Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/02758

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ”Б А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Т В” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,110,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, О.М, нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“Б А” ХХКнь 2007 онд үүсгэн байгуулагдсан, Польш улсаас барилгын материал импортлох, худалдах, барилгын гадна фасадны засварын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг.

2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр манай компани нь “Т В” ХХК-тай Санзай хотхоны 23, 29 тоот барилгын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ 11/20, Бүтээгдэхүүн нийлүүлэх 11/21 тоот гэрээ байгуулсан билээ.

Хариуцагч нь 2011 оны 6 дугаар сарын 04-ний өдөр бараа материалын төлбөр болох 16,000,000 төгрөг, ажлын урьдчилгаа төлбөр 4,000,000 төгрөгийг тус тус тушаасан болно.

Манай компани барилгын засварын ажлыг 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гэхэд бүрэн хийж гүйцэтгэн захиалагч тал болох “Т В” ХХК-д хүлээлгэн өгсөн билээ. Гэрээнд заасны дагуу ажил дууссаны дараа ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 8,110,300 төгрөгийг “Т В” ХХК-аас шилжүүлэхийг хүссэн боловч одоохондоо мөнгөгүй байна гэж тухайн үед ”Т В” ХХК-ийн захирал Ё.Г хэлж байсан. Гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийг тухайн үед ”Т В” ХХК-ийн байрлаж байсан оффис дээр очиж үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардсан боловч мөнгө байхгүй, удахгүй мөнгөтэй болохоор төлнө гэж хэлдэг байсан.

Манай компанийн зүгээс төлбөрийг барагдуулах талаар “Т В” ХХК-ийн захирал Ё.Гтэй удаа дараа уулзаж төлбөрөө төлөхийг шаарддаг байсан боловч төлбөрийг одоо болтол барагдуулаагүй байна.

“Т В” ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тооцоо нийлж, үлдэгдэл 8,110,300 төгрөгийг манай компанид төлөхөө хүлээн зөвшөөрсөн болно.

"“Т В” ХХК-тай байгуулсан 11/20 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр 8,110,300 төгрөгийг “Т В” ХХК-аас гаргуулж манай компанийг хохиролгүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Манай компани нь нэхэмжлэгчтэй байгуулсан барилгын ажил гүйцэтгэх болон бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, гэрээ бүрэн хэрэгжиж дуусгавар болсон.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй төлбөр тооцооны асуудал байхгүй. Нэхэмжлэгч 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тооцоо нийлсэн гэсэн нь үндэслэлгүй, тооцоо нийлсэн акт үйлдээгүй болно. Харин нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, чанарын шаардлага хангахгүй бараа материалаар ажлын үр дүнг доголдолтой хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч”Б А” ХХКнь хариуцагч ”Т В” ХХК-аас 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх 11/20 тоот гэрээний үүрэгт 8,110,300 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“Б А” ХХКнь 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан 11/20 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 11/21 тоот бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг тус тус байгуулж, “Б А” ХХК-аас “Т В” ХХК-ийн худалдан авсан 18,883,000 төгрөгийн бараа материалаар Санзай хотхоны 23, 29 тоот барилгын гадна фасадын ажлыг 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх, “Т В” ХХКнь ажлын хөлс 12,340,000 төгрөгийг гэрээ байгуулах үед 40% буюу 4,936,000 төгрөг, ажил хүлээлцэх үед 60% буюу 7,404,000 төгрөгөөр тус тус төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Зохигчдын маргаагүй тайлбараар”Б А” ХХКнь 18,883,000 төгрөгийн бус 15,893,300 төгрөгийн бараа материалыг Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний 4.2-т заасан хугацаа буюу 2011 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “Т В” ХХК-ийг 20,000,000 төлснөөр шилжүүлж, уг материалыг ашиглан 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дотор барилгын гадна фасадын 12,217,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн, харин ажил гүйцэтгэх гэрээний хөлс бүрэн төлөгдөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч ажлын хөлсний үлдэгдэлд 8,110,300 төгрөгийг хариуцагчаас шаарджээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хариуцагч нь худалдах, худалдан авах болон ажил гүйцэтгэх 2 гэрээний үнэ болон ажлын хөлсөнд нийт дүнгээр 28,110,300 төгрөг буюу 2 гэрээгээр тохирсноос 3,112,700 төгрөгөөр бага төлбөр төлөх үүрэг үүссэн ба үүнээс 2011 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон, харин үлдэх 8,110,300 төгрөгийг төлсөн байдлаа баримтаар нотлоогүй тул шүүх ажил гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Гэвч нэхэмжлэгч нь 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэлийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан хугацааг хэтрүүлэн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нь шүүх мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасанд үндэслэн хариуцагчийн татгалзлыг хүлээж авах үндэслэлийг бүрдүүлжээ.

 

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн үеэс тоолох бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох /ИХ-ийн 78/, тасалдах /ИХ-ийн 79/ үндэслэл байхгүй тохиолдолд дээрх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах /ИХ-ийн 82/ эрхтэй байдаг.

 

Манай тохиолдолд талууд ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын хөлсийг гэрээнд гарын үсэг зурах үед буюу 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 40%-ийг, ажил дуусаад хүлээлгэн өгөх үед буюу 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 60%-ийг тус тус төлөхөөр тохирсоноос үзвэл хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 8,110,300 төгрөгийг шаардах нэхэмжлэгчийн эрх 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдөр үүссэн байна.

 

Тэгэхээр нэхэмжлэгч нь 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд буюу 2014 оны 7 дугаар сарын 08-ны дотор хариуцагчид холбогдуулан шаардлага гаргах эрхтэй байсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн зүгээс 8,110,300 төгрөгийн үлдэгдлийг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлнө гэсэн баталгааг хариуцагч компанийн захирал Ё.Г гаргасан гэж мөн өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг шүүхэд гаргасан боловч уг тооцоо нийлсэн актыг хариуцагчийн төлөөлөгч Ё.Г үйлдсэн, төлбөр төлөх баталгааг гаргасан гэж үзэх үндэслэл гарын үсгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 5321 тоот ...Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад төлөгч байгууллагын нягтлан бодогч гэсний ард зурагдсан гарын үсэг нь Гансүхийн өөрийнх нь гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэсэн дүгнэлтээр үгүйсгэгдэж байх тул шүүх уг баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцэхгүй.

 

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тооцоо нийлсэн акт үйлдэх ажиллагаанд биечлэн оролцсон, Ё.Г өөрөө уг баримтыг үйлдсэн гэж тайлбарлаж байгаа ч баримтаар нотлогдоогүй энэ тайлбарыг шинжээчийн дүгнэлтээс илүү нотолгоо гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүх 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэж, мөн өдрөөс хугацааг дахин тоолох боломжгүй байна.

 

Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэж үзэх дээрхээс өөр баримт хэрэгт авагдаагүй учир нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасанд үндэслэн хариуцагчийн татгалзлыг шүүх хүлээн авч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг тус тус баримтлан ”Т В” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 8,110,300 төгрөг гаргуулахыг хүссэн “Б А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 144,715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА