Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2017/02086

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2017/02086

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

*******гэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х тоотод оршин суух,  оны 0 дугаар сарын -нд төрсөн, ******* дугаарын паспорттай БНХАУ-ын иргэн ******* ******* /******* *******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, Боржигон овогт Тэрбишийн Эрдэнэчимэгт холбогдох,

Гэрээний үүрэгт 61 983 891 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 29-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* /******* *******/-с шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч *******т олон жилийн турш эм, эм үйлдвэрлэх түүхий эд болон бусад бүтээгдэхүүнийг зээлээр нийлүүлж ирсэн ба Монгол улс руу ачуулах, ачаа тээшний зардлыг урьдчилсан байдлаар өөрөө төлж, хариуцагчид шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсээр ирсэн. Хариуцагч нь худалдан авсан эм, эм үйлдвэрлэх түүхий эд, бусад бараа бүтээгдэхүүн болон ачаа тээшний үлдэгдэл төлбөр болох 117 845 юанийг төлж барагдуулалгүй хугацаа хожимдуулсан учир талууд тооцоо нийлж 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд ... 117 845 юанийг 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч ...төлбөрийг төлөлгүй нэхэмжлэгчийг хохироож байна. Төлбөр барагдуулах гэрээгээр ....хэрэв гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хоногийн 0,5 хувиар алданги төлөх үүрэг хүлээсэн болно. Иймд...117 845.7 юань буюу 41 322 594 төгрөг, алданги 20 661 297 төгрөг, нийт 61 983 891 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчиваас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ******* нь 2004-2013 онуудад хариуцагч *******тэй хамтран БНХАУ-аас эм, эмийн сангийн бараа, түүхий эд, эмийн сав баглаа, боодол нийлүүлэх үйл ажиллагаа явуулж ирсэн. Нэхэмжлэгч нь итгэлцлэлийн үндсэн дээр хариуцагчийн захиалсан бараа бүтээгдхүүнийг хариуцагчид хүлээлгэн өгч худалдан борлуулж байсан. Талууд 2016 оны 03 дугаар сарын 02-нд тооцоо нийлж, 2013 оноос хойш худалдан борлуулсан барааны үлдэгдэл төлбөр болох 117 845.7 юанийг *******ээс төлөх ёстой тооцоо гарч төлбөр барагдуулах гэрээ байгуулан хугацаагаа 2016 оны 03 дугаар сарын 02-ноос 07 дугаар сарын 02-ныг хүртэл хугацаанд барагдуулах, энэ хугацаанд төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Гэтэл хариуцагч нь гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч хаягтаа байдаггүй гээд түүнийг эрэн сурвалжлуулсны дүнд 2017 оны 05 дугаар сард хаяг нь тогтоогдож нэхэмжлэлээ гаргасан юм. Өмгөөлөгч миний бие энэ хугацаанд хариуцагч *******тэй уулзаж төлбөрийн талаар ярилцахад мөнгийг нь би төлнө, төлөх боломжтой, гагцхүү хугацаа өгөөч гэсэн тайлбар хэлдэг. Иймд төлбөрийн үлдэгдэл 117 845.7 юань, алданги 88 350 юань болсон ба нэхэмжлэл гаргах өдрийн ханш болох 350,65 төгрөгөөр тооцож нийтдээ 61 983 891 төгрөг нэхэмжилж байна. Барааг хүлээлгэн өгсөн баримт байхгүй. ******* нь эндээс утсаар холбогдоод бараагаа захиалдаг, уг барааг нь аваад хариуцагчид болон түүний жолоочид хүлээлгэн өгдөг байсан юм билээ. ******* ******* нь Эрээн хотод байрлах эмийн компанитай, эм импортлох зөвшөөрөлтэй гэсэн. Гаалийн газраас ирүүлсэн мэдүүлгүүдэд дурдсан компаниуд нь ******* *******гийн компани биш. Гаалийн ерөнхий газраас баримтууд ирсний дараа барааг би аваагүй, мөнгө төлөхгүй гэсэн тайлбар гаргасан. Талуудын хооронд бүр 2005 оноос эхэлж харилцаа үүссэн, төлбөр тооцоо байсан талаар гэрч мэдүүлсэн. Нотлох баримт байхгүй гэдгээр бодит байдлыг үгүйсгэх үндэслэлгүй. Хариуцагч өөрөө 117 845.7 юанийн төлбөрийг төлнө гээд гэрээ хийгээд зөвшөөрөөд гарын үсгээ зурсан, үүнийгээ баталгаажуулаад дахин тэмдэглэл үйлдээд гарын үсэг зурсан. Энэ бүх ажиллагаанд өмгөөлөгч би байсан, уулзалтыг зохион байгуулж байсан юм. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд уг хугацаа өнгөрсөн боловч үүрэг гүйцэтгэгч үүргийг хүлээн зөвшөөрсөн бол хугацаа өнгөрснөөс үл хамааран үүргийг биелүүлнэ гэж Иргэний хуулийн 82 дугаар зүйлд заасан. Хариуцагч төлбөрийг төлөхөөс татгалзах эрх байхгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Эрдэнэчимэг нь гэрээ байгуулагдсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг, төлбөр барагдуулах хэлцэл дээр гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. ******* ******* нь монгол хамтрагчдаа үзүүлэх гэсэн, ийм өр төлбөртэй гэдэг байдлаар гэрээ байгуулаад өгөөч гээд өөрөө гуйсан учир төлбөр барагдуулах хэлцлийг байгуулсан гэдэг. Төлбөр барагдуулах хэлцлээс харахад эмийн сангийн бүтээгдэхүүн, эмийн бүтээгдэхүүн, ачаа тээшний төлбөр гэж заасан байдаг. Эм, эмийн бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд худалдах эрхтэй. Нэхэмжлэгчид ийм эрх байхгүй учир талуудын хооронд эм худалдах, худалдан авах тухай харилцаа үүсээгүй, үүсэх ч боломжгүй байна. Харин хариуцагч нь эм импортлох тусгай зөвшөөрөлтэй компаниудаас эм, эмийн түүхий эд худалдан авч байсан нь гаалийн мэдүүлгүүдээс харагддаг. Талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 02-нд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ нь ямар нэг үр дүнд хүрэх хүсэл зориг байхгүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна. ******* нь өөрөө эм үйлдвэрлэдэг эмийн ******* гэдэг ХХК-тай ба тус компани нь 2013 оноос хойш ******* *******гээс бараа бүтээгдэхүүн хүлээж аваагүй. Харин түүнээс өмнөх хугацаанд бол харилцаж байсан, уг тооцоо үлдээгүй дууссан гэдэг юм билээ. Хариуцагч ******* ******* *******д ямар ч өр төлбөргүй, тооцоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* /******* *******/ нь хариуцагч *******т холбогдуулан гэрээний үүрэгт 117 845.7 юань буюу 41 322 594 төгрөг, хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангид 20 661 297 төгрөг, нийт 61 983 891 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

 

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч үл зөвшөөрч, ******* *******гээс эм, эмийн түүхий эд, эмийн сангийн бараа хүлээж аваагүй, энэ барааг тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээд худалдан борлуулах эрхтэй, ******* *******гийн гуйсны дагуу Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан, уг хэлцэл болон уулзалтын тэмдэглэлд гарын үсэг зурсан, ******* *******д төлөх төлбөр тооцоо байхгүй гэж тайлбарлан маргасан.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1. Нэхэмжлэгч ******* ******* нь 2003 оноос хойшхи хугацаанд хариуцагчид худалдсан эм, эмийн сангийн бүтээгдэхүүний үнээс үлдсэн төлбөр 117 845,7 юанийг төлөх ёстой, уг төлбөрийг 2016 оны 03 дугаар сарын 02-ноос 07 дугаар сарын 02-ны хооронд төлөхөөр хугацаа хэтрүүлбэл хоногт 0,5 хувийн алданги төлнө гэж ******* хүлээн зөвшөөрч Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж, ярилцлагын тэмдэглэлд тус тус гарын үсгээ зурж баталгаажуулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хариуцагчтай байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Ярилцлагын тэмдэглэл зэргийг нотлох баримтаар гарган, гэрч *******гийн мэдүүлгээр гэрчилж мэтгэлцсэн байна.

 

2. Талуудын хооронд байгуулсан дээрх Төлбөр барагдуулах гэрээ-ний Хэлцлийн агуулга гэсэн хэсэгт: ******* ХХК нь захирал ******* нь 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс хойшхи эмийн сангийн бүтээгдэхүүн, ачаа тээш, хэвийн төлбөр болох нийт 117 845,7 юанийг ******* *******д төлбөр өгөх нь үнэн болно гэж заажээ.

Мөн шүүх хуралдаанд гэрч *******гээс ...******* ******* нь ******* ХХК, Эрдэнэчимэг захирал л гэж ярьдаг байсан... ******* ХХК-ийн эмийн үйлдвэрт нь эм, түүхий эд өгдөг байсан гэж ярьдаг байсан... гэж мэдүүлсэн байна.

 

Дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч ******* *******гээс хариуцагч *******т эм, эмийн түүхий эд, эмийн сангийн барааг нийлүүлж худалдсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч *******т нэхэмжлэгч ******* *******гээс хэзээ, хэдэн нэр төрлийн эм, эмийн түүхий эд, эмийн сангийн барааг, ямар үнээр худалдсан, уг барааг хүлээлгэн өгсөн болон барааны үнэд хэдэн төгрөг төлөх ёстойгоос хэдэн төгрөг төлсөн, ямар үндэслэлээр 117 845,7 юанийн үлдэгдэлтэй үлдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө...-ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан байх ба дээрх хуулийн заалтуудын дагуу талуудын хооронд худалдах худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

3. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл ...бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно, 11 дүгээр зүйлийн 11.1.-д Эм хангамжийн байгууллагын үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:...11.1.1. энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, 15 дугаар зүйлийн 15.6.-д Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч нь гадаад улсын эмийн үйлдвэр, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай, экспортлогч нь худалдан авагч байгууллагатай худалдааны гэрээ байгуулсан байна, 15.9.-д Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход дараахь зүйлийг хориглоно:...15.9.3. тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох гэж заасан байх бөгөөд эм, эмнэлгийн хэрэгслийг худалдах, худалдан авах үйл ажиллагааг эрх бүхий этгээдээс олгосон тусгай зөвшөөрөлтэй явуулахаар хуульд зохицуулсан байна.

 

Үүний дагуу нэхэмжлэгч ******* ******* болон хариуцагч ******* нарт эм, эмнэлгийн хэрэгслийг худалдах, худалдан авах буюу импортлох, экспортлох, үйлдвэрлэх эрхийг олгосон тусгай зөвшөөрөл хэрэгт авагдаагүй байна.

 

4. Иймд талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Ярилцлагын тэмдэглэл зэрэг баримт нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үндэслэл болохгүй бөгөөд хэрэгт авагдсан Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн *******ийн болон ******* ХХК-ийн 2013-2017 онуудад импортолсон барааны мэдээлэл, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд нь энэ хэрэгт хамааралгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн нэхэмжлэгч ******* *******гийн хариуцагч *******ээс гэрээний үүрэгт болон хариуцлагад 61 983 891 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467 870 төгөргийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч *******ээс 61 983 891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* /******* *******/-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467 870 төгөргийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА