Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2016/01488

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Их Монгол овогт А.Д/РД:.................../-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 сарын 27-ны өдрийн ........... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Осорбурам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 15-ны өдрийн ............................... дугаар шийдвэрээр А.Д-өөс 56.040.000 төгрөг гаргуулж, М.З ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд явагдаж байгаа ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.-д Албадан дуудлага худалдааг явуулах хугацааг товлосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дараахь зүйлийг заана, 46.1.1.-д үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил болон анхны үнэ, өмчлөгчийн тухай, 46.1.2.-т албадан дуудлага худалдаа явуулах огноо, цаг, хаяг; гэж заасан байна.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 сарын 27-ны өдрийн 6/23 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол нь дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй, тухайлбал уг тогтоолд хуульд зааснаар албадан дуудлага худалдааг явуулах хаягийг заагаагүйгээс төлбөр төлөгч миний бие анхны албадан дуудлага худалдаанд оролцож чадаагүй.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 сарын 27-ны өдрийн ........... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 15-ны өдрийн ........ дугаар шийдвэрээр А.Д-өөс 56.478.100 төгрөгийг гаргуулж М.З ББСБайгууллагад олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч А.Дий өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн .............................. 326 тоот 18 м.кв орон сууцыг 2015 оны 4 сарын 13-ны өдрийн 13/128 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 4 сарын 19-ний өдрийн 04/19 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч А.Дд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал өгөх мэдэгдлийг 2016 оны 4 сарын 19-ний өдрийн 2/14141 тоот албан бичгээр хүргүүлсний дагуу 120.000.000 төгрөгөөр үнэлж үнийн саналыг бичгээр өгсөн. 2016 оны 5 сарын 30-ны өдөр А.Дд албадан дуудлага худалдааны мэдэгдлийг тогтоолын хамтаар биечлэн хүлээлгэн өгсөн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан хугацаанд гомдол гаргаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.2-т заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ........... тоот үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын тогтоох хэсэгт төлбөр төлөгч А.Дий төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү- 2201002402 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн .............................. 326 тоотод байрлах 18 м.кв орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын харилцан тохиролцож үнэлсэн 120.000.000 төгрөгийн 70%-иар буюу 84.000.000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулах 2016 оны 6 сарын 10-ны өдрийн 10 цагт болох албадан дуудлага худалдаа гэж дурдсан нь үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил болон анхны үнэ, өмчлөгчийн тухай, албадан дуудлага худалдаа явуулах огноо, цаг, хаяг, зэргийг хуульд заасны дагуу дурдсан байгаагийн зэрэгцээ дуудлага худалдааны зарыг өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн.

Мөн Шүүхийг шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэл нь хуульд нийцсэн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдууланНийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 сарын 27-ны өдрийн ........... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дуудлага худалдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу зохион байгуулагдаж явагдсан, төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2016 оны 01 сарын 15-ны өдрийн ............................... дугаар шийдвэрийн дагуу 2016 оны 4 сарын 05-ны өдрийн 16270606 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, шийдвэр гүйцэтгэгчийн 13/128 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 04/19 дугаартай Эд хөрөнгө хураасан тогтоолоор шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураасан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцож, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 8 дугаар байр, 326 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2201002402 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай, 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 120.000.000 төгрөгөөр үнэлж, үнэлгээний мэдэгдэл, барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2/........... дугаартай тогтоолыг нэхэмжлэгч А.Д2016 оны 5 сарын 30-ны өдөр гардан авч гарын үсэг зурсан үйл баримтууд тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.-т Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.  гэж заасан.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 сарын 27-ны өдрийн ........... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан гомдлоо дээрх хуульд заасан хугацаа хэтрүүлэн гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 6/23 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолд хуульд зааснаар албадан дуудлага худалдааг явуулах хаягийг заагаагүйгээс төлбөр төлөгч миний бие анхны албадан дуудлага худалдаанд оролцож чадаагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ тайлбар нь Албадан дуудлага худалдааны тухай Үндэсний шуудан сонины 2016 оны 5 сарын 27-ны өдрийн №106 /2547/ дугаарт нийтэд мэдээлэгдсэн баримтаар үгүйсгэгдэж байна.

Шүүх, нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3. дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 сарын 27-ны өдрийн ........... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай А.Дий нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР