Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/00721

 

БНХАУ-ын иргэн Ч--гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дугаар сарын 01-ны өдрийн 182/ШШ2017/02086 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 128 дугаар магадлалтай

БНХАУ-ын иргэн Ч--гийн нэхэмжлэлтэй

Т.Э-т холбогдох

Гэрээний үүрэгт 61 983 891 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг

Хариуцагч Т.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмжийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Орхон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь 2004-2013 онуудад хариуцагч Т.Э-тэй хамтран БНХАУ-аас эм, эмийн сангийн бараа, түүхий эд, эмийн сав баглаа, боодол нийлүүлэх үйл ажиллагаа явуулж ирсэн. Нэхэмжлэгч нь итгэлцлийн үндсэн дээр хариуцагчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид хүлээлгэн өгч худалдан борлуулж байсан. Талууд 2016 оны 03 дугаар сарын 02-нд тооцоо нийлж, 2013 оноос хойш худалдан борлуулсан барааны үлдэгдэл төлбөр болох 117 845.7 юанийг Т.Э-ээс төлөх ёстой тооцоо гарч төлбөр барагдуулах гэрээ байгуулан хугацаагаа 2016 оны 03 дугаар сарын 02-ноос 07 дугаар сарын 02-ныг хүртэл хугацаанд барагдуулах, энэ хугацаанд төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Гэтэл хариуцагч нь гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч хаягтаа байдаггүй гээд түүнийг эрэн сурвалжлуулсны дүнд 2017 оны 05 дугаар сард хаяг нь тогтоогдож нэхэмжлэлээ гаргасан юм. Өмгөөлөгч энэ хугацаанд хариуцагч Т.Э-тэй уулзаж төлбөрийн талаар ярилцахад мөнгийг нь төлнө, төлөх боломжтой, гагцхүү хугацаа өгөөч гэсэн тайлбар хэлдэг. Иймд төлбөрийн үлдэгдэл 117 845.7 юань, алданги 88 350 юань болсон ба нэхэмжлэл гаргах өдрийн ханш болох 350,65 төгрөгөөр тооцож нийтдээ 61 983 891 төгрөг нэхэмжилж байна. Барааг хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Т.Э- нь эндээс утсаар холбогдоод бараагаа захиалдаг, уг барааг нь аваад хариуцагчид болон түүний жолоочид хүлээлгэн өгдөг байсан юм билээ. Ч- нь Эрээн хотод байрлах эмийн компанитай, эм импортлох зөвшөөрөлтэй гэсэн. Гаалийн газраас ирүүлсэн мэдүүлгүүдэд дурдсан компаниуд нь Ч--гийн компани биш. Гаалийн ерөнхий газраас баримтууд ирсний дараа барааг би аваагүй, мөнгө төлөхгүй гэсэн тайлбар гаргасан. Талуудын хооронд бүр 2005 оноос эхэлж харилцаа үүссэн, төлбөр тооцоо байсан талаар гэрч мэдүүлсэн. Нотлох баримт байхгүй гэдгээр бодит байдлыг үгүйсгэх үндэслэлгүй. Хариуцагч өөрөө 117 845.7 юанийн төлбөрийг төлнө гээд гэрээ хийгээд зөвшөөрөөд гарын үсгээ зурсан, үүнийгээ баталгаажуулаад дахин тэмдэглэл үйлдээд гарын үсэг зурсан. Энэ бүх ажиллагаанд өмгөөлөгч байсан, уулзалтыг зохион байгуулж байсан юм. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд уг хугацаа өнгөрсөн боловч үүрэг гүйцэтгэгч үүргийг хүлээн зөвшөөрсөн бол хугацаа өнгөрснөөс үл хамааран үүргийг биелүүлнэ гэж Иргэний хуулийн 82 дугаар зүйлд заасан. Хариуцагч төлбөрийг төлөхөөс татгалзах эрх байхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэгчтэй өмнө нь хамтран ажиллаж байсан боловч эм, эмийн үйлдвэрлэлийн түүхийн эд худалдан авч байгаагүй болно. Гагцхүү үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх болон БНХАУ-аас худалдан авах зарим төрлийн тоног төхөөрөмжийг зуучилж байсан. Нэхэмжлэгч нь 2013 оны хавар Монгол улсад ирж надтай уулзсан бөгөөд танилын хувьд төлбөр барагдуулах гэрээ хэлцэл хийж өгөөч, Монгол Улсад байх өөрийн хамтрагчдаа үзүүлэх хэрэгтэй байна гэж гуйсны үндсэн дээр 2013 оны 03 дугаар сард маргааны эх үүсвэр болоод буй төлбөр барагдуулах хэлцлийг хийж гарын үсэг зурсан. Мөн 2017 оны 05 дугаар сард намайг уулзах хэрэг байна гэж дуудсан бөгөөд хуульчтай сууж байсан тул өмнө нь байгуулсан гэх гэрээний дагуу төлбөрийг төлнө гэж мэдэгдсэн болно. Миний бие 2013 оны 03 дугаар сарын төлбөр барагдуулах хэлцлийг байгуулах ямар нэгэн шаардлага байгаагүй бөгөөд нэхэмжлэгчээс ямар нэгэн эм, эмийн түүхийн эд, гэрээнд дурдагдаж буй зүйлийг хүлээж аваагүй тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч гэрээ байгуулсан, төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Ч- нь Монгол хамтрагчдаа үзүүлэх гэсэн юм, ийм өр төлбөртэй гэдэг байдлаар гэрээ байгуулаад өгөөч гэж Т.Э-ээс гуйсан. Ч- нь зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг байсан бөгөөд энэ хүнээс эм, эмийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг Ч-гээр зуучлуулан худалдан авдаг байсан. Ч-гийн гуйлтаар төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зурсан. Төлбөр барагдуулах хэлцлийн агуулгаас хархад эмийн сангийн бүтээгдэхүүн ачаа, тээш, эмийн бүтээгдэхүүний төлбөр гэж заасан. Эмийн сангийн бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөл бүхий этгээд худалдан борлуулдаг. Ч-д тухайн худалдааг эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй учир нэхэмжлэгч Ч- болон хариуцагч Т.Э- нарын хооронд эм, эмийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах харилцаа үүсээгүй, үүсэх боломжгүй, мөн түүнчлэн нотлогдоогүй байгаа. Хүсэлт зориг байгаагүй учир тухайн хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/02086 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Э-ээс 61 983 891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч--гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 128 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/02086 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Э-ээс 61 983 891 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч-д /Chеn Gerile/ олгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “...хариуцагч Т.Э-ээс 467 870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэсэн хэсэг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 467 870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэсэн үндэслэлдээ нотлох баримтыг дутуу үнэлсэн байна гэх үндэслэлээр өөрчилж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заахдаа шүүгч нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэхээр хуульчилсан байх бөгөөд энэ нь шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрх гэж ойлгож болно. Шүүгч хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх үүрэг бүхий этгээд бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, татгалзлаа нотлох үүргийг хүлээсэн байдаг. Монгол Улсын иргэний хуульд талуудын гэрээ байгуулах эрхийг олгосон боловч ямар тохиолдолд гэрээг хүчин төгөлдөр болох талаарх зохицуулалтыг хийсэн. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь өөрөө хуулийн үзэл санааг гуйвуулан буруу тайлбарлаж хэрэглэсэн ноцтой алдаа гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж үзвэл нэхэмжлэгчийн зүгээс худалдах-худалдан авах гэрээний зүйл буюу эм, эмийн бүтээгдэхүүнийг нийлүүлэн хүлээлгэн өгсөн байх шаардлагыг хуулиар тогтоосон. Талуудын хооронд маргаж буй үйл баримтаас хархад нэхэмжлэгч тал эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн гэх боловч Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн эм эмийн бүтээгдэхүүн байхгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байдаг. Монгол Улсын иргэн, Иргэний эрх зүйн харилцааны оролцогч субъект бүр нь гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах гэх эрхийг эдлэх бөгөөд энэхүү гэрээ, хэлцэл зөвхөн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр тохиолдолд, эсвэл хуулиар тогтоосон хэлбэр, шаардлагыг хангасан тохиолдолд хууль зүйн үр дагавар үүсгэдэг. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн гуйлтаар гэрээ байгуулсан гэдгийг удаа дараа мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгчээс өмнө нь эм, эмийн бүтээгдэхүүн худалдаж авч байгаагүй. зөвхөн зуучлуулж байсан тухай тайлбарыг шүүхэд гаргасан өгсөн байдаг.

        Хэрэв талуудын хооронд гэрээ байгуулагдсан харилцан үүрэг үүссэн гэж үзэж байгаа нэхэмжилж буй мөнгөн дүн тооцсон ханшийн асуудлыг шүүх шийдвэрлэх ёстой байтал. шийдвэрлэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй байна. Учир нь давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд хянаж үзэж байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний хууль болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай зэрэг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх үүрэгтэй боловч дээрх үүргээ биелүүлээгүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх шаардлагыг халгахгүй байгаа гэж үзэж байна. гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ч--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Орхон  хариуцагч Т.Э-т холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 61 983 891 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэгт авагдсан 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээгээр “...төлбөр төлөгч Т.Э- нь төлбөр авагч Ч--д 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс хойших эмийн сангийн бүтээгдэхүүний ачаа тээш, хэвийн төлбөр болох нийт 117 845.7 юанийг 2016 оны 07 дугаар сарын 02-ны хооронд төлж барагдуулна, энэ өдрөөс хойш төлбөр барагдаагүй тохиолдолд хоногт 0.5%-ийн алданги төлнө...” гэж харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээнд талууд гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна.

 

2017 оны 05 дугаар арын 24-ний өдөр зохигчид уулзаж, тэмдэглэл хөтөлсөн, уг тэмдэглэлээр Т.Э- төлбөр төлөхөө зөвшөөрсөн үйл баримт тогтоогджээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх журам зөрчсөн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж дүгнэн давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуульд нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх худалдагч худалдсан бүтээгдэхүүний үнийг, гэрээгээр тохирсон алдангийн хамт худалдан авагчаас шаардсан нь хууль зөрчөөгүй гэж үзэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хэрэглэсэнгүй гэсэн боловч тухайн хуулийн ямар зохицуулалтыг зөрчсөн талаар үндэслэл бүхий заагаагүй, анхан шатны шүүх хуралдаанаар энэ талаар мэтгэлцээгүй тул хяналтын шатны шүүхээс гомдолд дурдсан үндэслэлээр дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Мөн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулагдсан хэлцэл дүр үзүүлж хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэх тайлбар, татгалзлаа хариуцагч нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн татгалзал нь хэрэгт авагдсан ярилцлагын тэмдэглэлээр үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн тул нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үндэслэл бүхий үнэлсэнгүй гэх  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь  үндсэн төлбөр болох 117 845.7 юанийг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар тооцож төгрөгөөр нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2. дахь заалтыг зөрчөөгүй тул нэхэмжилж байгаа мөнгөн дүнг тооцсон ханшны асуудлыг шүүх шийдвэрлэсэнгүй гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ч--ийн нэрийг гадаад үсгээр галиглахдаа Chen Gerele гэж ташаа бичсэнийг тэмдэглэх  нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 128 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Т.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмжийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Т.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237 723 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

          ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД