Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00594

 

М М-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэнийхэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/01995 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2570 дугаар магадлалтай,

М М-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ө.С-д холбогдох,

6.093.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Ө.С-гийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, Ж.Баасанцогт, хариуцагч Ө.С-, хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч М М-ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2015 оны хавар нөөцийн мах борлуулж байхдаа Хүчит шонхор захын махны ченж Ө.С-д мах бөөндөж, төлбөрийг тухай бүрт, эсвэл маргааш нь авах замаар борлуулалт хийдэг байсан. Ингээд Ө.С-тай утсаар ярьж тохиролцсоны дагуу найз Т.Энхсайханаар хүргэлт хийлгүүлж, 2015 оны 6 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд хонь, ямааны гулууз мах нийт 1.160,5 кг буюу 6.176.000 төгрөгийн мах нийлүүлсэн. Үүнээс жингийн зөрүү гарч, тээврийн зардал 67.000 төгрөг гарсныг Ө.С- төлсөн. Ө.С- нь махны үнэ 6.093.000 төгрөгийг төлөөгүй. Тухайн үед Ө.С- нь борлуулалтын орлогыг маргааш тушаана гэж утсаар ярьж тохиролцон, худалдан авалт хийсэн. Гэвч тэрээр ярьсан хугацаандаа төлбөрөө тушаагаагүй, махны мөнгийг шаардахаар өгнө гэдэг ба сүүлдээ н.Нямхүү, н.Бямбасүрэн гэсэн хүмүүст танай махыг нийлүүлсэн гэх тайлбарыг өгдөг болсон. Тухайн үед махыг тээвэрлэн очсон хүмүүс, Т.Энхсайхан, О.Бямбасүрэн нар нь Ө.С-д махыг хүлээлгэн өгсөн байдаг. Иймд Ө.С-гаас 6.093.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.С-гийн шүүхэд гаргасан тайлбарт: …Ж.Баасанцогтыг зүс таньдаг байсан. Намайг Мах импекс ХК-ийн борлуулагчаас мах авч байхад ирж уулзаад ...махны борлуулалт муу байна, их хэмжээгээр мах авдаг газар байна уу... гэж асуухад нь зочин бууз, бродвейгийн бэлтгэн нийлүүлэгч н.Бямбасүрэн, н.Нямхүү нарыг зааж өгөөд мөнгө нь уддаг юм гэж хэлсэн. М М-ХХК-ийн борлуулагч Ж.Баасанцогтоос дээрх хэмжээний махыг хүлээн аваагүй. Урьд өмнө нь мах авч байсан бөгөөд бидний хоорондын тооцоо дууссан. Хамгийн сүүлд 3.000.000 төгрөгийг О.Бямбасүрэнгээр дамжуулж өгсөн. Ж.Баасанцогт нь автомашины хөлс өгөх хэрэгтэй байна гэхээр нь 34.000 төгрөг зээлдүүлсэн. Цагдаагийн байгууллагаар н.Нямхүү, н.Бямбасүрэн нарыг шалгуулж байхад, Ж.Баасанцогт мөнгөө хамт нэхэмжлэе гэсэн. Ингээд миний бие өөрийн мөнгө болох 16.000.000 төгрөг болон тэдний мөнгийг нийлүүлж, нийт 22.900.000 төгрөгийн хохирол нэхэмжилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад Ж.Баасанцогт нь н.Бямбасүрэнтэй уулзаж, падаанаа тулгаж, гарын үсэг зуруулж байсан. Дараа нь би шүүхэд нэхэмжлэл гаргаж, 22.900.000 төгрөг нэхэмжилсэн боловч М М-ХХК-ийн мөнгийг тохиролцсон учраас 16.000.000 төгрөг авахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд нэхэмжилж байгаа махны үнэ надад хамааралгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/01995 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.С-гаас 6.093.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М М-ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М М-ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112.438 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ө.С-гаас 112.438 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М М-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2570 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/01995 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ө.С- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх М М-ХХК-ийн хариуцагч Ө.С-д холбогдуулан огт аваагүй махны үнийг төлүүлэхээр шийдвэр гаргахдаа Мах маркөт ХХК-иас 2 удаагийн нийлүүлэлтээр нийлүүлсэн махыг хариуцагч Ө.С-д хүлээлгэн өгсөн талаар мэдүүлсэн гэрч Т.Энхсайханы мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баасанцогтын Ө.С-тай утсаар ярилцан тохиролцсоны дагуу махыг нийлүүлсэн гэх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй хариуцагч татгалзалтай холбоотойгоор Хүчит шонхор ХХК-ийн лабораторын 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн акт, “Хүчит шонхор” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст С.Нямхүүд холбогдуулан өргөдөл гаргаж байсан талаархи баримтуудыг гарган өгч байгаа боловч шүүхээр хянан хэлэлцэгдэж буй тухайн маргаанд ач холбогдол бүхий баримт гэж үзэх боломжгүй байна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх зөвтгөхийн оронд харин ч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж огт аваагүй төлбөрийг гаргаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Мах импекс ХХК-ийн борлуулагчаас мах авч байх үед М М-ХХК-ийн борлуулагч их хэмжээний махыг хүлээн авах боломжтой хүн байгаа эсэхийг тодруулсан гэсэн байтал Ж.Баасанцогтоос 2015 оны 6 дугаар сард мах авч борлуулж байснаа үгүйсгээгүй хэмээн огт болоогүй үйл явдлын талаар бичсэнийг төөрөгдсөн гэж үзэхээр байна. Тухайн өдөр 34 сая төгрөг зээлж авсан үйл баримтыг тээврийн хөлс байсан мэтээр таамаглалд үндэслэсэн дүгнэлт хийсэн төдийгүй Ж.Баасанцогт гэх хүнээс огт мах аваагүй, тэрчлэн нарантуул зах дээр огт очоогүй болохыг гэрч Т.Энхсайхан мэдүүлсээр байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж огт аваагүй их хэмжээний мөнгийг төлүүлэхээр шийдвэрлэсэнийг эс зөвшөөрч байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зайлшгүй шаардлагатай эрүүгийн хэргийн материалд авагдсан М М-ХХК-иас өгсөн хохирогчийн мэдүүлгийг авах талаар амаар гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй болон мах өгсөн гэх үед Ө.С- надаас гарын үсэг авсан нь аудитын дүгнэлт гаргахад баримтад авагдсан гэх мэтээр хэлж маргааныг таслах боломжгой нотлох баримтын талаар дурьдсаар байхад хэт нэг талыг барин шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь миний биө Хүчит шонхор зах дээр 10 гаран жил ажиллахдаа өөрийн гэсэн орон сууц ч үгүй гэр хороололд амьдарч бусдын төлбөрийг цаг тухайд нь төлөхийн тулд үнэн ч шударгаар хөдөлмөрлөж ирсэн байхад миний хувьд маш их хэмжээний мөнгөн төлбарийг төлүүлэхээр гаргасанд гомдолтой байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М М-ХХК, хариуцагч Ө.С-гаас нийлүүлсэн махны үнэ 6.093.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч мах худалдан авахаар тохироогүй гэж маргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч М М-ХХК-г төлөөлж  Ж.Баасанцогт хариуцагч Ө.С-тай тохиролцож, 2015 оны 6 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд хонь, ямааны нийт 6.176.000 төгрөгийн махыг нийлүүлж үнийг дараа авахаар тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдсон, зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д  заасныг зөрчөөгүй байна.

Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаархи хариуцагч Ө.С-гийн гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч өөрийн татагалзлыг тус тус нотлох үүргийг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгчийн  хариуцагчтай утсаар ярьж тохиролцон, мах ачин нийлүүлж, хүлээлгэн өгсөн гэх тайлбар, гаргасан нотлох баримтыг хариуцагч баримтаар няцааж чадаагүй байна.

Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/01995 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2570 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 112.438 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ