Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 275

 

А.Дөлгөөний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01488 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Дөлгөөний нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/233 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Осорбурам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Дөлгөөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/00623 дугаар шийдвэрээр А.Дөлгөөнөөс 56 040 000 төгрөг гаргуулж, “Мөнгөн зоос ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд явагдаж байгаа ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Албадан дуудлага худалдааг явуулах хугацааг товлосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дараахь зүйлийг заана”, 46.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил болон анхны үнэ, өмчлөгчийн тухай”, 46.1.2-т “албадан дуудлага худалдаа явуулах огноо, цаг, хаяг” гэж заасан байна.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/23 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол нь дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй, тухайлбал уг тогтоолд хуульд зааснаар албадан дуудлага худалдааг явуулах хаягийг заагаагүйгээс төлбөр төлөгч миний бие анхны албадан дуудлага худалдаанд оролцож чадаагүй.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/233 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 623 дугаар шийдвэрээр А.Дөлгөөнөөс 56 478 100 төгрөгийг гаргуулж “Мөнгөн зоос кредит” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч А.Дөлгөөний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 8 дугаар байрны 326 тоот 18 м.кв орон сууцыг 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 13/128 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04/19 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч А.Дөлгөөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал өгөх мэдэгдлийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2/14141 тоот албан бичгээр хүргүүлсний дагуу 120 000 000 төгрөгөөр үнэлж үнийн саналыг бичгээр өгсөн. 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр А.Дөлгөөнд албадан дуудлага худалдааны мэдэгдлийг тогтоолын хамтаар биечлэн хүлээлгэн өгсөн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан хугацаанд гомдол гаргаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.2-т заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/233 тоот үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын тогтоох хэсэгт төлбөр төлөгч А.Дөлгөөний төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002402 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 8 дугаар байрны 326 тоотод байрлах 18 м.кв орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын харилцан тохиролцож үнэлсэн 120 000 000 төгрөгийн 70%-иар буюу 84 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулах 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт болох албадан дуудлага худалдаа гэж дурдсан нь үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил болон анхны үнэ, өмчлөгчийн тухай, албадан дуудлага худалдаа явуулах огноо, цаг, хаяг, зэргийг хуульд заасны дагуу дурдсан байгаагийн зэрэгцээ дуудлага худалдааны зарыг өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэл нь хуульд нийцсэн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/233 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай А.Дөлгөөний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүухийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01488 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг удирдлага давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийн оролцогч талуудад хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон шийдвэрийг гаргасан. Тухайлбал:

1. 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр анхан шатны шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч надад мэдэгдээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын дээд шүүхээс гаргасан зөвлөмжийн дагуу хэргийн оролцогч болох надад эрх, үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мэтгэлцэх боломжоор хангаагүй. Надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. Хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн.

2. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад хангасан мэтээр дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Албадан дуудлага худалдааг явуулах хугацааг товлосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дараах зүйлийг тусгана”, 46.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил болон анхны үнэ, өмчлөгчийн тухай”, 46.1.2-д “албадан дуудлага худалдаа явуулах, огноо, цаг, хаяг” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрт заасны адилаар Үнэн сонинд нийтэлснийг тооцохгүй гэж ойлгогдож байна. Хуулийн зохицуулалтад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд гэж тусгагдсан байхад анхан шатны шүүх Үнэн сонинд нийтэлсэн нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд нийтлэгдсэнтэй нэгэн адил гэж үзснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 181/ШШ2016/01488 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6/233 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.Дөлгөөний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эс зөвшөөрч маргасан байна.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/00623 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар А.Дөлгөөнөөс 56 040 000 төгрөгийг гаргуулан “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-д олгох шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 8 дугаар байрны 326 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө бүхий орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр битүүмжилж, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хураан авсан байна.

/хэргийн 24-25, 26, 34, 38 дугаар тал/

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үүрэг гүйцэтгэгч болон өмчлөгчөөс үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцны үнийн санал авахад тэрээр 120 000 000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК нь зөвшөөрчээ. /хэргийн 43-44 дүгээр тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/233 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тогтоосон үнийн 70 хувь буюу 84 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, мөн оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3/20182 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч А.Дөлгөөнд гардуулан өгч, уг дуудлага худалдаагаар уг үл хөдлөх эд хөрөнгө борлогдоогүй болох нь хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 52-57 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа /цаашид “албадан дуудлага худалдаа” гэх/-г шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө байгаа аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна.” гэж заасан ба хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба талаар Үндэсний шуудан сонины 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 106 /2547/ дугаарт мэдээлсэн байна. /хэргийн 55 дугаар тал/

 

Хариуцагчийн явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулж байгаа талаар 6/233 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд тодорхой зааж, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдсэн байх тул дуудлага худалдаа явуулах газрыг мэдээгүй гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Шүүх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 181/ШЗ2016/06004 дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, мөн өдөр нэхэмжлэгчид эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны товыг мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч А.Дөлгөөнд мэдэгдэх хуудсаар мэдэгдэж баримтанд тус тус гарын үсэг зуруулж баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм. /хэргийн 13, 14, 63 дугаар тал/

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй байх тул шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01488 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Дөлгөөний гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ

 

                                                 ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                       С.ЭНХТӨР