Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/04835

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 о 11с 06ө

Дугаар 101/ШШ2023/04835

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-д холбогдох,

6,046,219.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А , хариуцагчийн өмгөөлөгч Ц.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

Зохигчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие хариуцагчид өөрийн барьсан ТҮЦ-ний зориулалттай жижиг модон байшинг 2,000,000 төгрөгөөр 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр худалдсан. Хариуцагч тухайн өдрөө 1,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 3 хоногийн дараа төлж барагдуулахаар тохирсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Хариуцагч 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлээр гар утас авах гэсэн боловч над дээр зээл гарах боломжгүй байна та өөрийн нэр дээр зээлийн гэрээг байгуулж би утсыг аваад зээлийг төлийг гэсэн саналын дагуу Таван богд финанс ББСБ-аас цахим зээлийн дэд гэрээг байгуулж 4,510,000 төгрөгийн үндсэн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлсэн болно. Зээлийн мөнгийг шууд утас худалдсан газар луу шилжүүлж хариуцагч iphone 13 маркийн гар утсыг хүлээж авсан. Гэвч хариуцагч 022 оны 05, 06, 07,08 дугаар сарын төлбөр болох 265,000 төгрөг нийт 1,060,00 төгрөгийг төлсөн боловч одоо зээлээ төлөхөө больж ББСБ-аас надаас үлдэгдэл хүүгийн хамт нийт 5,046,219.68 төгрөгийн зээлийг шаардах болсон. Иймд хариуцагчаас модон байшин худалдсаны төлбөрт 1,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт 5,046,219.68 төгрөгийг нийт 6,046.219.68 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч Б  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...А  бид хоёр хамаатан садангийн холбоотой хүмүүс.Түүний гаргасан нэхэмжлэл бодит байдалд нийлэхгүй үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Учир нь би анх найз Х оос 6,000,000 төгрөгийн авлагатай байсан бөгөөд энэ мөнгөндөө Баянзүрх дүүрэг хуучнаар ганц худаг гэх хорих ангийн орчимд байрлах /хаяг байршил санахгүй байна/ хашаа байшин санал болгосон уг хашаа байшинг 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Би ...ах Г т энэ хашаа байшинг 15,000,000 төгрөгөөр санал болгоход тэрээр зөвшөөрч 10,000,000 төгрөгийг Хүдэрболдын данс уруу шилжүүлэн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг надад удахгүй төлнө гэж тохирсон.Надад мөнгөн төлбөр барагдуулахдаа S22 ULITRA SAМSUNG маркийн утсыг 4,500,000 төгрөгт бодон өгсөн. Дээрээс нь 3 метр өргөн, 3 метр урт хуучин угсармал ТҮЦ-ийг 2,000,000 төгрөгт бодон өгсөн. Уг авсан зүйлүүдийн зөрүү мөнгийг А  дансанд хийсэн. Нийт 3,300,000 төгрөгийн төлөлтийг 3 удаа хийсэн. А  2,000,000 төгрөгийг төлсөн ингээд бидний хооронд тооцоо байхгүй гэж хашаа байшинг шилжүүлж өгсөн юм.Хашаа байшинг Г ийн төрсөн дүүгийн нэр дээр шилжүүлж өгсөн. Ах Г  хашаа байшингийн талаар дурдахгүй байгааг ойлгохгүй байна. Ах Г т 330,000 төгрөгийг 3 удаа өөрийн данснаас шилжүүлж байсныг нотлох дансны хуулга, хашаа байшинг шилжүүлсэн холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх болно... гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримтууд: иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.04.19-ний өдрийн №35003 дугаар цахим зээлийн дэд гэрээ, А ийн Хаан банкны депозит дансны хуулга, ТҮЦ-ийн гэрэл зураг, Х ын иргэний үнэмлэхийн лавлагаа, цахим зээлийн дэд гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, хэргийн 3-10, 80, 90-93-р тал.

 

Хариуцагч талаас хэрэгт өгсөн нотлох баримтууд: Байхгүй.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд: Гэрчийн мэдүүлэг.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А  хариуцагч Б д холбогдуулан худалдсан ТҮЦ-ийн үлдэгдэл үнэд 1,000,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэг 5,046,219.68 төгрөг, нийт 6,046,219.68 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч найз Х оос авах авлага 6,000,000 төгрөгт тооцож, ТҮЦ-ийн үлдэх төлбөрийг болон гар утсыг 4,500,000 төгрөгт тооцож авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргасан.

 

А  өөрийн барьсан ТҮЦ-ийг 2022 оны 05 сарын 06-нд Б д 2,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч хүлээлгэн өгсөн, Б  2022.05.06-нд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, А ийн Хаан банкны 0  дансны хуулгаар тогтоогдож байх ба хариуцагч тал энэ талаар маргаагүй.

 

Хариуцагчийн найз Х оос авах авлагад тооцон ТҮЦ-ийн үлдэх төлбөр 1,000,000 төгрөгийг төлсөн гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас худалдан авсан ТҮЦ-ийн үлдэгдэлд үнэд 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

А  Таван богд финанс ББСБ ХХК нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч 4,510,000 төгрөгийн үнэ бүхий iphone 13 маркийн гар утсыг зээлээр худалдах, зээлдэгч А  хуваарийн дагуу зээлээ төлөхөөр тохирсон болох нь нэхэмжлэгч талын тайлбар, цахим зээлийн дэд гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

А  зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж дуусгаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх ба зээлдэгч А  бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүргээ өөрөө хариуцахаар байна.

 

Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт ....үндсэн зээл 4,510,000 төгрөг, хүү 1,596,219.68 төгрөг, нийт 6,106,219.68 төгрөгөөс Б ийн дансаар төлсөн 1,060,000 төгрөгийг хасаж, үлдэх 5,046,219.68 төгрөгийг гаргуулна... гэв.

 

Дээрх зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч нь Б ийг гэж үзэх үндэслэлгүй байх ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-д зааснаар нэхэмжлэгч А т хариуцагч Б ээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрх үүсээгүй байх тул хариуцагч Б д зээлийн гэрээний үүргийг хариуцуулах үндэслэлгүй.

 

Харин нэхэмжлэгч А  зээлийн гэрээгээр авсан 4,510,000 төгрөгийн үнэ бүхий айпоне 13 маркийн гар утсаа хариуцагч Б д хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан айпоне 13 маркийн гар утсыг Таван богд финанс ББСБ ХХК-иас S22-ультра Самсунг утсаар солиулж хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Талуудын тайлбар, хэргийн үйл баримтаас А  зээлийн гэрээгээр авсан 4,510,000 төгрөгийн үнэ бүхий айпоне 13 маркийн гар утсаа хариуцагч Б д худалдсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь худалдсан гар утасны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Б  4,510,000 төгрөгийг сар бүр хэсэгчлэн, хүүгийн хамт А т төлөхөөр бичгийн гэрээ байгуулаагүй байх тул Б ээс хүү тооцож гаргуулах үндэслэлгүй.

 

Хариуцагч Б ээс нэхэмжлэгч А ийн Хаан банкны 0  дансанд 2022.05.17-нд 5023419655 данснаас 70,000 төгрөгийг ширэн дэв гэх утгатай, 2022.06.09-нд 005003784384 данснаас 300,000 төгрөгийг derem гэх утгатай, 2022.07.08-нд 5087169164 данснаас 300,000 төгрөгийг дэрмээс гэх утгатай, 2022.08.26-нд 5087169164 данснаас 420,000 төгрөгийг 9911 гэх утгатай, нийт 1,090,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, А ийн Хаан банкны 0  дансны хуулгаар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй, нэхэмжлэгч 1,060,000 төгрөг төлсөн гэсэн боловч 30,000 төгрөгийг дутуу тооцсон байна. /хх-5-8)

 

Б  худалдан авсан гар утасны үнэ 4,510,000 төгрөгөөс 1,090,000 төгрөгийг төлсөн байх тул хасаж, үлдэх 3,420,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч тал найз Х оос авах авлага 6,000,000 төгрөгт тооцож, ТҮЦ-ийн үлдэх төлбөрийг болон гар утсыг 4,500,000 төгрөгт тооцож авсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

Х ын Б д өгөх өглөгийг гэрч Г ийн худалдан авсан газар, хашаа, байшингийн үнээс суутгаж нэхэмжлэгч А  төлөх үүрэг хүлээсэн болох нь гэрч Г , З.Оюунцэцэг нарын мэдүүлгээр болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, Х  нь Б д өртэй, Г  Х од өртэй, Г ийн Х од төлөх өрийг Б ийн Х оос авах авлагад тооцон, А  төлөх үүрэг хүлээсэн нь тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б ээс худалдан авсан ТҮЦ-ийн үлдэгдэл үнэд 1,000,000 төгрөг, гар утасны үнэд 3,420,000 төгрөг, нийт 4,420,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А т олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,626,219.68 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 4,420,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б ээс 4,420,000 /дөрвөн сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А т олгож нэхэмжлэлээс 1,626,219.68 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 85,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ