Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2023/04570

 

 

 

 

 

 

 

 

 

2023 о 10 с 23 ө

Дугаар 101/ШШ2023/04570

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-д

Хариуцагч: Д нарт холбогдох,

76,282,323 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болор-Эрдэнэ, гэрч Back Jong Chun, орчуулагч Б.Анхилгарав, нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б нь А ХХК-тай 2022.11.17-ны өдөр 22/14 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 54,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2022 оны 12 сарын 17-ны өдрөөс эхлэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй байна. Хариуцагч нь 2023 оны 03 сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 54,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 7,456,438 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1.292,449 төгрөг нийт 62,748,888 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа 1 тоот дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээ байгуулан барьцаалуулсан ба №2204 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцааны гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл бүрдсэн байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг үндэслэн №22/14 зээлийн гэрээний үлдэгдэл 62,748,888 төгрөгийг хариуцагч Б-ээс гаргуулж, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд 2023 оны 7 сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: .... А нь Б , Д нарт холбогдуулж нэхэмжлэлийн 62,748,888 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргаснаас хойш 3 сарын хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна.

Хариуцагч нар нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 54,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэлд 13,173,041 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 2,460,625 төгрөг, нийт 69,633,666 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 62,748,888 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 6,884,778 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж байна. Иймд нийт 69,633,666 төгрөгийг хариуцагч Б , Д нараас гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд 2023 оны 9 сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: .... Хариуцагч нар нь 2023 оны 09 сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 54,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэлд 18,889,644 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 3,392,679 төгрөг, нийт 76,282,323 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 69,633,666 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 6,648,657 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж байна. №22/14 тоот зээлийн гэрээний үүрэгт 76,282,323 төгрөгийг хариуцагч Б , Д нараас гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагуудаа дэмжиж байна. Бнь А ХХК-тай 2022.11.17-ны өдөр 22/14 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 54,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2022 оны 12 сарын 17-ны өдрөөс эхлэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй байна. Хариуцагч нь 2023 оны 09 сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 54,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 18,889,644 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 3,392,679 төгрөг нийт 76,283,323 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа 1 тоот дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээ байгуулан барьцаалуулсан ба №2204 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцааны гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл бүрдсэн байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг үндэслэн №22/14 зээлийн гэрээний үлдэгдэл 76,283,323 төгрөгийг хариуцагч Б , Д нараас гаргуулж, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэв.

Хариуцагч Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Бнь А-иас 2021 оны 12 сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээл 12 сарын хугацаатай сарын 3.5 хувь хүүтэй зээл авсан. Зээл авснаас хойш хүүгээ төлж явсан. Гэтэл ковид 19 цар тахлаас шалтгаалан хил гааль хаасантай холбоотой эдийн засгийн хямрал намайг ч бас дайрч зээлийн хугацаа хүүгээ хугацаа хэтрүүлэн төлж байсан.Гэтэл банк бус санхүүгийн байгууллагаас таны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь 4,000,000 төгрөгт хүрсэн байна.Таны зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа ч бид таны энэ зээлийг хааж өгөөд таньд 54,000,000 төгрөгийн шинэ зээлийн гэрээ хийж өгий гэсэн. Энэ үед миний бие 50,000,000 төгрөгөө төлж чадахгүй байж 54,000,000 төгрөг төлнө гэж юу байсан гээд зөвшөөрөхгүй байсан. Гэтэл бид тань руу ярьж байх дарамт шахалтаа хийхгүй 3 сар больё гээд өдөр бүр ярьж байсан учир энэ гэрээг хийсэн. Би урд нь авсан 50 сая төгрөгийн төлж чадахгүй байхад дахин 4,000,000 төгрөг нэмж 54,000,000 болгосон учир би төлөөгүй юм. Ингэж нэг ёсондоо нийлмэл хүүтэй зээл олгосон учир шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 оны 07 сарын 23-ны өдрийн Монгол банкны ерөнхийлөгчийн А-203 тоот тушаалын 5.5-д нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж заасан байдаг. Иймд Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалын энэ заалтыг зөрчин дээрх 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 22/14 тоот зээлийн гэрээг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие Б ийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр нь А-иас 2021 оны 12 сарын 23-ны өдөр 50 сая төгрөгийн зээл 12 сарын хугацаатай сарын 3.5 хувь хүүтэй зээл авсан. Зээл авснаас хойш эгч Уранцэцэг хүүгээ төлж явсан. Гэтэл ковид 19 цар тахлаас шалтгаалан хил гааль хаасантай холбоотой эдийн засгийн хямрал эгчийг бас дайрч зээлийн хугацаа хүүгээ хугацаа хэтрүүлэн төлж байсан. Гэтэл банк бус санхүүгийн байгууллагаас таны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь 4,000,000 төгрөгт хүрсэн байна.Таны зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа ч бид таны энэ зээлийг хааж өгөөд таньд 54,000,000 төгрөгийн шинэ зээлийн гэрээ хийж өгье гэсэн. Тухайн үед 50 сая төгрөгөө төлж чадахгүй байж 54 сая төгрөг төлнө гэж юу байсан гээд зөвшөөрөхгүй байсан. Энэ үед эгч зөвшөөрөхгүй байхад банк бус өдөр бүр ажлын байраар гэрт ирж дарамталсаар байгаад шинэ гэрээ хийлгүүлсэн. Банк бус нь бид тань руу ярьж байх дарамт шахалтаа хийхгүй 3 сар больё гээд өдөр бүр ярьж байсан учир энэ гэрээг хийсэн. Би урд нь авсан 50,000,000 төгрөгийн төлж чадахгүй байхад дахин 4 сая төгрөг нэмж 54,000,000 болгосон учир би төлөөгүй юм. Ингэж нэг ёсондоо нийлмэл хүүтэй зээл олгосон учир шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 оны 07 сарын 23-ны өдрийн Монгол банкны ерөнхийлөгчийн А-203 тоот тушаалын 5.5-д нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж заасан байдаг. Иймд Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалын энэ заалтыг зөрчин дээрх 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 22/14 тоот зээлийн гэрээг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай талаас 2022 оны 11 сарын 17-ны өдөр байгуулагдсан №2214 дугаартай зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Б , Д нар нь анх 2021 оны 12 сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөгийн 12 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй зээлж авсан. Тухайн зээлийн гэрээ 2021 оны 12 сард дуусах ёстой байсан боловч хугацаа дуусахаас өмнө тухайн ББСБ-аас залгаж таны зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, хүү 4,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна, манай А -ын хувьцаа эзэмшигч BACK JONG CHUN зээлийг чөлөөлж өгч дахин шинэ зээлийн гэрээ байгуулах санал тавьсан. Хариуцагч нар энэ саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Үүний дараа тухайн байгууллагаас хариуцагчийн ажил дээр болон гэрт нь ирж шинэ гэрээ байгуулах талаар дарамталж эхэлсэн. Шинэ зээлийн гэрээнд үндсэн зээл 54,000,000 төгрөг, хүү 3.5 хувиар байгуулсан. Зээл чөлөөлөлтийг BACK JONG CHUN би хувиараа хийсэн гэж тайлбарладаг гэтэл хавтаст хэрэгт BACK JONG CHUN нь тухайн ББСБ-ын хувьцаа эзэмшигч бөгөөд зээлдэгч нарын материалтай танилцаж би зээл чөлөөлж дараа нь нийлмэл хүүтэй зээл олгох боломжтой гэж хуулийн цоорхойгоор гэрээ, хэлцэл хийсэн байдаг. Тухайн үед үйлчилж байсан 2018 оны 7 сарын 23-ны өдрийн Монгол банкны ерөнхийлөгчийн №А203 тушаалын 5.5-р зүйлд зааснаар нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж заасан мэдсэн боловч А-ын гүйцэтгэх захирал Эрдэнэчимэг нь дүр үзүүлэн гэрээ, хэлцэл хийсэн. Уг шинэ гэрээг хийсэн цагаас хойш зээлдэгч нарын гэрт очоогүй, утсаар ярьсан тэмдэглэл байдаггүй, дараа нь зээлдэгч нар авсан зээл юу болж байгаа талаар асуухад 54,000,000 төгрөгөөс зээл, хүү, алданги тооцсон байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан. Манай талаас 54,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, шинээр байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус учраас төлөхгүй гэдэг байр суурьтай байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв... гэв.

 

Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: Хэргийн 4-16, 44, 60, 128-р тал.

Хариуцагчаас шүүхэд бүрдүүлэн өгсөн нотлох баримт: 74-76, 87-118-р тал.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Гэрчийн мэдүүлэг 125-127-р тал.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А ХХК хариуцагч Б т холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлд 54,000,000 төгрөг, хүүд 7,456,438 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,292,449 төгрөг, нийт 62,748,888 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар У.Ууганбатыг татаж, нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа хүү 11,433,206 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүү 2,100,229 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, үндсэн зээлд 54,000,000 төгрөг, хүүд 18,889,644 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,392,679 төгрөг, нийт 76,282,323 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах-аар шаардсан ба энэ шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагч тал 2021 онд 50 сая төгрөг зээлсэн, 2022 оны гэрээний зээлийг авч ашиглаагүй, нийлмэл хүүтэй зээлийг байгуулсан нь журам зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байх ба 2021 оны 21/17 тоот зээлийн гэрээний үүрэгт 54,435,500 төгрөг төлөх ёстой гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг зээлийн ... гэжээ.

Нэхэмжлэгч банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул талуудын хооронд үүссэн харилцаа Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд зааснаар зохицуулагдана.

Нэхэмжлэгч А ХХК 2021 оны 12 сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөгийг хариуцагч Б , Д нарт 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж, улсын бүртгэлийн 1 тоот тоот хаягт байрлах, 40 м.кв гурван өрөө орон сууцыг барьцаалж, зээл болон барьцааны гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байх ба хариуцагч тал энэ талаар маргаагүй. /хх-87-92/

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Дээрх зээлийн гэрээний зээлдэгч тал Б , Д нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

А зээлдэгч Б ийн 5750736562 тоот дансанд 50,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаангүй.

Зээлдэгч нар 2022.01.23-ны өдрөөс 2022.11.23-ны хооронд хүүг, зээлийн гэрээний хугацааны эцэст буюу 2022.12.23-ны өдөр үндсэн зээл, хүүг төлж дуусгах хуваарьтай байх ба 2022 оны 11 сарын 17-ны байдлаар төлбөл зохих хүүгээс 4,435,000 төгрөг төлөгдөөгүйгээс урьд авсан зээл 50,000,000 төгрөг дээр, хуримтлагдсан хүүгээс 4,000,000 төгрөгийг нэмж, 2022.11.17-ны өдөр 54,000,000 төгрөгийг хариуцагч Б , Д нарт 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж, улсын бүртгэлийн 1 тоот хаягт байрлах, 40 м.кв гурван өрөө орон сууцыг барьцаалж, зээл болон барьцааны гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаж байна. /хх-5-14/

А ХХК зээлдэгч нарт 2022 оны 11 сарын 17-ны өдөр бодитоор 54,000,000 төгрөгийг олгоогүй, зээлдэгч нар уг зээлийг авч ашиглаагүй болох нь хариуцагч талын тайлбар, гэрч Д.Эрдэнэчимэг, Back Jong Chun нарын мэдүүлэг, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-74-76,125-127/

А ХХК 2021.12.23-ны өдрийн 50 сая төгрөгийн зээлийн гэрээний хүүгийн зөрчлийг арилгах зорилгоор А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Back Jong Chun-аас 54 сая төгрөгийг Б-ээс төлж зээл хаах, шинээр зээлийн гэрээ байгуулсан баримтыг бүрдүүлсэн нь тогтоогдож байна.

Дээрхээс дүгнэвэл, А зээл төлөлтийн хугацааг хойшлуулах саналыг зээлдэгч нарт гаргаж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээний хугацааг сунгах боломжтой байсан байхад 54 сая төгрөгийг олгосон мэт дүр үзүүлж гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

Монгол банкны 2018.07.23-ны А/203 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам-ын 1.3.6-д нийлмэл хүү гэж үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон хүүгийн нийлбэр дүнгээс тооцсон хүүгийн хэмжээгхэлнэ, 5.5-д иргэнд нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж заажээ. /хх-95-117/

Зээлдэгч 50,000,000 төгрөгийн зээлийг олгоогүй атлаа хуримтлагдсан хүү 4,000,000 төгрөг нэмж, 54,000,000 төгрөгөөс 2022.12.17-ны өдрөөс 2023.05.17-ны өдрийг хүртэл хүү тооцсон нь Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам-д нийцээгүй, хариуцагч талын ...Монгол банкны 2018.07.23-ны А/203 тоот тушаалаар батлагдсан журамд зааснаар нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглосон заалтыг зөрчсөн... гэх тайлбар үндэслэлтэй.

2022.11.17-ны өдрийн зээлийн гэрээг зээлдэгчийн хүсэлтээр байгуулаагүй, зээлдүүлэгч зээл олгох зорилгогүй байгуулсан, зээлдэгч нарт бодитоор 54,000,000 төгрөгийг олгоогүй, зээлдэгч нар уг зээлийг авч ашиглаагүй болох тогтоогдож байх тул нэхэмжлэгч 2022.11.17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардах эрхгүй гэж үзэв.

Дээр дурдсанаар талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 12 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ хүчинтэй, нэхэмжлэгч уг гэрээний дагуу шаардах эрхтэй байх ба хариуцагч тал 2022.11.17-ны байдлаар 54,435,500 төгрөгийг төлөх байсан гэх тайлбарыг болон нэхэмжлэгч талын шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандсан зэргийг үндэслэн, хариуцагч Б , Д нараас 2021 оны 12 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлд 50,000,000 төгрөг, хүүд 4,435,500 төгрөг, нийт 54,435,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 21,846,823 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 818,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангасан дүн 54,435,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 430,127 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагад 70,200 төгрөг, нийт 500,327 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б , Д нараас 54,435,500 /тавин дөрвөн сая дөрвөн зуун гучин таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 21,846,823 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Б ийн өмчлөлийн улсын бүртгэлийн 1 тоот өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 54,435,500 төгрөгийг гаргуулж А ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 818,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 500,327 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ