Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2017/02610

 

2017 оны 10 сарын 18 өдөр Дугаар 181/ШШ2017/02610 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ө.Н,

Нэхэмжлэгч: Ч.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Г Л” ХХК-д холбогдох,

 

Гэрээнээс татгалзсаны үр дагавар арилгуулах, үүрэг зөрчсөнөөс үүссэн хариуцлагад 8,045,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт.

Нэхэмжлэгч Ө.Н, Ч.Б нар нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Г Л” ХХК-тай Дадлагажигч бэлтгэх тухай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний төлбөрийн 2,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр үлдэгдэл 1,000,000 төгрөгийг тус тус төлсөн.

Харин “Г Л” ХХКнь гэрээний дагуу нэхэмжлэгч нарыг Япон улсад хөдөлмөрийн дадлага эзэмшүүлэхээр явуулна гэсэн боловч бүтэн жил өнгөрөхөд явуулаагүй. Өнгөрсөн хугацаанд гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан хэдий ч удахгүй явуулна, дараа сард гэсээр өдийг хүрсэн билээ. Энэ хугацаанд нэхэмжлэгч нар бусдаас зээл авч гэрээний төлбөрийг төлсөн, ажлаас гарсан, Замын-Үүдээс Улаанбаатар хотын хооронд удаа дараа явсан гэхчилэн маш их зардал, чирэгдэл учирсан.

Ингээд 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Г Л” ХХК, түүнийг төлөөлж захирал М.Тнь Ч.Б, Ө.Ннарын “Г Л” ХХК-д өгсөн мөнгийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр барагдуулна, тогтсон хугацаанд барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд анз төлөхөөр бичгээр мэдэгдсэн юм. Үүний дагуу 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ө.Н-д 500,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Ч.Бд 500,000 төгрөгийг тус тус шилжүүлснээс өөр мөнгө төлөөгүй.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус бүрт нь 1,700,000 төгрөг төлсөн.

Иймд нэхэмжлэгч Ө.Ннь “Г Л” ХХК-д төлсөн мөнгөний үлдэгдэл 800,000 төгрөгийг, алданги 338,000 төгрөгийн хамт, мөн “Г Л” ХХК-тай гэрээ байгуулахад дүү Ө.Оаар 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сайн авто ломбард-д түүний машиныг барьцаалуулан зээл авахуулж, нийт 12 сарын хугацаанд сар болгон хүү 198,000 төгрөг буюу нийт 2,376,000 төгрөг төлснийг нэмж бүгд 3,514,000 төгрөг,

нэхэмжлэгч Ч.Б нь “Г Л” ХХК-д төлсөн мөнгөний үлдэгдэл 800,000 төгрөгийг, алданги 331,000 төгрөгийн хамт нийт 1,131,000 төгрөгийг тус тус шаардаж байна. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа тус бүртээ 1,700,000 төгрөгийг хасаж, энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Дадлагажигч бэлтгэх тухай гэрээ байгуулсан нь үнэн. Нэхэмжлэгч нар 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус бүртээ 2,300,000 төгрөг төлсөн байдаг. Буцааж мөнгийг нь бүрэн өгсөн. Харин манай компанийн буруугаас болж гэрээ цуцлагдсан тул хэн алинд нь хохирол гэж 1,100,000 төгрөг төлье гэж байгаа юм. Ингээд асуудлаа дуусгая.

Ө.Н-ынИргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар шаардаж байгаа 2,376,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч “Г Л” ХХК-аас нэхэмжлэгч Ө.Ннь гэрээний дагуу төлсөн төлбөр 2,500,000 төгрөг, төлбөр төлөх хугацаа хожимдуулснаас үүссэн алдангид 338,000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн хариуцлагад 2,376,000 төгрөг буюу нийт 5,214,000 төгрөг, нэхэмжлэгч Ч.Б нь гэрээний дагуу төлсөн төлбөр 2,500,000 төгрөг, төлбөр төлөх хугацаа хожимдуулснаас үүссэн алдангид 331,000 төгрөг буюу нийт 2,831,000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь төлсөн төлбөрийн үлдэгдэлд тус бүр 1,700,000 төгрөг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч Ө.Ншаардлагаа 3,514,000 төгрөг, нэхэмжлэгч Ч.Б шаардлагаа 1,131,000 төгрөг болгож багасгаж байна.

 

Хариуцагч нь Ө.Н-д 1,100,000 төгрөг, Ч.Бд 1,100,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн, харин Ө.Н-ынхохирол гэж шаардаж буй 2,376,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Бгийн багасгасан шаардлагыг бүхэлд нь, нэхэмжлэгч Ө.Н-ынбагасгасан шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч “Г Л” ХХКнь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Дадлагажигч бэлтгэх тухай гэрээг нэхэмжлэгч Ө.Н, Ч.Б нартай тус бүрт нь байгуулж, уг гэрээгээр илгээгч “Г Л” ХХКнь Япон хэл, соёлын урьдчилсан сургалт явуулах, сурах бичиг бусад шаардлагатай эд зүйлээр хангах, сургалтын дараах үр дүнгийн шалтгалтад тэнцсэн тохиолдолд Японы хүлээн авагч талаас ажлын байрны захиалга ирүүлж, дадлагажигчийг Япон улсад илгээх үүргийг, дадлагажигч Ө.Н, Ч.Б нар нь Япон хэлний болон Япон улсын соёл, ахуй амьдралын дадал зуршлаас суралцаж, хөдөлмөрийн соёлыг бүрэн эзэмших, сургалтын зардалд 800,000 төгрөг, дадлагажигч илгээхтэй холбоотой ажлыг зохион байгуулах зардалд 1,500,000 төгрөг, Япон талын үйлдвэрийн ажлын байрны захиалгыг тасалдуулахгүйн баталгаа 700,000 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээжээ.

 

Нэг талаас сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж, сургалтын үр дүнгээс хамааран үйлдвэрийн дадлагажигч хүлээн авагч гадаад улсын байгууллагаас ажлын байрны захиалга хүлээн авч, дадлагажигчийг илгээх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа, нөгөө талаас сургалтын төлбөр болон гадаад улсад үйлдвэрийн дадлага эзэмших ажил зохион байгуулахад шаардагдах зардал төлж байгаа шинжээс нь үзэхэд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 410 дугаар зүйлийн 410.1-д заасан хөлсөөр ажиллах болон зуучлалын гэрээний шинжийг аль алийг агуулсан холимог гэрээ гэж үзэхээр байна.

 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгч нар тус бүртээ 3,000,000 төгрөг төлсөн, буцааж 2,200,000 төгрөг авсан, хариуцагчийн буруугаас гэрээ цуцлагдсан, хариуцагч төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны дотор буцаан төлөх үүрэг хүлээж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,2 хувиар алданги төлөхийг зөвшөөрсөн үйл баримтад маргаагүй.

 

Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан нь илт тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нарын төлсөн тус бүр 3,000,000 төгрөгөөс хариуцагч 2,200,000 төгрөгийг тус тус буцаан олгосон тул одоо үлдэх 800,000 төгрөгийг нэхэмжлэгч тус бүрт төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

Алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан гэрээг бичгээр байгуулсан тохиолдолд нэхэмжлэгч нар алданги шаардах эрхтэй бөгөөд хариуцагч тал гэрээ цуцлагдсанаас хойш нэхэмжлэгч нарын төлсөн төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд хоногийн 0.2 хувийн хүү төлөхийг зөвшөөрсөн, албан бичгээр хүсэл зоригоо ийнхүү илэрхийлснийг нэхэмжлэгч тал хүлээн авсан тул шүүх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар анзын гэрээг хийгдсэн гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч нар алданги шаардах эрхтэй.

 

Ө.Ннь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 48 хоногийн 288,000 /(3,000,000х0,2%)x48хон/ төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 9 хоногийн 45,000 /(2,500,000х0,2%)x9хон/ төгрөг, нийт 333,000 төгрөгийн, Ч.Б нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх 41 хоногийн 246,000 /(3,000,000х0,2%)x41хон/ төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 17 хоногийн 85,000 /(2,500,000х0,2%)x17хон/ төгрөг нийт 331,000 төгрөгийн алдангийг тус тус хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Тэгэхээр Ө.Н-ыналданги шаардсан шаардлагаас 5,000 төгрөгт холбогдох хэсэг нь үндэслэлгүй болно.

 

Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тал нөгөө талдаа учирсан хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар нөхөн төлөх үүрэгтэй ч нэхэмжлэгч Ө.Ннь Ө.Оын нэрээр авсан авсан гэх зээлийн хүүд 2,376,000 төгрөгийг төлсөн байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул Ө.Оын зээлийн хүүд төлөгдсөн 2,376,000 төгрөгийг Ө.Наас гарсан зардал буюу түүнд учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч Ө.Ннь нэхэмжлэлийн энэ шаардлагаа нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 2,264,000 төгрөг гаргуулж, Ч.Бд 1,131,000 төгрөг, Ө.Н-д 1,133,000 төгрөгийг тус тус олгож, Ө.Н-ыннэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,381,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан “Г Л” ХХК-аас 2,264,000 төгрөгийг гаргуулж Ч.Бд 1,131,000 төгрөг, Ө.Н-д 1,133,000 төгрөгийг тус тус олгож, Ө.Н-ыннэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,381,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,670 төгрөгөөс 108,995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 34,675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт хувь тэнцүүлэн, хариуцагчаас 51,174 төгрөг гаргуулж, 25,536 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Бд, 25,638 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Н-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА