Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00270

 

 

 

 

 

 

 

2024          02           02                                         210/МА2024/00270

 

 

“И” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/04570 дугаар шийдвэртэй,

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.У, У.У  нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 76,282,323 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Э.У нь “И" ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 54,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй. Хариуцагч нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 54,000,000 төгрөг, зээлийн хүү 7,456,438 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,292,449 төгрөг, нийт 62,748,888 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.2. Хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38Б байр, 20 тоот хаягт байрлах ........... дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Улмаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцааны гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл бүрдсэн байна.

1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад У.У-ын хамтран хариуцагчаар татсан бөгөөд хариуцагч нар 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 54,000,000 төгрөг, үндсэн хүү 13,173,041 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,460,625 төгрөг, нийт 69,633,666 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 6,884,778 төгрөгөөр, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 54,000,000 төгрөг, үндсэн хүү 18,889,644 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,392,679 төгрөг, нийт 76,282,323 төгрөгийг үлдэгдэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 6,648,657 төгрөгөөр тус тус ихэсгэсэн байна. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 76,282,323 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Э.У, У.У нарын тайлбар, татгалзлын агуулга:

          “И” ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй авсан. Зээл авснаас хойш хүүгээ төлөөд явж байсан боловч ковид-19 цар тахлаас шалтгаалан хил гааль хаасантай холбоотой эдийн засгийн хямрал намайг ч бас дайрч зээлийн хүүг хугацаа хэтрүүлэн төлж байсан. Харин ББСБ-аас “таны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 4,000,000 төгрөгт хүрсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа ч бид таны зээлийг хааж өгөөд таньд 54,000,000 төгрөгийн шинэ зээлийн гэрээ хийж өгье” гэж хэлсэн.

          Энэ үед 50,000,000 төгрөгөө төлж чадахгүй байж 54,000,000 төгрөг төлнө гэж юу байсан юм бэ гээд зөвшөөрөөгүй байхад бид тань руу ярьж дарамт шахалт хийхгүй, 3 сар больё гээд өдөр бүр ярьж байсан тул энэ гэрээг хийсэн. Урьд нь авсан 50,000,000 төгрөгийг төлж чадахгүй байхад дахин 4,000,000 төгрөг нэмж 54,000,000 төгрөг болгосон учир зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, нийлмэл хүүтэй зээл олгосон учир шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Монгол банкны ерөнхийлөгчийн А-203 тоот тушаалын 5.5-д нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж заасан байдаг.

          Иймд Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалын энэ заалтыг зөрчин дээрх 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.У, У.У нараас 54,435,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 21,846,823 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Э.Уранцэцэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, ................... байрлах, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 54,435,500 төгрөгийг гаргуулж “И” ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 818,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 500,327 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “И” ХХК нь зээлдэгч нарт 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бодитоор 54,000,000 төгрөгийг олгоогүй, зээлдэгч нар уг зээлийг авч ашиглаагүй болох нь хариуцагч нарын тайлбар, гэрч Д.Э, БНСУ-ын иргэн .......... нарын мэдүүлэг, Хаан банкны мөнгөн шшжүүлгийн мэдээлэл, орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. “И” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүүгийн зөрчлийг арилгах зорилгоор “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ........ 54,000,000 төгрөгииг Э.У-ээс төлж зээл хаах, шинээр зээлийн гэрээ байгуулсан баримтыг бүрдүүлсэн нь тогтоогдож байна. Дээрхээс дүгнэвэл, “И” ХХК нь зээл төлөлтийн хугацааг хойшлуулах саналыг зээлдэгч нарт гаргаж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээний хугацааг сунгах боломжтой байсан байхад 54,000,000 төгрөгийг олгосон мэт дүр үзүүлж гэрээ байгуулсан гэж үзэхээр байна гэж тусгаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Талуудын хооронд байгуулагдсан 22/14 тоот зээлийн гэрээний дагуу нь “И” ХХК нь 54,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар зээлдэгч буюу Э.У-т шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасны дагуу cap бүр 3.5 хувийн зээлийн хүүг буцаан төлж, 6 сарын дараа үндсэн зээлийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн.

 “И” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлдэгчийн зээлийн өргөдөлд дурдсан данс болох Хаан банк дахь ....... тоот данс руу 54,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, “И” ХХК нь зээлдэгч Э.У-ээс авах авлагаа тооцон зээл олгосон мэт дүр үзүүлж хэлцэл хийгээгүй бодитоор Э.У-ийн дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байхад шүүх дүр үзүүлж хэлцэл хийсэн байна гэж дүгнэж буй нь үндэслэл муутай болжээ.

“И” ХХК нь зээлдэгч Э.У-ийн дансанд зээлийн дүн болох 54,000,000 төгрөг шилжүүлснээр тухайн 54,000,000 төгрөгийн өмчлөх эрх бүрэн Э.У-т шилжиж тус зээлийг өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй болсон. Э.У нь өөрийн өмчлөлд шилжсэн мөнгийг ...... шилжүүлж ....... авсан зээлээ хаах байдлаар “И” ХХК-аас авсан зээлийг ашигласан. Хэдий хариуцагч нь зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй ч өөрийн өмчлөлийн зүйлээ хэрхэн захиран зарцуулах нь Э.У-ийн эрхийн асуудал болно. Гэтэл шүүх Э.У-ийг “И” ХХК-аас авсан зээлийг авч ашиглаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Э.У нь зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу зээлийг ашиглаагүй нь 22/14 тоот зээлийн гэрээний 3.3-т зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө зээлдүүлэгч дангаар цуцлах буюу зээлийг хугацаанаас өмнө буцаан дуудах үндэслэл болохоос биш, зээлээ төлөхгүй байхыг зөвтгөх үндэслэл болохгүй.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зээлдэгч 50,000,000 төгрөгийн зээлийг олгоогүй атлаа хуримтлагдсан хүү 4,000,000 төгрөг нэмж, 54,000,000 төгрөгөөс 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хүү тооцсон нь Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журамд нийцээгүй, хариуцагч талын ...Монгол банкны 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/203 тоот тушаалаар батлагдсан журамд зааснаар нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглосон заалтыг зөрчсөн... гэх тайлбар үндэслэлтэй гэж маш үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь зээлдэгч Э.У-ийн дансанд бодитоор 54,000,000 төгрөг хийсэн талаар дээр дурдсан бөгөөд энэ тухай банкны шилжүүлгийн баримт хэрэгт авагдсан. Мөн хариуцагч талаас 54,000,000 төгрөг авсан талаараа маргахгүй, харин тус 54,000,000 төгрөгийг “И” ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох .......-аас авсан зээлээ хаахад зарцуулсан гэж маргаж байхад шүүх 50,000,000 төгрөгийн зээл олгоогүй атлаа, хүү 4,000,000 төгрөг нэмж, 54,000,000 төгрөгөөс хүү тооцсон гэж дүгнэж буй нь ямар ч үндэслэлгүй. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Э.У болон ...... нар хоорондоо тохиролцсоны дагуу ..... нь Э.У-т 54,000,000 төгрөгийн зээл олгосон бөгөөд Э.У нь тус мөнгөөр “И” ХХ-ийн 21/17 дугаартай зээлийг хааж дахин 54,000,000 төгрөгийн зээлийг авч ........д буцаан төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Өөрөөр хэлбэл, ...... нь зээл чөлөөлөх үйл ажиллагаа явуулж Э.У-ийн зээлийг хааж өгч шимтгэл авах байдлаар ашиг олсон бөгөөд Э.У нь “И” ХХК-аас 54,000,000 төгрөгийн зээлийг авсан болох нь баримтаар нотлогдож байна.

Монгол банкны ерөнхийлөгчийн баталсан “хүү тоодох аргачлал”-д зааснаар нийлмэл хүү гэдэг нь үндсэн дүн болон өмнөх хугацаанд хүүгийн нийлбэр дүнгээс тооцсон хүүгийн хэмжээг хэлнэ гэж заасан байна. “И” ХХК болон Э.У нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь ердийн хүү буюу зөвхөн үндсэн зээлээс хүү тооцогдож байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэлд хавсаргасан зээлийн тооцоололд үндсэн зээлийн хэмжээ нэмэгдээгүй байгаагаас харагдаж байна. Хэрэв Э.У-т нийлмэл хүүтэй зээл олгосон байсан бол үндсэн зээлийн хэмжээ 54,000,000 төгрөгөөс өссөн дүнтэй байх байсан тул шүүхээс дээрх байдлаар ниилмэл хүүтэй зээл олгосон гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дээр дурдсанаар талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ хүчинтэй, нэхэмжлэгч уг гэрээний дагуу шаардах эрхтэй байх ба хариуцагч тал 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 54,435,50 төгрөг төлөх байсан гэх тайлбарыг болон нэхэмжлэгч талын шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандсан зэргийг үндэслэн, хариуцагч Э.У, У.У нараас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлд 50,000,000 төгрөг, хүүд 4,435,500 төгрөг, нийт 54,435,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 21,846,823 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов гэжээ. Гэтэл Э.Унь “И” ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр авсан зээлээ 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 54,435,500 төгрөгийг “21/17 зээл хаав” гэх гүйлгээний утгатайгаар “И” ХХК-ийн Хаан банк дахь данс руу шилжүүлж тус зээлийг хаасан болох нь нотлох баримтаар хэрэгт авагдсан. Тодруулбал, “И” ХХК нь Э.У-ээс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 21/17 дугаартай зээлийн гэрээний үүргийг төлж барагдуулсан тул шаардах эрхгүй болсон. Харин 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22/14 тоот зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тул “И” ХХК шаардах эрхтэй хэвээр байтал нэхэмжлэлээс 21,846,823 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болсон байна.

Иймд нэхэмжлэийн шаардлагаас 21,846,823 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Тухайн зээлийг дансаар шилжүүлсэн боловч 54,000,000 төгрөгийг хариуцагч нар ашиглаагүй тул зээлийг бодитоор олгоогүй гэж үзэх үндэслэлтэй. Үндсэн зээл 50,000,000 төгрөг, 4,000,000 төгрөгийн хүү, алданги, нийлээд 54,000,000 төгрөгийн зээл байсан. Тухайн зээлийг нийлүүлээд дахин хүү, алданги тооцож нийлмэл хүүтэй зээл олгосон гэж анхан шатны шүүх үзсэн. Иймд Монгол банкны ерөнхийлөгчийн нээлттэй журамд заасан нийлмэл хүүтэй зээл олгох гэсэн заалтыг зөрчсөн учраас шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Хариуцагч зээлийн хүсэлтдээ “оёдлын газрын цехийг өргөжүүлэх” гэдэг байдлаар хүсэл сонирхлын илэрхийлэл болгосон гэж дурдсан бөгөөд гуравдагч этгээдийн данс руу 54,000,000 төгрөг шилжүүлсэн нь харагддаг. Тиймээс хариуцагч нар энэ зээлийг ашиглаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Э.Уранцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 54,000,000 төгрөг, зээлийн хүү 7,456,438 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,292,449 төгрөг, нийт 62,748,888 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

2.а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар У.У-ыг татан, нэхэмжлэлийг нийт 2 удаа ихэсгэн, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 54,000,000 төгрөг, зээлийн хүүд 18,889,644 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,392,679 төгрөг, нийт 76,282,323 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 46-47, 62-64/

 

3. Зохигчдын хооронд 54,000,000 төгрөг бодитойгоор зээлдүүлсэн эсэх, уг гэрээ хүчин төгөлдөр эсэх, сүүлд байгуулсан зээлийн гэрээ нийлмэл хүүтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

3.а. “И” ХХК нь Э.У, У.У нартай 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 50,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нь зээлийг зээлийн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 89-90/

 

Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч “И” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Э.У, У.У нартай барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн ...... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 07 дугаар хороо, 15 дугаар хороолол, ........., 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-ийн 92-93/

 

3.б. Уг зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Э.У-ийн зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “зээл хаав” гэсэн гүйлгээний утгаар 54,435,500 төгрөгийг нэхэмжлэгч “И" ХХК-ийн дансанд шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна. /хх-78 тал/

 

3.в. Үүний дараа зохигчид 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 54,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нар зээлийг зээлийн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн зээлийн гэрээг дахин байгуулсан байна. /хх-ийн 9-11/

 

Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204003768 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 07 дугаар хороо, 15 дугаар хороолол, ....... 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-ийн 6-8/

 

3.г. Гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг “И" ХХК-ийн  эзэмшлийн .... дугаартай ХААН банк ХК-ийн депозит дансны хуулгаар 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 22/14 зээл олгов гэсэн гүйлгээний утгаар нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хх-14 тал/

 

Анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон,  зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, зээл болон зээлийн хүүгийн талаарх тохиролцоо нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4. Хариуцагчийн “2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг нийлмэл  хүүтэй байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл” гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч хариуцагч нарт өмнөх 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл  50,000,000 төгрөг, зээлийн хүүд 4,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байсныг дараагийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ байгуулахдаа зээл, зээлийн хүүг нийлүүлж 54,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байна.

 

Ийнхүү байгуулсан 54,000,000 төгрөгийн гэрээний агуулгаас үзвэл зохигчид үндсэн зээл болон өмнөх хугацаанд бодогдсон хүүгийн нийлбэр дүнгээс тооцсон хүүгийн хэмжээний талаар тохиролцсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нийлмэл хүүгийн талаар талууд гэрээгээр тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй.

 

4.а. Харин нэхэмжлэгч нь хариуцагчид бодитойгоор 50,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж,  мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ байгуулахдаа тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн гадаад илэрхийлэлийг бий болгох зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

 

4.б. Гэрч БНСУ-ын иргэн  нь шүүхэд “... би хувийн мөнгөнөөсөө 54,000,000 төгрөгийг Э.У-т зээлсэн ... шимтгэл гэж 270,000 төгрөгийг түүнээс авсан ... зээлсэн мөнгөө мөн өдөр буцаан авсан ... гэж мэдүүлжээ. /хх-ийн 140-142/

 

4.в. Дээрх мэдүүлгээс дүгнэхэд мөнгөн хөрөнгийг хариуцагч Э.У нь БНСУ-ын иргэн  өөрийнх нь хувьцаа эзэмшдэг “И” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт төлөхөөр тохиролцон түүний шилжүүлсэн 54,000,000 төгрөгийг Э.У цааш нь “И” ХХК-тай байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 21/07 дугаартай зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн байна. Үүний дараа “И” ХХК нь хариуцагч нартай 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, улмаар зээлийн гэрээний дагуу түүнд 54,000,000 төгрөг шилжүүлснийг тэрээр БНСУ-ын иргэнд шилжүүлсэн байх тул энэ талаар нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, олгосон энэхүү зээлийг нэхэмжлэгч буцаан авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

4.г. Талууд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 54,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан нь бодит байдал дээр 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлсэн 50,000,000 төгрөг, зээлийн хүү 4,000,000 төгрөгийг нийлүүлж нийт 54,000,000 төгрөг дээр дараагийн зээлийн гэрээг байгуулсан байна. Энэ нөхцөлд эхний зээл болох 50,000,000 төгрөг дээр зээлийн хүү 4,000,000 төгрөгийг нэмж 54,000,000 төгрөгийн зээл олгосон гэж үзэхгүй. Учир нь хүүгээс хүү тооцох нь хуульд нийцэхгүй юм. Иймд 54,000,000 төгрөгийн зээл олгоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч талын “2022 оны 11 дүгээр сарын байлаар 54,435,500 төгрөг төлөх байсан” гэх тайлбар, нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандсан зэргийг үндэслэн, нэхэмжлэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсныг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг залруулна.

 

5.а. Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэжээ.

 

Дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан зохицуулалт нь зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй бол зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны зээлийн хүүг төлнө, энэхүү хүү нь гэрээгээр тохирсон үндсэн зээлийн хүүнээс хэтрэхгүй байхаар талууд тохиролцож болно гэсэн агуулгатай байна.

 

5.б. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээг цуцалсан ч зээлдэгч нараас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Зээлдэгч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

Иймд хариуцагч нар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дэх хэсэгт зааснаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 17,500,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,500,000 төгрөг, мөн эхний зээлийн гэрээний хүү 4,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан барьцааны гэрээг үндэслэн хариуцагч нар төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг нэмж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Дээрх үндэслэлээр хариуцагч нараас 75,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/04570 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.У, У.У нараас зээлийн гэрээний үүрэгт 75,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,282,323 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын “... 500,327 ...” гэснийг “532,950” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “И” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 267,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Г.ДАВААДОРЖ

 

                                    ШҮҮГЧИД                                         Т.ГАНДИЙМАА

 

                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ