” ХХК-ийн зохих хариуцлагатнууд болох гүйцэтгэх эахирал Болдбаатар, ерөнхий инженер Байгалмаа нарын хүсэлтээр дараах ажлуудыг тусгайд нь гэрээ байгуулахгүйгээр тэдний материалаар, өөрсдийн багаж хэрэгсэл, ажилчдынхаа хүчээр зөвхөн ажлын хөлсний үнэлгээгээр 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сарын дунд үе хүртэлх хугацаанд гүйцэтгэж өгсөн болно.

Үүнд: Складны шалны тэгшилгээний 1,375.22 м.кв талбайн 9,626,540 төгрөгийн ажил, мөн гадна хананы тэгшилгээ 150 м.кв талбайн 1,050,000 төгрөгийн ажил, дээврийн хар лак 1305 м.кв талбайд түрхэх 13,050,000 төгрөгийн буюу нийт 23,726,540 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэж өгсөн болно.

Манай компани гэрээт ажлын хөлсийг төлүүлэхээр удаа дараа албан бичгээр болон амаар шаардлага өгсөн боловч хариуцагч үл тоомсорлон элдэв зальт арга хэрэглэсээр байгаа тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргасан.

Иймд аман хэлбэрээр тохирч хийсэн ажлын хөлс 23,726,540 төгрөгийг “З Э Э” ХХК-аас гаргуулж өгнө үү.

3.Манай компани гэрээт ажлыг өөрийн материалаар гүйцэтгэхийн тулд Соломөнх ХХК-ийн захирал Г.Бэлэндалайтай 81,500,000 төгрөгийн үнэ бүхий БНСУ-д үйлдвэрлэсэн КСС шалны резинэн будгийг Худалдах худалдан авах гэрээ байгуулж гэрээт ажилд зарцуулсан. Уг будгийн үнийг төлөхдөө урьдчилгаа 21,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн бөгөөд үлдэх 61,500,000 төгрөгийг ажлын гүйцэтгэлийн мөнгө “З Э Э” ХХК-аас орж ирэхээр төлөхөөр тохиролцсон.

Энэхүү үлдэгдэл төлбөрийн баталгаа болгож захиалагчаас бартераар гүйцэтгэсэн ажлын 132,783,750 төгрөгийн төлбөрт авсан Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамжны 32 дугаар байрны 55 тоот хаягт байрлах 83,25 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд үүнийг баталгаажуулж барьцааны хөрөнгийг будгийн үнийн төлбөр болон алдангийг төлөх хугацаа хэтрүүлбэл уг орон сууцыг захиран зарцуулах эрхтэй болох итгэмжлэлийг Соломөнх ХХК-ийн захирал Г.Бийн шаардлагаар хийж өгсөн.

Захиалагч компанийн Ерөнхий захирал Д.Г-т энэ учрыг тодорхой ойлгуулж зээлийн гэрээний хугацаанд будгийн үнийг төлөх шаардлагатай байгаа тухай бичгээр болон амаар удаа дараа шаардсан бөгөөд үүнийг үл тоомсорлон манай гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхгүй хугацаа хэтрүүлснээс болж бид төлбөрөө төлж чадаагүй учир С ХХК нь будгийн үнэ болон төлбөрийн хугацаа хэтрүүлсний алдангийн нийт 78,766,000 төгрөгийг төлбөрт тооцож, манай 3 өрөө орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан.

Ийнхүү “З Э Э” ХХК-аас гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас 54,017,750 төгрөгийн алдагдал буюу хохирол амссан. Бид энэ хохирлыг хариуцагчийн буруутай ажиллагааны улмаас учирсан гэж үзэж байгаа тул Соломөнх ХХК-д төлөх ёстой байсан 78,766,000 төгрөгийн 50% буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан 39,383,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1-д нийцнэ гэж үзэж байна.

Иймд гэрээт ажлын хөлсний үлдэгдэлд 28,949,298 төгрөг, мөн аман хэлцлийн үндсэн дээр хийсэн ажлын хөлс 23,726,540 төгрөг, компанийг алдагдалд оруулж учруулсан хохиролд 39,383,000 төгрөг буюу нийт 92,088,838 төгрөгийг “З Э Э” ХХК-аас гаргуулж, манай компанид олгуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “З Э Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ө Х И” ХХК-тай манай компани 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр АГГ2-58 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Мөн энэ гэрээний нэмэлт гэж 5 гэрээ байгуулсан нь үнэн бөгөөд нийт хийсэн ажлын хөлс буюу нэхэмжлэгч 296,416,200 төгрөгийн ажил хийсэнд маргахгүй.

Ажлын хөлс 296,416,200 төгрөгийг нэхэмжлэгчтэй тохирсоны үндсэн дээр мөнгөөр болон бартераар төлж, одоо 28,949,298 төгрөгийн үлдэгдэлтэй нь үнэн тул энэ төлбөрийг төлөхийг зөвшөөрнө.

Харин гэрээнд заагаагүй 23,726,540 төгрөгийн ажлыг амаар тохиролцож хийсэн гэж байгааг зөвшөөрөхгүй. Энэ талаар огт өмнө ярьж байгаагүй. Нэхэмжлэлийн энэ шаардлага баримтаар ч нотлогдохгүй байна.

Бидний хооронд байгуулсан 2/58 тоот гэрээт ажлыг хийх явцад тодорхой ганц хоёр ажил буюу өнгөлгөө, тэгшилгээ зэрэг багахан ажил хийгдсэн нь үнэн, гэхдээ энэ хэмжээний үнийн дүнтэй ажил хийгдээгүй. Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх явцдаа төлбөргүйгээр зарим нэг ажлыг хийж өгье гэж ярьсны улмаас үнэгүй хийсэн ажил байгаа нь үнэн.

Мөн 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн гэрээгээр өөрийн материалаар ажлыг хийлгэхээр тохирсон байхад бусдаас бараа материал зээлээр авч хохирсон гэж нэхэмжлэгч мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв өөрт нь ажил гүйцэтгэх материал байхгүй байсан бол гэрээнд өөрөөр заах байсан, тэгээд ч гэрээнд өөрийн материалаар гэж заасан тул бусдаас бараа материал зээлээр авч, үнийг нь мөнгөөр, эсхүл өөрийн өмчлөлийн хөрөнгөө хэдээр үнэлж, төлбөртөө төлөх эсэх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь асуудал. Гэрээнээс учирсан хохирол гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 28,949,298 төгрөгөөс бусад хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “О К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайд холбогдуулан гаргасан шаардлага байхгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарласан тул надад гаргах тайлбар байхгүй гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ө Х И” ХХКнь хариуцагч “О К” ХХК, “З Э Э” ХХК-уудаас 103,959,588 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны шатанд “О К” ХХК-аас шаардах зүйлгүй, харин “З Э Э” ХХК-аас гэрээт ажлын хөлсний үлдэгдэлд 28,949,298 төгрөг, мөн аман хэлцлийн үндсэн дээр хийсэн ажлын хөлс 23,726,540 төгрөг, компанийг алдагдалд оруулж учруулсан хохиролд 39,383,000 төгрөг буюу нийт 92,088,838 төгрөгийг гаргуулна гэж шаардлагаа багасгаж, үндэслэлийг тодруулсан байна.

 

Хариуцагч “З Э Э” ХХК нь ажлын хөлсний үлдэгдэл 28,949,298 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх “О К” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, дараах үндэслэлээр “З Э Э” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

“З Э Э” ХХК, “Ө Х И” ХХК-ийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр АГГ 2/58 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба энэхүү гэрээний дагуу ажил гүйцэтгэгч тал болох ”Ө Х И” ХХКнь өөрийн ажиллах хүч, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материалаар Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хорооллын эцэст байрлах SOLO MALL худалдааны төвийн барилгын В2 давхрын 2,179 м.кв талбай бүхий шалны бетон өнгөлж, 3 үетэй 2-3 мм зузаантай резинэн будгаар будах /Unipoxy lining/ ажлыг 54,475,000 төгрөгөөр 2015 оны 8 дугаар сарын 07-оос 17-ныг хүртэлх хугацаанд, В1 давхрын 2,127 м.кв талбай бүхий шалны бетон өнгөлж, 3 үетэй 2-3 мм зузаантай резинэн будгаар будах /Unipoxy lining/ ажлыг 53,175,000 төгрөгөөр 2015 оны 8 дугаар сарын 17-оос 23-ны өдрийг дуусталх хугацаанд тус тус гүйцэтгэх, захиалагч ажил хүлээлгэн өгсөн актыг үндэслэн гүйцэтгэгчийн нэхэмжлэлийн дагуу 2-3 хоногийн дотор ажлын хөлсийг дансаар шилжүүлэн төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

 

Үүнээс гадна зохигчид 5 удаа нэмэлт гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2/58-01 тоот гэрээгээр шалны будгийн нэмэлт болон пандусын 9,837,500 төгрөгийн ажил, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2/58-2 тоот гэрээгээр F3, F4, F5 давхрын шалны резин будаг хийх ажлыг, 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2/58-3 тоот гэрээгээр шалны тосон будаг хийх 5,500,880 төгрөгийн ажил, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2/58-4 тоот гэрээгээр В2 давхрын зүүн, баруун пандус, шалны бетон өнгөлж, резин будгаар будах 6,548,500 төгрөгийн ажил, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2/58-5 тоот гэрээгээр Б-1, Ю-1, Б-01 будаг будах 344,490 төгрөгийн ажлыг тус тус гүйцэтгэхээр тохирсон үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын маргаагүй тайлбараар нэхэмжлэгч ”Ө Х И” ХХКнь хариуцагч “З Э Э” ХХК-тай бичгээр байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн АГГ 2/58 тоот ажил гүйцэтгэх гэрээ болон нэмэлт гэрээний үндсэн дээр нийт 296,416,200 төгрөгийн төлбөр бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн, үүнээс хариуцагч “З Э Э” ХХК 62,005,989 төгрөгийг мөнгөөр, 202,883,750 төгрөгийг 2 болон 3 өрөө орон сууц, 1 автомашины зогсоол оролцуулан төлсөн, 2,577,163 төгрөгийг нэхэмжлэгч “Ө Х И” ХХК-ийн ажилчдын хоолонд зарцуулагдсан үндэслэлээр нэхэмжлэгч шаардаагүй бөгөөд үлдэх 28,949,298 төгрөгийг төлөөгүй үлдсэн болох нь тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч ажлын хөлсний үлдэгдэл 28,949,298 төгрөгийг, дээрхээс гадна өөр аман хэлцлээр 2015 оны 8 сараас 2016 оны 1 сарын хооронд хийсэн ажлын хөлс 23,726,540 төгрөгийг, мөн хариуцагч хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс нэхэмжлэгч бусдаас зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үнэ 78,766,000 төгрөгийн төлбөрт хариуцагчаас 132,783,750 төгрөгт тооцож авсан 3 өрөө орон сууцаа шилжүүлснээс 54,017,750 төгрөгийн алдагдал хүлээж, хохирсон үндэслэлээр үүний 39,383,000 төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулахаар тус тус шаардсан.

 

Хариуцагч 28,949,298 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 23,726,540 төгрөгийг энэ хэмжээний төлбөртэй нэмэлт ажил хийлгээгүй, хохирол 39,383,000 төгрөгийг өөрийн материалаар ажил хийхээр тохирсон гүйцэтгэгч нь бусдаас бараа материал зээлээр авч, үүний улмаас хохирол учирсан нь гэрээний хохирол биш, тэгээд ч өөрийн өмчлөлийн зүйлээ хямд үнээр зарсан явдалд хариуцагчийн буруу байхгүй зэрэг үндэслэлүүдээр эс зөвшөөрч маргасан.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 5 удаагийн нэмэлт гэрээ авагдаагүй ч нэмэлт гэрээ байгуулагдсан эсэх, 6 гэрээний төлбөрийн нийт дүн, төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийн хэмжээ болон хийсэн ажлын хэмжээ, чанар, хугацаанд талууд маргаагүй тул шүүх маргаагүй үйл баримтыг нотлох шаардлагагүй гэж үзэж хэргийн баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэв.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нь үндсэн болон нэмэлт гэрээнүүдэд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагч актаар хүлээн авсан нь хэргийн баримтууд, талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө., 351 дүгээр зүйлийн 351.1.1 захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч “З Э Э” ХХК-аас 28,949,298 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ө Х И” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Харин нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

 

1. Ажил гүйцэтгэх гэрээнд хэлбэрийн шаардлага тавигдаагүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 196 дугаар зүйлийн 196.1-д заасан шаардлага хангагдсан тохиолдолд хэлцэл хийгдсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч хийсэн ажлын хэмжээ, хөлсийг үндэслэл бүхий болохыг нотлосон тохиолдолд шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Манай тохиолдолд нэхэмжлэгч нь складны шатны /1,375.22 м.кв/ тэгшилгээ, гадна талбайн /150 м.кв/ тэгшилгээ, дээврийн хар лак /1,305 м.кв/ түрхэх нийт 23,726,540 төгрөгийн ажлыг хийсэн гэж тайлбарлаж, Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасныг үндэслэн мөн төгрөгийг хариуцагчаас шаардсан боловч энэ хэмжээний ажил хэдийд хийснийг нотлох баримт хангалттай бус, хариуцагчид уг ажлыг хүлээлгэн өгснийг нотолсон баримтгүй, 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн “З Э Э” ХХК, ”Ө Х И” ХХКбайгууллагын хоорондын тооцоог урьдчилсан байдлаар хийсэн баримтад энэ талаар тусгагдаагүй, дан ганц “О К” ХХК-д нэхэмжлэгчээс хүргүүлсэн гэх 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэл нь нэхэмжлэлийн энэ шаардлагыг буюу хариуцагч “З Э Э” ХХК-тай байгуулсан гэрээгээр 23,726,540 төгрөгийн хөлс бүхий ажил хийснийг нотлохгүй байх тул шүүх энэ мэдэгдэлд үндэслэн хариуцагчтай аман хэлцэл хийгдсэн болон нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээний ажлыг гүйцэтгэгдсэн гэж үзэж шаардсан дээрх төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч нь 23,726,540 төгрөгийн ажлын хөлс төлөх үүрэг үүсээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

2. Гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тал ийнхүү хугацаа хэтрүүлсний улмаас нөгөө талдаа учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргийг Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1-д зааснаар, мөн гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д зааснаар тус тус хүлээнэ.

 

Манай тохиолдолд талууд гэрээт ажлыг гүйцэтгэгчийн өөрийн материалаар хийхээр тохирсон тул нэг талаараа өөр бусдаас гүйцэтгэх ажлын материалыг худалдаж авснаас үүссэн эрсдэлийг гүйцэтгэгч өөрөө хүлээнэ, нөгөө талаараа өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулснаас, өөрөөр хэлбэл хямд үнээр тооцож шилжүүлсэний алдагдал нь өмчлөгчийн эрсдэл тул шүүх ”Ө Х И” ХХКнь өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг өмчлөх эрх олж авсан хэлцлийн дүнгээс хямд үнээр тооцож төлбөрт шилжүүлсэн байдалд хариуцагч ”З Э Э” ХХК-ийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1, 352 дугаар зүйлийн 352.5.1-д заасныг үндэслэн хариуцагчаас хохирол шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг мөн үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1, 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 352 дугаар зүйлийн 352.5.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “З Э Э” ХХК-аас 28,949,298 төгрөгийг гаргуулж “Ө Х И” ХХК-д олгож, “Ө Х И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 63,139,540 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан ”О К” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 835,716 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “З Э Э” ХХК-аас 302,696 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь 7 хоногийн дараа бичгээр гарсан шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА